| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2020/0202/Э |
| Дугаар | 2020/ДШМ/23 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ДШМ/23
С.Еа-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/201 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч С.Еад холбогдох эрүүгийн 1913001800075 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч С.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.
Шүүгдэгч М овогт С-ны Е /РД:ОЭ00000000/ нь Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1960 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой модны инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргаар ажилладаг, ам бүл 6 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч С.Е нь (1) Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Дэлүүн сумын “Хөх сэрх”-ийн улсын тусгай хамгаалалттай газарт өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсан үнэ 500000.00 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Х.Сээс бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон,
(2) Тус байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал 2200000.00 төгрөгөөс 540000.00 төгрөгийг хуурамчаар санхүүгийн баримт бүрдүүлж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Жд өгч, бусдад давуу байдал бий болгосон,
(3) Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10000000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2080000.00 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1300000.00 төгрөгийг эхнэр М.Жы дансаар дамжуулан авч, өөртөө давуу байвал бий болгосон,
(4) Толбо сумын чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15000000.00 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтын үлдэгдэл 979200.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшсан,
(5) байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456000.00 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны дансруу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч тус тус өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгож улсын төсөвт 4555200.00 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/201 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Еад холбогдох 1913001800075 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Прокурорын эсэргүүцэлд: “Захирамжийн бодит хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна гэсэн энэ хэсэг нь үндэслэлгүй байна. Учир нь Баян-Өлгий аймгийн сум дундын Ойн анги нь Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Жы дансаар дамжуулан авч өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан гэрч Х.Жаийн “...Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.0 сая төгрөгийг Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги 2018 онд шилжүүлэн авсан. Уг ажлыг хийхэд 6.100.000 төгрөгөөр хашаа барьсан, 3.900.000 төгрөгөөр 3000 ширхэг модны суулгац худалдаж авах ёстой байсан. Гэтэл 1600 ширхэг суулгацыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарлагадсан. 800 ширхэг модыг бусад газраас нэг бүрийг 1.300 төгрөгөөр нийт 1.040.000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн 1600 ширхэг модыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарцуулж, түүнийг орлогод аваагүй атлаа уг 2.080.000 төгрөгөөр 1600 мод худалдаж авсан гэж давхардуулан тайлагнаж С.Е нь хувьдаа завшсан гэж үзэж улсын байцаагчийн 18-06/05 тоот акт тогтоосон. Мэргэжилтэн Н нь 1600 ширхэг модыг мод үржүүлгийн талбайгаас авч Баяннуур сумын Ногоон хэрмийн ажилд зарцуулсан, уг 1600 ширхэг модыг мөнгөөр худалдсан зүйл байхгүй гэж тайлагнасан. Уг 2.080.000 төгрөгийг дансаар дамжуулан гаргаж С.Е нь хувьдаа завшсан. Ингэхдээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5830152974 тоот дансаар хайлаас болон шар хуайсын үнэ гэж 1.512.500 төгрөг, 111800002144 тоот дансаар 1.450.000 төгрөгийг чацаргана улиасны үнэ гэж зарцуулан уг мөнгөнөөс 2.080.000 төгрөгийг С.Е хувьдаа завшсан гэж үзээд улсын байцаагчийн акт тогтоосон...” гэх мэдүүлэг, гэрч М.Ны “...Сум дундын ойн анги нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа ойн судалгаа хөгжлийн төвтэй 2018 оны 5 дугаар сард гэрээ байгуулж Баяннуур суманд 10.0 сая төгрөгөөр ногоон хэрмийн ойн зурвас байгуулсан. Тэгэхдээ уг ойн зурваст 3000 ширхэг суулгац суулгасан. Сум дундын ойн ангийн дарга С.Еын шийдвэрээр 1600 ширхэг модыг тус ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас бэлтгэн авч тухайн газарт хүргэж суулгасан. Үлдсэн 1.400 ширхэг модыг Увс аймгийн Үр жимс хоршооноос худалдан авч ирж суулгасан. 1 ширхэг суулгацыг 1300 төгрөгөөр худалдаж авдаг. 3000 ширхэг суулгацыг 3.900.000 төгрөгөөр авсан гэж тайлагнагдсан. Ингэхдээ 1600 ширхэг модны үнэ болох 2.080.000 төгрөгөөр аль нэг иргэн аж ахуйн нэгжээс худалдан авч суулгасан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг суулгацыг мод үржүүлгийн талбайгаас авч тарьсан. Уг 1600 ширхэг модны үнэ гэж орлогод авсан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг бургас, улиас модыг талбайн техникч Т, гэрээт ажилтан М миний бие Н, дарга С.Е, талбайн манаач Ж, бид нар барилгын материал ачиж явсан маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Баяннуур суманд хүргэж Ногоон хэрмийн талбайд жигдхэн тарааж тарьсан. Увс аймгаас авч ирсэн модыг ч гэсэн бид нар тухайн талбайд суулгасан...”гэх мэдүүлэг, Хаан банкны 5820007799 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5180458569 тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 5180458569 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, уг данснаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.200.000 төгрөг бэлнээр зарлагадсан дансны дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/05 дугаартай акт, гэрч Ц.Лгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Баян-Өлгий аймгийн сум дундын Ойн анги нь Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн хүрээнд тарьсан мод нь ургасан, ургаагүй, улсын комисс хүлээн авсан, аваагүй нь энэ хэрэгт огт хамааралгүй, гол нь энэ төслийн хүрээнд 1600 ширхэг модыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарцуулж, түүнийг орлогод аваагүй атлаа, уг 2.080.000 төгрөгөөр 1600 мод худалдаж авсан гэж давхардуулан тайлагнаж С.Е нь хувьдаа завшиж өөртөө даавуу байдал бий болгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоох гэсэн нь үндэслэлгүй байна.
Захирамжийн 2 дахь заалтад яллагдагч С.Еын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох гэжээ. Яллагдагч С.Е нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Дэлүүн сумын “Хөх сэрхийн улсын тусгай хамгаалалттай газар”-т өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсны үнэ болох 500.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын сүүлчээр Х.Сээс бэлнээр авч хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон, тус байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн санхүүгийн баримтад хавсаргаж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Жд өгч өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон, Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Жы дансаар дамжуулан авч өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон, Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон, уг байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгож улсын төсөвт нийт 4.555.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Түүний үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжгүй, харин нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө Х.Сээс авсан 500,000 төгрөг, мод арчилгааны огтлолтын зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг эхнэр нь Жд өгсөн, 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Жы дансаар дамжуулан авсан, Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг тус тус авсан, арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг эхнэр нь Жы нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны данс руу шилжүүлсэн зэрэг байдлаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, энэ гэмт хэргийн шинжгүй, хэргийн бодит байдал тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох гэж буцаасан нь бүр үндэслэлгүй болжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ. Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учраагүй ч үйлдлийн арга нь нарийн, санхүүгийн хуурамч материалууд бүрдүүлж зохих журмын дагуу материал бүрдүүлсэн мэт харагдуулсан зэрэг байдлыг дурдаж байна. Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/06 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч С.Еад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх яллагдагч С.Еад холбогдох эрүүгийн хэргийг 2 үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцээгүй, үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
1. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “...Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид бодитоор 2080000.00 төгрөгийн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй ... бодит хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай...” гэсэн нь “анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа”-д хамаарахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас гадна шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчилсан.
Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан баримт бичгүүд, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, яллагдагч С.Еын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэг мөн эсэхийг, үүний улмаас бусдын эд хөрөнгө, нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдалд хохирол учирсан эсэх, тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоох боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд” талуудын гаргасан хүсэлт гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хуульд заасан асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахаар, түүнчлэн мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” явагдахаар тус тус хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд бус, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс гадуурх асуудлаар дүгнэлт хийж “яллагдагч С.Еын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж хуульчилжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/201 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч С.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.ЖАМБАЛСҮРЭН