Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00130

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Г.Баяраа,
Хохирогч У.Ариунбаяр, У.Ариунтуяа, тэдний өмгөөлөгч С.Найдан,
Шүүгдэгч Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч У.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянхишигийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201706000116 дугаартай 132/2017/0112/Э индэкстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ном зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 1-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Буянхишигийн Отгонбаяр /РД:ГЮ66040878/.
Холбогдогсон хэргийн талаар:
Б.Отгонбаяр нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн В хэсгийн 16-02 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Б.Баярхүүгийн гэрт У.Ариунбаяр, У.Ариунтуяа нартай “Цагдаа дуудаж ах Баярхүүг эрүүлжүүлэхэд хийлгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар тэднийг зодож, хохирогч У.Ариунбаяр, У.Ариунтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаярын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг Эрдэнэтэд явж байхад бэр эгч залгаад ах чинь агсан тавиад байна гэхээр нь би ажилтай явж байсан болохоор утсаа салгасан. Орой Эрдэнэтээс ирээд ахыг яасан бол гээд гэрт нь очиход Ариунбаяр эгч дүү Ариунтуяатай хамт байсан. Ах хаана байна гэхэд цагдаа дуудаад өгсөн гэхээр нь аргалаад унтуулчихгүй яасан юм гээд бэр эгчтэй маргалдсан. Тэгтэл Ариунбаяр, Ариунтуяа нар нь намайг доороо хийж
байгаад толгой түрүүгүй цохьсон. Би өөрөө энэ хоёрт зодуулсан. Гэртээ хариад бие өвдөөд түргэн дуудаж үзүүлсэн. Эмч даралтны эм бичиж өгөөд явсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ариунбаярын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр ажлаасаа халагдчихлаа гээд согтуу ирсэн. Би өөрийн төрсөн дүү Ариунтуяатай хоолны юм бэлдээд сууж байсан. Манай нөхөр бид хоёрыг хоол унд хийлээ, түлээ түлш барж байна гээд дүүг маань хэл амаар доромжилсон. Би нөхрийгөө унт гэсэн унтахгүй бид 2 руу агсраад байхаар нь дүү рүү нь Баярхүү агсам тавиад байна гэхэд би хол байна гэсэн. Дараа нь Отгонбаяр руу ярихад Эрдэнэтэд байна гэсэн. Хүү рүүгээ яриад аав чинь энд агсам тавиад байна гэхэд цагдаа дуудаад өгчих гэсэн. Тэгээд цагдаа дуудаад өгчихсөн. Тэгээд хоол ундаа хийгээд, гэр орноо цэвэрлээд байж байтал Отгонбаяр орж ирээд ах яасан гэхээр нь цагдаа дуудаад өгчихсөн гэсэн. Тэгээд жоохон маргаан болсон. Отгонбаяр миний ах чиний хүүхдийг 30 жил тэжээлээ. Уртнасангийн шээснүүд даварсан байна гэж хэл амаар доромжилсон. Энэ үгийг ганц удаа надад хэлээгүй. Би дагавар хүүхэдтэй суусан нь үнэн. Отгонбаяр намайг босч ирээд алгадсан. Бид 2 зууралдаад байж байхад миний дүү “миний эгчийг яаж байгаа юм” гээд ирэхэд бид хоёрыг барьж аваад хооронд нь мөргөлдүүлээд, үснээс зулгаагаад, орон дээр унагааж дээрээ дарж, үүснээс зуурч бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлсэн. Бид 2 юу гэж зүгээр хүнд зодуулаад байх бэ дээ Отгонбаярын гарнаас мултархын тулд би гараараа цохьсон. Тэгээд Отгонбаяр гарахдаа эрэгтэй нь дийлдэггүй юм бол эмэгтэйгээр нь зодуулна гээд гараад явсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа дээр очоод түргэн дуудаж анхан шатны тусламж үзүүлсэн. Хөнгөн гэмтэл авсан байна эмнэлэгт хэвт гэсэн. 9 хоног эмнэлэгт хэвтэж байхад ганц ч удаа эргэж тойроогүй. Ах дүү хамаатан садан хүмүүс байна ирэх байх гээд 9 хоног харсан. Нөхөр, үр хүүхдээ бодсон ч надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ариунтуяагийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүргэн ах Баярхүүгийнд төрсөн эгчтэйгээ хоолны материал бэлдээд сууж байхад гаднаа хүргэн ах согтуу бухимдалтай орж ирээд эгчийг хэл амаар доромжилж, гэртээ агсам тавьсан. Миний ээж, аавыг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон. Би нилээнд удаан тэвчиж суусан. Сүүлдээ та одоо яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд намайг бас хэл амаар доромжилж, манайхаас зайл гэж хөөж туусан. Хүргэн ахыг цагдаа аваад явнаас хойш Отгонбаяр ах ирсэн. Отгонбаяр эрүүл байсан. Орж ирээд эгч бид хоёрт эхэлж гар хүрсэн. Отгонбаяр ахад маш их гомдолтой байна.. Би Дундговь аймагт ажилдаг ажлаасаа 10 хоногийн чөлөө аваад ирсэн. 10 хоногийн цалин болох 330.000 төгрөг болон ирж, буцсан замын зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201706000116 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөнтуяагийн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 20-д гаргаад яг өдрийг нь санахгүй байна. Ариунбаяр, Ариунтуяа эгч нар нь хоол хийж гадуур зардаг юм. Хийсэн хоолоо зарчихаад гэртээ ирж махаа татаад хоолны зүйлээ бэлтгэж байхад гаднаас Баярхүү ах халамцуухан орж ирээд ажлаасаа халагдчихлаа гэж хэлэн их ууртай байсан. Ариунтуяа эгчийг зүгээр байснаа гэрээс зайл чи миний гэрийн босгыг алхах ямар эрхтэй юм гэсэн. Ариунбаяр эгч Баярхүү ахыг болиоч гэж хэлэхэд чамд ямар хамтаатай юм. Уртнасангийн шээс гэж хэлж байсан. Ариунтуяа
эгчийн татаж байсан махыг Баярхүү ах авч шидсэн. Цагдаа дуудахад цагдаа ирээд Баярхүү ахыг аваад явсан. 20 цагийн үед Баярхүү ахын төрсөн дүү Отгонбаяр, Баярхүү ахыг хаана байгааг асуусан. Ариунбаяр эгч Баярхүү ахыг агсан согтуу тавиад байхаар нь цагдаа дуудаад өгсөн гэж хэлэхэд та нар ямар овоо болсон юм. Уртнасангийн шээснүүд ийм байсан юм уу гээд цамцаа тайлаад Ариунбаяр эгчийг орны урд талд байсан чинь гараараа гэдэс рүү нь 2-3 удаа цохисон. Ариунтуяа эгч дундуур нь болиоч гэж хэлэн ороход Отгонбаяр ах Ариунтуяа, Ариунбаяр эгчийг үсдэж аваад орон дээр чирч хэвтүүлээд хана мөргүүлэн Ариунбаяр, Ариунтуяа эгчийн толгойг нь хооронд нь мөргүүлсэн. Би аймар айгаад Ариунбаяр эгчийн утсаар бичлэг хийсэн. Ариунбаяр эгч болъё л доо гэсэн чинь шкафны урд талд байж байгаад Ариунбаяр эгчийн хөх рүү өшиглөхөд орон дээр сууж байсан Ариунтуяа эгч одоо болилдоо гэхэд Ариунтуяа эгчийг галын урд талд байсан бөөрөнхий төмрөөр хөл рүү нь цохиод хөлнөөс нь татан орноос чирж унагаагаад гэдэсэн дээр нь дэвссэн. Ариунбаяр эгчийг орны хажууд зогсож байхад баруун гараа зангидаж байгаад нүүр рүү нь 2 удаа цохисон. Би цагдаа дуудсан ба Отгонбаяр ах хүүхнүүд авчирч байгаад та нарыг зодуулна гээд байшингийн хаалгыг саваад гараад явсан. Дахин ирээгүй. Ариунбаяр, Аринтуяа эгч бид нар хүүхнүүд авчирна гэхээр нь айгаад байшингаас гарч яваад цагдаа дээр ирээд түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэрч Б.Мөнхдэмбэрэлийн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 21 цагийн үед Булган аймаг дахь цагдаагийн газраас хүнд зодуулсан байна гэх дуудлагын дагуу цагдаа дээр ирэхэд эмэгтэй хүн байсан ба Ариунбаяр гэх эгчийн зүүн талын нүд нь хөхөрөөд хавдсан уруул нь их хэмжээтэй хавдаад цус гарсан байдалтай байсан, даралт нь нилээн их, зүрх нь дэлсээд байна гэхээр нь даралтыг нь буулгах эмчилгээ хийлгэж эмнэлэгт хүргэсэн. Нөгөө эмэгтэй нь биеийн байдлаа хэлээгүй ба эгч гээд байхаар нь эгчийг нь үзсэн. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хүн зодуулсан босож чадахгүй байна гэх дуудлага эмнэлэгт ирсэн. Тэгэхээр нь очиход Отгонбаяр гэх хүн орон дээрээ хэвтсэн байдалтай байсан. Өөрийгөө бие муутай хүн гэсэн ба өчигдөр нь 2 хүүхэнд зодуулсан талаараа ярьж байсан. Биеийг нь харахад ил харагдах шарх сорив байгаагүй, хамаг бие өвдөөд босож чадахгүй байна гэхээр нь тайвшруулах өвчин намдаах эм хийгээд цаашдаа эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явсан. Миний бодлоор өмнөх өдөр үзүүлсэн 2 эмэгтэйтэй зодолдсон юм шиг байгаа юм гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №115 тоот дүгнэлтэнд: 1. У.Ариунтуяагийн биед зүүн бугалага, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, баруун чих, толгойн орой, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарах тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-23 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №116 тоот дүгнэлтэнд: 1. У.Ариунбаярын биед зүүн дээд, доод, зовхи, эрүү,
зүүн шуу, хэвлий, уруулд цус хуралт, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарах тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-28 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №122 тоот дүгнэлтэнд: 1. Б.Отгонбаярын биед: баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарах тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-33 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №154 тоот дүгнэлтэнд: Б.Отгонбаярын биед нэмэлт шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй гэх/ хх 38-39 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №873 тоот дүгнэлтэнд: Б.Отгонбаярын биед үзлэг хийсэн шинжээч эмч Б.Мөнх-Оюуны №122 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Нансалмаагийн №154 тоот дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. Хавтаст хэрэг болон 122, 154 тоот дүгнэлт, амбулаторийн карт, түргнэ тусламжийн хуудас зэргийг нягтлан үзэхэд Б.Отгонбаярын биед тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болох үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой, дээрхи баруун тохойд учирсан зулгаралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /хх 66-67 тал/,
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн В хэсгийн 16-02 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Б.Баярхүүгийн гэрт У.Ариунбаяр, У.Ариунтуяа нартай “Цагдаа дуудаж ах Баярхүүг эрүүлжүүлэхэд хийлгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар тэднийг
зодож, хохирогч У.Ариунбаяр, У.Ариунтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч У.Ариунбаяр, У.Ариунтуяа, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Б.Отгонбаярыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Отгонбаяр цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн CD бичлэгийг зэргийг хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн хавтастай амбулториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, амбулториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг тус бүрийг шүүгдэгч Б.Отгонбаярт буцаан олгохоор тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Ариунбаярын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт 360.000 төгрөгийг төлсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ариунтуяа нь ажилгүй байсан 10 хоногийн цалин болох 330.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Буянхишигийн Отгонбаярыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярын 500.000 төгрөгийн торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төлбөрийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж солих болохыг сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий CD-ыг хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн хавтастай амбулториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, амбулториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг тус бүрийг шүүгдэгч Б.Отгонбаярт буцаан олгож, хохирогч У.Ариунбаярт 360.000 төгрөг төлсөн, хохирогч У.Ариунтуяа нь энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН