Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00818

 

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаар шийдвэр,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би банкны системд тасралтгүй 23 жил ажилласан.  2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажлаас халах тушаал гаргасныг бодит үнэнд нийцэхгүй үндэслэлгүй гэж үзэж гомдолтой. Уг тушаалд Д.Энхцэцэг нь Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж бичжээ. Би 2015 оны 08 дугаар сард Монголбанкны төв рүү ажил үүргийнхээ дагуу муу мөнгө тоолж шилжүүлсэн. Энэ мөнгөнүүд дотор серийн дугаар нь 2 өөр дугаартай гэмтэж урагдаж тасарсан мөнгийг эвлүүлж наахдаа 2 өөр мөнгөний талыг наасан 1 ширхэг 50 төгрөг байсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас над руу утсаар ярьж хуурамч 1 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэрт илэрлээ, та ирж үзнэ үү гэсэн. Би Худалдаа хөгжлийн банкинд очиж тус хуурамч 20 000 төгрөгийг мөнгө бүсэлсэн нарийн цаас, нүүрний хамт авч Монголбанкныхаа хамт олонд үзүүлэх захиралд хэлэх зорилгоор авч очсон. Би ажил дээрээ очоод ажилчиддаа тэр хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлж байх үедээ захиралд хэлж үзүүлэх гэтэл захирал ажил дээрээ байхгүй байсан. Гэтэл үүний дараа захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад “Чи надад хэлэхгүй яасан юм бэ, чамайг нуусан гэж үзэж байна. Ажлаас халагдах өргөдлөө бич” гэж тулган сүрдүүлж дарамт үзүүлсэн. Би “Хуурамч мөнгө илэрсэн болохоор байгууллага хамт олон болон арилжааны банкуудад сэрэмжлүүлэх гэж үзүүлсэн шүү дээ” гэхэд “Тэгвэл та нар хамт олноороо нийлж нуусан байна. Чи халагд” гэж дарамтлаад байхаар нь би хуурамч 20 000 төгрөгийн тэмдэгтийг ажилчид болон банкуудад үзүүлж, зааварлаж сэрэмжлүүлж байгаа нь камерын бичлэгт харагдаж байгаа гэсэн. Захирал намайг зөвхөн хувийнхаа ашиг сонирхлын дагуу үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрлөх эрхийг дорд үзсэн. Би хохирол учруулаагүй бөгөөд харин ч олон нийтэд хэрэгтэй гэх үүднээс байгууллагынхаа хамт олон болон бусад бүх арилжааны банкуудад хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлсэн байхад намайг ажлаас шууд халсанд гомдолтой. Д.Дарханбаярын ёс зүйгүй үйлдлүүдийг манай хамт олон эсэргүүцэж Төв Монголбанкинд хандаж 2 ч удаа өргөх бичиг өгч байсан. Би ажилтайгаа холбогдуулан хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар яриа таниулга сургалт хийдэг. Би ээлжийн амралтынхаа дутуу хоногийг амрахаар явахдаа тэр хуурамч мөнгийг будаг нь арилаад байхаар нь цаасанд хийгээд дэргэд ажилладаг ажилтандаа хэлээд ширээний шургуулганд хийгээд явсныг захирал аваад “хуурамч мөнгө” гээд Цагдаагийн газарт албан бичгээр хүргүүлсэн байсан. Иймд миний байдлыг харгалзан үзэж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхцэцэг нь Монголбанкны кассын ажиллагааны журмын 2.8.2-т “нярав мөнгөн тэмдэгтийг эмх цэгцтэй хадгалж тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй.” гэсэн заалтыг, Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журмын 2.21-т “нярав бэлтгэл сангийн мөнгөн тэмдэгтийг тоолж нягтлан хүлээн авах, хүлээлгэн өгөх, бүртгэл хөтлөх ажлыг хариуцах бөгөөд бэлтгэл санд байгаа мөнгөн тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь Монголбанкны мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газар, мөнгөн тэмдэгтийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар актаар тогтоогдож эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан тул 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлтсийн захирлын Б-35 дугаар тушаал гаргаж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралтаас 7/403-1214 тоот хүчингүй болон хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар ирсэн албан бичгийг нярав Д.Энхцэцэгт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж тухай өдөр бичгээр тайлбар өгсөн. Хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн талаар нярав Д.Энхцэцэг нь хэлтсийн захирал мэдэгдээгүй бөгөөд энэ талаар Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас ирүүлсэн албан бичгийн дагуу тодруулж мэдээлэл авсан мөн мөнгөний нүүр, бүсийг өөрт байхгүй алга болгосон гэх тайлбар өгч байгаа нь Монголбанкны кассын ажиллагааны журам-ын 4.3, Монголбанкны ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.4, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны А-121/158/360 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журмын 2.2-т заасныг зөрчиж өөрийн гаргасан алдааг нуун дарагдуулах үйлдэл гаргаж байгаа нь камерын бичлэг болон өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Д.Энхцэцэг нь Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаагаар “Мобиком” ХХК-д 313 597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1Е, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Төв банкны тухай хуулийн 29, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн гаргасан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхцэцэгийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаар магадлалаар Нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлүүлсэн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн. Учир нь хэрэгт авагдсан нотлох браимтанд банкны ажилтнууд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгд л Д.Энхцэцэг хуурамч мөнгөн дэвсгэртийг бидэнд үзүүлж урьдчилан сэргийлж ажиллах тухай хэлж байсан, жинхэнэ мөнгөн дотор хийж тоолуулан шалгалт авсан, хуурамч мөнгийг даргад хэлэх гээд явж байсан, Д.Энхцэцэг хуурамч мөнгөнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийдэг тухай ч хэлж үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэр болон тушаал хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Тухайн үед би хуурамч мөнгийг даргадаа үзүүлэх гээд очтол ажил дээрээ байгаагүй. Амралтынхаа дутуу хоногийг гүйцээж амрах үедээ хуурамч мөнгийг цагаан цаасанд хийж бичээд үлдээхдээ “сургалтанд хэрэглэе, тэгвэл хүмүүст их тустай зүйл болно” гэж л бодсон. Байгууллага тэр хуурамч мөнгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байхад намайг ажлаас халсан. Дарга “өөрийнхөө багийг бүрдүүлнэ. Чамайг ажлаас чинь хална” гэж дарамталж байснаа хэрэгжүүлсэн. Би хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэрт илэрсний дараа бас нэг хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэртийг өөрөө илрүүлээд даргадаа өгөхөд дарга огт тоосон шинжгүй анхаарч үзэхгүй байсан ч намайг ажлаас халах болохоороо надаас өө сэв хайж эхний хуурамч мөнгийг дарга өөртөө мэдэгдээгүй гэж зориуд шалтаг гаргаж ажлаас халсан. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2013 оны 6-р сарын 12-ны өдрийн А/121/ 158/360 дугаартай тушаалын 2.4-д заахдаа “хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд хуулийн этгээд нь хуурамч мөнгөн тэмдэгтийг санд хүргүүлэх хүснэгтийн дагуу 2 хувь хөтөлж нэг хувийг хуурамч мөнгөн тэмдэгтийн хамт Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банк тэр хуурамч мөнгийг илрүүлсэн учраас Цагдаагийн газарт хүргүүлэх үүргээ зөрчсөн. Хэрвээ Худалдаа хөгжлийн банк нь хамтарсан тушаалын дагуу хуурамч мөнгө илэрмэгц Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн бол дарга намайг ажлаас хална гэж эртнээс дарамталж байсныгаа хэрэгжүүлэх тэр шалтаганд өртөхгүй байх байсан. Би олон нийтийг хуурамч мөнгөнөөс урьдчилан сэргийлэх талаар хичээл зүтгэл гаргаж явж байгаад ажлаасаа халагдсандаа гомдолтой байна. Би хуурамч мөнгийг хаяж үрэгдүүлээгүй, бусдад ашиглуулаагүй, ажлынхаа өрөөнд байлгаж байсан болохоор ямар нэгэн хор хохирол учруулаагүй. Энэ бүх нөхцөл байдал үндэслэлүүдийг Давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой. Би нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо өөрийгөө үндэслэлгүй халагдсан гэж үзэж буй тухайгаа тодорхой бичсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрлэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст холбогдуулан ажлаас халах тухай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б46 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1., Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.5 дахь заалтыг үндэслэж, Д.Энхцэцэгийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн Б35 дугаар тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэртийг Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөөгүй, давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажилтны ажлын байрны тодорхойлолт байхгүй, албан тушаалын чиг үүрэг тодорхой бус, баримтаар тогтоогдоогүй байхад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийн талаар дүгнэх боломжгүй байжээ. Мөн ажилтан 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б35 дугаар тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авагдсан болохоо мэдсэн эсэх, хэзээ, ямар үйлдэл гаргасан, энэ нь сахилгын зөрчил мөн эсэхийг нягтлан, дүгнэх шаардлагатай.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхцэцэгийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА