Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0691/З/ |
Дугаар | 217 |
Огноо | 2018-05-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 217
Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн
7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, Сүхбаатар
дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар
хуралдаан даргалагч Б.Э-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0165 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмгөөлөгч Ш.А,
Гуравдагч этгээд Л.О нар,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Г.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.14, 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0165 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нарын “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тов тогтох тухай” 12 дугаар тогтоол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан журмыг зөрчсөн хэдийч маргаан бүхий актуудыг хүчингүй болгоход нөлөөлөлгүй гэж үзэн уг үндэслэлээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2-т заасныг заалтуудаар тайлбарласан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтууд нь нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага ямар эрх хэмжээ эдлэх талаарх агуулгыг илэрхийлэхээс бус хуулиар тогтоосон хэм хэмжээ зөрчих боломжийг нутгийн өөрөө удирдах байгууллагад олгох учиргүй. Шүүхийн дээрх үндэслэл нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үзэхээр байна.
4. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний эдлэх эрхийг зөвхөн зааж баталгаажуулж өгдөг бөгөөд харин тусгагдаж баталгаажсан эрхийг Үндсэн хуулиас салбарласан бусад хууль буюу органик хуулиудаар хэрэгжүүлж иргэний эрх, үүргийг эдлүүлдэг. Баг, хорооны Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, сонгогдох харилцаа нь Сонгуулийн тухай хуулиар зохицуулагддаггүй ба энэ харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль мөн. Тиймээс баг, хорооны Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, сонгогдох харилцаа энэ хуулиар тогтоосон нөхцөл журмын дагуу явагдах ёстой. Уг хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдаагүй тохиолдолд иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн явдал гэж үзэх нь зүйтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.4-т “...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс арван таваас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан. Гэтэл хуралдаан зохион байгуулж буй субъектүүд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр явагдах хуралдааны товыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа баримтлаагүй болох нь харагдаж байна.
5. Шүүх хэрэгт авагдсан фото зургуудыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хуралдааны товыг хорооны иргэдэд зохих хууль, журмын дагуу хүргэсэн байна гэж үзсэн. Гэтэл уг зургууд хэзээ, хаана авагдсан эсэх нь тодорхойгүй, он, саргүй байхад нотлох баримтаар үнэлж “хурлын товыг хуулийн 23.4-т заасны дагуу иргэдэд хүргэсэн байна” гэж үзсэн нь учир дутагдалтай буюу шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
7. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоолоор Хурлын даргаар Д.Э-г баталсан, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоолоор Д.Э, Ц.Г, Н.А, Д.У, Ө.Т нарыг Хурлын Тэргүүлэгчээр баталсан, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолоор Л.О-г хорооны Засаг даргаар томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан, нэхэмжлэгч Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нар нь “...хуралдааны зарыг мэдэгдээгүй, ...иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, ...анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах ...хуулийн заалт зөрчсөн, хууль бус” гэх үндэслэлээр дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
8. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тов тогтоох тухай” 12 дугаар тогтоолоор Хурлын анхдугаар хуралдааныг Ардчиллын ордны хурлын танхимд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 8 цагт хуралдуулахаар товлож, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргыг томилуулахаар уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтоосон ба уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
9. Дээрх тогтоолын дагуу Хурлын анхдугаар хуралдаан болох тухай зарыг тус хороонд харьяалагдах орон сууцны байруудын орц бүрийн “зарын самбар”-т 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс илээр байрлуулсан, хуралдаанд ирж, оролцсон 123 хүний 100 хувийн саналаар 03, 04, 05 дугаар тогтоолуудыг баталсан зэрэг үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дараагийн Хурлын анхдугаар хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулах товыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тогтоосон нь мөн заалтын “...хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах” журмыг зөрчсөн боловч нэхэмжлэгч нар нь Тэргүүлэгчдийн уг тогтоолд гомдол, нэхэмжлэл гаргаагүй учир Хурлын хуралдаанаас гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.
11. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан..., хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгох”-оор, 26 дугаар зүйлийн 26.2-т “...хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд,... нэр дэвшүүлэх эрхтэй /байх/-аар тус тус заасан, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.10-т “...хорооны Хурлын хуралдаанд..., хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ...хороо-/ны/ 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаас үзвэл тухайн хорооны иргэн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, тэдгээрт сонгогдох, Засаг даргад нэр дэвшүүлэх эрхээ Хурлын хуралдаанд оролцсоноор хэрэгжүүлэх боломжтой, хуралдааны зар түгээх, бэлтгэл ажлыг хангах үүргийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, хорооны Засаг дарга түүний ажлын алба хүлээнэ.
12. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуралдааны зарыг иргэдэд түгээсэн /мэдэгдсэн/ байна гэж дүгнэхдээ нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуралдааны зарыг мэдэж тухайн хуралдаанд оролцсон бусад 123 иргэний эрхийг уг зарыг “мэдээгүй” гэх нэхэмжлэгч нарын эрхээр хязгаарлах үндэслэлгүй.
13. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд тус хорооны 2530 өрхөөс 123 өрхийн 123 иргэн оролцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан хуралдаан хүчинтэй байх шаардлагад нийцсэн, энэ асуудлаар нэхэмжлэгч нар маргаагүй байна.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардана.
15. Харин, энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нар нь иргэний хувьд хорооны анхдугаар хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрх нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр зөрчигдөөгүй, нэхэмжлэгч нарыг анхдугаар хуралдаанд оролцож сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
16. Иймд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Г.Б-гийн гаргасан “...хуралдаан зохион байгуулж буй субъектүүд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр явагдах хуралдааны товыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь ...хуульд заасан хугацааг баримтлаагүй байхад давж заалдах шатны шүүх уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,... хэзээ, хаана авагдсан эсэх нь тодорхойгүй, он, саргүй ...фото зургуудыг үнэлсэн нь учир дутагдалтай” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
17. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-гийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ