Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00134

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн О.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
насанд хүрээгүй хохирогч Н.Хувьзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч А.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.Мөнгөнтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0126/Э индекстэй, 1715000260026 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Шарторгууд овогт Батбаярын Мөнгөнтулга /РД:ГИ88021311/, Холбогдсон хэргийн талаар:
Б.Мөнгөнтулга нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Манхтайн гарам” гэх газарт Mitsibushi Delika маркийн 22-53 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” ЗХД-ийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Н.Хувьзаяагийн жолоодож явсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayun маркийн мотоцикольтой мөргөлдөж зам тээврийн осол гарган Н.Хувьзаяагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнтулга өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Хувьзаяа өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр сумын төвөөс 1 км орчим зайтай газар тоглож байгаад орйо
22 цагийн үед 2 дүүгээ сундлаад өөрийнхөө мотоциклийг унаад явж байхад урдаас нэг машины гэрэл гарч ирсэн тэгэхээр нь би шороон замаас гараад явж байхад нөгөө машин миний баруун гар талаар өнгөрөх гэж байснаа 3 замын уулзвар хэсэгт дээр миний урдуур зүүн гар тийш нь дараад ороод ирсэн тэгэхээр нь би нөгөө машины баруун гар талаар нь зөрөх гээд зөрж чадаагүй гэрлийн гялбаанд ороод машины баруун урд хэсэг рүү мөргөлдсөн гэх мэдүүлэг,
17150000260026 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч Г.Мөнхцэцэг өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад гэрээсээ Шүрэн гэх газар руу айлд очих гээд нөхөр Мөнгөнтулга өөрийн цагаан өнгий Делика машинтайгаа би Баттуул, Мөнгөнөө эгч нарын хамт “Манхтайн” гол гараад явж байтал баруун талаас гэрэл гараад мотоцикль ирсэн. Тэгээд тэрхэн хооронд машины жолооч талын урд хэсгийг мөргөж газар унасан. Энэ үед машинаа зогсоож буухад 2 эрэгтэй хүүхэд босоод зогссон томынх нь уруулнаас цус гарсан байсан. Тэгээд намайг эмч дууд гэхээр нь би эмчийнд очсон...гэх мэдүүлэг /хх-30 хуудас/,
Гэрч Л.Мөнгөнцэцэг өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед Мөнгөнтулгын машинтай, Мөнхцэцэг, Баттуул нарын хамт айлд очих гээд унтаад явж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэртэл машины хойд талд мотоцикль газар унаад эмэгтэй хүүхэд нь ухаангүй, эрэгтэй хүүхдийнх нь хамраас нь цус гараад уйлж байсан. Харин бага эрэгтэй хүүхэд нь зүгээр байсан. Тэгээд хүмүүс рүү утсаар залгаад дуудаж байсан гэх мэдүүлэг /хх-31 хуудас/,
Гэрч Ц.Баттуул өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой малаа хотлуулчихаад Мөнгөнтулгын машинтай, Мөнхцэцэг, Мөнгөнцэцэг нарын хамт айлд очих гээд унтаад явж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэртэл хүнтэй мөргөлдчихлөө гэж хэлсэн. Тэгээд машинаас буухад нэг охин машины хойд талд хэвтэж байсан тэгээд хүүхдүүд уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-32 тал/
Гэрч О.Нямхүү өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой унтаж байхад нэг хүүхэд ирээд “танай хүүхдүүд машинд мөргүүлчихлээ” гэхээр нь очтол цагаан машины ард талд манай 15 настай охин Н.Хувьзаяа газар хэвтэж байсан. Харин 11 настай Н.Амарзаяа хүү уйлаад ам нь хавдаад цус гарч байсан, 5 настай Н.Аззаяа хүү уйлаад хацар нь зулгарсан, гуя нь бас зулгарсан байсан. Тэнд багийн эмч болон бусад хүмүүс ирсэн байсан. Тэгээд охиныг яаралтай машин олж Орхон аймаг руу явуулсан. Би тэр хүмүүсээс юу болсныг асуугаагүй гэх мэдүүлэг /хх-33-34 хуудас/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 638 тоот 1. Хохирогч Н.Хувьзаяагийн биед аарцаг ясны баруун дэлбэнгийн далд хугарал, баруун ташаанд шарх, хоёр өвдөг, шагайн үеэнд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Аарцаг ясны баруун дэлбэнгийн далд хугарал нь ГЗЗ-ийн 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун ташаанд шарх нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр өвдөг, шагайн үеэнд зулгаралт нь ГЗЗ-ийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №29 тоот: Жолооч Батбаярын овогтой Мөнгөнтулга нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 896555 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. Жолооч Нямхүү овогт Хувьзаяа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 2. жолооч Батбаяр овогт Мөнгөнтулга, Нямхүү овогт Хувьзаяа нар нь
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3. Жолооч Батбаяр овогтой Мөнгөнтулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, ЗХД-ийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.4. 22-53 БУА улсын дугаартай цагаан өнгийн Мицубуши делика маркийн тээврийн хэрэгсэл, ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 5. Уг осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарсан үндэслэл байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. 6. Уг осол гарах болсон шалтгаан нь жолооч Батбаяр овогтой Мөнгөнтулгын буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-39-40 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/
“Бан хас” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Манхтайн гарам” гэх газарт Mitsibushi Delika маркийн 22-53 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” ЗХД-ийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Н.Хувьзаяагийн жолоодож явсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayun маркийн мотоцикольтой мөргөлдөж зам тээврийн осол гарган Н.Хувьзаяагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 638 тоот Хохирогч Н.Хувьзаяагийн биед аарцаг ясны баруун дэлбэнгийн далд хугарал, баруун ташаанд шарх, хоёр өвдөг, шагайн үеэнд зулгаралт үүсчээ...гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнгөнтулга тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардал болон мотоциклийн төлбөр нийт 2.092.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох
баримтын шаардлага хангасан эмчилгээний төлбөр 355.750 төгрөг, мотоциклийн үнэлгээ 92.000 төгрөг нийт 447.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шар торгууд овогт Батбаярын Мөнгөнтулгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтулгаас 447.750 /дөрвөн зуун дөчин долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Сэлэнгэ сумын 4-р багт оршин суух Н.Хувьзаяад олгож, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнгөнтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН