Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/128

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          02           08                                             2022/ДШМ/128    

 

Т.М-, Э.Ө- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Э-эчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнхжаргал, Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгийн өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/1107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-, Э.Ө- нарт холбогдох эрүүгийн 1708000000230 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М-,

2. Ө-,

 

Шүүгдэгч Т.М- нь Э.Ө-тай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Nokia загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.Б-Э-ийг газарт унасан байхад нь толгойн тус газар нь гараар цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,

шүүгдэгч Э.Ө- нь Т.М-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Nokia загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.Б-Э-ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэж амь хохирогч Ц.Б-Э-эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ө-, Т.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-, Ө- нарыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарыг тус бүр 16 /арван зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Т.М-гийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.М-гийн цагдан хоригдсон 986 /есөн зуун наян зургаа/ хоног, шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон 984 /есөн зуун наян дөрөв/ хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хасаж, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд шүүгдэгч Т.М-гийн мөрдөн байцаалт шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй харин шүүгдэгчид Э.Ө-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаад өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно. Мөн шүүгдэгч Э.Ө- нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэрэг болсон өдрөөс хойш 5 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн эрс өөрчлөгдсөн. Үүнд: Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүмүүстэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан, мөн М-, “Ө-аа, би тэр хүнийг гоё цохиж унагаасан, чи харсан уу” гэх зэргээр миний хэлж яриагүй зүйлийг зохиомлоор бий болгож, өөрт ашигтай болгохын тулд одоо хүртэл худал мэдүүлэг өгсөөр байна. Хавтаст хэрэгт авагдсан олон зүйлсээр “худал” ярьсан нь нотлогдсон байдаг. Шүүгдэгч Ө- нь өөрийнхөө хийсэн хэргийг нуун далдалж, надад үүрүүлэх зорилготой удаа дараа өгсөн худал мэдүүлгийн золиос болж байгаадаа залуу хүний хувьд туйлын их харамсалтай байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, уг гомдлыг гаргаж байна.

1. Миний бие болсон үйл явдлын талаар тогтвортой, үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Харин шүүгдэгч Т.М-, гэрч Бодьхүү нарын мэдүүлгүүд зөрүүтэй, худал байхад миний болон гэрч Өсөхбаатарын мэдүүлгийг үгүйсгэж хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2264 тоот шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд баруун зулайн хугарал, баруун зулай хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхны цусан хураа нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байж болно гэсэн нь учир дутагдалтай гэж үзсэн.

3. Учир нь, шинжээч эмч Ц.Ганболд нь шүүхийн хэлэлцүүлгийн мэдүүлэхдээ “Цээжин тус газар цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан дээрх гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсэж амь нас хохирсон” гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулай хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй гэжээ.

4. Гэрч Өсөхбаатар мэдүүлэгтээ: Бодьхүү, М-, Ө- бид дөрөв машинд сууж байтал М- “Ө-ыг гараад ирье” гэсэн. М- эхэлж орж ирэхдээ улаан куртик барьсан байсан ба М-, Ө-т хандан “би сая гоё цохиж унагасан, чи харсан уу” гэж хэлсэн. Мөн Бодьхүү фэйбүүк мессэнжэрээр над руу “бие биенээ танихгүй шүү” гэж бичсэн. Тухайн өдөр Ө-ын баруун гар хавдартай, тамхиа ч асааж чадахгүй байсан. Шүүгдэгч М- талийгаачийг “гоё цохиж унагасан” гэж хэлснээрээ өөрийн гэмт үйлдлээ нотлон хэлсэн гэдгийг гэрч Өсөхбаатар мөн мэдүүлгээрээ нотлосон байдаг. Улмаар шинжээч эмчийн дүгнэлт ч М-гийн дээрх цохилт үхэлд хүргэсэн гэдгийг нотолсон. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь М- гэдэг нь ийнхүү хөдөлбөргүй тогтоогдож байна.

5. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 440 тоот тогтоолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Гэтэл хэргийн бодит байдал буюу хохирогч Б-Э-ийн амь насыг хэн хороосон болохыг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай байх ба шүүгдэгч нар хохирогчийг цохисон талаар бие биенийхээ эсрэг өгсөн мэдүүлгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдснээ гэрчилсэн гэж логик алдаатай дүгнэж хоёуланг нь гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэсэн. Ө- миний өгсөн мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатнаасаа авахуулаад бүх шатанд тогтвортой байдаг нь хавтас хэргийн материалаар нотлогддог. Харин шүүгдэгч М-гийн мэдүүлгүүд нь шүүх хурал болгонд өөрчлөгддөг болохыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээр хэргийг 4 удаа хэлэлцэж, дээд шатны шүүхүүдийн тогтоолд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр нэг буюу удаа гаргаж байгаад эргэлзэж байна. Иймд шүүхийн харьяаллыг өөрчилж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дүгээр сарын 11-ний өдрийн 709 тоот яллах дүгнэлт, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 2021/ШЦТ/1107 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх тогтоолдоо шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах дүгнэлтүүдийг хийсэн. Үүнд, “Э.Ө- нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд араас нь очиж толгойн хэсэгт цохиж унагаан өмдний халааснаас нь гар утсыг нь авч байхад Т.М- талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдлийг шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн хэн аль нь уг хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзнэ. Үүнээс гадна Э.Ө-ын талийгаачийг цохих үед газар унах, Т.М-гийн талийгаачийн толгойн хэсэгт цохисон үйлдлийн улмаас талийгаачид үхэлд хүрэх гавал тархины гэмтэл учрах боломжтой тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тусад нь ялган зааглах боломжгүй, талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн. Мөн “шүүгдэгч Т.М-гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдэхгүй, харин шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно.” гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн эдгээр дүгнэлт нь хоорондоо илтэд зөрчилтэй, ойлгомжгүй, тодорхой бус буюу шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хэрэв шүүх тогтоолын дүгнэлтэд дурдсанчлан Т.М- нь талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлж авсан үйл баримт тогтоогдож байгаа бол энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлт, мөн шинжээч эмч нарын шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаачид учирсан гэмтэл нүүрэн тус газар цохиход учрах боломжгүй” гэсэн тайлбар, мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Харин дээр дурдсан 539 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тархиныхаа баруун талаар газар савж унахад учрах боломжтой” гэх тайлбар мэдүүлэг, Т.М-гийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн “Э.Ө- тэр хүний цээж рүү нь баруун гараараа нэг удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. Э.Ө-ыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан.”, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “Ө- гүйж очоод цээж рүү нь цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг зэргээс үзвэл “шүүгдэгч М-гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдэхгүй” гэх шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай бүрэн нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ц.Б-Э-ийн амь насыг хэн хохироосон болохыг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай бөгөөд шүүгдэгч нар хохирогчийг цохисон талаар бие биенийхээ эсрэг өгсөн мэдүүлгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнээ гэрчилсэн гэж логик алдаатай дүгнэж хоёуланг нь гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн талаар, анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ миний үйлчлүүлэгч Т.М-гийн хувьд “учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй" гэж үзсэн хэрнээ “шүүгдэгч нарт хорих ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар хоёуланд нь 16 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Шүүхийн эрүүгийн хариуцлагын талаарх энэхүү дүгнэлт нь ч хоорондоо илтэд зөрчилтэй, ойлгомжгүй, тодорхой бус боллоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж гомдолтой байна. Учир нь, шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэхийг санал болгосон ч тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.3-т заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлүүдээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд, шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлтэд “шүүгдэгч Э.Ө- нь амь хохирогч Ц.Б-Э-ийн толгой руу гараараа цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.Б-Э-эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан нөхцөл байдал тогтоогдлоо" гэжээ. Гэтэл шүүгдэгч Э.Ө-ыг амь хохирогчийн толгойд цохисон гэдгийг нотолж, тогтоосон нотлох баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй. Энэ нь "Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал" гэх үндэслэлд хамаарч байна. Мөн шүүхийн “Э.Ө- нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд нь араас нь очиж, толгойн хэсэгт нь цохиж унагаан өмдний халааснаас нь гар утсыг авч.. гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд...” гэсэн дүгнэлт нь дан ганц шүүгдэгч Т.М-гийн мэдүүлгийг үндэслэжээ. Шүүгдэгч Э.Ө-ын хувьд ч шүүгдэгч Т.М-гийн үйлдлийн талаар мэдүүлдэг. Энэ байдлаар харилцан эсрэг сонирхолтой хоёр шүүгдэгчийн мэдүүлгээр шүүх дүгнэлтээ гаргасан нь "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал" гэх үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн шүүх хуралдаанд цахимаар оролцсон шинжээч М.Энхбаяр “Баруун талаараа савж унахад уг гэмтэл үүснэ. Савж унах гэдэг нь дагзаараа арагш унахыг хэлнэ” гэсэн тайлбар хэлдэг. Энэ нь түүнтэй хамт дүгнэлт гаргасан шинжээчдийн дүгнэлтээс зөрж байгааг анхаарч үзнэ үү. Тухайн дүгнэлтэд “савж унахад энэ гэмтэл үүсэхгүй” гэсэн байдаг. Мөн шүүх хуралдаанд цахимаар оролцсон шинжээч эмч Б.Ариунзулын “энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн гэмтэл бөгөөд савж унаснаас үүсэхгүй” гэх мэдүүлэгтэй зөрчилддөг. Үүнээс гадна 2019, 2020 онд шүүх хуралдаанд оролцож байсан, цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт “газарт унасан гэх шинж тэмдэг байгаагүй”, “энэ гэмтэл газарт унах үед үүсэх гэмтэл биш” гэж тодорхой дүгнэж, тайлбарладаг. Шинжээч эмч энэхүү дүгнэлтээ шүүх хуралдаанд хамгаалсан бөгөөд бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт үүнийг нотолсон байхад шийтгэх тогтоолд зөвхөн цахимаар оролцсон шинжээч М.Энхбаярын “савж унахад үүссэн байна” гэх мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй. Тухайн үед бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч нарын мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Учир нь, тухайн үед хууль сануулаагүй, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулаагүй, зөвхөн тодорхой дүгнэлтээ тайлбарласан. Гэтэл тайлбар нь дүгнэлтийнх нь эсрэг байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “бодит байдалтай нийцэхгүй” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн Улсын дээд шүүхээс дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгээр тэднийг гэм буруутай тооцож, яллах боломжгүй, хууль зөрчинө. Өөр бусад байдлаар тогтоо гэх тогтоол гарсан. Тиймээс өөр бусад байдлаар тогтоохоор тухайн цаг хугацаанд хамт байсан гэх хоёр гэрч Н.Өсөхбаатар, Л.Бодьхүү нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад тэдний мэдүүлгийг нотлох ажиллагаа хийгээгүй. Учир нь, гэрч Н.Өсөхбаатар “би худал хэлсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний ярьж байгаа зүйлсийг Л.Бодьхүүтэй харилцсан фэйсбүүк чатаар нотолж болно" гээд өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж өгдөг. Мөн шүүх хуралдаанд оролцохдоо “миний фэйсбүүк ашиглагдахгүй байгаа ч утасны дугаар байгаа тул чатаа сэргээх боломжтой” гэж мэдүүлдэг. Энэ ажиллагааг мөрдөн байцаалтад хийвэл дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэхгүйгээр гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Энэ нь анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд, өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж 2019, 2020 онд шийтгэх тогтоол гарч хүчингүй болж байсан тогтоолуудаас хуулбарласан байдалтай бичигдсэн. Тухайлбал, “Т.М-гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй, харин шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно" гэж урьд хүчингүй болсон 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоос иш татсан.  Шүүх Э.Ө-ыг буруутгахдаа “хэрэг гарахаас өмнөх байдлын талаар худал мэдүүлсэн” гэдэг. Гэтэл хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал болох талийгаачтай таарсан цаг үеийн Э.Ө-ын мэдүүлэг аль ч шатанд өөрчлөгдөөгүй байхад шүүх хэт нэг талыг барьж ялласан нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүргэдэг. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "шүүгдэгч Э.Ө- нь суллагдсаны дараа гэрчүүд мэдүүлэг өгсөн, тэдгээр гэрчүүд Э.Ө-тай найзууд учир эргэлзээтэй, үнэн зөв гэж үзэх боломжгүй, гар гэмтсэн гэсэн нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгийн хуудсаар үгүйсгэгдсэн" гэх агуулгатай дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд энэ нь мөн л адил урьдын хүчингүй болсон шийтгэх тогтоолоос иш татсан бөгөөд гар гэмтсэн байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд, хэргийн бодит байдлыг тогтоох, 4 жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тул зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлгийг барьж зууралдалгүйгээр бусад байдлаар тогтоох боломжтой. Энэ талаар Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолын биелэлт огт хэрэгжээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн магадлалд заасан ажиллагаа хийгдэхгүй, хэт нэг талыг барьж хоёуланг нь гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Өмгөөлөгчийн хувьд эргэлзээгүй гэдэг үгэнд маш их ач холбогдол өгч байна. Энэ хэрэгт эргэлзээтэй зүйл маш олон. Шүүх хуралдаанаас шийдвэр гарч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэсэн хэдий ч эргэлзээтэй байдал арилах биш нэмэгдэж орж ирдэг байдлууд хэргийг мөрдөн шалгасан, түүнд хяналт тавьсан прокурорын хяналтаас харагддаг. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд шинжээчдийг цахимаар оролцуулсан. Гэтэл техник хэрэгсэл шаардлага хангаагүй, ярьж байгаа үг мэдэгдэхгүй, асууж байгаа асуултыг сонсож байгаа эсэх нь мэдэгдэхгүй, хариулт нь сонсогдохгүй зэрэг нөхцөлд шүүхийн хэлэлцүүлэг явагдсан. Энэ байдал нь шүүх хуралдааны бичлэгт маш тодорхой тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцээн, хэлэлцүүлэг явагдах үндэслэл журмыг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлт 5 дугаар хавтаст хэргийн 250-270 талд авагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч нар дүгнэлтдээ талийгаачид баруун зулайн шугамын хугарал, баруун зулайн хатуу гүдгэр доорх цусан хураа, гавал тархины гэмтэл, суман хөндийд цусан бүлэгнэл үүсэж, гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэсэн шалтгааныг хоёр өөрөөр тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэгтгээд үзвэл энэ нь гавал тархины гэмтэл гэсэн. Гэтэл Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн процессыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр амь хохирогчийн гавал тархины яс бүтэн гэсэн тайлбар бичсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс шинжилгээг ямар объектод чиглүүлж хийсэн, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гавал тархины гэмтлээс нүүрэнд хоёрдогчоор цус хурсан гэх зүйл нь хавтас хэрэгт авагдсан өөр хүний зураг байна гэх эргэлзээг үүсгэж байна. Шинжээчээс үүнийг тодруулах гэхээр /техникийн шаардлага хангахгүй байгаа учраас/ “гавал тархи, зулайн хэсэг хаана байдаг вэ” гэж асуухад “чамархайн хэсгийг зулайн хэсэг гэж оруулж, энэ хэсгээрээ унасан тохиолдолд нас барна” гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорууд яллах дүгнэлтээ хуулбарлаж агуулга нь хэвээр бичигдсэн байдалтай байдаг. Гэрч Н.Өсөхбаатарын мэдүүлэгт онцгой ач холбогдол өгч анхаарахыг хүсэж байна. Н.Өсөхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл явдлын талаар бүх асуултад тодорхой хариулдаг. Иймд давж заалдах шатны шүүх дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхаарч гомдлоор хязгаарлахгүйгээр хэрэгт бүхэлд нь хяналт тавьж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэг гарснаас хойш 4 жил 2 сар 26 хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэрэг удаа дараа мөрдөн байцаалтад буцаж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж буцаасан хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж 5 сар болсны дараагаар шүүгдэгч нар батлан даалтад гарсан. Энэ цаг хугацаанаас эхлээд гэрч Н.Өсөхбаатарын мэдүүлэг өөрчлөгдөж, бусад гэрчийн мэдүүлэгтэй зөрж эхэлсэн. Хэрэг гарах үед Т.М-, Э.Ө- нар талийгаачийг зодож цохиж, эд зүйлийг нь авсан бөгөөд тэднээс өөр хүнгүй, хөндлөнгөөс харсан гэрч байхгүй. Гэтэл хөндлөнгөөс харсан гэрчтэй болгох гэж Л.Бодьхүү гэх хүнээр “улаан куртиктэй хүн явж байна, түүнийг харав уу” гэж зааж өгсөн гэж Э.Ө- мэдүүлдэг. Дараа нь “Н.Өсөхбаатар бид нар хамт явж байсан, машинд байсан” гэдэг. Улмаар гэрч Н.Өсөхбаатараар “М- орж ирээд би гоё цохиж унагасан, чи харсан уу” гэж хэлүүлсэн. Шүүгдэгч Э.Ө-ын гар нь гэмтэлтэй байсан, урьд өдөр нь хүнтэй маргаж байгаад гараа гэмтээсэн байсан талаар гэрч Анхбаатар, Сэрчинням, Батцэцэг нараас асуусан. Гэтэл тэр үед гар нь гэмтээгүй байсныг дээрх гэрчүүд мэдүүлсэн. Шүүгдэгч талаас Н.Өсөхбаатарын мэдүүлэгт их ач холбогдол өгдөг. Гэтэл Н.Өсөхбаатар яагаад мэдүүлэг өгөх болсон, 5 сарын дараа мэдүүлэг нь яагаад өөрчлөгдөх болсон тухайд, Э.Ө-ын эцэг, Н.Өсөхбаатарын эхэд хэлж, “талийгаачийг М- цохисон гэж хэлүүлээд өгөөч” гэж удаа дараа уулзах, утсаар ярих зэрэг үйлдэл хийж ийм мэдүүлэг өгүүлсэн. Тиймээс энэ мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй. Хүнээр хэлүүлж, гуйж “ингэж хэлээд өгөөч” гэсний хариуд хэлснээр нь мэдүүлээд байгаа явдал нь бүгдэд сэжиг төрүүлж байгаа. Учир нь, Э.Ө- амь хохирогчийг цохиогүй бол Т.М-гийн адил “би цохиогүй” гэж мэдүүлэх ёстой байсан. Олон хүмүүсийг цуглуулж гэрчээр мэдүүлэг авахуулчихаад мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Н.Өсөхбаатар Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр “худал мэдүүлэг өгсөн байвал би хуулийн хариуцлага хүлээе” гэж мэдүүлсэн. Э.Ө- Л.Бодьхүүг энэ хэрэгт хамааралтай болгох гэж, Т.М-д хэргийн бурууг хүлээлгэх гэж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгч Б.Энх-Амгалан анхан шатны шүүх хуралдаанд “хувийн байдал, оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж өгөх байр суурьтай оролцсон. Гэтэл өнөөдөр хэргийг прокурорт буцаалгах санал гаргаж байна. Прокурорт буцааж юуг шалгуулах гэсэн нь тодорхойгүй байна. Харин өмгөөлөгч Д.Чинзориг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан саналаа дэмжиж оролцож байна. Н.Өсөхбаатарын фэйсбүүк чатыг шалгавал тогтоогдоно гэж байна. Гэтэл үүнийг тогтоох боломжгүй гэсэн хариуг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тул өөр ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй. Талийгаачийн эцэг, эх өндөр настай хүмүүс бөгөөд эх нь хэвтэрт орсон, хүнд, хууч өвчтэй, сэтгэл санааны гүн хямралтай байгаа. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй ийм байдалтай яваа нь талийгаачийн эцэг, эхэд маш хүнд байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Э.Ө- нь янз бүрээр худал мэдүүлж өөрөө буруугүй болох гэж байгаа гэсэн сэжиг төрүүлж байгаа тул үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад татгалзах зүйлгүй. Хэрэгт авагдсан хамгийн чухал нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд талийгаачид учирсан гэмтэл нь баруун зулай ясны шугаман хугарал бөгөөд хүчний үйлчлэлээр цохиход үүсдэг. Унаж байгаа талбай нь том, хязгаарлагдмал талбай байсан бол бяцарсан хугарал юм уу, эсхүл тодорхой объект руу унасан бол цөмөрсөн хугарал үүснэ. Гэтэл шугаман хугарал нэг цаг хугацаанд, нэг удаагийн хүчний үйлчлэлээр цохилтын улмаас үүссэн гэдгийг шинжээч эмч Ц.Ганболд, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд бичигдсэн байгаа. Тиймээс нэг удаагийн хүчний үйлчлэлээс үүссэн гэмтлээс гаралтай гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээ шүүх хуралдаанд “миний хүүг босгоод ирэхгүйгээс хойш энэ хүмүүсийг хорьж цагдаад яахав дээ, амьд хүмүүс хүний ёсоор амьдраг” гэж хэлж байсан. Талийгаач айлын том хүү бөгөөд эцэг, эхээ асарч хандаж явсан тул юугаар ч сольшгүй гарз хохирол учирсан байхад гэм буруутай этгээдүүдэд зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь, бүлэглэн, амь хохирогчийн эд зүйлийг авахаар үйлдлээрээ санаатай нэгдэн талийгаачид гавал тархины гэмтэл учруулсан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тийм учраас хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэлэхэд, сүүлийн дүгнэлтээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тогтоогдсон бөгөөд үүний дагуу шинжээч нараас мэдүүлэг авсан. Үүнийг шийтгэх тогтоолд амь хохирогчийн толгойн тус газар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж хохирогчийг цохисон, босоо байхад нь газарт унагаасан гэж үйлдлүүдийг тус тусад нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.М-, Э.Ө- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.М-г Э.Ө-тай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Nokia загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.Б-Э-ийг газарт унасан байхад нь толгойн тус газар нь гараар цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,

шүүгдэгч Э.Ө-ыг Т.М-тэй бүлэглэн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн Nokia загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч улмаар амь хохирогч Ц.Б-Э-ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэж амь хохирогч Ц.Б-Э-эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт болоод шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарласан мэдүүлгүүд хоорндоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Тодруулбал, шинжээч эмч Ц.Ганболд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264 дугаартай “...Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. ...” /1хх 89-92/ гэсэн дүгнэлт гаргаж уг дүгнэлтийнхээ талаар “...талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь  цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Мохоо зүйл гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх аль алийг нь ойлгож болно. ...Уг гэмтэл нь толгойн зүүн хэсэгт нэг буюу хэд хэдэн удаагийн цохих үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. ...Баруун зулайн хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цус хураа, хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, эд доторх цус хуралт толгойн зүүн талд цохих үед үүснэ. Баруун талын гэмтлээс тусдаа гэмтэл байна. Учир нь тархины эд дотор цусан хураа үүсэж мэс заслаар авагдсан нь тус тусдаа бие даасан гэмтэл юм. ...” гэж мэдүүлжээ./1хх 86-87, 5хх 105-108/

 

Үүний дараа шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй  2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дугаартай “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Ц.Б-Э-ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. ...Гавал тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой...” /5хх 202-207/ гэсэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийнхээ талаар анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Ариунзул “...амь хохирогч баруун зулайн шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. ...Баруун зулайн хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас нас барсан. Эдгээр гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Амь хохирогчид үүссэн гэмтлүүд савж унахад үүсэх гэмтэл биш. ...Баруун зулай хэсэгт цохих үед үүссэн гэмтэл гэж ойлгож болно. ...Зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа тархины доод хэсэг, тархины эдийн няцрал нь цохилтын эсрэг талд үүссэн, цохилтын эсрэг талын гэмтэл. ...Нүүр лүү цохиход гавлын ясны шугаман хугарал, бусад гэмтэл үүсэхгүй. ...Амны баруун хэсгийн цус хуралт хатуу мохоо зүйлийн 1 удаагийн цохилтын үйлчлэлээр үүснэ. Хатуу мохоо зүйл гэдэгт гар орж болно. ...Амь хохирогчийн биед үүссэн гавлын ясны шугаман хугарал, түүний доорх цусан хураа болон цохилтын эсрэг талын гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Нүцгэн гараар цохиход гавлын яс хугардаггүй. ...Гар, хөл гэдэг тусдаа ойлголт. Гарын цохилтын хүч гавлын ясыг хугалах хэмжээнд хүрэхгүй. ...Эсхүл аль нэг талаас цохиход хүн хана, шал, газарт баруун зулай хэсгээр унах үед гавлын яс хугарч болно. ...Цохилтын хүч баруун зулай дээр үйлчлэхэд, эсхүл цохилтын улмаас баруун зулайгаар хатуу гадаргуутай зүйл мөргөж унасны улмаас үүснэ. ...Шинжээч Ц.Ганболдын дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд мэдүүлэгтээ 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн байсан. Амь хохирогчийн аль нэг талаас уруул дээр цохиход газар унаж, унахдаа баруун зулайгаар газар мөргөж унасан бол 2 удаагийн үйлчлэл болно. ...” гэж,

шинжээч эмч М.Энхбаяр “...баруун зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас тэр хэсэгтээ шугаман хугаралтай, хатуу бүрхүүлийн доор цусан хураатай, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтлүүд үүссэн. Энэ гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг зэрэг үүсгэгдэх боломжтой. ...Энэ гэмтэл гараар цохиход үүсгэгдэхгүй. ... Баруун зулайн шугаман хугарал баруун талаар газар савж унах үед үүснэ. ...Шугаман хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсдэг тул уг дүгнэлтийг гаргасан. ...Шинжээч Ц.Ганболд 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ гэж мэдүүлэг өгсөн байна. Бидний хувьд 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж үзэж дүгнэлт гаргасан. ...” гэж тус тус мэдүүлжээ./6хх 34-39/

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо “...шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.М- нь Э.Ө-тай бүлэглэн ...амь хохирогч Ц.Б-Э-ийн толгойн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан,

шүүгдэгч Э.Ө- нь Т.М-тэй бүлэглэж ...амь хохирогч Ц.Б-Э-ийн толгой руу гараар цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас амь хохирогч Ц.Б-Э-эд гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бтуяа /1хх 36-37/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц /4хх 124/, гэрч Б.Б /1хх 41-45/, Ц.Б /1хх 61-62/, Л.Б /1хх 49-51, 4хх 62-65, 5хх 159/, С.Ц /1хх 46-48/ мэдүүлгүүд,  цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2264 дугаартай дүгнэлт /1хх 89-92/, хэргийн материалаарр хийсэн шүүх эмнэлгийн 539 дугаартай дүгнэлт /5хх 202-207/,  шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг /1хх 136-139/ дүгнэж үзэхэд хохирогчийг 1 бус удаа цохисон болох нь шинжээч эмч Ц.Ганболдын “...талийгаачид учирсан гэмтлээс үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. ...” гэсэн /1хх87/ мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн Э.Ө- нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд нь араас нь очиж, толгойн хэсэгт нь цохиж унагаан өмдний халааснаас нь гар утсыг авч байхад Т.М- нь талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлж авсан” үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдлийг шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн, хэн аль нь уг хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзнэ. Үүнээс гадна Э.Ө-ын талийгаачийг цохих үед газар унах, Т.М-гийн талийгаачийн толгойн хэсэгт цохисон үйлдлийн улмаас талийгаачид үхэлд хүрэх гавал тархины гэмтэл учрах боломжтой тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тусад нь ялган зааглах боломжгүй, талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэж дүгнэн хохирогч Ц.Б-Э-ийн амь нас хохирсон нь хэн гэдэг шүүгдэгчийн ямар үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох, хэн нь ямар үйл хөдлөл, хандлага гаргаж оролцсон хэлбэрийг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох шинжээчийн дүгнэлт болоод мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай байх ба шүүгдэгч нарын хэн нь хохирогчийг цохиж зодсон талаар бие биенийхээ эсрэг өгсөн хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож, тус бүр 16 жилийн хорих ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн хамтран оролцооны талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоогоогүй, харилцан эсрэг үйл баримт мэдүүлж байгаа мэдүүлгийн аль нь үнэн бодитой болохыг тогтоолгүйгээр хамтран оролцоог нотолсон баримт гэж дүгнэсэн, шүүгдэгчийн хэн нь хохирогчийн биеийн аль хэсэгт, хэдэн удаагийн үйлдлээр гэмтэл учруулсан эсэхийг нотлоогүй, шинжээч нарын гаргасан дүгнэлтийнхээ талаар гаргасан тайлбар зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд амь хохирогч Ц.Б-Э-ийн биед учирсан гэмтлийг тогтоосон урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх, учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг дахин /5/ бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М-, Э.Ө-т нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/1107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.М-, Э.Ө-т холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Т.М-, Э.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Ж.Э-ЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН