Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2023/01908/И |
Дугаар | 142/ШШ2024/00660 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2024/00660
2024 04 23 142/ШШ2024/00660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ***/-ны хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 114 292 820 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,
Төрийн төлөөлж Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Х.*******, Э.******* нар /цахимаар/,
Гэрч Б.*******, Х.,
Иргэдийн төлөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 121,939,914 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А.******* намайг Авилгатай тэмцэх газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн баривчилж, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаар хэлэлцээд надад холбогдох энэхүү хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд намайг цагаатгасан. А.******* миний бие энэхүү гэмт хэргийг үйлдээгүй, бусдаас хахууль аваагүй гэдгээ анхнаасаа мөрдөгч болон хэрэгт хяналт тавьж байсан прокурорт байнга тогтвортой мэдүүлж байсан ч намайг хууль бусаар 34 хоног цагдан хорьж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлж, миний нэр хүндийг гутааж, цалин орлогоор хохироосонд би маш их гомдолтой байна. Миний ажилладаг ТӨҮГ нь энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд намайг цехийн даргын албан тушаалаас түдгэлзүүлсэн байсан тул миний бие 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй, цалин орлогогүй байлаа. Тиймээс миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хууль бусаар цагдан хоригдсон, хууль бусаар яллагдагчаар татагдсан гэж үзээд төрөөс надад учирсан дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:
1.2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалин 45 050 000 төгрөг / 5 300 000 х 3 сар=15 900 000 төгрөг,5 830 000 х 5 сар = 29 150 000 төгрөг/
2. Удаан жилийн нэмэгдэл цалин 1 760 000 төгрөг / 220 000 х 8 сар = 1 760 000/
3. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл цалин 154 560 төгрөг/ 19 320 х 8 сар 154 560/
4. Ажлын үр дүнгийн урамшуулал 14 400 000 төгрөг / 1 800 000 төгрөг х 8 сар = 14 400 000/
5. Ур чадварын нэмэгдэл 17 100 000 төгрөг /5 700 000 х 3 удаа= 17 100 000 /
6. 2021, 2022 онуудад цар тахлын хүнд үед ЗГ-ын тогтоолыг биелүүлж ажилласан онцгой амжилт гаргасан гэж ажилтнуудад олгосон нэмэгдэл урамшуулал 6 328 260 төгрөг
7. Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэний зардалд өмгөөлөгч Д.*******т 12 000 000 төгрөг, өмгөөлөгч М.ад 17 500 000 төгрөг, нийт 114 292 820 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү. ...хэдийгээр шүүхээс намайг хахууль авсан нь нотлогдож тогтоогдоогүй гэж цагаатгасан боловч олны дунд хахууль авсан гэнэ лээ, хэрэгт холбогдоод яаж мултарсан юм бол гэх зэрэг яриа гарч миний нэр хүнд сэвтсэн байна. Энэ явдалд миний бие маш их гомдолтой байна. АТГ-ын мөрдөгч нар надад хахууль өгсөн гэсэн Э., Б. нараас мэдүүлэг авахдаа тэдэнд нэгнийх нь мэдүүлгийг уншуулж, ингэж ярихгүй бол цагдан хорино гэж айлган сүрдүүлж, худал мэдүүлэг өгөхийг албадаж, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн нь шүүх хурал дээр тодорхой болсон юм. Мөрдөгч нар ийнхүү хууль бусаар нотлох баримт бүрдүүлж улмаар ТӨҮГ-ын бөөрөнцгийн цехийн албан тушаалаас түдгэлзүүлж, удаан хугацаагаар цагдан хорьсон нь хамт олон болон намайг таньдаг олон хүнд миний нэр, төр, алдар хүндийг гутаасан тун таагүй явдал болсон юм. Тийм учраас би миний нэр төр алдар хүндийг сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. ... ТӨҮГ нь надад 2023 оны ажлын үр дүнгийн урамшууллын цалин болох 13 дахь сарын цалинг олгоогүй. Уг нь тухайн жилийн ажлын үр дүнг харгалзан бүх ажилчдад олгодог бөгөөд миний бие 2023 онд 34 хоног цагдан хоригдож, 2023 оны 02 дугаар сарын 16-наас 11 сарын 2 хүртэл албан тушаалаас түдгэлзүүлэгдсэн байсан болохоор энэ жилийн 13 дахь сарын цалин олгогдоогүй. Энэ 13 дахь сарын цалинг дараа оны эхний 2 сард багтаан шийдвэрлэдэг тул би анх нэхэмжлэл гаргах үед энэ асуудал тодорхойгүй байсан. Би 2023 онд бүтэн ажилласан бол уг цалин 8,312,097 төгрөг авах боломжтой байлаа. Иймд надад олгогдоогүй 13 дахь сарын цалин болох 8,312,097 төгрөгийг нөхөн олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ээс ирүүлсэн А.******* надад олгогдвол зохих 2023 оны жилийн үр дүнгийн урамшууллын тооцоо нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан тооцоололтой зөрж байгаа тул дараах байдлаар шаардлага тус бүрийг тодруулж байна. Гэмт хэрэгт шалгагдаж, цагдан хоригдож, шүүхээр цагаатгагдаж эргэж ажилдаа орох хүртэлх хугацааны цалингаа би 45,050,000 төгрөг гэж тооцсон нь буруу байна. Эдийн засагчийн тооцоолсноор би энэ хугацаанд 47 475 180 төгрөгийн цалин авах ёстой байсан юм байна. Аваагүй цалингаа эдийн засагчийн тооцоолсноор нэхэмжилж байна. Удаан жилийн нэмэгдэлийг би 1,760,000 төгрөг гэж тооцоолсон боловч эдийн засагч 1,444,348 гэж тооцсон байх тул энэ шаардлагаа багасгаж 1,444,348 төгрөгийн удаан жилийн нэмэгдлийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл цалингаа би 154,560 төгрөг гэж бодсон чинь эдийн засагч 130 640 гэж боджээ. Би түүний зөв гэж бодоод энэ талаархи шаардлагаа багасгаж 130,640 төгрөгийн хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэлийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Ажлын үр дүнгийн урамшуулал гэж сар бүр 1,800,000 төгрөг авах ёстой гэж 14,400,000 гэж тооцсон нь буруу болжээ. Эдийн засагч тооцохдоо 11,817,391 төгрөг гэж бодсон байна. Энэ тооцооллоор ажлын үр дүнгийн урамшууллыг тооцоход татгалзах зүйлгүй. үйлдэр нь ажилтнууддаа ээлжийн амралт авахад нь ажилтан тус бүрд эмчилгээ сувилгааны зардалд 350,000 төгрөгийг жилд нэг удаа олгодог бөгөөд үүнийг надад 2023 онд олгосонгүй. Үүнийг би нэхэмжлэлдээ орхигдуулжээ. Хэрэв би ингэж хилсээр шалгагдаж цагдан хоригдож ажил албан тушаалаасаа түдгэлзүүлэгдээгүй байсан бол ээлжийн амралтаараа энэ мөнгөөр өөрийн арха гхууч өвчин болох зүрхний хэм алдагдалт, чихрийн шижин өвчнөө эмчлүүлэх байсан юм. Иймд энэ эмчилгээ сувилгааны зардал 350,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгч Д.*******т энэхүү иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авахдаа төлөх ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн 500,000 төгрөгийн баримт энэ хэрэгт хавсаргаж өгчээ. Энэ 500,000 төгрөгийг хасч өмгөөлөгч Д.*******т эрүүгийн хэрэгт ажилласан ажлын хөлсийг 12,000,000 төгрөг гэж тооцох нь зөв юм. Ингээд миний нэхэмжлэлийн нийт дүн 47,475,180+1,444,348+130,640+11,817,391+17,100,000+6,328,260+8,312,095+350,000+12,000,000+ 17,500,000, бүгд 121,939,914 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү...” гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч талаас энэ хүнийг цагдан хоригдсон тухай баримт байхгүй гэж байна. Тэгвэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт болон тогтоох хэсэгт 34 хоног цагдан хоригдсон тухай шүүх дурдсан байна. Эрүүгийн хэргээс цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээний шүүгчийн захирамжуудыг эсвэл мөрдөгчийн тогтоолоор баривчилсан эдгээр баримтуудыг авч нотлох баримтаар өгөх ёстой гээд байх шиг байна. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон, цагаатгах тогтоолд дурдсан тогтоогдсон асуудлыг цагдан хоригдоогүй эсхүл албан тушаалаас нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн хөлстэй холбоотой төрийг төлөөлж байгаа прокурор Д.******* өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөрийг гаргуулъя гээд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн. Тухайн үед хүнд нөхцөл байдал байсан, гэрийн эзэн байхгүй, цалин мөнгө байхгүй байсан учраас ажлын хөлсийг цувуулж төлье гэсэн. А.*******ы эхнэр нь надтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан учраас *******ы эхнэр ажлын хөлс төлсөн учраас гэрчээр оролцуулсан. Дансаар мөнгө авдаг, тэр хүн дансанд мөнгө байхгүй бэлэн байна бэлнээр өгчих үү гэхээр нь болно гэдэг. Монголын өмгөөлөгчдийн холбооноос гаргаж өгсөн орлого, зарлагын баримт, мөнгийг бэлнээр хүлээж авсан тохиолдолд үйлддэг баримт байгаа. Түүгээр тэр хүнээс бэлэн мөнгө авахдаа баримт бичиж өгсөн. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрч байна. Засгийн газрын төлөөлөгч төлөх ёсгүй, үндэслэл байхгүй гээд ерөнхий байдлаар хэлчихлээ. өмгөөлөгчийн мөнгийг гаргах ёстой, аль аль нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт хууль зүйн туслалцаа авсан хөлсийг төлнө гэж заасан байгаа учраас үүнийг үндэслэж төлбөрөө нэхэмжилсэн. Ажлаас нь түдгэлзүүлэх талаар Авилгатай тэмцэх газраас түдгэлзүүлэх тухай бичиг очоогүй байхад “ ” ТӨҮГ-ын захирал А.*******ыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэж байна. Албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг нь цагаатгах тогтоолд дурдсан байгаа учраас “ ” ТӨҮГ-ын захирал хувийн сонирхлоор ажил үүргээс нь түдгэлзүүлээгүй, харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа учраас Авилгатай тэмцэх газрын хянан шалгах хэлтсийн даргын тушаалыг үндэслэж энэ хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа. Тийм таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол “ ” ТӨҮГ энэ хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхгүй шүү дээ. Мэдээж эрхэлсэн ажилтай нь холбоотойгоор шалгагдаж байгаа гэдэг нь т маш тодорхой байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад албан тушаалаас нь түдгэлзүүлэхээс өөр арга байхгүй шүү дээ. ... цехийн хөдөлмөрийн эдийн засагч ******* *******ы 2023 оны цалин, жилийн үр дүнгийн урамшуулал хэдэн төгрөг авах ёстой байсан бэ гэдэг жагсаалт гаргаж өгсөн. Хариуцагч тал тамга тэмдэггүй гэдгийг маш сайн тайлбарлалаа үүнийгээ бүгдийг нь ямар дүрэм журам үндэслэсэн гэдгийг бид хүсэлт тавиад авхуулсан. Цалингийн тодорхойлолтыг ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан дүрэм журам, хамтын гэрээ зэргийг үндэслэж гаргасан болох нь нотлогдож тогтоогдож байна. Хэрэв үүнийг эргэлзээтэй буруу гэж үзэх юм бол та бүхэн санхүүгийн шинжээч томилуулаад дүгнэлт гаргуулах эрхтэй байсан. Энэ тодорхойлолтыг ******* гаргах ёсгүй байсан гэж үзэж байгаа бол тэр тодорхойлолтыг аваад ирүүлэх, эсвэл гэрч оролцуулах боломж та бүхэнд байсан. ... Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Бичгээр гардуулсан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хууль бусаар цагдан хоригдсон, хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас өөрийн хохирлоо нэхэмжилж байгаа талаар дурджээ. Хавтаст хэргийн баримтаас үзвэл “ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/1161 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн албан үүргийг түдгэлзүүлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/040 дугаартай “Ажилтан А.*******ыг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэх тухай” тушаалаар буцаан ажилд нь томилжээ. Өөрөөр хэлбэл албан тушаалын бүрэн эрхийг байгууллагын ерөнхий захирлын тушаалаар албан үүргийг түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн эрхийг нь буцаан сэргээсэн байхад Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлстэй холбоотой тодорхой баримтууд гаргасан боловч тохиролцсон хөлс, түүнийг төлсөн эсэх нь хангалттай нотлосон гэж үзэхээргүй эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлнэ гээд заагаад өгсөн байдаг. Өнөөдрийн хавтаст хэрэгт байгаа бүхий л нотлох баримт эргэлзээтэй байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байна. ийн гүйцэтгэх захирлын тушаал буруутай гарсан нөхцөл байдлыг шүүхээс гаргасан захирамжтай холбоотой байсан гэдэг нотлох баримтаа яагаад гаргаж өгөөгүй юм бэ. “ ” ТӨҮГ-ын гаргаж байгаа тушаал нь хүний хувь заяаны асуудалтай холбоотой, тушаал нь буруу гараад тушаалдаа энэ бүгдийг дурдаагүйгээс болоод нэхэмжлэгчид учирсан хохирлын яагаад төр буюу Монгол улсын Засгийн газар, түүний нөөц сан хохирол барагдуулах ёстой юм бэ. Үүнтэй холбоотойгоор ээс нэхэмжлэх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас харахад шүүхийн цагаатгах тогтоолд байгаа болохоос биш хэзээ, хэн санал гаргасан, прокурор гаргасан юм уу, шүүх гаргасан юм уу гэдэг байдлаар нарийн тодруулах зүйл байгаа учраас бүх талаас нь үнэн зөв нотлох үүрэг хэрэгжихгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Цаад талаараа ийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон тушаалд цагаатгах тогтоолыг дурдаж байгаа болохоос биш, ажлаас түдгэлзүүлж байгаа тушаалд ямар нэгэн байдлаар шүүх прокурорын оролцоотой энэ асуудал шийдэгдсэн гэдэг зүйл байхгүй, хавтаст хэрэгт ийм баримт байхгүй. Тийм учраас үүнийг бүх талаас нь эргэлзээгүйгээр шүүх шийдвэрээ гаргахдаа үнэлж дүгнэх байх гэж хүсэж байна. Санхүүгийн тооцоололтой холбоотой баримт бичгүүд зөндөө байна. Үүнтэй холбоотой гэрч өөрөө ямар ч баталгаагүй зүйлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг санхүүгийн хэлтсээр хянуулаад нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт гаргаж өгөх боломж нэхэмжлэгч талд нээлттэй байсан. Өнөөдөр гаргаж байгаа баримтуудад байгаа мөнгөн дүнгүүдийг юугаар баталж байгаа гэдэг нь тодорхойгүй, гарын үсэггүй, энэ хүн нь өөрөө ТӨҮГ-ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг нь тодорхойгүй. Энэ хүнд ийм ийм мөнгө олгох ёстой байсан гэсэн тооцоолол нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ шүүх хурал эхлэхэд шүүхэд гаргах санал хүсэлт нотлох баримт байхгүй гэсэн. Нэхэмжлэгч тал хэрэгт өмгөөллийн зардал ч бай бусад баримтаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгөөд үүнийг шүүх үнэлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
6. Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгчид төлбөр төлсөн зүйл байна. Үүнийг үндэслээд өмгөөлөгчид харилцах дансаар буюу гэдэг хүнээс 11.700.000 төгрөг шилжүүлсэн байна. Шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч гүйлгээний утгыг харах юм бол өмгөөлөгчийн төлбөр, *******ы өмгөөллийн хөлс гэсэн тодорхой гүйлгээний утга нэг ширхэг ч байхгүй. Өмгөөлөгчөөс өмгөөллийн хөлсийг ямар хэрэгт холбогдуулж төлөөд байгаа. Зөвхөн *******д холбогдох эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хэрэгт төлсөн төлбөр гэдгийг нотлох хангалттай баримт нь дансны хуулга биш. Гэрээтэйгээ уялдаж байж нотлох баримтын шаардлага хангах ёстой байсан байх. Нөгөөтэйгүүр энэ төлбөрийг ******* гэх хүн бус гэдэг хүн төлөөд байхад ******* үүнийг нэхэмжлэх эрхтэй субъект мөн үү гэдэг асуудал байна. Нэхэмжлэгч талаас өмгөөллийн төлбөрийг төлөх ёстой гэж хэлж байгаа боловч төлсөн баримтыг харахаар 5.000.000 төгрөг төлсөн байна л гэж харагдаж байна. 12.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан боловч 5.000.000 төгрөгийн баримт байхад 12.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа. ... цалин урамшуулал, жилд нэг удаа олгогддог 13 дахь удаагийн цалин, 350.000 төгрөгийн эмчилгээ сувилгааны зардал гэх мэт цалин хөлс, урамшуулалтай холбоотой “ ” ТӨҮГ-аас олгогдох мөнгөн дүнгүүд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой олгогдоогүй учраас төрөөс гаргуулахаар нэхэмжилж байгааг ойлгож байгаа. 3 дугаарт Тас.мн сайт нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан, үүнтэй холбоотойгоор нэр төрөө сэргээлгэх гэж байна. Энэ асуудлаа Тас.мн сайтад холбогдуулж гаргах ёстой, Тас.мн өөрөө залруулга хийхээс биш шүүх даалгах, нөгөөтэйгүүр Тас.мн сайтын 500.000.000 төгрөгийг *******ы гэрт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хийсэн нэгжлэгээр хураан авлаа гэсэн мэдээлэл тавигдсан нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэгжлэгээр 500.000.000 төгрөг илрээгүй болох нь нэгжлэгээр тогтоогдож байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14-т заасан Тас.мн сайт худал мэдээлэл тарааж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байгаа юм биш үү. Таны гэрээс 500.000.000 төгрөг олдлоо гэх мэдээлэл тараасан үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах ёстой юм биш үү. Нөгөө талаар хариуцагч чинь Тас.мн сайт юм биш үү. Ийм ойлгомжгүй, үндэслэлгүй зүйлийн талаар шаардлага гаргаж байгаа учраас үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Санхүүгийн баримтуудтай холбоотой гэрч маш тодорхой мэдүүлсэн. Би бол гадагшаа чиглэсэн тодорхойлолт гаргаж өгч үзээгүй, тухайн байгууллага хүлээн зөвшөөрөх юм бол гаргаж өгнө гэж хэлж байна. Тэгэхээр ******* гэж хүний гаргаж байгаа тодорхойлолт нь 1 дүгээрт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 13 дахь сарын цалин, урамшууллыг бодохдоо хамгийн доод хэмжээгээр бодлоо гэж байна. Олгохгүй байж болох уу гэхэд олгохгүй байх боломжтой гэж байна. Тэгвэл ******* гэж хүн ажиллаж байсан бол үндсэн цалингаа авах боломжтой байсан байна, тэгвэл урамшуулал үр дүнгийн урамшууллыг ажиллаж байсан бол авах боломж нь ямар байсныг энд санхүүгийн мэргэжилтэн орж ирээд тодорхойлоод байгаа нь үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал нэг талаас яригдаж байна. гэж хүн хуулийн хэлтсийн албан бичиг боловсруулаад хуулийн хэлтсээр дамжуулаад ээс гарч байгаа албан бичгүүдийг хүргүүлэх талаар тодорхой дурдагдсан байгаа. Тийм учраас дээрх нэхэмжлэлд бүрдүүлсэн материалууд, анхан шатны тооцооллыг тодорхойлоод байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
7. Иргэдийн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...Авлигатай тэмцэх газар хахууль авсан гэмт хэрэгтнийг хуулийн дагуу зөв шударга шүүж хариуцлагыг тооцох хэрэгтэй. Хүний эрхийг хүндэлж хуульд заасны дагуу хэргийг шударга зөв зүйтэй шийдэж өгнө үү. Хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, нэр хүнд гэх мэт бүх хохирлыг тууштай барагдуулах нь зүйтэй юм...” гэжээ.
8. Хүсэлт гаргагчаас: өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 5/, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай цагаатгах тогтоол /хх-ийн 6-14/, “ ” ТӨҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1379 дугаартай “Ажил үүргийг түр гүйцэтгүүлэх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 15/, “ ” ТӨҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1161 дугаартай “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 16/, “ ” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/825 дугаартай “Ажилтан А.*******ыг өөр ажилд томилон ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17/, “ ” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/5040 дугаартай “Ажилтан А.*******ыг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хх-ийн 19/, ГБЦ-ийн дарга А.*******ы цалингийн жагсаалт /хх-ийн 20/, ГБЦ-ийн дарга А.*******ы 2023 онд бодогдох цалингийн жагсаалт /хх-ийн 21/, “ ” ТӨҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/338 дугаартай “Ажилтнуудад нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 22-23/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 22-23/, Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбар /хх-ийн 28-26/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-37/, “ ” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/5040 дугаартай “Ажилтан А.*******ы ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 38/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, дансны хуулга /хх-ийн 47-49/, бөөрөнцгийн цехийн дарга А.*******д олгогдох 2023 оны жилийн үр дүнгийн урамшууллын жагсаалт /хх-ийн 161/, “ ”-ийн бөөрөнцгийн цехийн даргыг шалгах явцдаа 500 сая орчим төгрөг хураан авчээ гэх мэдээллийн хуулбар /хх-ийн 162-171/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 172/, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны хуулбар /хх-ийн 173/, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 174-178/, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 173/, 232500423 дугаартай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 203/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 204/, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 205-206/, ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 117/276 дугаартай албан бичиг /хх-ийн 207/, “ ” ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний жишиг загваруудыг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 152-153/, ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх-ийн 154-167/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 82/, Д.ын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 83/, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 84/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
9. Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.*******ас ” ” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 117/418 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 41/, ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/485 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 64/, ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх-ийн 65-74/, “ ” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/186 дугаартай дүрэм батлах тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 75/, ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хуулбар /2-р хх-ийн 76-79/, ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39/68 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /2-р хх-ийн 80/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
10. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр: ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1161 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1379 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/338 дугаар тушаалын хуулбар, А.*******ы 2022,2023 оны цалингийн жагсаалт, бүтцийн нэгжийн хөдөлмөрийн эдийн засагчийн гаргасан А.*******ы 2023 онд олгогдох байсан цалингийн жагсаалт, үр дүнгийн урамшууллын тооцоолол /хх-ийн 191-198/, “ ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарыг 06-ны өдрийн А/61 дугаартай цалин хөлсний журмуудын шинэчилсэн найруулгыг батлах тухай тушаал болон тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ ” ТӨҮГ-ын цалин хөлс, олговрын тухай журам, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “ ” ТӨҮГ-ын ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журам, гуравдугаар хавсралтаар батлагдсан Ур чадварын нэмэгдлийн тухай журам, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаартай “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаал, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/338 дугаартай “Ажилтнуудад нэмэгдэл оргох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 236-250, 2-р хх-ийн 1-24/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27/, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.*******д холбогдох эрүүгийн хэргээс Орхон аймгийн Прокурорын газрын орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 40-57/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
11. Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батбямбын хүсэлтээр: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн А.*******д холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай эрүүгийн хэргээс гэрч Э.гийн мэдүүлэг, гэрч Б.ын мэдүүлэг, гэрч Д.ын мэдүүлэг, гэрч Д.гийн мэдүүлэг, үнэлгээний хорооны нарийн бичиг Д.гаас гарган өгсөн баримт, гэрч Х.ын мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Тамирын гурван чулуу хотхоны 17Б байрны 49 тоотод оршин суух Э.гийн гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан хөх өнгийн Голомт банк 25 гэх хаягтай, улаан хүрэн өнгийн /нэр хаяггүй/ дэвтрүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ТӨҮГ-ын бөөрөнцгийн цехийн дарга А.*******ы ажлын байрны тодорхойлолт, ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х. болон ХХК-ийн захирал Б. нарын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1,070,606,500 төгрөгийн төсөвт өртөг бүхий дугаартай " цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ, бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраалтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай Акт, А.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 59-147/ийг нотлох баримтаар бүрдүүлсэн
Зохигч, хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нь үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 114 292 820 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хүсэлт гаргагч А.******* нь хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Авилгатай тэмцэх газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн намайг баривчилж, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаар хэргийг хэлэлцээд хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд намайг цагаатгасан. А.******* миний бие энэхүү гэмт хэргийг үйлдээгүй, бусдаас хахууль аваагүй гэдгээ анхнаасаа мөрдөгч болон хэрэгт хяналт тавьж байсан прокурорт байнга тогтвортой мэдүүлж байсан ч намайг хууль бусаар 34 хоног цагдан хорьж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлж, миний нэр хүндийг гутааж, цалин орлогоор хохироосонд их гомдолтой байна. Миний ажилладаг ТӨҮГ нь энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд намайг цехийн даргын албан тушаалаас түдгэлзүүлсэн байсан тул миний бие 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй, цалин орлогогүй байсан тул энэ хугацааны авах ёстой байсан үндсэн цалин болон нэмэгдэл, урамшуулал, 13 дахь сарын цалин, эмчилгээ, сувилгааны зардалд нийт 92,957,913.16 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгчтэй 17,500,000 төгрөг, Д.Оюучимэг өмгөөлөгчтэй 12,000,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн үйлчилгээ авсны хөлсөнд нийт 29,500,000 төгрөгийг өмгөөлөгч нарт төлсөн тул уг мөнгийг нэхэмжилж, нийт төрөөс 121,939,914 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсоны улмаас хамт олон болон намайг таньдаг олон хүнд миний нэр, төр, алдар хүндийг гутаасан. Мөн Тас.мн гэх сайтад “ ийн бөөрөнцгийн цехийн даргыг шалгах явцдаа 500 сая орчим төгрөг хураан авчээ” гэсэн буруу ташаа мэдээлэл тавигдаж миний нэр хүнд унасан тул нэр төр, алдар хүндийг сэргээлгэх шаардлага гаргаж байна...” гэсэн.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар “...хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, ...“ ” ТӨҮГ-ын захирлын тушаалаар нэхэмжлэгчийн албан үүргийг түдгэлзүүлж, буцаан ерөнхий захирлын тушаалаар ажилд нь томилсон байна, ... Өөрөөр хэлбэл албан тушаалын бүрэн эрхийг байгууллагын ерөнхий захирлын тушаалаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн эрхийг нь буцаан сэргээсэн байхад Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлстэй холбоотой тодорхой баримтууд гаргасан боловч тохиролцсон хөлс, түүнийг төлсөн эсэх нь хангалттай нотлосон гэж үзэхээргүй эргэлзээ төрүүлж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан.
4. Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор “...өмгөөлөгч нартай гэрээ байгуулсан байна, хөлс төлсөн баримтыг харахаар 5.000.000 төгрөгийн баримт байхад 12.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа. ... цалин урамшуулал, жилд нэг удаа олгогддог 13 дахь удаагийн цалин, 350.000 төгрөгийн эмчилгээ сувилгааны зардал гэх мэт цалин хөлс, урамшуулалтай холбоотой ******* гэж хүний гаргаж байгаа тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 13 дахь сарын цалин, урамшууллыг бодохдоо хамгийн доод хэмжээгээр бодлоо гэж байна. Олгохгүй байж болох уу гэхэд олгохгүй байх боломжтой гэж байна. Тэгвэл ******* гэж хүн ажиллаж байсан бол үндсэн цалингаа авах боломжтой байсан байна, тэгвэл урамшуулал үр дүнгийн урамшууллыг ажиллаж байсан бол авах боломж нь ямар байсныг энд санхүүгийн мэргэжилтэн орж ирээд тодорхойлоод байгаа нь үндэслэлтэй эсэх. Тас.мн сайт нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан, үүнтэй холбоотойгоор нэр төрөө сэргээлгэх гэж байна. Энэ асуудлаа Тас.мн сайтад холбогдуулж гаргах ёстой. ...Тийм учраас дээрх нэхэмжлэлд бүрдүүлсэн материалууд, анхан шатны тооцооллыг тодорхойлоод байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар гаргасан.
5. Хүсэлт гаргагчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдаж байна.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Орхон аймгийн Прокурорын газраас хүсэлт гаргагч А.*******ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү хэргийг шилжүүлж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос А.*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
6.2. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд А.*******д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “ ” ТӨҮГ-ын цехийн даргын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.******* нийт 34 хоног цагдан хоригдсоныг дурдаж шийдвэрлэсэн байна.
6.3. ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1161 дугаартай тушаалаар А.*******ы цехийн даргын ажил, албан тушаал эрхлэхийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс түдгэлзүүлж, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/5040 дугаартай тушаалаар ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгож А.*******ыг бөөрөнцгийн цехийн даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор “...нэхэмжлэгч хэдэн хоног цагдан хоригдсон нь нотлогдохгүй, ...шүүх, прокурорын шийдвэрээр түүний ажил албан тушаалыг түдгэлзүүлээгүй, ...энэ талаарх баримтыг нэхэмжлэгч бүрдүүлж өгөөгүй...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар А.*******ы хэдэн хоног цагдан хоригдсон, түүний ажил албан тушаалыг хэний шийдвэрээр түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудлыг дахин нотлох шаардлагаүй байна.
8. Тухайн хэрэг маргааныг шалгаж, шүүхээр хэлэлцүүлж байх явцад А.*******д цагдан хорих, албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсны улмаас тэрээр 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны хүртэл ажилгүй, орлогогүй, цалин хөлс аваагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас 2 өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлс төлснөөр түүнд эд хөрөнгийн хохирол учирсан байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.”, 45.2 дугаар зүйлд “Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл”, 45.2 дугаар зүйлийн 1-д “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана”, 45.2 дугаар зүйлийн 2.2-т “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэж тус тус заасан байна.
10. Иймд хүсэлт гаргагч А.******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлйн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж зааснаар эд хөрөнгийн хохирлыг төрөөс шаардах эрхтэй байна.
11. Хэрэгт “ ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дугаартай “Цалин хөлсний журмуудын шинэчилсэн найруулгыг батлах тухай” тушаал болон энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ТӨҮГ-ын Цалин хөлс, олговрын тухай журам, хоёрдугаар хавсралтаар батлагдсан ТӨҮГ-ын ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журам, гуравдугаар хавсралтаар батлагдсан Ур чадварын нэмэгдлийн тухай журам, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаартай “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаал, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/338 дугаартай Ажилтнуудад нэмэгдэл огох тушаалууд нотлох баримтаар авагдсан.
12. “ ” ТӨҮГ-ын цехийн Хөдөлмөрийн эдийн засагч Б.*******ээс шүүх хуралдаанд хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд түүний дээрх тушаал, журмуудад үндэслэж гаргасан А.*******ы 2023 оны 3 сараас 2023 оны 11 сарын хугацааны буюу албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн хугацаанд түүнд олгогдох ёстой байсан цалин, нэмэгдэл, урамшуулал, эмчилгээ сувилгааны олговорыг тооцож гаргасан баримт /хх-198/-нд үндэслэн 92,957,913.16 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
13. Мөн А.******* болон түүний эхнэр /гэрч/ Д. нь өмгөөлөгч М.тай 17,500,000 төгрөгийн, өмгөөлөгч Д.*******тэй 12,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд М. өмгөөлөгчид хүсэлт гаргагчийн эхнэр Д. дансаар 11,900,000 төгрөг төлсөн, өмгөөлөгч Д.*******т бэлнээр 5,000,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн тасалбараар тогтоогдож байх тул өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 16,900,000 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлтэй байна
14. Харин хүсэлт гаргагчийн “...хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсоны улмаас хамт олон болон намайг таньдаг олон хүнд миний нэр, төр, алдар хүндийг гутаасан. Мөн Тас.мн гэх сайтад “ ийн бөөрөнцгийн цехийн даргыг шалгах явцдаа 500 сая орчим төгрөг хураан авчээ” гэсэн буруу ташаа мэдээлэл тавигдаж миний нэр хүнд унасан...” гэх үндэслэлээр гаргасан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай хүсэлтийн шаардлагын тухайд А.*******ыг шүүхийн цагаатгах тогтоолоор гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоож цагаатгасан, мөн Тас.мн гэх сайтын мэдээллийн улмаас учирсан хохирлыг төрөөс шаардах эрхгүй юм.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр хүсэлт гаргагч А.*******д үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 109,857,913 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 12,082,001 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Т.ийн “...хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, нэр хүнд гэх мэт бүх хохирлыг тууштай барагдуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн болно.
17. Тухайн хүсэлт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 109,857,913 /нэг зуун есөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч ******* овогт ******* *******д олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 12,082,001 /арван хоёр сая, наян хоёр мянга нэг/ төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.ХИШИГДАВАА