Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00124

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Одончимэг,
Улсын яллагч Г.Баяраа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Баярмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хөгшин овогт Батсүхийн Баярмөнхөд холбогдох эрүүгийн 201701000099 дугаартай, 132/2016/0117/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрханхгай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, найз охины хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны Алтайн 9-66 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хан хөгшин овогт Батсүхийн Баярмөнхөд /РД:ЙЮ91072011/
Холбогдсон хэргийн талаар:
Б.Баярмөнх нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтэгцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/”-ын агууламж бүхий 1 кг 039.2 грамм сэтгэцэд нөлөөт бодис/каннабис ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмөнхийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Халиунаатай холбогдож “Эрдэнэт үйлдвэрт”-т угаалгын нунтаг нийлэх гэж холбогдох хүмүүстэй уулзсан. Тэгтэл манайх өөр байгууллагатай нийлүүлдэг гэсэн. Тэгээд Халиун, Дөлгөөн, Мөнхбаяр нартай Сэлэнгэ мөрөн орж үзье гээд явсан. Тэгээд замдаа машин саатаад голын эрэг дээр зогсоод хооллож ундалсан. Би бие засаж байгаад тэр ургамалыг олж харсан. Өмнө би тэр ургамлыг интернэтээс олж харж мэдсэн. Нэг уутанд түүж байгаад дараа нь жижиг уутнуудад хийсэн. Өмнө хэрэглэж
үзээгүй. Мэдээллийг интернэт, клипнээс харж байсан. Буцаж явахдаа цагдаад баригдсан гэв.
201701000099 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Мөрдөн байцаалтын шатанд Б.Баярмөнх сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би цахим сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан. Би хип хоп урсгалын хамтлаг дуучдын дууг их сонсож сонирхдог, баруун орнуудын хип хоп дуучдын дуу клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс болон өвсний зурагтай хувцас өмссөн байх нь элбэг харагддаг. Жишээлбэл Snоор dоgg, Wiz khalifa нарын хамтран дуулсан young wild and free буюу монголоор залуу зэрлэг бас эрх чөлөөтэй дууны клип, snoop dogg дуучны smoke weed everyday буюу монголоор өдөр бүр өвс татна, curtis williams дуучны Saturday night буюу монголоор хагас сайны орой зэрэг дууны клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс зөндөө гарч байдаг. Мөн www.google.mn сайтаас weed /монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирсэн. Тэдгээр мэдээллүүдийг уншиж байхад өвс нь манай оронд ургадаг болохыг мэдсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр интернэтээс ажлын зар хараад сууж байхад БНХАУ-аас оруулж ирсэн угаалгын нунтаг борлуулах ажилд борлуулагч авна гэсэн зар байхаар нь уг зарыг тавьсан хүнтэй утсаар холбогдон очижуулзаад борлуулагчаар нь ажиллахаар болсон юм. Би угаалгын нунтагаа Нарантуул, Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүд болон зочид буудлаараа явж зарж байгаад хөдөө аймаг сум руу очиж зарвал зүгээр байх гэж бодсон юм. Тэгээд Орхон аймаг орж Эрдэнэт ХК-ний холбогдох хүмүүстэй уулзаж угаалгын нунтаг нийлүүлэх боломжтой эсэхийг судлая гэж бодоод өөрийн найз А.Халиунаа руу залгаад Орхон аймаг руу явах гэсэн юм унаа олдох уу гарах зардлыг нь би даана гэж хэлсэн. Удалгүй А.Халиунаа над руу залгаад машин олчихлоо гэхээр нь манай гэрт ирээд намайг авчих гэж хэлээд би авч явах угаалгын нунтаг болон танилцуулгуудыг нь бэлдээд байж байхад А.Халиунаа нэг цагаан өнгийн суудлын машинтай ирсэн. Уг машиныг нэг залуу барьчихсан байсан бөгөөд А.Халиунаагийн найз нь гэж хэлсэн. Тэгээд машиндаа авч угаалгын нунтагаа аччихаад гэрээсээ гарахдаа найз Г.Дөлгөөн рүү залгаад завтай байна уу, хамт Орхон аймаг руу явчихаад ирэх үү гэж асуухад Г.Дөлгөөн манай гэрт ирээд авчих гэж хэлэхээр нь А.Халиунаа, А.Халиунаагийн найз бид гурав Г.Дөлгөөнийг гэрээс нь очиж авчихаад хотын төвд явж байхад А.Халиунаа би найз залуугаа аваад явъя гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд А.Халиунаагийн найз залуу гэх М.Мөнхбаяр гэх залууг 21 дүгээр хорооллоос очиж аваад Улаанбатар хотоос Орхон аймаг руу явсан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Орхон аймагт очсон. Эрдэнэт үйлдвэрийн холбогдох хүмүүстэй уулзаад өөрийн борлуулах гэж байгаа угаалгын нунтагаа танилцуулахад манай компани Оросоос бүх бараа материалаа татаж авдаг гэж хэлсэн. Бид нар Улаанбаатар хот руу буцахаар болоод хоорондоо ярилцаж байгаад нэг агаарт гарч ирсэн дээрээ хөдөө сайхан амарч байгаад хот руу явъя гэж ярилцаад Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу явсан. Учир нь Сэлэнгэ мөрөнг харах гэж явсан юм. Булган аймгийн Сэлэнгэ сумын төвийн наана байх горхи дээр очиж зогсоод цайлангаа хөзөр тоглосон. Тэр үед би бие засах гээд явж байхад ногооны талбай байсан бөгөөд модоор хашчихсан байсан ба
хашааных нь ёроолоор Каннабис ургамалтай төстэй ургамал ургаад хатчихсан байхаар нь сонирхоод эхлээд нэг гялгар уутанд түүсэн боловч уут нь задраад болохгүй сайхаар нь би буцаж машин дээр очиж багаажийг нь онгойлгож уут үзэхэд хог хийх зориулалттай хар өнгийн гялгар уутнууд байхаар нь тэр уутнуудыг нь аваад нөгөө Каннабис ургамлаас түүж уут уутаар нь скочдож баглаад машины арын сагаажинд хийсэн. Тэгээд бид нар цайлж дуусаад хөдлөөд явж байхад цагдаа зогсоогоод бид нарыг баривчилсан гэх мэдүүлэг /хх-135-139 хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд Г.Дөлгөөн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Г.Баярмөнх над руу залгаад завтай байна уу, Эрдэнэт рүү хамт явах уу гэхээр нь ямар ажлаар явах гэж байгаа юм бэ гэж асуухад Г.Баярмөнх найз нь угаалгын нунтаг зарах гэсэн юм аа, тэгээд Эрдэнэт үйлдвэр дээр очиж холбогдох хүмүүстэй уулзах гэсэн юм гэхээр нь би тэр үед завтай байсан болохоор манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г.Баярмөнх ирчихлээ гэхээр нь гарсан чинь Г.Баярмөнх, А.Халиунаа, Батбаатар хоёртой байсан. Тэгээд бид дөрөв манай гэрийн гаднаас хөдлөөд хотоос гарах гээд явж байхад буюу 1 дүгээр хороолол орж А.Халиунаагийн найз залуу авчихий гээд 21 дүгээр хороолол орж А.Халиунаагийн найз залууг аваад хотоос гарсан. Шөнөжин явсаар өглөөгүүр Эрдэнэтэд ирсэн. Бид нар Эрдэнэт үйлдвэр дээр очиод Г.Баярмөнх орсон. Удалгүй Г.Баярмөнх гарч ирээд хувь хүнээс бараа материал авдаггүй гэж байна худлаа юм байна, хот руу явах уу гэж хэлэхээр нь би нэгэнт хөдөө ирсэн юм чинь ойрхон салхинд гарч амар ч байгаад ойрхон хот руу явах уу, эндээс Сэлэнгэ мөрөн ойрхон гэсэн очиж үзэх үү гэсэн чинь манай хэд зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Эрдэнэтээс Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байх Сэлэнгэ мөрөнг харахаар явсан. Замдаа явж байхад Батбаатарын машины дугуй хагараад, бид нар машиныхаа дугуйг солиод цааш хөдлөөд явж байхад жижиг гол байсан. Тэр голын эрэг дээр зогсоод бид нар цайлангаа хөзөр тоглосон. Хөзөр тоглоод сууж байхад Г.Баярмөнх бие заслаа гээд босоод явсан. Харин А.Халиунаа найз дээрээ очлоо гээд М.Мөнхбаяр дээр очсон. М.Мөнхбаяр хотоос гарахдаа уусан байсан бөгөөд шартаад байгаа бололтой бөөлжөөд байсан. Тэгэж байтал Б.Батбаатар гэнэт явъя гээд явахаар болсон чинь Г.Баярмөнх ойролцоо байх ногооны талбайн хажуугаар ургасан зэрлэг ургамлаас түүгээд байхаар нь би очоод чи юу түүгээд байгаа юм бэ гэж асуухад эмийн ургамал түүж байгаа юм гэхээр нь би дотроо царван түүж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд явж байхад Г.Баярмөнх нь ууж байсан ундааны саваа битүү утаа болгоод өөрөө утааснаас нь сорьж байснаа Б.Батбаатарт эхлээд соруулснаа намайг сорох уу гэхээр нь би нэг удаа сороод юу юм бэ гэж асуухад Г.Баярмөнх инээлгэдэг тамхи байгаа юм гэж хэлсэн. Миний дараа А.Халиунаа бас сорьж үзсэн. Тэр үед М.Мөнхбаяр унтаж байсан болохоор сороогүй. Г.Баярмөнх инээлгэдэг гээд байсан чинь худлаа юм байна, биш юм шиг байна гээд өөртэйгээ яриад байсан. Удалгүй Булган аймгийн Сэлэнгэ сумын цагдаагийн ажилтан ирээд бид нарыг барьсан гэх мэдүүлэг /хх-147-148 хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд Б.Батбаатар сэжигтэн, яллагдагчаар өгсөн:...Тэр үед Дөлгөөн Баярмөнх хоёр нэгэнт энэ хүртэл явчихсан юм чинь Сэлэнгэ мөрөн
үзчихээд буцъя гээд бөөнөөрөө машинтайгаа Сэлэнгэ сум руу явсан. Эрдэнэтээс ойролцоогоор 60 гаран км зам яваад очдог гэж байсан. Ингээд Сэлэнгэ сум руу яваад Сэлэнгэ сум руу орохын алдад ойролцоогоор 5-6 км-ийн наана машины дугуй хагарсан ба запас дугуйгаа соличихоод бөөнөөрөө сууж байгаад жаахан юм идчихээд явъя Сэлэнгэ мөрөн үзэлгүйгээр буцахаар болоод замын хажуу талын Горхины хажууд сууж цайлсан тэр үед Мөнхбаяр машинд орж унтахаар болсон ба үлдсэн хэд нь хөзөр тоглоод байж байх үед Баярмөнх бие засахаар явсан. Халиунаа машин руу найз залуу руугаа явсан Дөлгөөн бид хоёр горхи руу явж нүүр гараа угаачихаад машин дээрээ буцаж ирээд Улаанбаатар хот руу буцаж явж байх үед замын цагдаа зогсоогоод бид нарыг гавлаж барьж авсан. Тэгээд Сэлэнгэ сумын төв дээр аваачсан ба биед байсан эд зүйлийг шалгахад Баярмөнхийн цүнхнээс замын хажуугаас түүсэн гэсэн өвс гарч ирсэн би тэр өвсийг Баярмөнхийг түүхийг мэдээгүй. Харин Сэлэнгээс буцаад хот руу явж байх замд Баярмөнх би та нарт гоё юм үзүүлье түр зогсож бай хөгшөөн гээд намайг машин барьж байх үед зогсоогоод ундааны сав цоолоод дотор нь тамхины үртэс шиг хатсан өвс хийгээд өрөө мөнгө хуйлаад хуйлсан мөнгөөрөө утааг нь сороод хойно сууж байсан Дөлгөөн Халиунаа нарт өгч соруулсан Мөнхбаярт өгөх үед нь Мөнхбаяр сороогүй мөн надад өгөөд сороод үз гэхээр нь нэг удаа сортол дотор муухайраад байхаар нь больж дахин сороогүй бүгд сорохоо болиод би машинтайгаа хөдлөөд явж байх үед цагдаа зогсоосон. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-153-154 хуудас/,
Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4488 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 1-6 гэсэн хаягтай 6 ширхэг гялгар ууттай ургамалын дээж, 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн дээд доод хэсэгт нь 2 ширхэг нүх гаргаж цоолсон 0.5 л-ийн багтаамжтай “Соса Сола” гэсэн бичигтэй хуванцар сав, AJ 5722320, PS8097653 серийн дугаартай 2 ширхэг төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цаасанд боолттой 4 ширхэг цагаан өнгийн эм мэт зүйл, 2 ширхэг мөнгөлөг өнгийн тугалган цаас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-6 гэсэн хаягтай 6 ширхэг гялгар ууттай ургамалын дээж, 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн дээд доод хэсэгт нь 2 ширхэг нүх гаргаж цоолсон 0.5 литрийн багтаамжтай “Соса-Сола” гэсэн бичигтэй хуванцар сав, AJ5722320, PS8097653 серийн дугаартай 2 ширхэг төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг мөнгөлөг өнгийн тугалган цаасанд 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цаасанд боолттой цагаан өнгийн эм мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Батсүх Баярмөнх” гэж хаягласан шээс, “Ганбат Дөлгөөн” гэж хаягласан шээс, “Батсүх Батбаатар” гэж хаягласан шээс, “Алтанзул Халиунаа” гэж хаягласан шээснүүдэд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-н сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэж дүгнэжээ. /хх 74-76 хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 хуудас/,
Тээвриийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-10 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-28 хуудас/,
Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 35-41 хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-63 хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 177 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Баярмөнх нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтэгцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/”-ын агууламж бүхий 1 кг 039.2 грамм сэтгэцэд нөлөөт бодис/каннабис ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд Г.Дөлгөөн, Батбаатар өгсөн мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10480, 4488 тоот дүгнэлтэдүүд, тээвриийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-10 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-28 хуудас/, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 35-41 хуудас/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-63 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Баярмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Баярмөнх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтэгцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/”-ын агууламж бүхий 1 кг 039.2 грамм сэтгэцэд нөлөөт бодис/каннабис ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч хадгалсан гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл
хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Баярмөнхийг мансууруулах эм, бэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Баярмөнх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Баярмөнхөд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.0.5 литрийн багтаамжтай Соса Сола гэсэн шошготой, хоёр нүх гаргаж цоолсон байдалтай хуванцар сав 1 ширхэг, хуульж соруул мэт болгож, гадуур нь гялгараар ороосон байдалтай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, хуйлж соруул мэт боосон AJ57223200, сери дугаар бүхий Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, хулайж соруул мэт болгосон PS8097653 сери дугаар бүхий Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, 5. Базаж тогоо мэт болгосон, дотор талдаа харлаж бохирлогдсон байдалтай тугалган цаас, нэг талдаа харлаж бохирлогдсон, нөгөө талдаа улаан өнгөтэй чихэрний тугалган цаасыг устгахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Хан хөгшин овогт Батсүхийн Баярмөнхийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Баярмөнхөд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөхний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Баярмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.0.5 литрийн багтаамжтай Соса Сола гэсэн шошготой, хоёр нүх гаргаж цоолсон байдалтай хуванцар сав 1 ширхэг, хуульж соруул мэт болгож, гадуур нь гялгараар ороосон байдалтай
Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, хуйлж соруул мэт боосон AJ57223200, сери дугаар бүхий Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, хулайж соруул мэт болгосон PS8097653 сери дугаар бүхий Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, 5. Базаж тогоо мэт болгосон, дотор талдаа харлаж бохирлогдсон байдалтай тугалган цаас, нэг талдаа харлаж бохирлогдсон, нөгөө талдаа улаан өнгөтэй чихэрний тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Баярмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэн хянан харгалзаж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН