| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2019/00183/и |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 89
2019 06 13 89
“Ө-” СӨХ-ны нэМхэмжлэлтэй хариуцагч
Н-ад холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00544 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: “Ө-” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н-ад холбогдох,
Харуул хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.
Нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Н- нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Ө- хорооллын 102 дугаар байрны 79 тоот орон сууцанд оршин сууж байна. Ө- хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7.500 төгрөг байхаар тогтсон байдаг. Н- нь 102 дугаар байрны 79 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 360.000 төгрөг болно. Уг 360 000 төгрөгийг задалж үзвэл 2015 онд 90 000 төгрөг, 2016 онд 90 000 төгрөг, 2017 онд 90 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 360 000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс Н-аас “Ө-” хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 360.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Н- би 2013 оны сүүлээс өнөөдрийг хүртэл Ө- хотхоны 102-р байрны 79 тоотод оршин сууж байна. Энэ хугацаанд Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, үйлчлэгчийн зардал /8000 гаруй төгрөг/ тогтмол /сар бүр/ төлж байна. Харуул хамгаалалттай байх хурлыг 2013 онд зохион байгуулсан бөгөөд тухайн үед Ө- хотхоны 101,102 дугаар байрнуудын нийт оршин суугчдыг /40 орчим айл/ төлөөлж 10 гаруй хүн харуул хамгаалалттай байх нь зөв эсэх талаар хуралдсан байдаг. Хурлаар хэрэв зөвшөөрвөл оршин суугч бүртэй харуул хамгаалалтын гэрээ байгуулахаар ярилцсан байдаг. Тухайн хурлын шийдвэр гэх нэрийн дор 40 орчим айлаас 3 ээлжийн харуулыг 300.000 төгрөгөөр цалинжуулах /хамгаалалтын зардал нь 1 сарын 1 сая төгрөг/ нөхцөлтэйгээр 1 айлаас 7500 төгрөг хурааж, цаашид 101,102, 104 дүгээр байрнуудад бүх оршин суугчид нэмэгдэх тусам харуул хамгаалалтыг зардлыг бууруулах талаар ухуулга хийсэн байдаг. 2014 оноос хойш тус хотхонд оршин суугчид нэмэгдэж, 200 гаруй айл өрх оршин сууж байхад харуул хамгаалалтын компанид төлөх зардлыг бууруулаагүй. Энэ талаар шинэ оршин суугчид мэдээгүй байдлыг далимдуулж, гэрээний зардлыг өсгөж, гэрээг шинэчилсэн. Нөгөө талаас 2013 оны сүүлээр миний өөрийн эзэмшлийн Хьюндай аксент маркийн автомашин гэрийн гадаа зогсоол дээр байх үедээ мөргүүлж, эвдэрсэн байдалтай байсан. Уг асуудлаар харуул хамгаалалтынханд хандахад хараагүй мэдээгүй, хяналтын камер ажиллахгүй байна гэх тайлбарыг өгч байсан. Улмаар СӨХ-д хандахад “танайх” харуул хамгаалалтын “гэрээ байгуулаагүй” тул хохирлоо барагдуулах боломжгүй гэсэн. Ингээд учирсан хохирлоо барагдуулж чадаагүй. Түүнээс хойш харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаагүй буюу эрх зүйн харилцааг үүсээгүй байхад нэхэмжлэл ирүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мэтчилэн эд хөрөнгөд учирсан хохирлоо барагдуулаагүй, хулгай, зөрчил гарсан ч тогтоогдоогүй, мөн харуул хамгаалалтыг хүлээн зөвшөөрдөггүй оршин суугчид манай хотхонд олон байдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Харуул хамгаалалтыг хариуцаж байгаа Сек Тек ХХК нь НА группын /ЭХ ХХК/ харуул, хамгаалалтыг хариуцдаг. Манай СӨХ-ны удирдлагууд бүгд ЭР ХХК-д ажилладаг хүмүүс. Иймд тэд ашиг сонирхлоо хамгаалдаг байх. Аливаа харилцаа хууль, журамд нийцэх ёстой. Харуул хамгаалалтын гэрээг байгуулснаар хариуцагч талуудын эрх, үүрэг, хамгаалалтын зардал тодорхойлогдох ёстой. СӨХ-ны зүгээс ихэвчлэн хувийн хөрөнгө харуул, хамгаалалтад хамаарахгүй гэх тайлбар өгнө. Хувийн болон нийтийн эзэмшлийн хөрөнгийг хамгаалах зорилгоор харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж байж, нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалагдана гэж ойлгож байна. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн бүх оршин суугчдын хурал, тухайн хуралд нийт орон суугчдын 50-иас дээш хүн оролцож, баталсан шийдвэрээр баталгаажих ёстой. Миний зүгээс харуул хамгаалалт бий болгох асуудал нь хууль зөрчсөн шийдвэр байсан, мөн гэрээ байгуулаагүй байж, мөнгө нэхэмжлэх нь эрх зүйн үндэсгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00544 дугаар шийдвэрээр:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н-аас 360.000 төгрөг гаргуулах “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- нар давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан үзээгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Учир нь “Ө-” сууц өмчлөгчдийн холбоо нь харуул хамгаалалттай байх асуудлыг оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэхүү асуудлаар нийт 207 өмчлөгч оршин сууж байснаас 183 өрх санал өгсөн. Санал өгсөн 183 өрхөөс 146 гишүүн буюу 78.4 хувь нь харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай гэж дэмжсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус заасныг нийт өмчлөгчдийн буюу гишүүдийн 78.4 хувийн саналаар Харуул хамгаалалттай байх асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Хууль тогтоогчоос тогтоосон хуулийн дээрх зохицуулалтууд нь сууц өмчлөгч холбооны гишүүдийн хэлэлцэх асуудалд санал өгөх эрхээ хэрэгжүүлж чадсан эсэх асуудлыг зохицуулахад чиглэсэн. Энэхүү зохицуулалтыг Ө- сууц өмчлөгчдийн холбооны хурал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаас СӨХ-ны хуралд ирэх боломжгүй, ирэх хүсэлгүй байдаг оршин суугч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сууц өмчлөгчдийн холбоо эрх үүргээ хэрэгжүүлэх чадамжгүйд хүрч болохгүй юм. Хариуцагч Н- нь Сууц өмчлөгчдийн холбоо болон шүүхэд хандан бүх гишүүдийн хурлын харуул хамгаалалтай байх тухай шийдвэрт гомдол, шаардлага гаргаагүй байтал шүүх өөрийн санаачлагаар хэт нэг талыг барьж хурлаас гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэнд гомдолтой байна. Сууц өмчлөгч болох Н- нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйл болон холбогдох хуульд зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай юм.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 544 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н-ад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н-аас 360.000 төгрөг гаргуулах “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч Н- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Ө- хорооллын 102 дугаар байрны 79 тоот байранд оршин суудаг байна.
Хариуцагч Н- нь дундын эд хөрөнгийн хамгаалалтын зардал 1 сарын 7.500 төгрөг, 2015 онд 90.000 төгрөг, 2016 онд 90.000 төгрөг, 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг нийт 360.000 төгрөг төлөөгүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
“Ө-” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н-аас зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудал буюу “...бүх гишүүдийн хурал...”-ын талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т заасан “... дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.9.-т зааснаар хариуцагч Н- нь хамгаалалтын хөлс болох 360.000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00348 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н-аас 360.000 төгрөг гаргуулах “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”гэснийг “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.-д зааснаар хариуцагч Н-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай...”гэж,
Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжинд 11.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР