Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/00735

 

 

 

2024 05 07 142/ШШ2024/00735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******, *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух ******* овгийн ******* /регистрийн дугаар , утас: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.оос 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.******* нь 2023.06.06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод байрлах хашаа байшингаа Ж.ид 32 сая төгрөгөнд харилцан тохиролцож зараад 30 сая төгрөгийг дансаар авч үлдэгдэл 2 сая төгрөгийг мөнгөний болоцоо муу байна, цалингийн зээл 11 сард дуусна, 12 сард өгье гээд аман хэлэлцээ хийж бичиг баримтаа шилжүүлж өгсөн. Манай хашаа байшин нь байрлал сайтай, тэгш талбайтай, худаг, буудал, сургууль цэцэрлэг гээд бүх юмтайгаа ойр засмал замын хажууд байрладаг. Зар тавьсан дариуд Ж. нь эхнэртэйгээ хамт ирж хашаа байшин үзээд бид 2 шууд авъя, мөнгө бэлэн байгаа гэсэн. Тэр үед манай байшин хөөсөн блокоор баригдсан. Агааржуулалт хийчихмээр юм шиг санагдаж байгаа гэж зөвлөгөө өгч байсан. Тэр 2 манайд 2-3 удаа ирсний дараа мөнгө жаахан дутаад байна, яриач гэж гуйхад нь 34 саяд ав гэтэл дахиад жаахан яриач бид залуу хүмүүс тэгээс эхэлж байгаа, боломж бололцоо муу байна гэхэд нь бид хотод байрны урьдчилгаа хийх гээд мөнгөний хэрэгтэй байсан тул залуу хүмүүст боломж олгоод 32 сая төгрөгөнд ав гэж тохиролцоод бичиг баримтаа шилжүүлэхээр нотариат дээр очсон тухайн үед нотариат бичиг баримтаа шууд шилжүүлчихвэл 2 сая төгрөгөө дараа авч чадах уу гэж ийн дэргэд хэлэхэд би асуудалгүй гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэр үед итгэл гэж сайхан зүйл байна, залуу хүмүүс тийм муухай зүйл хийхгүй байх гэж итгэсэн. Хэлсэн хугацаа болж 12 сард би той утсаар ярихад мөнгө өгч чадахгүй гэсэн хариу өгсөн. Яасан юм бол гэж асуухад хүйтэн байна, тогны хүчдэл муу байна гэж хэлсэн. Манайх уг байшинд 3 жил өвөлжиж амьдарсан, гэтэл ойр орчмын айлын үгээр үг хийж, танайх өвөлждөггүй гэж байна гэх мэт байдлаар нь хүнийг балай авгай гэх зэргээр хэл үгээр доромжилж, ийм байшинд амьдарснаас нохойн үүрэнд амьдарсан нь дээр мөнгө өгч чадахгүй гэсэн байдлаар хандаж эхэлсэн. Эхнэр тэй нь ярихад хүйтэн байна, байшингийн хэм 21-22 хэм зааж байна гэж хэлсэн. Энэ хэмд амьдрах боломжтой гэж бодож байна. Энэ байдал нь ярьж тохирсон хэлцлээсээ буцаж үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэж шалтаг хэлж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хашаа байшингийн үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Ж. нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 31-28 тоотод байрлах хашаа байшинг харилцан тохиролцсоны үндсэн дээр Н.*******аас худалдаж авсан. Тухайн үед байшинг үзэхдээ танай байшин хэр дулаахан бэ, өвөл цан цохихгүй биздээ, цонхноос дулаан алдагдал хэр вэ, цахилгааны хүчдэл ямар вэ, эхнэр бид хоёр хоёулаа ажилтай тул хүү, охин хоёр маань хоёулахнаа гэртээ өдөрт үлддэг болохоор цахилгаан халаалт тавьбал болох уу гэж асуусан. Гэтэл манай байшин дулаахан, асуудал байхгүй, бид 3 жил амьдарч байгаа, цахилгааны хүчдэл асуудалгүй зүгээр гэж хэлсэн. Тэдний хэлсэнд итгээд байшин нь ямар ч асуудалгүй гэхээр энхэртэйгээ ярилцаж байгаад засвар, дулаалга хийх шаардлагагүй юм байна гээд бид худалдаж авахаар болоод гэрээ байгуулаад 30,000,000 төгрөгийг Н.*******ын данс руу хоёр хувааж шилжүүлсэн. Н.******* нь тухайн үед хот явах гээд яараад байна хурдал хурдал гэсэн. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг 2023 оны 12-р сард өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл байшинд нүүж орсноос эхлээд бороо ороход дээврээс ус гоожиж, хүйтэрч эхэлмэгц цонх хаалгаар салхи үлээж, хананы обойнууд хууларч, байшингийн дотор талын булан тохой мөсөрч эхэлсэн. Хүйтний эрч чангараагүй байхад өдөрт бараг 1 шуудай нүүрс түлж байхад гэр +19 градусаас дээш халдаггүй. Цонхоор их хэмжээгээр салхи сийгээд гэртээ тухтай сууж болдоггүй, тэгээд бид арга ядаж өөрсдөө цонхны сийгэж байгаа хэсгүүдийг бүгдийг силкондсон. Тэгсэн ч одоог хүртэл сийгсээр л байна. Мөн хаалгаар маш их хүйт орж ирдэг жийргэвч, дулаалга нь муу байгаа нь болов уу гээд бас өөрсдөө сольж хийсэн. Гэтэл бас л нэмэр болоогүй, тэгээд хаалганы дотор талаар нь хийдэг даавуун хаалт авч тавьсан. Энэ их байшингийн дулаан алдалтаас болж их хэмжээний нүүрс, түлээний зардал гарч байна. Зөвхөн нэг сард л 300 гаруй мянган төгрөгөөр нүүрс авч түлдэг, үүнээс гадна их хэмжээгээр мод түлдэг. Хоёр хүүхдээ өдөрт даарчихвий дээ гэж бодоод цахилгаан халаагуураа залгаад дулаахан байж байгаарай гэхээр цахилгааны хүчдэл нь дийлэхгүйн улмаас залгаж ажиллуулж болдоггүй. Бид байшинг худалдаж авахдаа Н.******* болон түүний нөхрөөс манайх 1-2 жилдээ засвар хийж чадахгүй, бүх юмаа зараад, зээл аваад байшин авч байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд санаа зоволтгүй, засвар хийх шаардлагагүй, дулаахан, дулаан алдалт байхгүй гэж хэлсэн. Тухайн үед байшинг худалдаж авахад зуны улирал байсан ба энэ талаар мэдэх ямар ч боломж байгаагүй. Н.******* нь 12 сард мөнгөө авъя гэж залгасан, бид та ямар ч асуудалгүй засвар хийх шаардлагагүй гэж хэлсэн, гэтэл байшин дулаан их алдаж, хана дагаж мөсөрч, салхи сийгэж байгаа тул засвар хийх шаардлагатай байна. Тиймээс үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгч чадахгүй, үүгээр засвар хийлгэнэ гэж хэлсэн. Үнэндээ энэ 2,000,000 төгрөг нь засвар хийхэд хаана нь ч хүрэхгүй. Гэтэл удаа дараа Н.******* болон түүний нөхөр залгаж, мессеж бичиж уурлаж, мөнгө нэхэж, хэл амаар доромжилж айлгаж сүрдүүлж, дарамтласан. Эрдэнэтийн хонхороос хайж олоод ална гэж сүрдүүлж, сэтгэл санааны дарамтанд оруулсан. Н.*******ын худалдсан эд хөрөнгийн дээрх доголдолуудыг түүнд хэлтэл тоохгүй, юм хэлэхгүй байсан. Ирээд байгаа байдлыг үзэж хар гэж хэлэхэд боломжгүй гэсэн. Тэгвэл ядаж видео калл хийгээд харуулъя гэхэд фэйсбүүк хаягаа өгөхгүй санаатайгаар зайлсхийсэн. Анхнаасаа л эд хөрөнгөнийхөө биет байдлын доголдлыг нууж манайд зарсан юм байна билээ. Бидэнд огт асуудалгүй шууд ороод амьдрахад болно гэж хэлсэн. Н.******* нь эд хөрөнгө худалдахдаа худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанарын талаарх /гэх мэт/ мэдээллүүдийг үнэн зөв, бүрэн өгөх ёстой байсан. Гэтэл өөрийн худалдаж байгаа байшингийн доголдлыг санаатайгаар нуун дарагдуулж бидэнд хохирол учруулж байна. Хэрэв анхнаасаа ийм доголдолтой гэдгийг нь мэдсэн бол энэ байшинг худалдаж авахгүй байсан. Н.******* нь ямар ч асуудалгүй гэж хэлсэн болохоор түүнд итгээд худалдаж авсан, тухайн үед дээрх доголдлуудыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байсан. Хэрэв Н.******* нь худалдсан эд хөрөнгийнхөө биет байдлыг доголдлыг арилгаж өгөхгүй бол гэрээг цуцалж өгсөн мөнгөө буцааж авж байшингийн буцааж өгч болно... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3/, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4/, байшингийн зураг, мессежний зургийн хуулбар /хх-ийн 5-7/

хариуцагчаас: байшингийн дотор талын байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 15/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.оос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

3. Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Н.******* нь 2023.06.06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод байрлах хашаа байшингаа Ж.ид 32 сая төгрөгөнд харилцан тохиролцож зараад 30 сая төгрөгийг дансаар авч үлдэгдэл 2 сая төгрөгийг 2023 оны 12 сард авахаар тохиролцож, бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлж өгсөн боловч үлдэгдэл 2,0 сая төгрөгийг байшин хүйтэн, маш их нүүрс, түлээ түлж байна, засвар хийх шаардлагатай гээд өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч Ж. нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч ...байшинд нүүж орсноос эхлээд бороо ороход дээврээс ус гоожиж, хүйтэрч эхэлмэгц цонх хаалгаар салхи үлээж, хананы обойнууд хууларч, байшингийн дотор талын булан тохой мөсөрч эхэлсэн, нэхэмжлэгч худалдаж байгаа байшингийн доголдлыг санаатайгаар нуун дарагдуулсан, анхнаасаа ийм доголдолтой гэдгийг нь мэдсэн бол энэ байшинг худалдаж авахгүй байсан, тухайн үед дээрх доголдлуудыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байсан. Иймд үлдэгдэл мөнгө болох 2,0 сая төгрөгийг өгөхгүй... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ж. нар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод байрлах хашаа байшинг 32,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх 2,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард төлөхөөр тохиролцож, уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

7. Хариуцагч Ж. хашаа байшингийн үнийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д 2023 оны 12 дугаар сард төлөхөөр тохиролцсон боловч ...байшинд нүүж орсноос эхлээд бороо ороход дээврээс ус гоожиж, хүйтэрч эхэлмэгц цонх хаалгаар салхи үлээж, хананы обойнууд хууларч, байшингийн дотор талын булан тохой мөсөрч эхэлсэн, ...маш их түлээ нүүрс түлж хэрэглэж байгаа, ...одоо байшинд засвар хийх шаардлагатай гэх үндэслэлээр төлөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан байна.

 

8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж тус тус заасан.

 

9. Хариуцагч худалдаж авсан байшинг өвөлдөө их хүйтэн, дулаан алдагдалтай, тогны хүч маш муу, засвар хийх шаардлагатай гэсэн тайлбар гаргасан боловч өөрийн тайлбар, татгалзлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

10. Өөрөөр хэлбэл худалдаж авсан байшин өвөлдөө хүн амьдрах боломжгүй хэмжээний хүйтэн, доголдолтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж. худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнэ болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ж.оос 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

12. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.оос 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.оос улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ