| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2009012060795 |
| Дугаар | 2022/ДШМ/131 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/131
2022 2 8 2022/ДШМ/131
Д.Гт, Р.Нб нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Төгөлдөр,
шүүгдэгч Д.Гт,
шүүгдэгч Р.Нбын өмгөөлөгч С.Буджав,
нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Гт, Р.Нб нарт холбогдох эрүүгийн 2009 01206 0795 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овогт Дгийн Гт, ......... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...................... дүүргийн .... дүгээр хороо, ....... тоотод оршин суух, /РД:...................../,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 457 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар нийт 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн;
2. Б овогт Ргийн Нб, ............ оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт .................. дүүргийн ... дүгээр хороо, ......... тоотод оршин суух, /РД: ......................../,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 512 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 278 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 374 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан.
Шүүгдэгч Д.Гт, Р.Нб нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-89 тоот хохирогч Н.Үийн өвлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар суурин хөрөө рам, компрессор, “Кен” загварын цахилгаанаар ажилладаг дрилл 3 ширхэг, “Кен” загварын батарейгаар ажилладаг дрилл 2 ширхэг, градустай хөрөө, таслагч, ир ирлэгч, халаагуур 2 ширхэг зэргийг хулгайлж, 5.956.024 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Гт, Р.Нб нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дгийн Гт, Б овогт Ргийн Нб нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Нбыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гт нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт, Р.Нб нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Р.Нбод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нбод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Нбод анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нбоос 2.956.024 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үт даруй олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирол барагдуулах төрийн сангийн дансанд шүүгдэгч Р.Нбын тушаасан 130.000 төгрөгийг даруй гаргуулж, хохирогч Н.Үт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гт нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нбын цагдан хоригдсон 88 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж нийт эдлэх 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Д.Гын баривчлагдсан 2 хоногийг 1 жилийн хорих ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Нбод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гтд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Төгөлдөр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх дараах байдлаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг гэж бичсэнийг 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсэгт “Залруулга” хийж ирүүлсэн байгаа боловч шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтуудаас хэрэглээгүй байгаа нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Р.Нбын өмгөөлөгч С.Буджав бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг: а/ Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, б/ Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох, в/ шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, г/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, д/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” хэмээн хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, нэг сараас таван жил хүртэл хугацаагаар дээрх таван төрлийн үүргээс хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж хууль тогтоогч тодорхойлсон байх ба шүүгдэгчийн оршин суух, хөдөлмөрлөх эрх, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх дээрх үүргүүдээс сонгож хэрэглэх эрхтэй ба шүүгдэгч Р.Нбод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Нбод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус нийцэж байгаа тул прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хэрэв давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Нбод оногдуулсан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэмжээн дээр “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг” нэмж өөрчлөлт оруулбал ялыг хүндрүүлсэн хууль зүйн үр дагавар үүсгэнэ гэж үзэж байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Гт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшсэн. Хохирол төлбөрөө төлөөд, хохирогч нараасаа уучлал гуйсан. Шүүхээс оногдуулсан ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Гт, Р.Нб нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-89 тоот хохирогч Н.Үийн өвлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар суурин хөрөө рам, компрессор, кен загварын цахилгаанаар ажилладаг дрилл 3 ширхэг, кен загварын батарейгаар ажилладаг дрилл 2 ширхэг, градустай хөрөө, таслагч, ир ирлэгч, халаагуур 2 ширхэг зэргийг хулгайлж, 5.956.024 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Үийн “...Би 2016 оноос эхлэн хувиараа тавилга хийж байгаад 2019 оны 11 дүгээр сард хөрөө арам, 380 вольтын 200 литрийн компрессор, тавилгын хуулга наадаг машин, ир ирлэгч, цахилгаан дрил 3 ширхэг, баттериа дрил 2 ширхэг, градустай дардаг хөрөө, таслагч, цахилгаан халаагуур том, жижиг хөрөө арамын ир 2 ширхэгийг авч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-86 тоотын объектыг түрээслэн гэрийн тавилгын үйлдвэрийн үйл ажиллагаа хийж эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр би ажпын байран дээрээ ирэхэд хулгай орсон байдалтай байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 46-47/,
гэрч Р.Мгийн “...гэрт байхад Уукын хамт Нб тэр хоёр такситай ирээд Дэнжийн 1000-н гэрлэн дохиотой уулзвараас ертөнцийн зүгээр баруун талдаа тоосгон худагтай гудамжаар ороод нэг гэртэй айлд ороод том саарал төхөөрөмж боон компрессор байсан. Уук төхөөрөмжийн зургийг дараад миний хуучин устгасан фэйсбүүк рүү зургийг нь явуулсан. Би эдгээр төхөөрөмжийг хэнийх болох талаар Уукаас асуухад манай эгчийнх гээд хашаан доторх хүүхэдтэй эмэгтэйг хэлсэн. ...Тэгээд компрессорыг нь зарах гээд төрсөн ах Алтангэрэлээс 500.000 төгрөгөөр авах уу гэтэл авахгүй гэсэн. Би барилгын материалын дэлгүүр дээр суудаг байсан учир 2, 3 хүнээс компрессор авах уу гэж асуухад бүгд үгүй гэсэн. Намайг Уук компрессорыг авч яваад 100 айл дээр зарчих гээд амьжиргаа цагаанд Нб, Уук хоёр тавьж өгсөн. Би 100 айл дээр очоод дэлгүүрүүдээс асуухад 300.000 төгрөгөөр авна гэж байна гэтэл Уук зөвшөөрөөгүй тул тэр хашаанд нь буцаагаад аваачиж өгсөн...” /хх 60-61/,
шүүгдэгч Р.Нбын “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн замын урд байрлах хашааг манай ажлын ах болох Мөөгий манай хашааг цэвэрлээд грашийг ашиглаад хэсэг байвал бай гэсэн. Би Жавхаагийн хамт нэг өдөр хашаа цэвэрлэж байгаад грашид нь байх тавилгын тоног төхөөрөмж, градустай хөрөө, компрессор байж байхыг харсан. Жавхаа бид хоёр архи ууж байгаад Уук буюу Д.Гтд тавилгын төхөөрөмж хашаанд байгаа талаар хэлсэн. Тэгээд Уук над руу өдөр шөнөгүй залгаад тавилгын төхөөрөмжийг авчихъя гээд байнга залгаад байсан. Би Ууктай хулгай хийдэг өдөр Жавхаа руу залгаад хашаанд дуудаад гудамжны үзүүрт нэг юм уугаад харанхуй болохоор нь тавилгын үйлдвэрийн вакум цонхийг автиракаар Уук онгойлгоод дотор нь бид 3 ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод Жавхаа, Уук том суурь хөрөөг жижиг жижиг болгон задалсан. Компрессорыг нь хаалгаар гаргаад дрилл, уран хөрөө градустай хөрөөг грашд оруулсан. Тэгээд Жавхаа байшингаас граш руу зөөж гаргачихаад тамхи татчихаад ирье гэж гараад алга болсон ба тэр үед Гт утсаар машин дуудсан. Тэгээд Гын дуудсан хүн портер машинтай ирээд Гт болон тэр жолооч бид 3 зөөсөн. Тэгээд тухайн эд зүйлээ портер урд ирсэн залуугийн хашаанд буулгаад Гт бид 2 харьсан ба маргааш нь Гт над руу яриад компрессор заръя гээд тэгээд Гт бид 2 нэг амьжиргаа цагаан хөлслөөд Нарантуул зах дээр 300.000 төгрөгөөр үл таних хүнд зараад Гт бид 2 зарсан мөнгөө 150.000 төгрөг болгон хувааж авсан. Тэгээд бид 2 Баянбүрдээс 2 тийш салсан. Тэгээд 5-7 хоногийн дараа байх Гт яриад хөрөө арам зарчихлаа. 2.900.000 төгрөг гэсэн. Би хороололд уулзаад 1.400.000 төгрөг авсан. Үүнээс хойш Ууктай уулзаагүй байж байгаад Баянзүрхийн товчоон дээр таараад цагдаа дээр очсон бид хоёрыг хайж байгаа гэж хэлсэн. ...Би Жавхааг байшингаас төхөөрөмж гаргаад өг гэж гуйсан. Жавхаа манай найзынхаас гаргаж байна гэж бодсон байх. Тэгээд Жавхаа согтуу байсан болохоор нэг мэдсэн яваад өгсөн...” /хх 51-52/,
шүүгдэгч Д.Ггын “...Өлзийтунгалаг нь манай найз Батбаярын үйлдвэрт ажилладаг залуу. Би хулгай хийдэг өдрөө ах нь айлаас юм зөөгөөд нэг газар буулгаадахъя гээд дуудсан. Төд удалгүй Өлзий портер машинтай 23 цагийн үед ирээд машин дээр нь би хулгайлсан эд зүйлээ Нбын хамт зөөж тавиад хашаанд буулгасан. Өлзий надаас юун тоног төхөөрөмж юм бэ гээд асуухад би манай найзын ажлын газрын тоног төхөөрөмж. Манай найз Нб өрөндөө авч байгаа юм гэж би хэлсэн. Хэд хоногийн дараа Өлзий над руу залгаад цагдаа дээр хүрээд ир гээд байна яах вэ гэхээр нь би бэлэн мөнгөөр нэг ах гуйгаад эд зүйл зөөлгөөд өгсөн гээд хэлчих гэсэн. Бусдаар Өлзий юу ч мэдэхгүй. ...Би урьд мэдүүлэгтээ Нбын эхнэр Мөнхнасанг хулгайн эд зүйл зарахад оролцсон гэж мэдүүлсэн зүйл байгаа. Эдгээр нь худлаа бөгөөд би хийсэн хэргээ удаашруулахын тулд худал мэдүүлэг өгсөн...” /хх 55-56/ гэх мэдүүлгүүд,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ТХҮ-321/1590 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 167-174/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Гт, Р.Нб нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Нбод 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гтд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Р.Нбод оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Нбод оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн хязгаарыг тогтоолгүй, шийтгэлийг биелүүлэхэд ойлгомжгүй, эргэлзээ бүхий байх тул прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Нбын тушаасан 130.000 төгрөгийг даруй гаргуулж хохирогч Н.Үт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолд шүүгдэгч Р.Нбоос 2.956.024 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Гт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Р.Нбод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Р.Нбод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.” гэж,
7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нбоос 2.956.024 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үт даруй олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нбоос 2.826.024 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үт даруй олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ