| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03283/И |
| Дугаар | 184/ШШ2024/02662 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02662
2024 05 14 184/ШШ2024/02662
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
29,648,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ”*******” ХХК-ид жолооч, борлуулагчийн ажил үүргийг гүйцэтгэж, “Батос” зайрмагийг хамтран ажилладаг дэлгүүрт нийлүүлж, борлуулдаг байсан бөгөөд өдөр өдөртөө орлогоо тушааж байдаг байсан. Гэтэл ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сард 6,675,600 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 7,174,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сард 8,598,600 төгрөг нийт 22,448,200 төгрөгийн орлогыг дур мэдэн өөрөө захиран зарцуулж компанид хохирол учруулсан. Улмаар *******тай тооцоо нийлж уг мөнгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалсан бөгөд компанийн зүгээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагч нь Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд ажил үүргээ хүлээлцэхдээ 9 ширхэг батос логотой хөлдөөгч дутаасан байсан. Уг хөлдөөгчийн зах зээлийн үнэлгээ 800,000 төгрөг бөгөөд нийт 7,200,000 төгрөгийн үнэ бүхий компанийн эд хөрөнгийг дутаасан. Иймд *******аас компанийн орлогоос дур мэдэн захиран зарцуулсан мөнгө болох 22,448,200 төгрөг, компанийн хөрөнгө болох хариуцаж авсан дутаасан 9 ширхэг хөлдөөгчийн үнэ болох 7,200,000 төгрөг нийт 29,648,200 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямсүрэн, хариуцагч ******* нар эвлэрлийн гэрээндээ: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. “*******” ХХК нь нэхэмжлэлийн үнэ болох 29,648,200 төгрөгөөс 3 хөлдөөгчний үнэ болох 2,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 27,248,200 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******т холбогдуулан 29,648,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 2,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,248,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 29,648,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,248,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 153,095.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,191 төгрөгөөс 153,095.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “*******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***