Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00126

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга О.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Н.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранчимэгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 1715000040005 дугаартай, 132/2017/0122/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0286 дугаар ангид хөгжимчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар баг 4-р хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Агаа овогт Наранчимэгийн Шинэбаяр /РД:ГЙ92010113/.
Холбогдсон хэргийн талаар:
Н.Шинэбаяр нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Содбилэгийг хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Шинэбаярын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай ажлынхан “Залман хангай” гэх уул руу алхах болсон. Тэр үед би өөрийн мотоцикльтой очсон. Албаны дарга намайг тогоо шанага аваад “Залман хангай” уулын урд байдаг 4 шовгор дээр очоод байж бай бид нар очоод цайлна нэж хэлэхээр нь тэнд очоод байж байсан. Тэгээд манай алба хаагч нар ирээд цайлаад уул гарах гээд явсан. Би мотоциклио шовгорын араар нуусан маягтай тавиад хамт уул өөд алхсан. Уулнаас 18 цагийн орчим бууж ирээд мотоциклоо авах гэсэн байхгүй байсан. Тэр хавиар хайгаад олоогүй. Тэр хавьд зусдаг Доржбат гэх айлаас мотоциклио асуусан чинь хэсгийн төлөөлөгч Содбилэг унаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлынхаа хүний утсаар хэсгийн төлөөлөгч рүү залгаад “та миний мотоциклийг унаад явсан” байна, авчираад өгөх боломж байна уу гэхэд “юун мотоцикль юм бэ” надтай ирээд уулз гэсэн. Тэгээд анги дээр нэгдээд 20 цагийн үед тараад хэсгийн төлөөлөгч Содбилэгтэй
очиж уулзсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг ямар том дуутай пизда бэ гэсэн. Уурандаа би гараараа хамар луу нь цохьсон. Тэгээд цус гараад би уучлалт гуйгаад эмч дуудаж өгсөн. Хохиролд 800.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1715000040005 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч А.Содбилэгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд албан ажлаа хийгээд явж байхад тус сумын иргэн Буянзаяа нь надад мэдэгдэхдээ сумын төвийн ард таолд миний эзэмшлийн 4 ширхэг шовгор байдаг юмаа. Өчигдөр 1 шовгорын цонхийг нь хагалсан байна. Цонх хагалсан асуудлыг шийдээд өгөөч гэх гомдол мэдээлэлийг амаар гаргасны дагуу Буянзаяагийн эзэмшлийн 00-91 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр шовгор байгаа гэх газарт очиход зэргэлдээ 4 шовгорын 1 шовгорын цонх нь хагалсан байсан ба шовгорын гадна БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоцикль байсан. Тус шовгорын ойр орчмыг 30-40 минут зургаар бэхжүүлэн авах хугацаанд уг мотоциклийн эзэн нь тогтоогдоогүй. Тухайн мотоциклийн эзэмшигчийг тогтоох болон цонх хагалсан асуудалтай холбоотой байж болохоор байсан тул сумын цагдаагийн хэсэг рүү өөрөө жолоодон авч явсан. Орой 9993-7771 дугаарын утаснаас миний дугаар луу залгаад Шинээ байна миний мотоциклийг хурдан авчирч өг гэхэд би Шинээ гэх хүнд та сумын цагдаагийн хэсэг дээр ирж уулзах шаардлагатай байна гэж мэдэгдэхэд Шинээ гэгч нь өөрөө утсаа салгасан. Удалгүй манай суманд байрлах Хилийн 0286 дугаар цэргийн ангийн хөгжимчин Шинэбаяр нь танихгүй нэг хүнтэй хмат ажлын өрөнд ирсэн. Би ажлынхаа өрөөнд албаны хувцастайгаа албан үүргээ гүйцэтгэж байсан ба Шинэбаяр нь орж ирээд намайг яахаараа алхуулдаг юм, мотоцикль авчирч өгөхгүй ажлаа хийж чадахгүй лалар бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би суудал дээрээсээ босож ирээд Шинэбаярын бичиг баримтаа үзүүлэх талаар хуул ёсны шаардлага тавихад Шинэбаяр гэгч нь өндөр дуугаар чадахгүй гэж орилж миний цээж рүү хоёр гараараа түлхэхэд би өөрийгөө хамгаалж энгэрээс нь зуурч авахад Шинэбаяр нь миний хамар луу 2-3 удаа гараараа хүчтэй цохиход хамраас цус маш ир хэмжээгээр гарсан. Би өөрийгөө хамгаалж Шинэбаяр гэгчийг унагааж нуруун дээр нь өвдгөөрөө дархад Шинэбаяртай хмат явсан танихгүй залуу орж ирээд салгасан. Тэгээд би сумын эрүүл мэндийн даргыг дуудаж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 185 дугаартай дүгнэлтэнд: А.Содбилэгийн биед хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16 тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24 тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Шинэбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Содбилэгийг хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Шинэбаяр холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Шинэбаяр нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Шинэбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Содбилэг санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Н.Шинэбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Шинэбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Агаа овогт Наранчимэгийн Шинэбаярыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шинэбаярыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шинэбаяр нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шинэбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Шүүгдэгч Н.Шинэбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шинэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН