Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00127

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч З.Урансайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихэр овогт Даваагийн Батсайханд холбогдох 132/2017/0120/Э индекстэй, эрүүгийн 171500009000018 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1954 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3Б хэсгийн 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ихэр овогт Даваагийн Батсайхан /РД:ГЗ54112212/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3Б хэсгийн 2-04 тоотод оршин суух иргэн З.Урансайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батсайхан мэдүүлэхдээ: З.Урансайхан нь манай хамар хашааны айл байгаа юм. Тухайн өдөр гэрийнхээ гадаа манайхан хоолоо идээд сууж байхад манайх руу юм цацаад байхаар нь би очоод “чи юу цацаад байгаа юм бэ” гээд асуусан чинь намайг “балай өвгөн” гээд байхаар нь хэдэн хатуу үг хэлсэн. Бидний дунд маргаан болоогүй, би гэрт нь ч ороогүй. Хашааныхаа наанаас загнасан, гар хүрээгүй намайг гар хүрсэн хуванцар нарийн зүйлээр цохисон гэж мэдүүлсэн байна лээ гэх мэдүүлэг,
Хохирогч З.Урансайханы өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ мах хөшиглөөд сууж байхад Д.Батсайхан нь манай хашаанд орж ирсэн. Тэгээд довжоон дээр байсан хувинг аваад өгзөг рүү цохичихоод гэр рүү ороод нарийнхан гарнизан мод авчирч миний зүүн гарын шуунд 7-8 удаа цохихоор нь “та болиоч” гэхэд “би цохиогүй шүү” гэж хэлчихээд модоо хугалчихаад гараад явсан. Д.Батсайхан нь тэр өдөр архи уусан байсан. Гэрийнхээ гадаа хуушуур идээд эхнэр, охин, ач нартайгаа байсан. Түүнийг манай гэрээс гарсных нь дараа хаалгаа түгжчихээд цагдаа дуудсан. Эдний гадаа цагдаа ирснийг ч мэдээгүй, охиныгоо ирэхгүй болохоор нь гэрээсээ гараад явсан гэх мэдүүлэг,
171500009000018 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч З.Урансайханы өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны орой 1930 цагийн үед манай хөрш айлын Батсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрт орж ирээд нэг юм хэлэхээр нь би сонсолгүй “юу гэнээ” гэтэл Батсайхан нь “чи яахаараа манай гэр рүү ус цацдаг юм” гээд намайг нарийн модоор зүүн гарны булчин хэсэгт 7-8 удаа цохиж, хэл амаар доромжилж, байшингийн хажууд байсан хувингаар өгзөг рүү болон нурууны хэсэгт цохисон болохоор би цагдаад хандах болсон гэх мэдүүлэг /хх-10-15 тал/, Гэрч Г.Алтангарьдын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны орой миний бие хэсгийн байцаагч, ахмад Д.Эрдэнэбатын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 3 дугаар багийн 36 хэсгийн 2-03 тоотод манай хажуу айлын хүн зодсон гэх дуудлага мэдээлэлд очсон. Бид хоёрыг очиход Батсайхан гэх хүн хаалгаа тайлж “манайх ямар нэгэн дуудлага мэдээлэл өгөөгүй, андуурсан байна” гэсний дагуу албаны 102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн хүний дугаарыг авч залгахад холбогдох боломжгүй гэсэн тул тухайн дуудлагаас буцсан. Маргааш нь Урансайхан гэх хүн ажил дээр ирж уулзаад манай хажуу айлын Батсайхан гэх хүн өчигдөр орой гэрт орж ирээд зодчихлоо гэх гомдлын дагуу мэдүүлэг авч гэмтлийн зэргийг тогтоолгосон. ...Урансайханы бие хаа нь хөхөрчихсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-17-18 тал/, Гэрч Б.Янжинлхамын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шиг санаж байна. 18-19 цагийн үед манай хажуу айлын эгч Урансайхан манай байшин руу юм цацаад байсан. Ямар зүйл цацсан талаар мэдэхгүй байна. Тэгээд аав Д.Батсайхан “яагаад юм цацаад байна” гэж хашааны наанаас Урансайхан эгчид хэлээд байх шиг байсан. Урансайхан эгч амандаа юм хэлсээр байгаад гэр рүүгээ орсон. Тэрнээс хойш би гэртээ байсан ба 20 орчим минутын дараа аавыг цонхоор харахад байшингийн үүдний довжоон дээр сууж байсан, цагдаа хашааны хаалганы үүдэн дээр ирсэн байсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-19 тал/, Гэрч Ц.Эрдэнэбилэгийн өгсөн: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 08-ны өглөө 08 цагт ажилдаа яваад орой 20 цагт гэртээ ирсэн чинь миний эхнэр болох Урансайханы гар нь хөхөрчихсөн байдалтай байсан. Ингээд яагаад хөхрүүлсэн талаар асуухад хажуу айлын Батсайхан гэх хүнийг орж ирээд цохичихлоо гэж ярьж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/, Шүүгдэгч Д.Батсайханы яллагдагчаар өгсөн: 2017 оны 8 дугаар сарын эхээр шиг санаж байна, орой 18-19 цагийн үед хоолоо идээд гадаа сууж байхад манай хажуу айлын Урнаа байшингийнхаа урд талын довжоон дээрээс манай байшингийн зүг рүү юм өргөж цацаад байх шиг байсан. Тэгэхээр нь Уранааг дуудаад “чи яахаараа манай байшин руу юм цацаад байгаа юм бэ, ямар учиртай юм” гэж асуухад юм ч хэлэхгүй болохоор нь загнасан. Тэгээд Урнаа байшин руугаа орохоор нь би гэртээ орж ирээд байж байтал удалгүй цагдаа ирээд “танайх дуудлага өгсөн үү, танайд хэн байгаа вэ” гэж асуухаар нь манай эхнэр, охин хоёр байгааг хэлэхэд яваад өгсөн. Би цагдаатай хашааны наана цаанаас харьцсан. 10-аад хоногийн дараа Урнаагийн нөхөр Эрдэнээ надад ярихдаа цагдаа дуудаад очиход Урнаа та хоёрыг бие биенийгээ зодсон гэж өргөдөл өгсөн талаар асууж байна гэсэн гэх мэдүүлэг /хх-29-30 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ¹239 тоот:
1. З.Урансайханы биед баруун зүүн бугалага, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалаганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 11 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36, 39 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-40-41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3Б хэсгийн 2-04 тоотод оршин суух иргэн З.Урансайханыг “өөрийн нь байшин руу ус цацаж, юм өргөсөн” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гарын шууг нь нарийн модон зүйлээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч З.Урансайхан, гэрч Ц.Эрдэнэбилэг, Б.Янжинхам, Г.Алтангарьд нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ¹239 тоот дүгнэлт, энэ дүгнэлттэй холбогдуулан шинжээч О.Нансалмаагийн өгсөн “2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр З.Урансайханы биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр зүүн бугалаганы гадна дунд хэсэгт 17*15 см, зүүн шууны гадна хэсэгт 6*4см захаараа шар ногоон туяа бүхий хөхөлбөр өнгийн цус хуралттай, цус хуралтын орчим хавантай, тэмтэрэхэд эмзэглэлтэй байсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр З.Урансайханы биед гэмтлийн зэрэг тогтоох тогтоол ирсэн, Урансайхан ч өөрийн биеэр ирсэн. ...Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батсайхан гэм буруугийн талаар маргаж, “би хохирогчийн гэрт ороогүй, түүнийг цохиж зодоогүй” гэх түүний мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрхи нотлох баримтуудаар үгүйгэгдэж байна.
Шүүгдэгч Д.Батсайханы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Д.Батсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27.5 см урттай, 2.5 см өргөнтэй хуванцар эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ихэр овогт Даваагийн Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Батсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Батсайханы 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 45000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Батсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27.5 см урттай, 2.5 см өргөнтэй хуванцар эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД