| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2026/0171/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/193 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0171/Э
*******-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
улсын яллагч Б.Доржханд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *******-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2618000000109 дугаартай хэргийг 2026 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, (РД:*******), 1989 оны 01 сарын 22-ны өдөр Увс аймаг, ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч бармен мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт *******-Уул аймаг, ******* сум, ******* баг, үнээний фермийн тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
- *******-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, 1 удаагийн ял шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас: 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судална гэв.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2026 оны 01 сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд *******-Уул аймаг, ******* сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян захын хашаанд хохирогч ын гадуур хувцсыг өмсүүлж өгөх үедээ түүний халаасанд нь байсан 350,000 төгрөгийг авч бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдож байна.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
2026 оны 01 сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2026 оны 02 сарын 19-ний өдрийн “...Хэрэгт ач холбогдол бүхий Сиди-г Дэлл маркийн компьютерт хийхэд 2 бичлэг гарч ирэх бөгөөд 1 гэх нэртэй бичлэг рүү орж явуулахад 40 секундийн бичлэг байх бөгөөд 2026 оны 01 сарын 17-ны өдрийн 15 цаг 48 минут 53 секундэд ******* сумын 7 дугаар баг Буян зах худалдааны төв рүү 2 цагдаа орж байгаа дүрс бичигдсэн байна. Дараагийн бичлэг нь 2 гэх дугаартай 55 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийг эхлүүлэхэд Буян зах дотор хохирогч нь лангууны дунд суучихсан хүмүүс хүрээлээд зогсож байгаа дүрс харагдах бөгөөд 16 секундэд сэжигтэн ******* хохирогч ын урд очоод зогсож байгаа дүрс бичигдсэн байна. Бичлэгийг цааш гүйлгэхэд сэжигтэн ******* нь хохирогч ын хувцсыг өмсгөж байгаа дүрс харагдах бөгөөд ноосон цамц өмсгөөд ард нь байгаа куртикийг өргөж гаргаж ирээд баруун талын гараараа юм тэмтэрч байгаад өмсүүлэлгүй буцаад тавиад цагдаа ороод ирсэн байхыг хараад баруун халаасандаа гараа хийгээд цагдаатай зөрөөд явж байгаа дүрс бичигдсэн байна” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2026 оны 01 сарын 19-ний өдрийн “...ыг хохирогчоор тогтоосон тухай тогтоол (хавтаст хэргийн 9 дэх тал),
Хохирогч ын өгсөн: “...Би 2026 оны 01 сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд *******-Уул аймгийн ******* сум, 7 дугаар багт байрлах Буян захын хашаанд ажлаа буюу наймаа хийгээд байж байхдаа ухаан алдаж унасан. Тэгээд ухаан алдаж унаад сэргээд түргэн тусламж буюу 7037103-т дуудлага өгсөн. Тэгээд дуудлага өгсний дараа удалгүй эмч ирж миний гадуур хувцсыг тайлж биед үзлэг хийж дууссаны дараа би хувцсаа өмсөх гээд байж байтал зах дээр архи уугаад яваад байдаг ******* гэх эмэгтэй миний хувцсыг өмсгөхөд тусалсан. Тэгээд тэр эмэгтэй туслахдаа миний халаасанд байсан бэлэн 350,000 төгрөгийг авчихсан юм байна лээ. Тэгээд би хулгайд алдсан эд зүйлээ авахаар цагдаад хандаж байна. 2026 оны 01 сарын 17-ны өдөр дансны мэдээлэл бол 5 удаагийн гүйлгээгээр 183,300 төгрөг, карт уншуулсан 527,076 төгрөгийн орлого орсон байсан. Би бодоод тооцоолоод үзсэн 300,000-400,000 төгрөг хавьцаа байсан байх. Өмнөх өдрийн пос машины уншсан 952,875 төгрөгийн орлогын мэдээлэл гар утсанд ирсэн байсан. 2026 оны 01 сарын 16-ны өдөр шилжүүлгээр 679,500 төгрөг орсон бэлнээр бол 450,000 төгрөг орсон байсан. Тэр өдөр 15 цаг 50 минутын үед ухаан алдаад унасан. Тэгэхээр бүтэн зогсож чадаагүй. Дээрээс нь бие сул болохоор 4-5 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэгээд бие тэнхрээд бодсон ойролцоогоор 350,000 төгрөг байсан байх. Энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 16 дахь тал),
Гэрч ын өгсөн: “...Би *******-Уул аймгийн 7 дугаар баг Буян захын дээр худалдаа наймаа хийдэг Баянжаргал гэх эгч дээр туслах хийж байсан. Өглөө 07 цагаас орой 18 цаг хүртэл зах дээр байсан. Тэр өдөр хамтран амьдрагч ******* нь хамт зах дээр байсан. 2026 оны 01 сарын 17-ны өдөр бараа буулгаад би жаахан завгүй байсан. Тэгээд хамтран амьдрагч *******тэй өдөр нь хальт таарсан чинь намайг хоол идэх үү гээд байсан. Би тэгэхээр нь чи яаж мөнгөтэй болсон юм гэсэн чинь таньдаг ах өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би сая юм идсэн завгүй байна гэж хэлээд бид хоёр салсан. Тэгээд туслахууд эгч туслах Бямбатайгаа маргалдсан. Тэгээд унасан гэж яриад байсан. орой 19 цагийн үед буугаад 2 дугаар ёотонгийн подвалдоо очоод 1 шил Хамаг монгол гэх архи хувааж уугаад амарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...Одоогоос 2 хоногийн өмнө нь буюу 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Буян зах дотор гэх хүн 2 удаа татаж унасан. Тэгээд эгч сууж байгаад намайг "эгчийн дүү миний куртик өмсүүлээд өг гэж хэлсэн. тэгээд куртикийг нь халааснаас нь бэлэн мөнгө унах гэж байхад нь би тухайн мөнгийг аваад халаасандаа хийчихсэн. Ингээд эгч гараад явсан. Би тухайн мөнгөөр нь хүүхдэдээ чихэр, памперс авсан. Мөн гэртээ хоол ундны юм авсан. Тухайн мөнгийг эгчээс авсныхаа дараа Шинэ орчны хойд талд гадаа зогсож байгаад тоолсон чинь 320,000 төгрөг орчим болж байх шиг байсан. Би 180,000 орчим төгрөгөөр юм авсан. Гэртээ 80,000 төгрөгөөр юм авсан. 20.000 төгрөгөөр нь найз нөхдөдөө юм авч өгсөн. 20,000 төгрөгөөр нь нөхөртэйгөө хамт идэж уух юм авсан. Мөн 20,000 төгрөгөөр нь өөрөө хоол авч идсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч т 350,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд энэ нь бага бусаас дээш хэмжээний хохирол учирсан буюу хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийн “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5.Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 350,000 төгрөг гаргуулж хохирогч т олгож шийдвэрлэлээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2026 оны 01 сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд *******-Уул аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Буян" захын хашаан дотор хохирогч ын гадуур хувцсыг өмсүүлж өгөх үедээ халаасанд нь байсан 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч т 350,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч нь төлж, барагдуулаагүй учир шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах саналтай байна, Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрөө төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг *******-Уул аймгийн ******* хот тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ...Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирлыг ажлаа хийгээд эхлэхээр төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч шүүхэд хандаж: Хэлэх зүйл байхгүй гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 35-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, *******-Уул аймгийн ******* хот тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3.Бусад асуудлын талаар
Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг *******-Уул аймгийн ******* хот тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 (найм)-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 350,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-Уул аймаг, ******* сум, баг, байрны тоотод оршин суух ын (РД:, )-д олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН