Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2023/0022/З |
Дугаар | 112/ШШ2023/0043 |
Огноо | 2023-09-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 112/ШШ2023/0043
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Э-ээс Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 дугаар Д.Э-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Д.Эийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/74 дүгээр “Тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилох тухай” тушаалын хамт шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Э нь тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 дугаар Д.Э-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 413 дугаар албан бичиг мөн Сургалтын бодлогын хэрэгжилт, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, боловсролын баримт олгох асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр Д.Э-ийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилсон 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/74 дүгээр тушаалын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Э-ээс Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А-т холбогдуулан гаргасан тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 дугаар Д.Э-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ