Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/00661

 

2024 04 23 142/ШШ2024/00661

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** байранд оршин суух, ******* овогт ******* ******* /РД:****, ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***, ****/-д холбогдох

 

13,000,000 төгрөгийн үнэ бүхий Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк зэргийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.******* би Б.*******тай 2021 оны 8 дугаар сард ******* аймагт ажиллаж байхдаа УБ хотод танилцсан юм.Тэгээд би 12 сард нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Судан улс руу 1 жилийн хугацаатай явсан.Тэгээд 2022 оны 12 дугаар сард Монголд ирээд нэг хэсэг холбоотой байж байгаад хоёул ярилцаад хамт амьдрахаар тохироод би ******* аймгаас өнгөрсөн оны 10 дугаар сард Эрдэнэтэд шилжиж ирээд Б.*******гийн гэрт ирэн очин хэсэгхэн хугацаанд ойр дотно байж байгаад энэ оны 1 дүгээр сард хоёр тийшээ болсон.Хоёр тийшээ болсон шалтгаан нь Б.******* нь өөр хүнтэй сэтгэлийн холбоотой уулзаж учирдаг болох нь илэрч тэр залуу нь надтай уулзаж бид сэтгэлийн холбоотой хүмүүс,чи хол бай гэсэн.мөн Б.******* ч гэсэн намайг зай тавьж өг гэсэн .Тэгээд би нэгэнт өөр хүнтэй явалддаг эмэгтэйтэй амьдарна гэж юу байх вэ гээд холдсон. Нэгэнт тэр хүн надтай амьдрахыг хүсэхгүй болсон тул би түүнээс өөрийн өмч болох Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 3,000,000 төгрөгийн зээл авч худалдаж авсан нөүтбүк зэргийг гаргуулан авахыг хүсэж байна. Би ******* аймгийн 338 дугаар ангид жолоочоор алба хааж байхдаа 2023 оны 5 сард жолооны эрхээ хасуулсан тул өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлэх боломжгүй болоод Б.*******гийн нэр дээр бүртгүүлж түүний хүүхдийг сургуульд нь хүргэх, би ажилдаа унах зэргээр хэрэглэж байгаад тэдний гэрээс явахдаа машинаа аваад явах гэтэл тэрээр өгөхгүй,чаддаг юм бол шүүхдээд аваарай гээд өгөөгүй.Мөн гэрээс нь гарахдаа нөүтбүкээ авах гэтэл цагдаа дуудна гээд гэрээсээ хөөж гаргасан.Тэгээд түүнээс хойш машин болон нөүтбүкээ авахаар хэд хэдэн удаа гэрт нь очсон боловч тухай бүр цагдаа дуудаад байсан тал би одоо арга буюу шүүхэд хандаж байна.Тэхдээ цагдаагаас надад ямар нэг арга хэмжээ аваагүй.шүүхээр наад асуудлаа шийдвэрлүүл гэж зөвлөсөн юм. Иймд Б.*******гаас миний 13,000,000 төгрөгөөр худалдаж авсан Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөгийн үнэтэй нөүтбүк зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөүтбүүкийг шүүхээс нэхэмжлэл гардаж аваад бөөн хэрүүл болж өгсөн байсан. Харин машиныг 7 хоногийн өмнө өгсөн учраас тооцоо дууссан байна. Үүнтэй холбоотой хөрөнгөнд битүүмжлэл хийгдсэн байгаа учраас тэрийг чөлөөлүүлээд, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2021 оны 08 сард танилцаж байсан. 2022 оны сүүлээр надтай холбоо харилцаатай байсан. 2023 оны 10 дугаар сард Г.******* нь манайд хэсэг хугацаанд байсан. 2024 оны 01 дүгээр сараас тусдаа байх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Учир нь Г.******* нь архи уусан үедээ элдэв ааш, авир гаргаж, гадуур хонодог байсан тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Приус-20 маркын машиныг бид авсан бөгөөд уг машиныг авахад би 6,200,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн байсан. Г.******* нь машин нэхэж байгаагүй. Машиныг 13,000,000 төгрөгөөр авч байсан. Нөүтбүүкийг зээлээр авсан бөгөөд төлөлтийг бэлнээр болон дансаар төлж байсан. Надад бэлэг гэж авч өгсөн гэж ойлгосон тул өгөхгүй гэж хэлсэн юм. Нөүтбүүкний зээлэнд төлсөн 900,000 төгрөгийг надад өгвөл буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Г.******* нь энхийг сахиулах ажиллагаанд явна гээд надаас 2,000,000 төгрөг надаас авч байсан ба нийт 8,200,000 төгрөгийг надаас авсан. Үлдэгдэл 4,800,000 төгрөгийг Г.******* гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Иймд би машин өгөх боломжгүй гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******гаас 13,000,000 төгрөгийн үнэ бүхий Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк зэргийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* төлөхийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2024/01902 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.*******д приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, нөүтбүүк зэрэг эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаанд тавих, захиран зарцуулахгүй байхыг даалгах арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул дээрх захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 238,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*******гийн 13,000,000 төгрөгийн үнэ бүхий Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк зэргийг тус тус гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 238,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2024/01902 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ