Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

2019         06          13                                    88

 

 

                                        Б-ын нэхэмжлэлтэй

                               хариуцагч Н-од холбогдох

                                           иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00597 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-од холбогдох,

Байрны түрээсийн төлбөр 1.580.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Н-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, хариуцагч Н-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н- нь манай Говилд байрлах нийтийн байранд байр хөлсөлж сууж байсан. 2 жил гаруй хугацаанд 2018 оны 03 сарын 09-өөс 2019 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын түрээс 100.000 төгрөг, 13 сар, 1.300.000 төгрөгийг огт төлөөгүй. Худлаа ярьж айлд түлхүүр үлдээгээд нүүгээд явсан байсан. Би 2018 оны өвөл гэрээ хийх гэж гэрт нь очсон. Эхнэр Ч- нь юун сүртэй юм бэ? өгнө шүү дээ. Чи намайг шүүхэд өгөх гэлээ гээд цаас базаад хаясан. Би тэр үед адилхан эмэгтэй хүн мөнгө төгрөг нь бүтэхгүй бухимдсан байх гэж бодоод өнгөрсөн. Н- нь чи Ч-тэй битгий ярь, би өөрөө хариуцаж өгнө тэтгэврийн зээл аваад орох оронтой болъё гээд байсан учир өгөх байх гэж бодоод өдий хүрлээ. Амьдарч байх хугацааны халаалтын төлбөр 2018 оны 12 сараас 2019 оны 03 сар хүртэл 279.708 төгрөг огт төлөгдөөгүй байна. Н- өгч байгаа гээд байсан. Ингээд нийт 1.580.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Норов овогтой Бямбацогт би 2017 онд вокзалд 3 өрөө байр сарын 100,000

төгрөгөөр хөлсөлж сууж байсан. Гэтэл Б- утасдаж говилд байгаа миний нийтийн байрны нэг өрөөг гайгүй 50.000-60.000 төгрөгөөр хөлслөөд суу гэсэн. Тэгээд би 2017 оны 04 сарын 09-нд тус байранд нүүж орсон. Тэгтэл хэлсэн үгэндээ байж чадалгүй сүүлд нь надаас бөөн мөнгө нэхээд байна. Би сарын 100.000 төгрөг гэсэн бол юу гэж халуун хүйтэн устай байрнаас гарч нийтийн байранд орох билээ дээ. Хэдэн төгрөгийн хямдыг нь бодоод орсон. Энэ хүний ийм гэдгийг нь мэдсэн бол адилхан үнэтэй байсан бол яах гэж оров доо. Энэ хүн намайг ядарч яваа болохоор ингэж тоглож болно гэж бодсон бол би энэ хүсэлтийг хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Би сууж байсан хугацааныхаа сая төгрөгийг төлөөд сууж байсан. Гэтэл нэг өдөр нүү, гар гэж хөөсөн. Би сар гаруй хугацаанд хөөгдөж янз янзаар дарамтлуулж байгаад болохгүй болохоор нь 2019 оны 04 сарын 08-нд аргагүйн эрхэнд нүүж гарсан. Би энэ мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Би хөөгдөж нүүсний 80.000 төгрөг, түүний урдах 70,000 төгрөг, хөөгдөж нүүх хооронд эвдэрч хэмхэрсэн тавилгын мөнгө гээд хохирол их учирсан. Эдгээр мөнгийг би нэхэмжлэх учиртай гэж үзэж байна. Ингэж хүнийг ядарч явахад хүний сэтгэл санаагаар тоглож болохгүй. Би гомдолтой байна. Өдийг хүртэл хүнийг ингэж хуурч, хуурагдаж явсан удаа байхгүй. Яагаад надаар ингэж тоглож байгаа юм бэ? даанч дээ. Би тэнэг ч гэсэн адилхан үнэтэй байрнаас гараад нийтийн байранд орох уу даа. Вокзалын 3 өрөө төвлөрсөн байранд сарын 100,000 төгрөгөөр сууж байхад нүүж гаргачхаад дараа нь хүнийг ингэж өрөнд оруулж, гүтгэж болох уу даа. Шүүх үнэнийг олж намайг хохиролгүй болгож өгнө үү? би олон жил байр хөлсөлж амьдарсан. Ийм зантай хүнтэй таарч байсангүй. Энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна. Түрээслэгч хүн хэзээ ч дулааны мөнгө төлдөггүй баймаар юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00597 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 292 дугаар зүйлийн 292.1-д заасныг баримтлан хариуцагч Н-оос 1.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279.708 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40.320 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н- давж заалдсан гомдолдоо:

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар надаас 1.300.000 гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүн намайг зөөлчилж байна гэж үзэж байна. Учир 2015 оны 05 сард би энэ хүний байрыг түрээслээд 1 сар болоогүй байхад та нар гарцгаа би байраа зарчихлаа гээд байрнаасаа хөөн гаргасан. Ингээд би вокзалын 4-4-44 тоотод 3 өрөө байр хөлсөлж тэндээ тайван амьдарч байтал над руу утсаар залгаж за та 2 минь манай байранд ор би төвд амьдрахаар болсон учир байр эзгүйрээд байна. Алсдаа та 2 худалдаж авна биз бид зан зангаа мэддэг учир болно биз гэсэн. Тэгэхээр нь би за чи ор гэж оруулчихаад дараа нь хөөдөг шүү дээ гэхэд тийм зүйл гаргахгүй санаа зоволтгүй гэсэн. Тэгээд л би нүүгээд дахин тэр байранд нь орсон юм. Тэгээд орохдоо нойл, ванн байхгүй нийтийн байр юм чинь 50-60 дотор төлбөр хийх үү? гэхэд за яахав болох байлгүй дээ гээд байсан юм. Бид хоёр байр хөлслөх, хөлслүүлэх гэрээ хийгээгүй, аман гэрээ мөн яригдаагүй. Миний хувьд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Б-т 1.100.000 төгрөг өгсөн. Миний бодлоор анх ярьснаасаа илүү 2 жилийн төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа. 

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Н-од холбогдуулан орон сууц хөлсөлсний хөлс 1.300.000 төгрөг, халаалтын төлбөр 279.708 төгрөг нийт 1.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1,289 дүгээр зүйлийн 289.1.2, 292 дугаар зүйлийн 292.1-д заасныг баримтлан хариуцагч Н-оос 1.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279.708 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б-ын өмчлөлийн  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 3-14 тоотод байршилтай байрыг сарын 100.000 төгрөгөөр  хөлслөхөөр амаар харилцан тохиролцон хөлслөн суужээ.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-т зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх байгуулагджээ.  

Хариуцагч Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг  хүртэл гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч, 11 сарын хугацааны төлбөр 1.100.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  “...талууд орон сууцны сарын хөлсийг 100.000 төгрөгөөр тохирсон болох нь батлагдаж байна...” гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 Хариуцагч Н- давж заалдсан гомдолдоо “...байрны нэг сарын төлбөрийг  50-60.000 төгрөгөөр тохирсон...” гэх боловч  энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй  байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “ татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Н-ын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР