Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0540

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0540

Улаанбаатар хот

“Ханбүргэдэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, Ж.Наранбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Ханбүргэдэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэрээр: ”Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ханбүргэдэй” ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын “Одияна-Орчин” ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн “Одияна-Орчин” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18619307425688 дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “ММТЦ” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 276, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр захирамжуудын “ММТЦ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Одияна орчин” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 160, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар захирамжуудын “Ханбүргэдэй” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын “Одияна-Орчин” ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн “Одияна-Орчин” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18619307425688 дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүрийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газрын албанаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, Ж.Наранбаяр нар давж заалдах гомдолдоо: “Нэг. СХД-ийн Засаг даргын Газар эзэмших эрх олгох тухай” 2007 оны 276 дугаар захирамжийн “ММТЦ” ХХК-д холбогдох заалт илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагын тухайд:

... СХД-ийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн хашааны зориулалтаар 5,0 га газрыг эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д олгосон байдаг.

... Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлага, журмыг хэрхэн хангасныг шүүх голлон анхаарах ёстой.

Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д тухайн газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргах ёстой байсан бөгөөд уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулагчтай газар ашиглуулах гэрээг байгуулах байтал “ММТЦ” ХХК-д газар ашиглуулахыг зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол гараагүй байхад тус дүүргийн Засаг дарга нь зөвшөөрөлгүйгээр илт хууль бус захирамж гаргасан байх ба уг захирамжийг газар ашиглах эрх олгох хэлбэрээр биш харин газар эзэмших эрх олгох хэлбэрээр гаргасан нь илт хууль бус захиргааны акт болохыг давхар нотолж байна.

Мөн СХД-ийн ИТХ-ын 2006.12.29-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар “СХД-ийн газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөө”-г баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 2 дугаар хүснэгтэд 2007 онд дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг тусгасан байна.

... СХД-ийн Газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт байгаа баримт бичгийн хуулбараас үзэхэд “ММТЦ” ХХК-д газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн талаарх ямар ч баримт бичиг байхгүй байгаа учраас дээрх журмаар газар эзэмших эрхийг олгоогүй гэж үзнэ.

Мөн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт “ММТЦ” ХХК-д олгосон 5,0 га газрыг ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгаа болно.

“ММТЦ” ХХК-д олгосон 2007 онд олгосон 5,0 га газар нь СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” гэх газраар дайран өнгөрдөг, далан дээр баригдсан төмөр зам дагуу байрлалтай бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас харахад дүүргийн Засаг дарга нь газар ашиглах эрх олгохдоо тухайн газар нь төмөр замын зурвас газар болон төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэхийг тодруулах, хэрэв хамаарч байвал төмөр замын аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дараа газар ашиглах эрх олгох журамтай байна.

Харин СХД-ийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт “ММТЦ” ХХК-д олгосон 5,0 га газар нь төмөр замын зурвас газар болон төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэхийг тодруулсан тухай баримт бичиг, мөн Засаг даргаас төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн газар эзэмших эрх олгосон тухай баримт бичиг тус тус байхгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Хоёр. СХД-ийн Засаг даргын 2008.04.30-ны өдрийн Газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх тухай” 149 дүгээр захирамжийн “ММТЦ” ХХК-д холбогдох заалт илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагын тухайд:

СХД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Газар ашиглуулах эрхийг зөвшөөрөх тухай” 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 321,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосныг үндэслэн “ММТЦ” ХХК-д 2006 онд үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар олгосон 26,2 га газрыг тус компанид 2007 онд аж ахуйн хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 5,0 га газраар нэмж сунган ашиглах газрын нийт талбайн хэмжээг 312,000 м.кв болгож баталсан СХД-ийн Засаг даргын 2008 оны 149 дүгээр захирамж гарсан байна.

Хууль зүйн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар эзэмших эрх олгосон СХД-ийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамж нь илт хууль бус бөгөөд уг захирамжаар олгосон эзэмших эрх бүхий 5,0 га газрыг тус компанид 2006 онд олгосон ашиглах эрх бүхий 26,2 га газартай нэгтгэх боломжгүй атал СХД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг дарга нь хууль зөрчин тогтоол, захирамж гаргасан байх тул тэдгээр захиргааны актууд нь илт хууль бус захиргааны актад тооцогдоно.

Мөн СХД-ийн Газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 149 дүгээр захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт “ММТЦ” ХХК-д олгосон 26,2 га газар дээр 5,0 га газрыг нэмж, нийт талбайн хэмжээг 312,000 м.кв болгосон газрыг тус компанид ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

СХД-ийн Засаг даргын 2007 оны 276 дугаар болон 2008 оны 149 дүгээр захирамжууд нь илт хууль бус хэлбэрээр гарсан бөгөөд тэдгээр хууль бус шийдвэрийг үндэслэн СХД-ийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж гарсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа болно.

Гурав. СХД-ийн Засаг даргын 2012.01.19-ний өдрийн 11-р захирамжийн “Одияна-Орчин” ХХК-д холбогдох заалт болон “Одияна-Орчин” ХХК-д газар ашиглуулах тухай 2012.01.30-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын тухайд:

... Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаас үзэхэд газар ашиглагч “ММТЦ” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байх тул 2011 онд байгуулсан “Эвлэрлийн гэрээ” болон СХД-ийн Засаг даргын 2012 оны 11 -р захирамж илт хууль бусад тооцогдоно.

Дээрх тохиолдолд СХД-ийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдэг үндэслэлээр “ММТЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой атал хууль зөрчин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд харин “ММТЦ” ХХК нь 312,000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “Одияна-Орчин” ХХК-д шилжүүлэх тухай эвлэрлийг батлаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Мөн СХД-ийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж нь “ММТЦ” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “Одияна-Орчин” ХХК-д шилжүүлснийг баталсан хэлбэрээр гарсан нь уг захирамжийн илт хууль бус болохыг давхар нотолж байна.

Түүнчлэн Засаг даргын дээрх захирамж нь газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хэлбэрээр гарсан байхад СХД-ийн Газрын алба нь “Одияна-Орчин” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь логикийн алдаатай болжээ.

Дөрөв. СХД-ийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжийн “Одияна-Орчин” ХХК-д холбогдох заалт болон “Одияна-Орчин” ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

СХД-ийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай” 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн 152 дугаар захирамжаар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Одияна-Орчин” ХХК-ийн эзэмшиж буй СХД-ийн 32 дугаар хороо, “Эмээлт”-д байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 58/5662 дугаар бүхий 312,000 м.кв газрын зориулалтыг “аж ахуйн зориулалттай” болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжийг үндэслэн СХД-ийн Газрын алба нь “Одияна-Орчин” ХХК-ийн захирал Т.Рамаз Валерьевичтай 2012.05.22-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”-г бичгээр байгуулж, газар ашиглах эрхийн 0000392 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Нэгэнт СХД-ийн Засаг даргын 2012 оны 11-р захирамж нь хууль бус шийдвэр бөгөөд түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул СХД-ийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамж ч гэсэн хууль бус шийдвэр тул түүнийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.

Мөн 2012 оны 152 дугаар захирамж нь “ММТЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн зориулалтыг өөрчилж баталгаажуулсан хэлбэрээр гарсан нь уг захирамжийн хууль бус болохыг давхар нотолж байна.

Түүнчлэн Засаг даргын захирамж нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн зориулалтыг өөрчилж баталгаажуулсан хэлбэрээр гарсан байхад СХД-ийн Газрын алба нь “Одияна-Орчин” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь мөн л логикийн алдаатай болжээ.

Тав. “Ханбүргэдэй” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 70,000 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий “Бэйс пойнт” ХХК-ийн 2013.03.19-ний өдөр хэмжилт хийсэн “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-т заасны дагуу “Газрын кадастрын мэдээллийн сан”-д бүртгэхийг СХД-ийн Газрын албанд даалгах тухай гомдлын шаардлагын тухайд:

Шүүх СХД-ийн Газрын алба нь Газрын тухай хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч эзэмших эрх бүхий 70,000 м.кв газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлж чадаагүй байна гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газар нь 70,000 м.кв талбайдаа хүрдэггүй бөгөөд 2013.03.19-ний өдөр кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий “Бэйс пойнт” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зургийг үйлдүүлэхэд эдлэн газрын бодит хэмжээ 68,490 м.кв талбайтай байгаа болно.

Мөн манай компани 2013.03.19-ний өдөр “Бэйс пойнт” ХХК-иар өөрийн эзэмших ёстой 70,000 м.кв талбай бүхий газрын хэмжилтийг хийлгэж “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-ыг нэмж үйлдүүлсэн бөгөөд уг кадастрын зургийг Газрын кадастрын мэдээллийн сан”-д оруулахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандахад бусдын газартай давхацсан гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл бүртгэхээс татгалзсаар ирсэн юм.

Нэгэнт гуравдагч этгээд “Одияна-Орчин” ХХК-д 312,000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн СХД-ийн Засаг даргын 2012 оны 11-р захирамжийн “Одияна-Орчин” ХХК-д холбогдох заалт болон Одияна-Орчин” ХХК-д газар ашиглуулах тухай 2012.01.30-ны өдрийн гэрээ, мөн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжийн “Одияна-Орчин” ХХК-д холбогдох заалт болон “Одияна-Орчин” ХХК-д газар ашиглуулах тухай 2012.05.22-ны өдрийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 70,000 м.кв газрын кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий “Бэйс пойнт” ХХК-ийн 2013.03.19-ний өдөр хэмжилт хийсэн “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-т заасны дагуу “Газрын кадастрын мэдээллийн сан”-д бүртгэхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх асуудал байхгүй билээ.

Эцэст нь анхан шатны шүүх нь дээр дурдсан үндэслэлүүдээр нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

НЭГ. Оросын Холбооны Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2006 оны 82 дугаар тогтоол гаргаж, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 26.2 га газрыг олгохыг зөвшөөрснийг үндэслэн дүүргийн газрын алба 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тухайн компанитай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 276 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар 5,0 га газрыг эзэмшүүлэхээр, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаар тогтоолоор худалдаа, үйлчилгээний зориулалтаар 312,0 м.кв талбайг ашиглуулахыг зөвшөөрсөн, дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр захирамжаар 312.000 м.кв хэмжээтэй ашиглах эрхийг олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу уг компани газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, холбогдох газраа эзэмшиж байсан.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар “ММТЦ” ХХК-ийн дээрх 3 байрлал бүхий 312.000 м.кв газрыг “Одяана-Орчин” ХХК-д шилжүүлж, урьд гаргасан 2008 оны 149 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон бөгөөд тухайн газруудын зарим хэсгүүд буюу нэгж талбарын 18618308598460 дугаар бүхий 48387 м.кв, 18618308926055 дугаар бүхий 242305 м.кв газрууд нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаагүй, харин байршлын хувьд “ММТЦ” ХХК-ийн эзэмшиж байснаас өөрчлөгдөөгүй, хэмжээний хувьд нэгж талбарын 18618308926055, 186183088/68102 дугаар талбайн хэмжээ 170 м.кв-аар багасаж 242135 м.кв болж өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Оросын Холбооны Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар ашиглуулах дээрх шийдвэрүүд гарахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд 7,0 га газрыг “Ханбүргэдэй” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2007 оны 160, 2012 оны 255 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тухай бүр сунгасан байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/819 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж, ашиглаж байсан газрууд бүхэлдээ давхцаагүй мэт харагдах боловч энэ нь нэхэмжлэгч компанийн эзэмшил 7,0 га газрын хил зааг газрын кадастрын нэгдсэн санд бүрэн гүйцэт тэмдэглэгдээгүйгээс шалтгаалжээ.

Анхан шатны шүүх тухайн компаниудын эзэмшиж буй газрууд давхцаагүй хэсэгтэй холбогдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 /захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн/-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийн “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоол, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “ММТЦ” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 276, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр захирамжуудын “ММТЦ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

ХОЁР. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 /Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ/, Газрын тухай хуулийн 23.4.3 /эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх/, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Найм дахь хэсгийг 8.4 /Нийслэл, дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх мэдэгдэл буюу энэ журмын 1 дүгээр хавсралт болох “Нэгж талбарын цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдэл”-ийг өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгнө/-д зааснаар дүүргийн газрын алба эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, “Нэгж талбарын цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдэл”-ийг өргөдөл гаргагчид өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК нь өөрийн эзэмшлийн 7,0 га газрын кадастрын зургийн талбайн хэмжээг харилцан адилгүй хийлгэж байсан нь хэрэгт авагдсан, тухайлбал, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гурван өөр зураг газрын албанд хадгалагдаж буй хувийн хэрэгт байгаа” гэх тайлбар, мөн нэгж талбарын 18619307229464 дугаартай газрын кадастрын зургийг 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 55443 м.кв, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Мон мет инженер” ХХК-ийн 70000 м.кв, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 55436 м.кв зэрэг хэмжээгээр хийлгэсэн зургуудаар тогтоогджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-ийн ерөнхий захирал 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/85 дугаар захирамжид үндэслэн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 5,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах” хүсэлт[1]-ийг дүүргийн газрын албанд гаргаж байсан ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/85 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ханбүргэдэй” ХХК-д 7,0 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн газрын хэмжээг кадастрын мэдээллийн санд 55443 м.кв хэмжээтэй бүртгэсэн нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, үүнд газрын кадастрын зургаа үйлдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Үүнээс гадна хэрэгт авагдсан шинжээч “Геоценоз” ХХК-ийн дүгнэлтээр дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд орсон кадастрын зургийн эргэлтийн цэгүүд давхцаагүй, “Ханбүргэдэй” ХХК нь 69322,68 м.кв газар хашаалсан нь мэдээллийн санд байгаа зургаас хэмжээний хувьд зөрүүтэй, “Одияна-Орчин” ХХК-ийн албан ёсны ашиглалтын эрхтэй газарт блокон хашаа барьсан ба нийт 3405,52 м.кв газар давхацсан болохыг тогтоосон, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гуравдагч этгээдийн нэгж талбарын 18619307425688 дугаар 21307 м.кв талбайтай нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар тодорхой хэсэгт давхацсан энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11, 152 дугаар захирамжуудын “Одияна-Орчин” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 01 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн “Одияна-Орчин” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээний 18619307425688 дугаар нэгж талбарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д нийцжээ.

Газрын тухай /1994 оны/ хуульд дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргахад газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардаагүй, Газрын тухай /2002 оны/ хууль 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагч дээрх байдлаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагын өмнөөс уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй, уг нөхцөл байдлыг хариуцагч өөрөө тодруулж, өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргахгүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актын зөвхөн давхацсан хэсгийг хүчингүй болох талаар мэдэгдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 /шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх/-д нийцсэн байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                   Ц.ЦОГТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 153 дахь тал