Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/24

 

    К.Сд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Сд холбогдох эрүүгийн 1913001700117 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида, шүүгдэгч К.С, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 8 хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ш овогт К-ий С /РД:БГ85112732/ нь  2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, согтуугаар Муссо загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 б, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч М.Бийн амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш овогт К-ийн Сыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэний М.Бийн амт нас хохирсон   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2ШО/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Үйлчлүүлэгч К.С нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө Муссо маркийн 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Б нас барж, өөрөө уг ослын улмаас хүнд гэмтэл авсан. Энэ нь хавтаст хэргийн 73-74 дугаар хуудаст авагдсан ШШҮХ-ийн шинжээч Е.Бауыржаны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 168 дугаар шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “Иргэн К.Сын ...гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна". 4 дэх заалтад “Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг эмчилгээ оношилгоо, эдгэрлийн явцаас хамаарна” гэснээр, түүнчлэн, үйлчлүүлэгч К.Сд холбогдох эрүүгийн 191300170117 дугаар хэрэг тус шүүхэд шилжиж ирсний дараа К.Сын сэтгэцийн байдалд өөрчлөлт орж улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 13 дугаар магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн учраас үйлчлүүлэгч К.С үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ үүсэж болох нөхцөл байдал, түүний холбогдсон гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэг байгаа зэргийг харгалзан сэтгэцийн байдал нь эрүүл эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЭ/236 дугаартай “Сэтгэцийн эмгэг судлалын дахин шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах тухай” захирамжаар хэрэг хариуцах чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгасан. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтээр “1.К.С нь гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, түүнээс шалтгаалсан тэнэгрэл, ойгүйдлийн хам шинжтэй. 2 К.С нь хэрэг хариуцах чадваргүй. 3 . К.С нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 4.К.С нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй цаашид сэтгэц, мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай.” гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Дараа нь, анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/74 дугаартай “Сэтгэцийн эмгэг судлалын нэмэлт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тухай” захирамжаар хэрэг хариуцах чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахыг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд даалгасан, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтээр “1.К.С нь гэмтлийн гаралтай тархины эмгэгшил гэдэг нь үндэслэлтэй байна. ...Шүүх сэтгэцийн 12-р дүгнэлтийн К.Сын 2- р дүгнэлтийн өмнөх сэтгэцийн байдлыг мэдэхгүй тул одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлов гэсэн нь үндэслэлтэй байна. ...12-р дүгнэлтийн 5-р К.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй цаашид сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй байна. 3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019.04.09-ны өдрийн 168 дугаар дүгнэлтээр шүүгдэгч К.Сын биед учирсан гэх хүнд гэмтэл нь одоогоор сэтгэцийн байдалд нөлөөлсөн байна. 4. К.Сын тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил эмгэг нь харьяа аймгийн мэдрэлийн эмчийн хяналтад байж эмийн эмчилгээ хийлгэж хувийн дэглэм баримталсан тохиолдолд эдгэрэх боломжтой. 5. К.Сын дээрх эмгэг нь одоогоор нийгэмд аюул учруулахааргүй байна. 6. К.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. К.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй бөгөөд харьяа аймгийн мэдрэлийн эмчийн хяналтад засрал сайжрал авах хүртлээ байх боломжтой байна” гэжээ. Анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгч К.С нь шүүхийн болон улсын яллагчийн асуусан асуултад хариулж чадахгүй өөрөөр хэлбэл мэдүүлэг өгч чадахгүй байсан, өмгөөлөгчийн зүгээс дээрх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 13 дугаар магадалгаа болон 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтүүд нь нэг нэгнээ үгүйсгэсэн, ялангуяа сүүлд гарсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлт эргэлзээтэй талаар үндэслэл бүхий тайлбараа хэлсэн. Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтийг гаргасан шинжээчээс зарим эргэлзээтэй зүйлүүдийг тодруулахын тулд гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “Тархины цахилгаан бичлэг: Улсын нэгдүгээр төв эмнэлэг Дугнэлт: Эмгэг-2 Ерөнхий өөрчлөлттэй Дүгнэлт: Баруун талын чамархай хэсгийн тархины эдийн няцрал духны баруун талын хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын зулай чамархай хацрын ясны хугарал цууралттай гэх. Сэтгэцийн онош: Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил /Р07.2/ ” гэсэн олон эргэлзээтэй зүйлүүд байгаа. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон ‘'нотлох баримт шалгуулах” тухай эрхийг ноцтой зөрчиж эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж тус хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

2. Үйлчлүүлэгч К.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, харин шүүх хуралдаанд эрүүл мэндийн байдлын улмаас мэдүүлэг өгч чадаагүй. Хохирогч талаас "М.М миний бие эрүүгийн 191300170117 дугаар хэрэгт хохирогчоор оролцож байна. Авто ослын улмаас К.С-ын биед хүнд гэмтэл учирсан ба Ховд аймгийн шүүх сэтгэц эмнэлгийн шинжээч нарын дүгнэлтээр түүнийг хэрэг хариуцах чадваргүй гэсэн байна. К.С нь манай гэрт хөрш ойрхон амьдардаг учраас түүний эрүүл мэндийн байдал болон аж амьдралын талаар сайн мэдэж харж байгаа. Өөрөөр хэлбэл К.С нь одоогийн байдлаар байнгын бусдын асрамж хараанд байгааг өөрийн нүдээр харж байна. Дээрээс нь К С-ын ар гэрийн байдал маш хүнд 6 нялх хүүхэдтэй, эхнэр нь саяхан амаржсан, биеийн байдал нь тааруу байна. Тийм учраас К.С-ын сэтгэцэд дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж хүсэж байна. Хохирогчийн зүгээс К.С-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Ховд аймгаас гарсан шинжээчийн дүгнэлтийн дагуу хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна, ...шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна" гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч К.С-ыг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгөх талаар үндэслэл бүхий санал дүгнэлт гаргасан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.С-ын хувьд дээрх хуульд заасан бүх урьдач нөхцөлүүдийг хангасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.”  гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч К.С нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  Муссо загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-ийн б/-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,  12.1-т заасан “Жолооч ... тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодон явсан автомашиныг онхолдуулан, автомашинд зорчиж явсан С.Бийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-гийн мэдүүлэг /1хх 47-51/, хохирогч А.Т-н мэдүүлэг /1хх 53-56/, яллагдагч К.С-ын мэдүүлэг /1хх 105-106/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9/, амь хохирогч М.Б-ийн цогцост хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар дүгнэлт /1хх-ийн 90-91, 93/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /1хх-ийн 98-99/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2020оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт /2хх-ийн 47-54/  зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч К.Сыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Бийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч К.Сын согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Бийн амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч К.С, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон нотлох баримт шалгуулах эрхийг ноцтой зөрчиж эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийн урьдач нөхцөл хангагдсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дүгнэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан.

Шүүгдэгч К.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нэг хүний амь нас хохирсон зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч К.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч К.Сын цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сын  цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            М.НЯМБАЯР