Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2024/00547

 

 

2024 03 28 142/ШШ2024/00547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** байрлах, **** регистрийн дугаартай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, **** регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* /утас: ***/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ***/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,068,026 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******

Хариуцагч О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******, Л.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 17,068,026 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ББСБ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тоот Зээлийн гэрээгээр О.******* 15,000,000 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Л.*******тай гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдөр дуусах байсан боловч тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй ба 2023 оны 09 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу: Булган аймгийн Орхон сумын 2-р баг хаягт байршилтай 700 мкв талбайтай дугаарт бүртгэлтэй Гэр, орон сууцны зориулалттай эзэмших газар үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Иймд хариуцагч нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээл 12,863,450 төгрөг, үндсэн хүү 3,473,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 694,763 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 36,000 төгрөг, нийт үүрэг 17,068,026 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргаж байна.

Төв салбарынхаа хуульчид энэ хэргийн талаар хэлж, хариуцагч нарын тайлбарыг танилцуулахад намайг хуралдаа ороод шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн. Надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх өгөөгүй. Хариуцагч О.******* манай дээр ирж тооцоо нийлсэн учир үнийн дүн дээр маргахгүй гэсэн учир нэмэлт тайлбар байхгүй. Хариуцагч Л.*******ыг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батлан даагч Л.******* би ******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сар хүрэхгүй хугацааны хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчээс буруу тооцож гаргасан гэж би үзэж байна. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,341,058 төгрөг байсан ба үндсэн зээлийн хүү 1,599,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 612,483 төгрөг байх ба нийтдээ 13,552,375 төгрөгийг О.******* /ээж/ төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад хамааралгүй болно гэжээ.

3. Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.******* би ******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сар хүрэхгүй хугацааны хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчээс буруу тооцож гаргасан гэж үзэж байна. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,341,058 төгрөг байсан ба үндсэн зээлийн хүү 1,599,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 612,483 байх ба нийтдээ 13,552,375 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 3 гэрчилгээ бүхий 3 хүний гэр орон сууцны зориулалттай газартай бөгөөд уг газрыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрвөл нэхэмжилж байгаа үнийн дүнд нийцүүлэн шилжүүлэн өгч, эвлэрч болно. Түүнээс биш надад бэлнээр өгөх мөнгө төгрөг байхгүй бөгөөд өрхийн зээл авч үйл ажиллагаа явуулж байгаад койн руу мөнгө оруулж, мөнгөө алдаж зээлээ төлөх чадваргүй болж хохирсон хүн байгаа юм.

Би анх зээл авахдаа 0.7 га 3-н газрыг барьцаанд тавьж зээл авч байсан. Тэгэхээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй байна. 0,7 га 1 газрыг 5,000,000 төгрөгт барьцаанд тавьж байсан, газрын нийт үнэ 15,000,000 төгрөг болсон. Үлдэгдэл мөнгийг 2024 оны 06 дугаар сардаа багтаагаад өгөх хүсэлтэй байгаа тул энэ байдлаар эвлэрэх санал гаргаж байна. Би төлөх үнийн дүнг зөвшөөрч байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн талаарх төлбөрийн баримт, 2022.07.22-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ, 2022.07.22-ны өдрийн дугаартай хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн болон ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай ******* ББСБ ХХК-ийн 2024.01.15-ны өдрийн 24/060 дугаартай албан бичиг, дугаартай зээлийн зээл болон хүүний тооцооны баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-18 тал)

5. Хариуцагч нараас: хариу тайлбараас өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно. (хх 27, 28 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь тус шүүхэд хариуцагч О.*******, Л.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 17,068,026 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Хариуцагч О.*******, Л.******* нар нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 2.95 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зээлийн зориулалт-аар зээлж тоот зээлийн гэрээг байгуулжээ. (хх 4-6 тал)

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч О.*******, Л.******* нартай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дугаартай хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, тус гэрээнүүдээр дээрх Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож:

- 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн эд хогшил, 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа эргэлтийн хөрөнгө,

- Ж.ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- Л.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- О.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд бариулахаар харилцан тохиролцжээ. (хх 7-15 тал)

3. Хариуцагч О.*******, Л.******* нар нь гэрээний дагуу зээл төлөх хугацааг хэтрүүлэн 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс төлөлт огт хийгээгүй байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,068,026 төгрөг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хэн аль нь зээлийн гэрээний үүрэг 17,068,026 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаж, хариуцагч Л.******* нь ...уг зээлийг ээж О.******* төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад хамааралгүй болно... гэж тайлбараа ирүүлж байсан. Харин шүүх хуралдаанд хариуцагч О.******* нь үнийн дүнгийн талаар маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг зээлийн төлөлтийг барьцаа хөрөнгүүдээр төлөх хүсэлтэй байна гэж тайлбарласан.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ, Л.*******ыг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй гэж тайлбарладаг.

Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* ББСБ ХХК, зээлдэгчээр О.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.******* нар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч О.*******, Л.******* нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба уг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.3-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хариуцагч Л.******* нь татгалзлын үндэслэлээ баримтаар гаргаж нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ удаа дараа зөрчиж, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 12,863,450 төгрөг, зээлийн хүү 3,473,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 694,763 төгрөг, зээлдэгч нар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 36,000 төгрөг, нийт 17,068,026 төгрөгийг ******* ББСБ ХХК-д төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл, хүүний тооцооны баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. (хх 1,18, 27-28 тал)

Мөн түүнчлэн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.*******, Л.******* нараас 17,068,026 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч О.*******, Л.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдэд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны хөрөнгө болох:

- 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн эд хогшил, 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа эргэлтийн хөрөнгө,

- Ж.ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- Л.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- О.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих ангид даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,500 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 313,490 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлсөн 10 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагч О.*******, Л.******* нараас 17,068,026 төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 243,290 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 313,490 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Л.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иймд хариуцагч Л.*******ын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Л.*******ыг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргаагүй зэргийг тус тус үндэслэн, хариуцагч Л.*******ын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Л.*******ын эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******, Л.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 17,068,026 /арван долоон сая жаран найман мянга хорин зургаа/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч О.*******, Л.******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

- 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн эд хогшил, 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа эргэлтийн хөрөнгө,

- Ж.ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- Л.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар,

- О.*******ын өмчлөлийн Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр орон сууц хашааны зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,500 төгрөгөөс 313,490 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлсөн 10 /арав/ төгрөгийг, хариуцагч О.*******, Л.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 313,490 /гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА