Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 112/ШШ2023/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Л.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Б-ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн Б.Ч

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Сайнбаяр

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Э

          Гуравдагч этгээд: Алтай сумын иргэн Я.Т нарын хоорондын Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Д.Э /цахимаар/, гуравдагч этгээд Я.Т /цахимаар/, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч  Б.Ч нь Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр маргаж байна.

          2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

          2.1 Б.Ч нь  Алтай сумын Засаг даргын 2011  оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Алтай сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож мөн сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ажлаас халагдсан байна.

          2.2. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг хүлээн  авч, тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

           2.3. Харин тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар магадлалаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

            3. Нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие төрийн байгууллагад 24 жил, тухайн байгууллагын удирдлагаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. 2020 оны сонгуулиас хойш нам болон улс төрийн зорилгоор Алтай сумын Засаг дарга Д.Э-тай үл ойлголцож ажил явуулахад бэрхшээлтэй болсон. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 28-нд ажлаас халах захирамж гаргасан. 04 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг дарга бүх нийтийн хог цэвэрлэгээнд гаргасан. Тухайн үед 5 дахь өдөр байсан. Бид нар системд ирц бүртгэх ёстой тул СӨБ хариуцсан мэргэжилтэнтэй би холбогдсон. Тэгээд яагаад ажиллаагүй юм бэ? гэж асуухад нь нийтийн хог цэвэрлэгээнд гарсан гэж хэлсэн. Тэгэхэд захирамж гарсан юм уу? гэж асуухад нь гараагүй байна гэж хэлэхэд нөхөж ажиллаарай гэж хэлсэн. Өмнөх өдрийн ирцээр явчихаад нэг бямба гаригт нөхөж ажиллаарай гэж хэлсэн тул 05 дугаар сарын 29-ны өдөр нөхөж ажилласан. 04 дүгээр сард сум орон нутгийн ажил их байсан тул 05 дугаар сард нөхөж ажилласан. Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж байгаа боловч би ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлд энэ талаар өргөдөл, хүсэлт өгсөн боловч ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Мөн ажлын байрны дарамт болон мөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг 05 дугаар сараас хойш сумын Засаг дарга нь манай байгууллагад ажилладаг тогооч эгчийнхээ өргөдлийн дагуу тоот бичиж Цагдаа, Авлигатай тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагад өгсөн байгаа. Үүний дагуу би шалгагдаж 09 дүгээр сарын 12-ны өдөр эцсийн шийдвэр гарсан байгаа. Мөн зарим зүйлүүд нь гүтгэлэг буюу нэг архичин байгаа мэт ярьж байна. Би холбогдох нотлох баримтыг өгсөн байгаа. Хариуцагч цагдаагийн байгууллагыг удаа дараа бичиг тоот өгч ямар нэгэн гүтгэлгээр хариуцлага тооцуулсан. Би ажиллаж байх хугацаандаа ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байсан. Мөн хамт олноос гэрчийн мэдүүлэг авсан байгаа буюу хамт олны сэтгэл ханамж байгаа.

          Би баг ахалж 5 гишүүний бүрэлдэхүүнтэй жилийн эцсийн мал тооллогоор явсан. Тэгээд айлуудаар явж байхад хулгайгаар архи ууж, бид нарыг зодсон. Сумын Засаг даргын ахынд агсам тавьж зодоод байхад Мянганбуу ах та хэд явж ажлаа бод. Би энэ хүнийг энд аргалж унтуулъя гэж хэлсэн. Тэгээд сүлжээнд гарч ирээд Тамгын дарга сумын Засаг дарга руу ярьсан. Маргааш өглөө нь бид нар Тамгын  газрын даргатай багаараа очиж уулзаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд Тамгын дарга жолоочоо явуулж авхуулсан гэв.

          4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлийг нэмж тодруулж ярих нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн хуулийн 94.1-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хүсэлтээ гаргахад Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03/56 дугаартай албан бичгээр хөдөлмөрийн маргаан таслах маргаанд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл байхгүй тул тус хороо байгуулагдаагүйг тодорхойлсон хариу өгсөн учраас нэхэмжлэгч талаас шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан. Нэгдүгээрт Засаг даргаас ажлаас халах тухай захирамж гаргаад нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийлгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-т зааснаар мэдэгдэл хүргүүлээгүй. Хоёрдугаарт уг захирамжид албан тушаалын тодорхойлолтын зорилтын 3, 4 дүгээрт заасан чиг үүргийг үндэслэсэн байдаг. Учир нь нэхэмжлэгчид албан тушаалын тодорхойлолт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Тэгсэн атлаа энэ тодорхойлолтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Гуравдугаарт хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Гэтэл захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар чөлөөлсөн. Дөрөвт нь ажлын цагаар архидан согтуурсан гэж байгаа боловч Зөрчлийн хэрэгт ажлын бус цагаар архи ууж зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан. Зөрчлийн арга хэмжээ авахдаа хууль зөрчиж авсан. Гуравдагч этгээдийн тайлбарт төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж байна. Хүүхдийн хоолны мөнгийг аваагүй гэв.

         5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа гэж байна. Цэцэрлэгийн эрхлэгч сонгуулийн хорооны даргаар ажиллахгүй. Засаг дарга өөрөө тухайн сонгуулийн хорооны даргаар ажиллаж сонгуулийн хэсгээрээ тойрч үзэж байх хэрэгтэй. Хэсэг ахалж байсан байж магадгүй. Сонгуулийн хороо тэр чигтээ уусан юм. Ажиллах хугацааны 80-90 хувьд нь архи ууж байсан бол Засаг дарга өөрөө юу хийж байсан юм. Хэсгүүдээ шалгаж явдаггүй юм уу? Үнэхээр сонгуулийн ажлаа хийж байхдаа архи ууж байсан бол цагдаа дуудаж өгөх ёстой. Сумын хэсгийн цагдаа хэргийг дарж байгаа бол дээд шатны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Засаг дарга гэдэг хүн бидний ярьдгаар өрхийн тэргүүн гэсэн үг. Айлын аав байж хүүхдүүдээ муудалцуулаад байдаг. Намайг шийтгэж өгөөч гэж бүгд Засаг даргадаа өргөдөл бичсэн байсан. Мал тооллогод ажиллаж байхдаа ажиллаж байсан 1 хүнийг албаар үлдээсэн гэж байна. Албаар орхиж ирснийг яаж мэдэж байгаа юм. Агсам тавиад байхаар нь сумын Засаг даргын ах Мянганбуу гэртээ авч үлдсэн гэж байна. Надад мэдэгдээгүй сумын Тамгын газар мэдэгдэж, сумын Тамгын газар нь машинаараа авхуулсан гэж байна. Сумын Тамгын газар архи ууж агсам тавиад айлд үлдсэн хүнийг төсвийн мөнгөөр авах үүрэгтэй юм уу? бензиний мөнгийг шаардсан зүйл байна уу? энэ талаар яагаад тайлбар хэлэхгүй байгаа юм. Бүх бурууг Б.Ч-т даалгаж байна. Авлигын эсрэг хууль ярьж байна. Авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хэрэг. Үүнийг Сумын Засаг дарга тогтоодог зүйл биш. Өнөөдрийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ч зохицуулдаг зүйл биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтооно. Б.Ч-ийн ямар нэгэн байдлаар авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар авагдаагүй. Хавтаст хэрэгт Авлигатай тэмцэх газраар шалгуулж, Прокуророос хэргийг хаасан тогтоол байгаа. Дахиж шалгуулж байгаа гэж байна. Би тэрийг өөрөө явж үзэхэд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн баримт байхгүй. Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэт ярьж болохгүй. Өөрөө урамшуулал авсан гэж байна. Хавтаст хэрэгт нотлох баримт нь байна. 2021 оны урамшууллаа авъя гэхэд Миний өргөдлийг шийдэж өгнө гэсэн байсан. Би урамшууллаа авъя гэж өргөдлөө бичсэн байсан. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар миний өргөдлийг шийдэж өгнө, авч бай, дараа захирамжаа гаргана гэж хэлээд авхуулсан. Гуравдагч этгээдийн тухайд 11 жил хамт ажилласан. Энэ хүн ёс зүйгүй гэж байна. 11 жил удирдах албан тушаалтнаар ажиллаж байхад хаана хандаж байсан юм. Яагаад заавал 2021 онд энэ асуудлыг сөхөж гаргав. Хууль бус үйлдэл гаргаж байсныг мэдэж байсан бол яагаад хаацайлаад байсан юм. Хамтраад, санаа зорилгоо нэгтгээд байдаг юм уу? хаа хамаагүй хүмүүсийн тухай яриагүй. Нэг суманд ажиллаж амьдарч байгаа хүнийг ярьж байна. Сумын хүмүүс нэг нэгнийгээ сайн мэднэ. 11 жил хамт ажилчихаад одоо хууль бус үйлдлийн талаар ярьж байгаа нь хэр ёс зүйтэй байгаа юм. Сонирхлын зөрчил байгааг харж байна. Зөрчил гаргадаггүй цэвэрхэн хүн гэж байхгүй. Ажил хийсэн хүн болгонд алдаа байгаа. Санхүүгийн сахилга батгүй ажиллаж байсан гэж байна. Хууль бус үйлдэл байсан бол би өгөхгүй гэж хэлэх боломж байсан. Цар тахлын тухайд дэлхий нийтээрээ энэ хүнд өвчнийг туулсан. Бүх нийтээрээ хөл хорионд орж үзээгүй, бүх нийтээрээ ажилгүй байж үзээгүй, түүнийг хэрхэн зохицуулахаа мэдээгүй. Хуульд байхгүй учраас янз бүрийн шийдвэр гаргасан.  Яльгүй зөрчлийг томруулж зөрчил гаргасан мэтээр ярьж байгаа нь өөрөө хэр ёс зүйтэй вэ? гэдэг асуудал яригдаж байна. Мөн хувийн дансаар мөнгө авсан гэж байна. Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолд байна. Б.Ч мөнгө авсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ мөнгийг өөртөө биш, цэцэрлэгийн тохижилт үйлчилгээнд зарцуулсан байна гэсэн байгаа. Прокурорын тогтоолд хадам ахаасаа авсан гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх бичиж өгөөд түүгээр мөнгө олгоогүй, 2 удаа нэхэмжлэл бичсэн байсан. Нэгдүгээрт шүүх хуралдааны бүрэлдэхүүн болон өмгөөлөгч миний зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулаад хариуцагчаас асуучихлаа. Сонгуулийн хороон дээр архи уусан талаар мэдсэн асуудал нь сонгуулийн үйл ажиллагаа явагдаад дууссаны дараа 2021 оны 07 дугаар сард мэдсэн байна. Энэ үйл баримт тогтоогдлоо гэж үзэж байна. Мал тооллогын ажлыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны дотор зохион байгуулахыг даалгасан захирамж нь нэгдүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд байна. Тэгэхээр мал тооллогын ажлыг 2021 оны 12 дугаар сарын 23-нд зохион байгуулж дууссан гэж үзье. Мал тоолох ажил дуусчихаад Засаг дарга хүн орхиж явсныг, архи уусныг мэдсэн байна. Сонгууль дээр архи уусан асуудлыг машин дотор архи уусан гэж байгаа. Сонгуулийн ажил хийж байхад архи ууж болохгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Төрийн ажил хийж байхад архи ууж болохгүй.  Харин зөрчил үү? ёс зүйн зөрчил үү? гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хоёрдугаар асуудал нь мал тооллого дээр Б гэдэг хүн архи уугаад агсам тавиад М гэдэг айлд үлдэн. Өвлийн хүйтэнд 12 сард архи уусан хүнийг хээр орхиж явах уу? Монгол хүн бол тэгэхгүй. Тэгэхээр Б гэдэг хүн архи уугаад, агсам тавиад айлд үлдсэн юм байна гэдэг нь нотлогдож байгаа болохоос тэр Б  гэдэг хүнийг архи уухаар нь хээр хаячихаад явсан, эсхүл архидаж байгаад айлд хаячихаад явсан асуудал нотлогдохгүй байна. Дараагийн асуудал нь машинд зорчиж яваа этгээдийн бүрэн бүтэн байдлыг жолооч нь давхар хариуцна. Хэдэн хүнтэй явсан юм, хэдэн хүн сумын төв орох ёстой юм, хэдэн хүн айлд үлдчихэв, яагаад энэ хүнийг үлдээж болохгүй юм, үлдээж болох юм гэдэг талаар жолоочоос тайлбар авах хэрэгтэй. Хамгийн гол мэдэх ёстой хүн жолооч байсан. Хэсгийн ахлагч үүрэгтэй ч ахлагчаас илүү жолооч зорчигчийнхоо асуудлыг шийдэж байх ёстой. Замын хөдөлгөөний дүрэм дээр ч байгаа. 04 дүгээр сарын 01-нд архи уусан асуудал ярьж байна. Би түрүүн хэлсэн ковидын нөхцөл байдлаас болоод албан газрууд ажиллахаа болиод, хамт олны уур амьсгал бүрдэхээ больж тиймэрхүү нөхцөл байдал үүссэн. Хаа сайгүй хязгаарлалтад орж байгаад задгайрсан тохиолдол бий. Цэвэрлэгээний ажил болсон нь тогтоогдлоо. Тэгэхдээ  ажлын байран дээр архи уугаагүй. Өдрийн хоолыг нь өөрсдөө хий гээд байгууллагаар нь хийлгэсэн. Өдрийн хоол идэхдээ нэг шил архи 20 гаруй хүн амсаад явсан. Авлигатай тэмцэх газар очиж мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлсэн байсан. Үүнийг  ажлын байранд архи уусан гэж үзэх юм уу? ажлын байранд архи уусан гэж хэлэхгүй согтуурсан гээд байгаа. Тэгвэл согтуурлын зэргийг нь тогтоосон юм уу? энэ талаар тогтоогоогүй. Харин цагдаагийн хэлтэс, Засаг дарга өргөдөл гаргаад шалгуулсан байдаг юм. Хэрэг бүртгэлт, зөрчлийн хэрэг нээхээсээ татгалзаад явуулсан нь хавтаст хэргээс харагддаг.  Тухайн 04 дүгээр сарын 01-ний өдөр согтолтын зэргийг нь тогтоогоогүй байж тэр хүнд зөрчлийн арга хэмжээ аваад эрхийг нь хасаж байгаа Цагдаагийн байгууллага бас л туйлширч байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны тухай хуульд эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээд төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн болохоос зөрчлийн хэрэгт шалгагдаад ялангуяа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчсөн этгээдүүд төрийн албанд ажиллаж болохгүй гэвэл Монгол улсад төрийн албанд ажиллах хүн олдохгүй. Хэн ч гэсэн гэрлэн дохио зөрчөөд ямар нэгэн байдлаар дүрэм зөрчдөг. Гэхдээ хамгийн гол асуудал нь хэрвээ тэр хүн согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж байгаа бол заавал драгер үлээж согтуурлын  зэргийг нь гаргадаг. Монгол улсад зөвшөөрөгдсөн хэмжээ байгаа. Хэдэн бүхэлтэй байсан юм гэдгийг заавал тогтоох ёстой. Өнгөрсөн хойно нь 04 дүгээр сарын 01-нд архи уусан гээд өөрөө хэд хоногийн дараа “Би архи уусан” гэж хэлэхэд нь шийтгэчихдэг. Тэр хэсгийн төлөөлөгчид дарамт ирээгүй гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Сумын Засаг даргад өргөдөл гаргаад байгаа этгээдүүд Б, А нарын өргөдлийг нь үзээрэй. Би нотлох баримтаар судалсан. Би хамт архи уусан шийтгээд өгөөч гээд өөрсдөө хамт шийтгүүлээд явдаг. Би энэ олон жил өмгөөлөл хийхдээ ийм нөхцөл байдалд орж үзээгүй. Яагаад тэр хүн “намайг шийтгээд өгөөч” гээд эрхээ хасуулаад байгаа юм. Яагаад тэр хүн “би сонгуулийн хороонд хамт архи уусан юм, намайг шийтгээд өгөөч” гээд байгаа юм. Яагаад тэр хүн “мал тооллогын үеэр бид нар архи уусан юм, би хээр хоцорсон юм намайг шийтгээд өгөөч” гээд байгаа юм. Энэ цаанаа нэг өөр агуулга яваад байна гэж үзэж байна. Би тэр үйл баримтыг нь тогтоож чадахгүй ч гэсэн надад хардах эрх байгаа. Би хардах эрхийнхээ хүрээнд энэ хэргийн цаана нэг асуудал байна гэж хардаж байгаа. Түрүүн өөрийнх нь гаргасан захирамжийн талаар асуусан. Хариулт авах гэж нэлээн төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Нэгдүгээр асуудал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хамтран ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэхгүй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглоно. Хуульд заасан байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны гэрээ яг юуг зохицуулах гээд байгаа юм. Энэ хөдөлмөрийн харилцааг зохицуулах гээд байгаа юм уу? хамтран ажиллаж байгаа, ажил үүргийн шугамаар бие биеэ, 2 байгууллага хоорондоо ажиллахад зохицуулах гээд байгаа юм уу? эсхүл С.Э гээд хувь хүн Б.Ч гэдэг хүнийг зохицуулах гээд байгаа юм уу? ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулна. Тэр хөдөлмөрийн гэрээнд юу тусгасан байх вэ? гэхээр хамгийн түрүүнд цалин хөлс, ажлын цаг, ажлын нөхцөлийг нь мөн зөрчил буюу сахилгын зөрчил, сахилгын ноцтой зөрчил гэж юу хэлэх вэ? гэдгийг тусгасан байх ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ч гэсэн заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасан байгаа. Засаг дарга өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дүгээр зүйлийг үндэслэж ажилтнаа чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан байгаа. Үүнд ганцхан хөдөлмөрийн гэрээ гэж хэлээгүй хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу дотоод журам, ажлын байрны тодорхойлолт гэсэн. Мөн шүүх бүрэлдэхүүн “Ажлын байрны тодорхойлолтыг гардуулж өгсөн юм уу? үгүй юм уу? гэж асуусан. Бид нар хуульч болохоороо ягштал мөрдөх гээд байж магадгүй юм.  Гэхдээ танилцуулсан талаараа нэгдүгээрт албан бичиг үйлдэх ч юм уу, эсхүл нэг хувийг нь гардуулж өгөхдөө заавал бичүүлж авдаг. Бид нар байнга процесс ордог болохоороо тийм байж магадгүй. Гэхдээ бид хуульд юу гэж заасан байна, түүнийг шаардана. Та энэ ажлын байрны тодорхойлолтыг хэзээ, хэдэн оны хэдэн сард Б.Ч-т танилцуулсан бэ? энэ талаараа бол хариулж чадахгүй байна. Ийм учраас тэр ажлын байрны тодорхойлолтыг Б.Ч-т танилцуулсан, өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Б.Ч нэхэмжлэл гаргахдаа хавсаргаад өгчихсөн байна. Үүнийг хаанаас авсныг нь бол хэлж мэдэхгүй байна. Энэ талаар сайн тодруулаагүй нь бидний буруу байж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дүгээр зүйлд “Сахилгын зөрчил гарсан өдрөөс 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор  сахилгын зөрчилд тооцож арга хэмжээ авна” гэж заасан. Сонгуулийн хороонд захирамжид байгаа “Ажлын байранд болон ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, сонгуулийн хороо ахалж  ажиллахдаа архи уусан, мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурсан” энэ үйлдлүүд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ 04 дүгээр сарын 01-ний өдөр архи уусан гэдгийг энэ хүн тухайн үедээ мэдсэн. Өөрт нь мэдээллийг нь хүргүүлчихсэн байна. Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ? гэхээр арга хэмжээ авсан юм байхгүй. Өөрөөсөө зугтаалгаж шүүх, прокурор руу, эсвэл хуулийн хэлтсийнхээ ажилтан руу чихээд байж болохгүй. Удирдах албан тушаалтан өөрөө хариуцлагатай байх ёстой. Өөрийнх нь доор ажилладаг хүн зөрчил гаргасан байна. Хэрвээ зөрчил гэж үзэж байвал, ямар зөрчил гаргаж байгаа талаар нь дүгнэлт хийдэггүй. Дотоод журам нь хаана байна, дотоод журмыг нь харъя, ер нь дотоод журамдаа энэ зөрчлийг нь юу гэж тодорхойлсон юм гээд үзэх хэрэгтэй байна. Засаг дарга гэдэг хүн л шийдвэр гаргаж байгаа. Тэгээд ч энэ хүнийг ажлаа авснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлээд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт шинэчлэлт орж, бүх албан газрууд хөдөлмөрийн гэрээгээ шинэчилсэн, дотоод журмаа ч шинэчилсэн. Энэ хуульд заасан заалтууд нь өөрчлөгдсөн учраас шинэчилсэн. Энэ бол улс орон даяараа болсон зүйл учраас үүнийг үгүйсгэхгүй. Үүнээс зөрөөд ч юм уу орхигдуулаад зөрчил гаргасан байхыг үгүйсгэхгүй. Харин ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцож арга хэмжээ авна гэж заасан байгаа. Зөрчлийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан бол гээд зөрчлийн тухай хуульд заачихсан байгаа. Хэрвээ тухайн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол 10 хоногийн дотор нөхөж байгуулахаар заасан. Хөдөлмөрийн гэрээ шаардана, дотоод журам шаардана, дээрээс нь ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, уншуулж, тэр сахилгын ноцтой зөрчил нь энэ шүү, үүнийг гаргах юм бол чамайг ажлаас хална шүү гэж бүр эрх үүргийг нь тайлбарласан байхыг шаардана. Дараагийн асуудал нь урамшууллын талаар ярьж байна. Урамшууллыг дүгнэсэн хавтаст хэргийн 66 дугаар талд, харандаагаар бичиж гарын үсэг зураагүй. Тэгэхээр 77.7 хувьтай тухайн 2021 оныхоо ажлыг гүйцэтгэсэн юм байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарласан “Би Алтай сумандаа бүх байгууллага дотроосоо 2-р байранд орсон” гэсэн байна. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч зааж чадсангүй. Сумандаа 2-р байранд орсон учраас урамшуулал авах эрхтэй юм байна гэж бодоод хүсэлтээ гаргаж өгсөн юм байна. Хэрвээ энэ хүн ажлаа дутуу хийсэн, үнэлсэн талаар баримт байх юм бол тэрийгээ гаргаж өгөх хэрэгтэй. Аудитын дүгнэлтээр урамшуулал авсан нь хууль зөрчсөн байна гэсэн. Энэ нь ноцтой зөрчил юм уу, сахилгын зөрчил юм уу гэдэгт анализ хийх хэрэгтэй. Өнөөдрийн энэ хэлэлцэгдэж байгаа захирамжид дурдагдаад байгаа диспозит нь сахилгын ноцтой зөрчил гэхээсээ илүү зөрчил байна. Хоёрдугаарт ихэнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна. Ажлын байранд дарамталсан гэж гуравдагч этгээд сая тайлбарлалаа. 2013, 2014 онд болсон зүйлийг яриад байх юм. Тухайн үед нь мэдэгдэж байсан нь хаана байгаа юм. Одоо нэгийгээ харлуулах гээд, муулах гээд байх юм. 2013, 2014 онд 10 жилийн өмнөх юмыг сөхөж яриад, 10 жилийн өмнө юу ч өөрчлөгдөж болно. 10 жилийн өмнөх юм чинь одоо тэр хууль чинь хэрэглэгдэнэ гэж байхгүй. Ажлын байранд буюу төрийн албан газар архи ууж болохгүй гэдгийг саяхнаас баталсан. 10 жилийн өмнө бол ажлын байрандаа архидаад л явж л байдаг байсан. Тэр чинь зөрчилд тооцох нь тооцоод тооцохгүй нь тооцохгүй явдаг байсан. Гэхдээ би үүнийг нэхэмжлэгчийг зөвтгөж байгаа юм биш, зөрчил гаргасан талаар нь би маргахгүй. Дараагийн асуудал нь бол захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актад эрх нь зөрчигдөж байгаа этгээд заавал тэр этгээдэд сонсох ажиллагаа хийх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хийх ёстой. Сонсох ажиллагааны талаар баримтыг дурдаад би асуулаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг сумын Засаг дарга С.Э хийв гэсэн баримт хавтаст хэрэгт байна. Гэтэл тэр хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ компьютер дээр шивээд хэвлээд гаргачихсан юм байна. Тэгэхээр тухайн хурлыг бид нар шүүх хуралдаанд ингээд хурлын тэмдэглэлийг компьютер дээр эхийг нь бэлтгээд гаргадаг болохоос ихэнхдээ л гараараа бичиж тэмдэглэдэг. Компьютероор шивсэн хурлын тэмдэглэлийг гараар бичсэн тэмдэглэлтэй хамт хавсаргаад архивдаа хадгалж байх ёстой. Ийм сонсох ажиллагаа хийсэн гээд сонсох ажиллагааны талаар тодорхойлолтыг Засаг даргаас авна. Б.Ч гэдэг хүнд яагаад мэдэгдэл хүргүүлээгүй юм. Хэдэн сарын хэдэнд, ямар сонсох ажиллагаа хийлгэх талаар мэдэгдээгүй.  Хэрвээ тэр мэдэгдлийг өгөөд Б.Ч гарын үсэг зураагүй бол ирчихээд гарын үсэг зураагүй юм байна гэж  хардаж болох юм. Гэтэл тийм үйл баримт нь тогтоогдохгүй байна. Сумын төв гэдэг чинь өөрөө бид нар Монгол улсад амьдарч байгаа мэднэ, жижигхэн газар хэн хэнийгээ мэддэг таньдаг, байнга л сумын Тамгын газраар ч юм уу нутгийн удирдлагын газраар ороод гарч байдаг ийм асуудал байж л байдаг. Гэхдээ яг Б.Ч-ийг сонсох ажиллагаа хийлээ гэж мэдэгдлийг л хүргүүлсэн үү үгүй юу гэдэг талаар л өнөөдөр яригдана. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тийм баримт олдоогүй байна. Орж гараад уулзсаныг бид нар үгүйсгэхгүй. Сонсох ажиллагаа хуульд зааснаар хийгдээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргасан байдал, захирамжийн огноо зэргийг харахаар Б.Ч бол их л хурдтай хөдөлсөн байдаг юм. Захирамж нь 2022 оны 06 дугаар сарын 28-нд гарч байгаа нэхэмжлэлийг 06 дугаар сарын 30-нд гаргасан байдаг юм. 06 дугаар сарын 29-нд Алтай сумын Засаг даргын Тамгын Газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс байна уу гээд асуудлаа шийдүүлэхээр явсан байдаг. 06 дугаар сарын 28-нд захирамж гарлаа, 06 дугаар сарын 29-нд маргаан таслах комисстоо материалаа өгөөд, 06 дугаар сарын 30-ны өдөр байхгүй болохоор нь тэр өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Энэ хурдыг нь харахаар би Б.Ч-ийг ямар нэгэн байдлаар бичгийн тайлбар эсхүл  амаар тайлбар өгөхгүйгээр сонсох ажиллагаанаас гарч явсан гэхэд итгэхгүй байна. Өөрөө ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Би ямар нэгэн байдлаар сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, жижиг сажиг зөрчил гаргасан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ миний энэ зөрчил бол ажлаас халагдах хэмжээний зөрчил биш гэж л тайлбарладаг. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сахилгын ноцтой зөрчлөө хуульд зааснаар дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад сахилгын шийтгэл ноогдуулсан, ажлын байранд архи уусан, ажлын байранд хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн, ялгавартай хандсан, сэтгэл зүйн дарамтад ажилчдыг ажиллуулсан, хууль бусаар нөлөөлсөн, саад болсон хууль  бус үйлдэл хийхийг шаардсан, төлбөр хураамж, хандив өгөхийг шаардсан, төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон гээд захирамж гаргахдаа нотолж чадаагүй баримтуудаар захирамжаа гаргаж, нэхэмжлэгч Б.Ч-ийн хууль ёсны эрхэд нь халдсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

          6. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, 1.10 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг. Үүний 1.7 дахь хэсэгт төрийн албан хаагч нь албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх, тэсэрч дэлбэрэх шатахуун хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглох тухай заалтыг зөрчсөн.

Учир нь: 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ч нь сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллахдаа Б багт 5 хонохдоо 3 хоногт нь архи ууж согтуурсан байсан. Энэ үйлдэл нь маш ноцтой тул цагдаад өгөхөд цагдаа өргөдлийг дарсаар шалгах хугацааг нь хэтрүүлсэн. Үүнийг цааш нь ярьвал сонгуулийн дүнд нөлөөлөх болон сонгуулийн өмнөх өдөр хүртэл архидан согтуурч бусад хүмүүсийг архи уухыг шахаж, шаардсан байсан. Мөн малын тэжээвэр амьтны улсын тооллогыг 2021 оны 12 дугаар сард ахалж ажиллах үедээ архидан согтуурч зөрчил гарган цуг явсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэг хүнийг хээр орхиж ирсэн. Тэгээд бид нар гар утсаар мэдэгдсэн тул Засаг даргын Тамгын газраас машин гаргаж, шатахуун зарцуулан үлдсэн нэг хүнийг авч ирсэн. Тэгэхээр Б.Ч нь 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар архи уусан алдаа дутагдлаа давтан 12 дугаар сард дахин гаргасан. Тийм учраас Б.Ч нь ажлын байранд байнга архидан согтуурдаг тул ажлын байранд тэнцэх боломжгүй гэж үзсэн. Мөн холбогдох материалууд болон Засаг даргын Тамгын газраас хэдэн литр шатахуун зарцуулж, ямар хүнийг авчирсан зэрэг нотлох баримтууд хавтаст хэргийн материалд байгаа. Ажлын байрны хууль бус дарамт, шахалт болон ажилчидтай ялгаварлан ханддаг талаар тодорхой нотлох баримтыг гаргаж өгсөн. Хууль бус дарамт шахалт гэдэг нь ажилтан, алба хаагчдыг цар тахлын үед ажиллуулж, цалин бүтэн өгсөн буюу буцааж мөнгө авч өөр зүйлд зарцуулна гэж дарамталж шахдаг. Мөн ажилтан алба хаагч нарыг ялгавартайгаар хандаж, урамшуулал өгдөггүй талаар нотлох баримт хэргийн материалд хавсаргасан. Мөн ажилчдыг сэтгэлзүйн дарамттай ажиллуулах, саад болох, нөлөөлөх болон хууль бус үйлдэл хийхийг шаарддаг. Төрийн албан хаагч байгууллагын ажилтныг дарамталдаг, хууль бусаар мөнгө нэхдэг зүйл төрийн байгууллагад байж болохгүй талаар 258 дугаар тогтоолд байгаа. Хэрэв ийм зүй бус үйлдэлтэй цэцэрлэгийн эрхлэгч байвал цаашид энэ байгууллага ажиллахад хүндрэлтэй болно. Учир нь олон жил шахаж, шаардаж байдаг. Мөн хандив өгөхийг шаардсан нь тодорхой иргэдийн өргөдөлд тусгагдсан байгаа. Тэгээд ажилтныг гадуурхах асуудал буюу өөрийн эгч дүү хоёрын хүүхэд болох сургуулийн бичиг хэргийн ажилтныг цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтнаар хавсруулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Мөн 05 дугаар сарын 30-ны өдөр сонсох ажиллагаа явуулсны дараа бичиг хэргийн ажилтныг чөлөөлсөн байдаг. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу бусад ажилчдад нэг удаагийн урамшуулал олгодоггүй. Эдгээр зүйлүүд нь төрийн албанд ёс зүйн байх ёсгүй зүйлийг удаа дараа хийсэн тул Б.Чийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд захирамж гаргасан. Албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь удаа дараа гаргасан зөрчил болон 04 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэг ажиллаагүй байхад ажилласан гэж меню гаргасан зэрэг үйлдлүүд нь нотлогдож байгаа тул захирамж гаргасан. Би гаргасан захирамжаа бүрэн дүүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Ч гаргасан өргөдөл дээрээ улс төрийн зорилгоор ажлаас халсан тул мөнгө олгож өгнө үү? гэж бичсэн байдаг. Өнөөдөр өргөдөл дээрээ бичсэн улс төрийн зорилго гэдгийг яриагүй. Ямар зүйлийг улс төрийн гэж байгаа талаар нотлох баримт байхгүй. Мөн архи ууж байгаа асуудал нь удаа дараа гарч байгаа. Гурав дахь удаагаа зөрчил үйлдсэн бол хуулиараа зөрчлийн хэрэг үүсгэн торгож, эрхийг нь хассан. Тэгэхээр зөрчлийн хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллуулах үндэслэлгүй гэж үзсэн. Мөн төсвийн хөрөнгийг өргүй зарцуулсан буюу 2021 онд хийсэн гэж ярьж байгаа боловч 2022 онд тухайн мөнгийг олно гэж хийсэн. Энэ нь яах аргагүй олон жилийн төрд дарга хийж ажилласан хүмүүсийн мөнгө идэж сурсан арга. Учир нь ажилтан алба хаагчдыг дарамталж 2021 онд хийсэн гэж ярьчхаад 2022 оны 03 дугаар сард мөнгөтэй болохоороо тийм зүйл ярьдаг. Тийм учраас Б.Ч нь төрийн албанд байж болохгүй ашиг сонирхлын зөрчилтэй. Мөн гуравдагч этгээдийн ярьж байгаа байнга дарамталж байсан хэрэв Б.Ч ялах юм бол бид нарыг ирж дарамтална гэж байгаа. Тэгээд 28-нд тушаал гарсан байхад тамга, тэмдгээ өгөхгүй 29-ний өдөр өгсөн. Мөн тамга, тэмдгээ өгөөд шууд дарамталсан асуудал байгаа. Тийм учраас бусдыг нөлөөндөө автуулж хууль бусаар юм хийхийг шаардаж дарамталдаг. Төсвийн шууд захирагчийн хувьд албан тушаалаа хэтрүүлж мөнгө авдаг болон тайлан тооцоо өгдөггүй. Тэгээд 2021 онд өр төлбөргүй гарчихаад 2022 ондоо мөнгө гаргасан гээд байж байгаа нь хаана ч байж болохгүй гэж үзэж байна. Захирамжаа 5 үндэслэлээр гаргасан байгаа. Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллахдаа удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Мөн ажлын өдөр, ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр өөрөө өмнө болсон анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн байдаг. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16-18 цагийн хооронд, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын өдөр байхад ажилчидтайгаа хоол авхуулж архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан бусад материалуудаар тогтоогдож байгаа. Мөн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Алтай сумын цагдаагийн хэлтсээс надад ирүүлсэн албан тоотод архи согтууруулах ундааны зүйл ажлын цагаар хэрэглэсэн тогтоогдож, жолоодох эрхээ хасуулж 400,000 төгрөгөөр торгуулсан талаар баримт ирсэн. Мөн улсын мал тооллогын ажлын хэсэгт ажиллахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн гэдэг нь нэг үндэслэл болно. Сүлжээнд гарч сумын Засаг даргын тамгын газрын дарга сумын Засаг дарга руу утсаар мэдээлэл өгсөн гэж байна. Надад тийм мэдээлэл өгөөгүй. Сум дээр ажлын өглөө ирсэн байсан. Орж ирж уулзахдаа П  гэдэг ажилтныг айлд үлдээгээд ирлээ гэсэн. Мал тооллогын ажлыг хийхдээ хоорондоо архи согтууруулах ундаа хэрэглэж 1 ажилтнаа орхиод ирсэн байсан. Тэр ажилтнаа өөрсдөө авч ирээрэй гэхэд авч ирээгүй учраас Тамгын газрын дарга өөрөө шатахуунаа хийж тухайн ажилтныг авч ирсэн. Хоёрдугаарт ажилчидтай ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саатуулах, хууль бус үйлдэл хийхийг шаардах нь хоёр дахь үндэслэл болно. Гуравдугаарт хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах нь гурав дахь үндэслэл болдог. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан, мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлангүй. Мөн төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон нь дөрөв дэх үндэслэл болно. Мөн албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах, албан тушаалын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан ажил олгогчийн зүгээс үзсэн. Өмнө нь прокурор хэргийг буцаасан гээд авч хэлэлцээгүй. Одоо Прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шинээр шалгаж байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхдээ төлбөр гээд Н, Я.Т нараас хувийн дансаар мөнгө авсан байдаг. Энэ нь өөртөө давуу байдал бий болгож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан заалтад хамаарч байна гэж үзэж байна. Ажилтны цалин төсвийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Нөгөө талаар тухайн ажилтны цалингийн дансанд цалин нэрээр гүйлгээ хийсэн ажилчдын хөдөлмөрлөж олсон үр дүн буюу хөдөлмөрлөх эрхийн баталгаа байдаг. Байгууллагаас цалинг буцаан авах нь эрх мэдлээ хэтрүүлж, бусдад нөлөөлж байгааг харуулж байна. Цэцэрлэгчийн эрхлэгч санхүүгээ төсөвтөө тусгуулдаг. Ажилтны цалингаас буцаан бэлэн болон дансаар авах нь хууль бус гэж үзэж байна. Мөн цэцэрлэгийн туслах багш нараас удаа дараа мөнгө авсан байдал нь хэрэгт хавсаргагдсан байгаа. Тэгэхээр ажил албан тушаалдаа тэнцэх боломжгүй. Төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө урамшуулал авсан байгаа. Энэ нь аудитаар тогтоогдож, буцаагаад төлсөн баримт нь хэрэгт байгаа.

Хэсгийн төлөөлөгч Б  2022 оны 06 дугаар сарын 07-нд надад ирүүлсэн байдаг юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна төрд өмнө архи уудаг л байсан нэг их сүртэй юм биш, одоо л ийм болчихсон гэж байна. Арай ингэж болохгүй. Төрийн албыг энэ мэтчилэн завааруулж,  ужгируулж байсан бол одоо бид засах гэж Ерөнхийлөгчтэйгөө нийлээд үзэж байгаа. Тэгэхээр энэ хүнийг өмгөөлөөд тийм сүртэй, ноцтой зөрчил биш гэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Архи уусан нь ноцтой зүйл. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар таван “Ш” ажиллагаа явуулж байгаа. Хүмүүсийн надад өгсөн өргөдөл гомдол бол шүгэл үлээж байгаа хүн гэж би харж байгаа.

Ажлын байрны тодорхойлолт тухайн үед нь гардуулж өгсөн байгаа. Энэ ажлын байрны тодорхойлолтыг зарим материалууд над дээр байхгүй учраас хэлж чадсангүй. Өмнө нь тэр авлигатай тэмцэх газрын прокурор дээр хаасан хэрэг маш тодорхой заасан хэрвээ тэр наян мянган төгрөг гурван зуу, дөрвөн зуун мянган төгрөг авдаг нь бол буруу юм. Үнэхээр энэ бол буруу шүү гэдгийг биччихсэн байгаа. Гэхдээ ямар ч байсан тайлан зарцуулалтын үзэхээр өөрөө идчихээгүй учраас яах вэ хэрэг үүсэх боломжгүй юм гэж хаасан. Гэхдээ энэ хэрэг буцаад нээгдсэн одоо шалгагдаад явж байгаа. Тэгэхээр сум орон нутгаараа ч болсон авлига өглөө, авлаа гээд өргөдөл гаргаж байсан хүмүүс ч бас айдастай байна. Дараа нь ямар нэг юм болуул шийдвэр гараад ирвэл ийм юм байдаг гээд дуугүй амьдарч байя гэх нь байна.  Ажлын байрны тодорхойлолт дүгнэсэн дүгнээгүй гэдэг талаар өмгөөлөгч 77.5% нь батлагдахгүй байна гэж хэллээ. Хуулиараа 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны хооронд дүгнэдэг. Гэтэл 12 дугаар сард өөрийгөө автоматаар дүгнээд урамшуулал авсан байдаг. Ингэж болохгүй. 12 дугаар сарын 26-нд урамшуулал өөрөө өөртөө авчихсан байсан санагдаж байна. Өөртөө авсныхаа дараа нөхөөд өгч байвал одоо болно гэсэн үг юм болов уу өмгөөлөгчийн хувьд, би гайхаж байна.  Дараа нь  сонсох  ажиллагааны талаар ярилаа. Сонсох ажиллагаа хийгдсэн. Сонсох ажиллагааг 3 янзаар хийдэг. Бичгээр, амаар, эсхүл утсаар яриад хийж болно. Харин наад сонсох ажиллагаа дээр таны хэлээд байгаа он сар тавиагүй манай ажилтны алдаа гарсан байх. Урсгал засварын мөнгө гэхэд 2021 онд ямар ч өр авлагагүй гарсан атлаа 2022 онд хийгээгүй ажилд материал бүрдүүлчихдэг. Ийм ийм хууль бус зүйлүүд хэзээд байж болохгүй гэж үзээд байгаа юм. 

 7. Гуравдагч этгээд Я.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би Б.Ч эрхлэгчтэй 12 жил хамт ажилласан. Энэ хугацаанд Б.Ч эрхлэгч ажлын байранд хүнийг ялгаварлан гадуурхаж байсан нь үнэн. 2014 оноос хойш ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлж сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Мөн манай байгууллагын ажилчдыг илүү цагаар ажиллуулж, дарамталж байсан. Тэгээд 06 дугаар сарын 29-ний өдөр даргын ажил солих болтол Б.Ч нь ажилчдаар дарамталдаг талаар бичиг хийлгэж авсан. Мөн удаа дараа архидан согтуурдаг нь үнэн.  Би хариуцагчийн гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа тул төсөв санхүү, орлого, зарлагыг мэднэ. Мөн ёс зүйн том алдаатай хүн. Сумын Засаг дарга байхгүй үед ажилчдаас өөрийн гэсэн хүмүүсээ дагуулж гараад шууд архи ууна. Би байгууллагын хурал бүр дээр та ийм алдааг гаргалаа гэж хэлдэг учраас надтай нийлэхгүй. Мөн ажилчдаа ялгаварлан гадуурхдаг. Тэгээд бид нар цаг тухайд нь ажлаа хийж амжаагүй тохиолдолд орой суудаг. Хэрэв Б.Ч буцаж цэцэрлэгт ажиллавал намайг ажилгүй болгоно гэж хүн бүр ярьж байна. Мөн намайг болон ажилчдыг та нар шүүхэд ингэж мэдүүлэг өгсөн байна гэж дарамтлахаар зан чанартай хүн.  Энэ хүн эргээд ажилд томилогдвол миний эрх ашиг хөндөгдөнө. 11 жил ажилласны хувьд энэ хүний бүх зүйлийг би мэддэг. Өмгөөлж байгаа хүнийг гайхаж байна. Цар тахлын үед 4 туслах багшаас мөнгө авсан. Надаас дотоод хяналтын хэсэг гэж юу хийсэн юм буцаагаад мөнгөө хий гэсэн. Хүүхдийн хоолны төсөв байгаа гэхэд өг гэсэн. Данс руу хийнэ гэхэд би данс руугаа хийлгэхгүй гэсэн. Чамаас бол авахгүй, чи миний бүх зүйлийг мэддэг гэж хэлэхээр нь няравын данс руу шилжүүлсэн. Энэ мэтчилэн ажлын байрны дарамт үзүүлдэг. Шахаж дарамталж, мөрдөж мөшгөдөг. Манай А тогоочийг ажлаас хөөсөн. Тэгээд энэ бүхэн задарсан. Ийм хүнийг төрд ажиллуулах гээд дахин дахин шүүх хуралдаан хийгээд манай байгууллагын ажилчдын итгэл үнэмшил алдагдаж байна. Хариуцагчийн гаргасан тушаал бүх зүйл нь нотлогдсон, баримттай, гэрчтэй зүйл. Хүнээс хурааж авсан мөнгөний талаар хурал хийсэн байсан. Намайг 11 цагт ирээрэй гэхээр нь байж байтал манай 1 ажилтан та яагаад ирэхгүй байгаа юм гэхээр нь очиход тарсан. Хуралд суусан бол би зөвшөөрөхгүй байсан учраас намайг суулгахгүй иймэрхүү зүйл хийсэн. Эрхлэгч архи уучхаад Я.Тг өмөөрсөн хүнийг адилхан ялгаварлан гадуурхана шүү гэж хэлснийг ахлах тогооч А хэлдэг. Ажилчдыг 2 бүлэг болгож ялгаварлан гадуурхдаг. Өөрийг нь дагаж архиддаг хэсэг бүлэг байгаа. Тэд нь үр дүнгийн урамшууллаа авдаг. Ажил хийгээд үлдсэн 2,3 хүнийг дарамтад байлгадаг.

 8. Иргэдийн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Э-ын зөв гэж бодож байна. Гаргасан шийдвэр нь зөв гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Алтай сумын иргэн Б.Ч нь Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

        Б.Ч нь Алтай сумын Засаг даргын 2011  оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Алтай сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар ажлаас нь халсан байна.

         1. Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар “Б.Чийг ажлаас халах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, 1.10 дахь хэсгүүд, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/51 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолтын зорилт, чиг үүргийн 3, 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь зааалтыг тус тус үндэслэсэн ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн, ажлын байран дахь хууль бус дарамт шахалт, ажилчидтайгаа ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь шударга, ил тод тайлагнаагүй, Төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн нөхцөлүүдийг дурджээ.

          2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсгийг ахалж томилолтоор ажиллахдаа архидан согтуурсан, тооллогын гишүүнийг орхин явсан тухайд:

          2.1. Нэхэмжлэгч Б.Ч нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Сонгуулийн хорооны 2021 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах хэсгийн хороодыг хавсралтаар байгуулж, Б  багийн хэсгийн хорооны даргаар, Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор сумын 2021 оны жилийн эцсийн хүн, ам, мал тэжээвэр амьтны тооллого зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, 12 дугаар сарын 23-ны дотор тооллогыг зохион байгуулж тайлагнахыг ажлын хэсгийн ахлагч нар даалгасан байх бөгөөд Урт багийн ажлын хэсгийн ахлагчаар тус тус ажилласан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 188-192 хуудас/  

            2.2.  Г.Б гэх иргэн Алтай сумын Засаг даргад “2021 оны 06 дугаар сарын 04-ний орой Б.Ч, Т.Ө ...нар Загалын голд Сонгуулийн хэсгийн хорооны гэр барин байрласан. Сумаас хэсгийн хорооны байранд очих хугацаанд авто машиндаа архи уусан бөгөөд маргааш нь шараа тайлж уусан. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зөөврийн санал авч дууссаны дараа мөн архи уусан. Иймд холбогдох хүмүүст арга хэмжээ авч өгнө үү” гэсэн он сар байхгүй өргөдөл гаргаж байсан, шүүхээс Г.Б-ын гэрчээр асуусан тэмдэглэлд “2021 оны 12 дугаар сарын эхээр малын тооллогын ажлаар Уртын багт явсан. Ажлын хэсгийн ахлагчаар Б.Ч, багийн Засаг дарга Алдар, ...миний бие явсан. Сумын төврүү ирэх үедээ Б.Ч хадам ээжээсээ 1 шил виски авч ...айлд очиж уусан. Замдаа мал худалдаж авсан хүмүүсийг зогсоогоод Б.Ч өөрөө 2 шил архи худалдаж авч бөөнөөрөө уугаад Ц т гэх газар ...айлд хоноод өглөө нь архи уугаад ...харын шанд гэх газарт очоод муудалцаад намайг орхиж явсан ...2021 оны 11 сард цагдаад архидан согтуурсан тул арга хэмжээ авч өгнө үү гэж гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарт “...Би баг ахалж 5 гишүүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд айлуудаар явж байхад хулгайгаар архи ууж, бид нарыг зодсон. Сумын Засаг даргын ахынд агсам тавьж зодоод байхад М ах та хэд явж ажлаа бод. Би энэ хүнийг энд аргалж унтуулъя гэж хэлсэн. Тэгээд сүлжээнд гарч ирээд Тамгын дарга сумын Засаг дарга руу ярьсан. Маргааш өглөө нь бид нар Тамгын даргатай багаараа очиж уулзаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд Тамгын дарга жолоочоо явуулж авхуулсан” гэсэн байна.

           2.3. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон, 2021 оны 12 дугаар сард сумын жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогыг зохион байгуулсан бөгөөд Г.Б нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо болон Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэгт орж ажилласан болох нь баримтаар тогтоогдож байгаа боловч тухайн үед архидан согтуурсан гэх асуудлыг энэ нөхцөл байдалд гаргасан өргөдөл, гэрч Г.Б-ын мэдүүлгээр тогтоох боломжгүй, харин хариуцагч энэ байдлыг тухайн үед баримтаар шалгаж тогтоохгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. 

3. Ковидын үед буюу 2020 оны 6 дугаар сард олгосон цалингаас хууль бусаар туслах багш нараас 400000, тогооч нараас 350000 төгрөг хурааж авсан, багш Б.Н, Я.Т хоёроос хүүхдийн хүнсний материалд тус бүр 80000 төгрөг авсан тухайд:

3.1. Алтай сумын цэцэрлэгийн туслах багш Г.А-аа анх 2021 оны 03 дугаар сарын 16-нд сумын Засаг дарга Д.Эд “...2020 оны 06 сард эрхлэгчийн төрийн банкны дансанд 400 төгрөгийг шилжүүлсэн. Байгууллагын өр авлага дарга гэсэн. Туслах багш, тогооч нараас авсан нь үнэн болно” гэсэн өргөдөл гаргасан байдаг.

       3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрчээр асуусан тэмдэглэлд Алтай сумын цэцэрлэгийн тогооч Х.Д “байгууллагын өр дарна гэж хэлээд мөнгө авсан. Банкны хуулга дээр тодорхой байгаа ...надаас 06 сард 370000 төгрөг, 7 сард 100000 төгрөг авсан.Онцгой байдал зарлагдчихсан бид нар постон дээр гардаг байсан ...эрхлэгч Б.Ч нь Хаан банк болон Төрийн банкны дансаа цалин буунгуут явуулсан. 07 дугаар сарын 20-н хүртэл ажиллахад 200000 гаруй орсон. Намайг 100000 төгрөг өг гээд түүнийг нь өгсөн. Эхлээд 200000 өг гэсэн цалин буусаны дараа А-аа тогооч хийчихлээ 100000 хий гээд мессэж явуулаад би шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч туслах багш Г.А-аа “2020 оны 06 сард ковидтой амарч байхад цалинг бүтэн бодож гаргаж өгөөд та нарын цалинг ажиллаагүй байхад бүтэн бодсон учир 4 туслах багшаас 400000 төгрөг, 2 тогоочоос 350000 төгрөг байх бүгдийг нь цуглуулаад проктер дээр урсгал засварт, булан тохижуулахад зарцуулана гэдэг байдлаар авсан. Би 400000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 17-нд шилжүүлсэн баримт байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч тогооч Х.А “2020 онд тогооч нар 450000, туслах багш нар 400000 өг гээд авсан. Манайхан бүгдээрээ өгсөн өг гэхээр нь өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч туслах багш С.Ц “400000 төгрөг аваад уралдаан зарлаад бүтээлч ажил хийгээд шалгаруулаад буцаагаад үлдсэн мөнгийг олгосон ...туслах багш нар амарчихсан байсан учраас зөвшөөрөөд өгсөн” гэж мэдүүлдэг.

          3.3.Гэрч бага бүлгийн багш Б.Н  “би ковид тусаад тусгаарлалтад байгаад сар гаруй ажлаа хийгээгүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажлын хэсгийн ахлагч байгаад 10 хувь ороод цалинг бүтэн өгсөн. 80000 төгрөг няравт өгчих хүнс авах гэсэн юм гээд надаас авсан. 2021 оны 11 сард...”, гуравдагч этгээд Я.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...та 2 цалингаас 80000 төгрөг буцааж өг гэж шаардсаны дагуу би нярав Ш.Т-ын дансруу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 сарын цалингаас 80000 төгрөг хийж багш Б.Н бэлэн 80000 төгрөг өгсөн”, гэрч нярав Ш.Т “...Б.Н, Ч.Т хоёроос эрхлэгч Б.Ч 80000 төгрөг авч хүүхдийн хүнсний материал аваарай гэсэн түүнийг нь авч хүүхдийн хоол хүнсний матеирал 04 сард авсан” гэж мэдүүлдэг.

          3.4. Цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн өмнөх боловсролын тухай /2008 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т “цэцэрлэгийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх...”, 11.2.7-т “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан байхад энэ үүргээ зөрчин багш ажилтнуудын цалингаас цэцэрлэгийн тохижилтын үйл ажиллагаанд зарцуулахаар мөнгө хураасан, 2 багшаас мөнгө авч хүүхдийн хоолын материал авсан зэрэг зөрчлүүдийг гаргасан байна.

            4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.

 5. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл ажилтанд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх тул нэхэмжлэгч Б.Чийн 2020 багш ажилчдаас мөнгө авсан, 2021 онд албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хугацаа өнгөрсөн байна.

           6.  Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, гэж зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулан ажиллаж байсан. Ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй харин хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.

           7. Нэхэмжлэгчийн тухайд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нарт ур чадвар болон үр дүнгийн урамшууллыг тооцож олгож өгөх талаар хүсэлт гаргаж байсан боловч тухай асуудлыг шийдвэрлэсэн болон Хамтран ажиллах гэрээ, Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн тайланг албан ёсоор дүгнэж баталгаажуулаагүй нөхцөлд үр дүнгийн урамшуулал тушаал шийдвэргүй өөртөө авсан нь гэрч цэцэрлэгийн нягтлан Б.А-ын “...Засаг дарга ажлаар аймгийн төв явсан байна. Ирэхээр нь нөхөж гаргуулж өгнө гээд урамшуулал авсан. Тэгээд тушаал шийдвэрээ нөхөж гаргаж өгөөгүй ...аудитаар акт тавигдаад өрөө 6 сард буцааж төлсөн” гэсэн мэдүүлэг, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/80 дугаар акт, нэхэмжлэгч аудитын актын биелэлтийг хангаж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн санд 1125.2 мянган төгрөгийг буцааж тушаасан байгаа нь сумын Засаг даргын шийдвэргүйгээр өөртөө урамшуулал авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

  8. Шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт урсгал засвар хийгдсэн талаарх үзлэгээр “...2021 оны 06, 07 дугаар сард хийгдсэн ажлын бараа материалын үнийг 2022 оны төсвөөс мөнгө орж ирэхээр өрөө өгсөн. 2022 онд 1, 2 улиралд хийгдсэн ажил байхгүй...” гэсэн тэмдэглэл, 2021 онд урсгал засвар хийсэн талаар гэрч Г.А, А.Г, С.Ц нарын “... гадна хайс, тоглоомын талбай, бүх ангиудын шал, коридорыг будсан” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч “...шинэ оны эхний санхүүжилт орж ирсэнээр өмнө оны хийсэн ажил бараа материалын үнэ болох мөнгөнүүдийг тухайн дэлгүүрдэд олгож өгсөн. 2022 онд засвар үйлчилгээ хийгдэлгүй 2021 оны өнгө төрхөөр сургалтын үйл ажиллагаа эхлээд байна” гэсэн тайлбараас үзэхэд 2022 оны 1, 2 дугаар улиралд цэцэрлэгт урсгал засварын ажил хийгдээгүй нь тогтоогдож байна.

  8.1. Харин 2022 оны 03 дугаар сарын 30, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цэцэрлэгийн багш, нярав, нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулан “Алтай сумын цэцэрлэгийн урсгал засварт зарцуулсан бараа материалын жагсаалт” гэсэн баримт үйлдэн урсгал завсарын мөнгийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д- ийн дансанд шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.

          8.2. Мөн цэцэрлэгийн  нярав 2022 оны 05 дугаар сарын 30-нд сумын Засаг даргад “...2022.4.1 өдөр цэцэрлэг ажиллаагүй боловч ажилласан болгож хоолны меню бичүүлсэн. Засвар үйчилгээний материалыг бүлгийн багш тус бүрээр гарын үсэг зуруулж авсан...” гэсэн агуулга бүхий өргөдөл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдийн ирц бүртгэсэн бүртгэл, Алтай сумын цэцэрлэгийн багш ажилчдын гарын үсэг зурсан “Алтай сумын төрийн албан хаагч нар хог цэвэрлэгээнд гарч цэцэрлэг нь хүүхэд хүлээн аваагүй бүх багш ажилчид 2022 оны 04 дүгээр сарын 01-н өдөр нийтийн хог цэвэрлэгээнд гарсан. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бямба гарагт хүүхэд бүртгэлгүйгээр хүлээн авч ажилласан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

           8.3. Энэ байдлаас үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй цэцэрлэг ажлаагүй байхад хүүхдүүдийг цэцэрлэгт ирснээр ирц бүртгэж, хоолны меню бичсэн, урсгал засвар хийгдээгүй байхад хуурамчаар баримт бүрдүүлдэг, гарын үсэг зуруудаг зэрэг үйлдэл нь албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалтай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга ил тод тайлагнаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай /2008 оны/  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь “16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн төдийгүй албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилт “байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянаж тайлагнах” үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.

             9. Ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тухайд:

             9.1.Хавтаст хэрэгт Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч, Х.А нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гомдол мэдээллийн 2022 оны 05 дугаар сарын 31-нээс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шалгаад шийтгэл оногдуулсан Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулан шалгасан маттериал нотлох баримтаар авагдсан.

           9.2.Алтай сум дахь цагдаагийн хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5/33 дугаар мэдэгдэлд: “...тус сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Б.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагаас 18:00 цагийн хооронд 3 ажилчны хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 04 дүгээр сарын 01-нд байгууллагынхаа ажилчдыг цэвэрлэгээ хийж байх үед нь Б.Ч нь хоол, архи авч очин өөрсдөө хамт хоол идэж архи согтууруулах ундаа ууцгаасан байна...” гэсэн мэдэгдэл болон зөрчлийн материалд нэхэмжлэгч холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэргээр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна.

        10. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ”, хуулийн 122.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй.   Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж зохицуулсан байна.

          11. Алтай сумын цэцэрлэгийн хамт олны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан “Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн дотоод журам”-ын 8 дахь хэсгийн 13-т “цэцэрлэгийн анги танхим, өрөө тасалгаанд болон ажлын цагаар архидан согтуурсан багш, ажилтныг хөдөлмөрийн сахилгыг ноцтойгоор зөрчсөнд тооцон ажлаас шууд хална” гэж хөдөлмөрийн дотоод журамдаа тусгайлан зааж өгсөн.

          12. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” 123.2.5-т “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж зааснаар Говь-Алтай аймгийн Алтай Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Чийг ажлаас нь халсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          13. Харин маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон ажилчидтайгаа ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхсан байдал нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдохгүй байна.

          14. Албан тушаалын тодорхойлолтын тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт батлах нийтлэг журам”-ын 5.3-т заасны дагуу хариуцагч Алтай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/51 дугаар захирамжаар тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба уг тодорхойлолтыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байна.

          14.1. Нэхэмжлэгч тал албан тушаалын тодорхойлолтыг Б.Чийн гарын үсгээр баталгаажуулж өгөөгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь дээрх журамд зааснаар албан тушаалын тодорхойлолтод томилох эрх бүхий албан тушаалтан шийдвэр гарган батлахаар байна. Нэхэмжлэгч нь тухайн ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэж цалин хөлс авч байсан бөгөөд Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Чийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, Засаг дарга баталсан байгаагаас үзэхэд дээрх албан тушаалын тодорхойлолтыг түүнд танилцуулаагүй мэдэхгүй байх үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнахаар байна.

          15. Хөдөлмөрийн гэрээний тухайд: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээр байна.

          15.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасан. Энэ нөхцөлд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байдал тогтоогдож байгаа хэдий ч ажил үүргээ гүйцэтгэж, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаагийн хувьд Төсвийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллахаар байх ба тэдгээрийг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна. Иймд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх боломжгүй юм.

          16. Сонсох ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч тал сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор явуулаагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн тухайд ажлын цагаар удаа дараа архи ууж согтуурсан зөрчил баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагааг хийлгэх нь нэгэнт үйлдэгдсэн зөрчлийг үйгүйсгэх нөхцөл болохгүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сургуулийн өмнөх боловсролын тухай /2008 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн Б.Чээс тус сумын Засаг дарга Д.Эд холбогдуулан гаргасан Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ

                                            ШҮҮГЧИД                                     Н.АМАРЗАЯА

                                                                                                    Л.ТУНГАЛАГ