Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/130

 

 

     

 

 

 

      2022            2              8                                       2022/ДШМ/130                             

 

 

П.О-Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч П.О-Ө, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О-Өн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108 01891 1462 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Прын О-Ө, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр ...................... аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, бэр эгчийн хамт ............................ дүүргийн .... дүгээр хороо, ......................... тоотод оршин суух хаягтай, /РД:.............................../;

- Нийслэлийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дүгээр зүйлд заасны дагуу 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл 1 жил 14 хоногийг хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сар 6 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор 3 жил 10 сар 6 хоногийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл 1 жил 5 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан.

Шүүгдэгч П.О-Ө нь Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 6-10 тоотод оршин суух иргэн Ш.Б-Эийн байнга амьдрах монгол гэрт 2021 оны 7 дугаар сард хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, хонины мах 5 кг зэргийг хулгайлан авч 307.500 төгрөгийн бодит хохирол, гэмт хэргийн улмаас 45.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 6-14 тоотод оршин суух иргэн Ц.Бцын байнга амьдрах монгол гэрт 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч “Эл  жи” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, МНБС загварын телевизийн хүлээн авагч төхөөрөмж 1 ширхэг, Акира загварын будаа агшаагч 1 ширхэг зэргийг хулгайлан авч 245.000 төгрөгийн шууд хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг,

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 5-3а тоотод оршин суух иргэн Р.Збын эзэмшлийн 72-89 УББ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эд зүйл хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.О-Өн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.О-Өг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-Өг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тогтоолоор П.О-Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны 385 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.О-Өн биечлэн эдлэх 3 жил 10 сар 6 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 жил 5 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.О-Өн биечлэн эдлэх 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О-Өн цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.О-Өгээс 1.287.500 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Бцод 145.000 төгрөг, хохирогч Р.Збт 750.000 төгрөг, хохирогч Ш.Б-Ээд 352.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ган-Очирт 40.000 төгрөгийг тус тус олгож, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.О-Өг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.О-Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.О-Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 7 дугаар сарын дундуур иргэн Ш.Б-Эийн амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, 5 кг мах тус тус авсан. Зурагтыг би Ц.Сүх-Очирт үнэгүй өгсөн. Тухайн үед Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ахмад Даваажаргал нь Сүх-Очиртой утсаар ярьж утас болон зурагтыг хураан авсан. Харин тэгтэл аваагүй мэтээр яллах дүгнэлтэд бичсэн байдаг. Мөн 2021 оны 8 дугаар сарын дундуур иргэн Ц.Бцын монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Эл жи” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, МНБС загварын телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг авсан. Будаа агшаагч бол аваагүй. Зурагтаа би хөрш айл болох Ган-Очирт 40.000 төгрөгөөр өгсөн. Дараа нь байцаагч Ган-Очироос хураан авсан. Хохирогч Р.Збын 72-89 УББ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаас 2 ширхэг гар утас авсан. Сүх-Очирт 40.000 төгрөгөөр өгсөн. Байцаагч мөн тухайн үед Сүх-Очироос 2 ширхэг гар утсыг хураан авсан гэж хэлж байсан. Тэгээд намайг батлан даалтанд байх үед Сүх-Очир луу залган зурагт болон утсыг хураан авсан. Мөн байцаагч ахмад Цогтбаяр, ахмад Даваажаргал хоёроос асуухад чамд 100 орчим мянган төгрөгийн хохирол гарна гэж хэлсэн. Мөн хоригдож байх үед хохирогч нар “чамд гомдол, санал байхгүй ээ” гэж надад хэлсэн юм. Гэвч шүүх хурлаар ороход прокурор надад 1.287.500 төгрөгийн хохирол гаргаж ирсэн. Миний энэ хэргийг үнэн зөвөөр шүүж, хохирол гомдлыг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Миний бие гэм буруугаа бүрэн хүлээж цаашид гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироохгүй, үнэн зөв шударга хөдөлмөрлөж амьдрах чинь хүсэлтэй. Амьдралын үнэ цэнийг маш сайн ойлгож ухаарч байгаа. Миний бие 38 нас хүрч байна. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа болно. Өнгөрсөн 20 жилийн амьдралдаа хорих ял эдэлж, нөхөж барагдашгүй цаг хугацаагаа өнгөрөөсөн нь миний удаа дараа ойлгож ухаараагүй том алдаа болно. Иймд дахин гэмт хэрэг үйлдэхгүй хүнлэг зөв амьдрах нь миний чин хүсэл зорилго билээ. Миний үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцлөөр  ял шийтгэл оноож үлдсэн амьдралдаа сайхан амьдрах боломжийг олгож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч П.О-Өн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шатнаас шүүгдэгч П.О-Өн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд 100.000 төгрөгийн хохиролтой гэж ярьж байсан. Уг нь өөрөө төлбөр төлсөн тохиолдолд ял шийтгэл хөнгөрүүлэх байсан. Гэвч нотлох баримт байхгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Тухайн үед би мөрдөгчөөс утсаар асуухад байцаагч ахмад Цогтбаяр тийм зүйл байхгүй гэж байсан.” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.О-Өн давж заалдах гомдолтой танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан хулгайн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл байхгүй байгаа учраас хохирол төлбөр барагдуулсан гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч П.О-Өн хохирол төлбөр барагдуулсан, мөрдөгчид өгсөн гэх тайлбар нь бусад баримтаар батлагдахгүй, таамаглалын шинжтэй зүйлийг үнэлж үзэх боломжгүй. Тэгэхээр энэ ажиллагаа явагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох, мөрдөн байцаах ажиллагаа явуулж хулгайд алдагдсан эд зүйлийг олж тогтоож, байх юм бол хүлээн авч нотлох баримт үйлдэх байсан боловч уг ажиллагаа явагдаагүй. Шүүгдэгч П.О-Өн нэр дээрх арилжааны банкны дансанд хохирол барагдуулахаар хэмжээний мөнгө байгаагүй. Хэрэв байсан бол хохирол төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэх байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.О-Өн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.О-Ө нь:

1. Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 06-10 тоотод оршин суух иргэн Ш.Б-Эийн байнга амьдрах монгол гэрт 2021 оны 7 дугаар сард хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, 5 кг хонины мах зэргийг хулгайлан авч 307.500 төгрөгийн бодит хохирол, 45.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:

Хохирогч Ш.Б-Эийн “...Сонгинохайрхан дүүргийн 41 хороо, Зээлийн 6-10 тоот гэрийн хаалгаа түгжээд гараад явцгаасан юм. Орой ажлаа тараад ирсэн хаалганы цоожны цүү нь хөшигдсөн байдалтай байхаар нь гайхаад онгойлгож гэртээ ортол хоймрын мөлхөө тавилга нь дээр байдаг зурагт байгаагүй тул хулгай орсон гэж мэдсэн юм. Тухайн үед монгол гэрийн ар хэсгийн хөшиг сөхөгдсөн байдалтай байхаар нь хартал хананы шийрийг хугалан хулгайч орсон юм шиг байгаа. Одоо ч хананы шийр нь хугарч эвдэрсэн хэвээрээ л байгаа бас хөргөгчид байсан хонины мах 5 кг орчим алга болсон байсан. Манай гэрээс 32 инчийн “Самсунг” загварын зурагт алдагдсан. Тухайн үед бид хоёр өдрийн цагаар л хулгайч орж, одоо ч өнгөрсөн байлгүй дээ гэж нээх юм бодолгүй цагдаагийн байгууллагад хандаагүй орхисон юм. Саяхан цагдаагаас танайх хулгайд зурагт алдсан уу гэж асууж ирэхээр нь тиймээ алдсан гэдгээ хэлсэн учир би тус хэлтэст болсон зүйлээ мэдүүлж байна. ...Уг зурагтаа 2020 онд 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх 164-165/,

гэрч О.Бгийн “...Орой ажлаа тараад ирсэн хаалганы цоожоо онгойлгоод гэрт ортол ...гэрийн ар хэсгийн хананы шийрийг хугалан хулгайч орж 32 инчийн Затзипд загварын зурагт алдагдсан. Одоо ч ханын шийр нь хугарч эвдэрсэн нь хэвээрээ л байгаа бас хөргөгчид байсан хоолны мах алга болсон байсан. ...Саяхан цагдаагаас танайх хулгайд зурагт алдсан уу гэж асууж ирэхээр нь алдсан гэдгээ хэлсэн учир би тус хэлтэст ирж байна...” /хх 168/,

гэрч Ц.С-Орын “...2021 оны 7 дугаар сарын үед хадам ээжийн гэрт нь ирсэн чинь О-Ө байж байсан ба хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь би харсан юм. Тэгээд түүний дараа 7 хоногийн дараа ээжийнд ирсэн чинь Норов ахаас авсан зурагт, бид нар энд үзэхгүй юм чинь чи аваад яв гээд байхаар нь авсан юм. О-Өд ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Уг зурагтаа 2021 оны 8 дугаар сарын сүүлээр бас л фэйсбүүкийн зарын хэсэгт зурагт зарна гэж 100.000 төгрөгөөр зарчихсан. ...Уг зурагт нь хар өнгийн “Самсунг” загварынх байсан, харин инчийг нь сайн мэдэхгүй, уг зурагтын гар утсаар авсан гэрэл зураг байгаа...” /хх 175-176/,

шүүгдэгч П.О-Өн “...2021 оны 7 дугаар сарын сүүлээр л байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай гэрийн ойролцоо байх Маргад хүнсний дэлгүүрийн гудамжинд ногоон өнгийн төмөр хаалгатай, банзан хашаа руу ороход 2 монгол гэр цоожтой байсан. Тэгэхээр нь би баруун талынх нь гэрийн ар талын ханын шийрийг нь хугалж ороод марк инчийг нь мэдэхгүй нэг хавтгай зурагт, хоёр хоол хийчхээр хоёр бондгор хонины мах зэргийг аваад зурагтыг нь бас хүнд зарсан. Махыг хоол хүнсэндээ хэрэглэсэн...” /хх 188/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 153/,

иргэн Ш.Б-Эээс Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх 155/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 156-161/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/,

“Мастер үнэлгээ” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний “...“Самсунг” загварын 32 инчийн зурагт 250.000 төгрөг, хонины мах 57.500 төгрөг, хананы шийр 45.000 төгрөг, нийт 352.500 төгрөгөөр тогтоов.” гэх тайлан /хх 178-179/,

2. Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 06-14 тоотод оршин суух иргэн Ц.Бцын байнга амьдрах монгол гэрт 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч “Эл  жи” загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, телевизийн хүлээн авагч төхөөрөмж 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг зэргийг хулгайлан авч 245.000 төгрөгийн шууд хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:

Хохирогч Ц.Бцын “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ 8 цагийн үед ажилдаа явсан. Орой 17 цагийн үед ажлаа тараад ирсэн чинь гэрийн хаалга цоожтойгоо байсан ба гэртээ ороод харахад гэрийн эд зүйлийг буулгасан байсан ба гэрийн хойд талд байсан “Эл жи” загварын 32 инчийн хар өнгийн зурагт болон ММВС төхөөрөмж зэргийг хээтэй бор өнгийн орны бүтээлэгт боогоод аваад явсан байсан. ...Будаа агшаагч алдагдсан. ...Энэ талаар хандаж дуудлага өгсөн юм. Алдагдсан зурагтаа Нарантуул захаас 2021 оны 5 сарын үеэр 350.000 төгрөгөөр авч байсан, зурагтын төхөөрөмжөө манай эгч өгч байсан ба 50.000 төгрөгөөр, будаа агшаагчаа 45.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 32, 38-39/,

иргэний нэхэмжлэгч Ч.Г-Оын “...Би Зээлийн 6-18 тоотод эхнэр Нямцэрэнгийн хамт амьдардаг юм. 2021 оны 8 дугаар сар дундаа орж байх үед л ар талын хашаанд Жаргалсайхан гэгч нь амьдардаг бөгөөд түүний дүү болох Өлзий гэгч залуу байдаг. Би Жаргалсайхантай олон жил хөрш болж амьдарч байгаа юм. Би эхнэрийн хамт Хархорин зах дээрээс хүнсний юм цуглуулаад явж байтал Жаргалсайханы дугаараас дүү Өлзий гэгч нь залгаад та зурагт авах уу гэхээр нь би юун зурагт юм гэхэд би гэр оронгүй байгаа болохоор зурагтаа зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Зарах гээд байгаа зурагт чинь чинийх мөн юм уу гэж асуухад тиймээ миний зурагт байгаа юм гэж хэлэхээр нь авсан ч яахав гээд утсаараа ярьсан. Оройхон гэртээ ирээд хойшоо Жаргалсайханы гэрт ортол Жаргалсайхан, Өлзий нар байсан юм. Өлзий нь орон дээрээ нэг хар өнгийн 32 инчийн зурагт тавьчихсан нөгөө чинь энэ гэж надад үзүүлээд наадах чинь ажилладаг юм уу гээд тогонд залгаж шалгахад дүрс нь зүгээр хэвийн гарч байхаар би бэлэн 40.000 төгрөг байна, үлдэгдэл 20.000 төгрөгийг цахилгааны төлбөртөө 2 сараар төлөгдсөн гэж бодоод тохирох уу гэхэд за за тэгье гэж хэлж байсан. Уг зурагтын удирдлагыг нь цуг авсан. Зурагтаа авчихаад гэртээ оруулаад залгаад л хэрэглэж байсан юм. ...Би худалдаж авсан зурагтаа хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би зурагтаа хураалгасан учир 40.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх 35/,

шүүгдэгч П.О-Өн “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн орчим байсан байх манай гэрийн ар талын гудамжинд байдаг ногоон өнгийн хаалгатай хашаа руу ороход хашаанд хоёр монгол гэр байсан. Уг хоёр гэр нь хоёулаа цоожтой байсан. Би баруун талын гэрийн хойд талын хаяаг нь сөхөөд ханын шийрийг нь гараараа хугалаад дотогшоо ороод тэр айлаас хар өнгийн хавтгай зурагт /инч маркийг нь мэдэхгүй гэх/ удирдлагын хамт бас зурагтын хүлээн авагч зэргийг аваад гэрийнхээ урд талын хашааны Нямаа гэдэг хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Дараа нь би цагдаад баригдаад зурагт зарсан айлаа зааж өгсөн. Цагдаа нар тэр айлаас зурагтыг нь аваад буцаагаад эзэнд нь хүлээлгээд өгсөн байгаа...” /хх 68/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13/,

хэргийн газрын схем зураг /хх 14/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23/,

эд зүйл хураан авсан тухай “...32 инчийн “Эл жи” загварын зурагт, удирдлагын хамт иргэн Ч.Г-Ороос хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 25-27/,

хураан авсан эд зүйлийг иргэн Ц.Бцод хүлээлгэн өгсөн “...32 инчийн “Эл жи” загварын зурагт, удирдлагын хамт...” тухай тэмдэглэл /хх 28/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Эл жи” загварын 32 инчийн зурагт 150.000 төгрөг, төхөөрөмж 50.000 төгрөг, будаа агшаагч 45.000 төгрөг, ханын шийр 50.000 төгрөг, нийт 295.000 төгрөгийн хохирлыг тогтоов...” гэх тайлан /хх 51-52/,

3. Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 05-03а тоотод оршин суух иргэн Р.Збын эзэмшлийн 72-89 УББ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эд зүйл хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Р.Збын “...Тэр үед манай хөдөөний ах дүү нараас цагаан идээ өгч явуулсан гэсэн учир түүнийг очиж авах гэж нөхрийн хамт хуучин хашаандаа 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 12 цагийн үед очсон. Уг зээлийн 5-За тоот хашааны гадна том хаалгаа онгойлгон 72-89-УББ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын хар өнгийн тээврийн хэрэгслээ хашаанд оруулж хашааны том хаалгаа хаагаагүй, мөн унаж ирсэн автомашинаа түгжихгүйгээр урд талын 2 цонх онгорхой чигээр нь хаалгүйгээр дүүгийнхээ гэр лүү орсон, удахгүй юм чинь гэж бодоод энэ үедээ голын хайрцгийн хэсэгт нөхөр бид хоёрын “Самсунг А7” болон “Самсунг А12” загварын гар утаснуудаа үлдээсэн. 15 орчим минутын дараа хүнтэй утсаар ярих хэрэг гараад машинаасаа гар утаснуудаа авах гээд хүүхдээ гаргатал гар утас чинь байхгүй, олдохгүй байна гэхээр нь би өөрөө гараад машин дотроо нэг бүрчлэн хайж үзтэл олдоогүй тул 2 ширхэг гар утас алдсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. “Самсунг А7” загварын гар утсаа 2019 оны 9 дүгээр сард Драгон төвийн Мобикомоос 250.000 төгрөгөөр, “Самсунг А12” загварын гар утсаа 2021 оны 7 дугаар сард Драгон төвийн Мобикомын салбараас 599.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулан худалдаж авч байсан...” /хх 125-126/,

гэрч Ц.С-Орын “...2021 оны 8 дугаар сарын үед архи уугаад шартсан байдалтай байсан. О-Ө гэгч залуу нь надад хэлэхдээ би гудамжнаас 3 ширхэг гар утас олсон, арын айлд 40.000 төгрөгөөр өгсөн, чи жоохон нэмээд авах уу, юу ч хамаагүй хэлээд буцаагаад авчих гэхээр нь би арын айлаас наадах чинь хулгай хийсэн гар утас байна гэж хэлээд би мөнгийг нь төлөөд авчихсан юм. Нөгөө “Самсунг А7” загварын гар утсыг доош уруудаад нэг айлд өгсөн гэхээр нь О-Ө уг айл руу орж уулзаад намайг 35.000 төгрөг өгчих гэхээр нь би төлөөд гар утсыг нь буцаагаад авсан юм. Би нийт 75.000 төгрөгөөр уг 3 ширхэг гар утсыг буцааж аваад О-Өд би 40.000 төгрөг нэмж өгсөн. “Самсунг А12” загварын гар утас нь цэнхэр өнгийн нөгөө “Самсунг А7” загварын 2 гар утас нь хар өнгийн байсан. Одоо надад уг гар утаснууд байхгүй, уг гар утаснуудыг эхнэр Отгонсувд фейсбүүк зар тавиад зарчихсан юм. ...Хулгайнх гэдгийг мэдээгүй...” /хх 132-133/,

шүүгдэгч П.О-Өн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байрлах Маргад хүнсний дэлгүүрийн гудамжны үзүүр дээр саарал өнгийн машины жолооч талын цонх нь онгорхой, дотор нь ямар нэг хүн байхгүй байхаар нь уг онгорхой цонхоор харахад машины урд талын суудал цэнхэр болон хар өнгийн хоёр ширхэг гар утас байхаар нь гараа цонхоор оруулаад тэр хоёр гар утсыг авч яваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг Сүхээ гэдэг хүнд хоёуланг нь 40.000 төгрөгөөр зарчихсан...” /хх 148/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 117/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...”Самсунг А7” загварын гар утас 250.000 төгрөг, “Самсунг А12” загварын гар утас 500.000 төгрөг, нийт 750.000 төгрөгөөр тогтоов...” /хх 138-139/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.О-Өг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокуророос П.О-Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ энэ талаар орхигдуулж шийдвэрлэсэн байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд оногдуулсан биечлэн эдлэх 3 жил 10 сар 6 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 жил 5 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч П.О-Ө нь “...хулгайлсан эд зүйлсийг мөрдөн байцаагч хурааж авсан гэж надад хэлсэн атлаа 1.287.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, ...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн хохирогч нараас хулгайлсан эд зүйлсийг буцааж өгсөн боловч 1.287.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч мөрдөн байцаагчаас тухайн эд хөрөнгийг хурааж авсан талаар болон хохирогч нарт эд хөрөнгийг буцааж өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан авагдаагүй байх бөгөөд гэрч Ц.С-Орын “...уг гар утаснууд байхгүй, би уг гар утаснуудыг эхнэр Отгонсувдын фэйсбүүк дээр зар тавиад зарчихсан. “Самсунг А12” загварын гар утсыг 200.000 төгрөгөөр, харин “Самсунг А7” загварын 2 ширхэг гар утсыг нийлүүлээд 200.000 төгрөгөөр зарчихсан. ...уг зурагтаа ...100.000 төгрөгөөр зарчихсан. Одоо фэйсбүүк цахим хаяг нь янз янзын юм руу орсоор байгаад гацаад хакердуулсан юм шиг байна лээ, нэвтэрч орж болохгүй байгаа...” /хх 174-176/ гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгч П.О-Өн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.О-Өн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч П.О-Ө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 47 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “...Шүүгдэгч П.О-Өг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч П.О-Өг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-Өг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-Өг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-Өн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-Өн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ               

           

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ