Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2023/0052

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ш.М,

              Нэхэмжлэгч: М.Г

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга,

              Гуравдагч этгээд: Ү.Б нарын хоорондын  газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Алтай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

           1. Нэхэмжлэгч Ш.М, М.Г нар нь Алтай  сумын Засаг даргад холбогдуулан, “Алтай сумын Засаг даргын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Б хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах“-аар маргасан байна.

2. Нэхэмжлэгч нь  гуравдагч этгээд Ү.Б эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт хашаа, хороо, байшин барьсан гэх үндэслэлээр албадан нүүлгэх тухай шийдвэр гаргахыг  хүсэж  Алтай  сумын Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан боловч  эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг нь хангах боломжгүй тухай хариу өгсөн ба нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд аймгийн Засаг даргаас  2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4-03/295 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            3.1. Ш.М нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн “Бардам сээр өтөг” гэдэг газарт нэгж талбарын 030100728 дугаартай, 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр өвөлжөөний зориулалтаар, нэгж талбарын ............. дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар тус тус газар эзэмшдэг бөгөөд бид тус газарт мал маллаж амьдардаг юм.

            3.2. М.Г би Алтай сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/42 дугаартай захирамжийн дагуу “Бардамын хонтой толгой” гэдэг газрыг хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл иргэн Ү.Б нь 2021 оноос хойш дээр дурдсан манай өвөлжөө, хаваржааны дунд буюу тодруулбал, Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын сээр өтөг” гэх газарт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур зоргоороо аашлан хашаа, саравч, өвлийн байшин барьсан манай гэр бүл малаа бэлчээрлүүлэх ямар ч боломжгүй болсон.

            3.3. Ү.Бийн төрийн эрх бүхий байгууллагаас зохих ёсны зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн, хууль бусаар өвөлжөөний байшин, малын хашаа хороо барьсан хууль бус үйлдлийн улмаас бид хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны газраа бодитоор, зохих ёсоор эзэмшиж, ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.  Бэлчээрийн газрыг хууль ёсны дагуу буюу төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах эсэх нь тухайн бэлчээр газрыг бэлчээрийн даац буюу малын тоо толгой ачааллыг зөв зохистой хуваарилах, ашиглахад ач холбогдолтой байдаг.

            3.4. Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд заншлын  эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж өдийг хүрсэн. Иймд малчид мал аж ахуйгаа эрхлэхэд бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мал сүргийн тоо толгойноос хамааруулан бэлчээр газрыг тэнцвэртэй хуваарилан эзэмшиж ирсэн.

3.5. Нэхэмжлэгч бидний зүгээс багийн Засаг дарга Т.М сумын Засаг дарга А.А нарт дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд энэ талаар сумын Засаг даргын орлогчид мэдэгдэхэд “...бид мэдэгдэх хуудас өгсөн боловч Ү.Б нь захиргааны шийдвэрийг биелүүлээгүй, энэ асуудлыг шийдвэрлэхэд бидний хүч дийлэхгүй байна, та шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудлаа шийдвэрлээд аваарай” гэсэн тул Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсохоор өөрийн ээж Ш.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Тус маргааныг Улсын Дээд Шүүх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 001/ХТ2022/00748 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолын хянавал хэсэгт “... Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмших бөгөөд хариуцагч Ү.Б бэлчээрийн зориулалттай газарт зохих эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй өвөлжөөний зориулалттай байшин, хашаа барьсан нь хууль зөрчсөн боловч хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх эрхийг тухайн эрх бүхий байгууллагаас шаардах эрхийг хэрэгжүүлнэ” гэж дүгнээд зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж ашиглаж байгаа үйлдлийг шийдвэрлэх эрхийг хуульд зааснаар тухайн сумын Засаг дарга эдэлнэ гэдгийг дурдаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3.6. Ү.Бийн бэлчээрийн зориулалттай газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаас тухайн газар нутгийн бэлчээрийн даац хэтэрч, хууль ёсоор газар эзэмшиж, ашиглаж буй бусад малчид бид малаа бэлчээрлүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд 2 жилийн хугацаа өнгөрч байна. Гэвч сумын Засаг дарга дээрх асуудлыг шийдвэрлэхгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж буйгаас бидний эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байгаад гомдолтой байна.

3.7. Нэхэмжлэгч бидний зүгээс Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга А.А хандан Ү.Бийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, ашиглаж буй үйлдлийг таслан зогсоож, барьсан хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай өргөдлийг 2022 оны 11 дүгээр сард гаргасан. Гэтэл тус сумын Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаартай албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлгүй хариу өгсөн.

3.8. Сумын Засаг даргын дээд шатны захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4-03/295 дугаартай албан бичгээр мөн л шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн. Дээрх 2 шатны Засаг дарга нар нь маргаан бүхий газрыг гурван шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр учраас шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй тайлбар хэлж хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч бид дээр дурдсан хууль ёсоор эзэмших эрхтэй өвөлжөө, хаваржааны газраа зохих ёсоор эзэмшиж, ашиглах эрх ноцтой зөрчигдөж байна.

3.9. Иргэний хэргийн шүүх нь иргэд хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд Ү.Бийн хууль бусаар бэлчээрийн газрыг эзэмшиж, ашиглаж буй асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан нөхцөл байдал нь Засаг даргын хуульд заасан чиг үүргээ биелүүлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн сумын Засаг дарга нь Газрын тухай хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргах зайлсхийх боломжийг олгосон шийдвэр биш юм гэжээ.

4. Нэхэмжлэгч М.Гын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Гуравдагч этгээд Ү.Б миний эзэмшлийн газарт 2021 оны 6 сараас эхэлж өвөлжөө барьснаас болж одоо хүртэл шүүхээр явж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс орон нутгийн Засаг дарга шийднэ, таны оролцох асуудал биш гэсэн шийдвэр гаргасан.  Тэгээд сумын Засаг даргад өргөдөл гаргасан боловч сумын Засаг дарга”...  би шийдэж чадахгүй, 3 шатны шүүхээс шийдвэр гарсан учраас Ү.Бийг албадан нүүлгэж чадахгүй, шүүхийн шийдвэр байгаа” гэсэн. Би “...та ямар хуулийн заалтыг үндэслэж байгаа вэ” гэхэд “... 3 шатны шүүхийн шийдвэр байгаа, тиймээс чи шүүхээр шийдвэрлүүлж ав” гэсэн тайлбар хэлсэн. Тухайн газарт “...миний эзэмшлийн газар байгаа, эзэмшлийн гэрчилгээтэй” гэж удаа дараа Ү.Бт хэлсэн. Би Засаг даргад өргөдөл гаргахад, Засаг дарга “...14 хоногийн дараа хариу өгнө” гэсэн. Гэхдээ тухайн хугацаанд манай сумын Засаг дарга А болон Р хоёр Засаг даргын ажлыг булаацалдаад шүүхээр явж байсан. Тэгээд хугацаандаа хариу өгөөгүй. Ү.Б тэр хугацаандаа тухайн маргаан бүхий газарт хашаа хороогоо барьсан. Тухайн үед бүх айлууд зусланд гарсан эзгүй байсан. 200 метрийн зайтай миний эзэмшлийн гэрчилгээтэй газар байгаа. Би шүүхээс үзлэг хийсэн газарт хашаагаа барьсан.

4.2. Бид нар малаа маллаж чадахгүй, бэлчээрийн маргааны асуудал үүсэж байна. Тэгээд ч Ү.Б зүгээр байхгүй, хүнийг өдөр болгон дарамталж байна. 2022 оны  6 дугаар сарын 02-ны өдөр багийн Нийтийн Хурлын хуралдаан  болсон. Тухайн өдөр хүүхэд маань 39 хүртэл халуурч байсан учраас би хуралдаанд оролцож чадаагүй. Тэр өдөр над руу нэг хүн залгаад “... энэ хуралдаанд Ү.Б ирээд бүх хүнд архи өгөөд хоёр талд хуваагаад эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй бөөн юм болж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай сумын цагдаа Ш хэлэхэд “... зөрчил гаргаагүй бол хамаагүй” гэж очоогүй.

4.3. Ү.Бийг биднийг тайван мал маллуулахгүй, байнга архи уудаг. Бэлчээрт ирээд “... энд миний мал байсан, чи хөөгөөд явуулсан” гэж маргаан гаргадаг. Мал  хөлтэй учраас өөрөө явчихдаг. Би мал хөөдөггүй. Бид “малыг чинь хөөхгүй, харин  зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөгөө аваад явчих” гэсэн. Тэнд зөвшөөрөлгүй өвөлжөө барьснаас болж хүмүүс мал авчраад бэлчээрийн даац  хэтэрч байна. Тиймээс зөвшөөрөлгүй барьсан хашаа хороог буулгаад бэлчээрийг чөлөөлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч М.Г, Ш.М нар Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.А газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож газрыг албадан чөлөөлүүлэх тухай захиргааны акт гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч талаас иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болж, Ш.М, М.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас энэ асуудлыг дахин хөндөж тавих боломж байхгүй гэсэн тайлбар гаргасан байна. 3 шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү.Бийг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг харахад, М.Гыг “ албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш “гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Түүнээс биш Ү.Бийн зөвшөөрөлгүй байшин барьж, хууль бус газар эзэмшиж байгаа нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийгээгүй. Тиймээс иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд өмнө нь шийдэгдсэн учраас дахин хөндөх боломжгүй гэсэн байр сууринаас хандах нь хуульд нийцэхгүй. М.Гын гэрчилгээгээр эзэмшиж байгаа газартай Ү.Бийн барьсан байшин ямар нэгэн байдлаар давхцаагүй гэсэн байна. Гол асуудал нь давхацсан давхцаагүйдээ биш.

5.2. Ү.Бт газар эзэмших эрх байна уу гэдэг асуудал байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмших эрхийг хүсэлт гаргаад, хүсэлтийн үндсэн дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хэмжээний дотор газар эзэмшүүлж байна. Ү.Б газар эзэмших эрх эдлэхийн тулд зохих журмаар хүсэлтээ гаргаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газраас Засаг дарга шийдвэр гаргаж эзэмшүүлж, Засаг даргын шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ёстой. Газрын тухай хуульд заасан заалтуудыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл байна. Засаг даргын шийдвэргүйгээр эрх бүхий актгүйгээр дур мэдэн байшин барьж, хашаа барих байтугай газарт нэг ширхэг хадаас хадах эрх хэнд ч байдаггүй. Засаг дарга хууль сахиулах төрийн төлөөлөгч хүн учраас энэ үүргээ биелүүлэх ёстой. Газар давхцаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй байх боломж байхгүй. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргасан тогтоол, магадлалаар албадан нүүлгэх асуудлыг Засаг дарга шийднэ. Газрын тухай хуулийн 41, 56, 57 дугаар  зүйлүүдийн холбогдох заалтуудаар Засаг даргад эрх олгосон учраас энэ эрх хэмжээний хүрээнд Засаг даргад хандаарай гэсэн шийдвэр гаргасан.

5.3. М.Г аймгийн Засаг даргад хандахад, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр М.Гад өргөдлийн хариуг өгсөн. Тухайн өргөдлийн хариуг М.Г эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан учраас Ү.Бийн хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Малчин өрхөд бэлчээр олгох асуудал хот суурин газарт газар эзэмшүүлэхээс ондоо бөгөөд онцлог зохицуулсан заалт бий. Малчин өрх бэлчээрийн төлөө газар эзэмшиж байгаа. Ийм учраас бэлчээртэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх ёстой. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд бэлчээртэй холбоотой асуудлыг тусгайлан зохицуулсан. 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-д  зааснаар зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан.

5.4. Бидний маргаж байгаа газар өвөлжөө, хаваржааны газар. Үүнийг хот айлаар ашиглана гэсэн заалт байхгүй. Мөн хуулийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад, Ш.М, М.Г нарын эзэмшилд байгаа хаваржааны болон өвөлжөөний зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар хот айлаар дундаа хамтран эзэмших газар байна. Гэтэл өөр нэг этгээд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бэлчээр бүхий газарт хашаа хороо барьсан нь нотлогдож байна. Хөдөө аж ахуйн яамнаас бэлчээрийн даацтай холбоотой тогтоосон жишиг норматив байдаг. Малын бэлчээр байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон.

5.5. Ү.Б Газрын тухай хуульд заасан газар эзэмшихтэй холбоотой заалтуудыг зөрчсөнөөс 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан заалтыг сумын Засаг дарга биелүүлэхгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга хуулийн заалтыг биелүүлэх үүрэг бүхий субъект. Энэ үүргээ Засаг дарга биелүүлэх ёстой.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг судлуулсан нотлох баримтын хүрээнд ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

6. Хариуцагч Алтай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар:

6.1. М.Гын нэхэмжлэлтэй Ү.Бт холбогдох иргэний хэргийн Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00748 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улсын дээд шүүхийн тогтоолын агуулга нь Ш.Мгийн газар эзэмших эрх нь зөрчигдөөгүй гэж үзсэн. Одоогийн Ш.М, М.Г нарын маргаж буй Ү.Бийн барьсан гэх өвлийн сууц, саравчтай хашаа нь М.Г, Ш.М нарын өвөлжөөний газраас 2 км алсад орших учраас Ү.Бийн хууль бусаар барьсан гэх өвөлжөөг сумын Засаг даргын зүгээс албадан нүүлгэх тухай шийдвэр гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, М.Г, Ү.Б нарын өвөлжөөний газар давхцаагүй, хооронд зайтай учраас М.Г, Ш.М нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзэж байна.

6.2. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Ш.М, М.Г нар “Алтай сумын Засаг даргын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх” тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбараа ирүүлсэн байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцсан. Ш.М, М.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Ү.Бийн барьсан хашаа хороо өвөлжөөг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлээ М.Г өмнө нь иргэний хэргийн шүүхэд гаргасан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 748 дугаар тогтоолоор М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

7.2. Энэ шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэгэнт Монгол дээд шүүхээс эцсийн шийдвэр гарсан асуудалд Засаг даргад албадан нүүлгэх тухай захирамж гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэж, дахиж захирамж гаргах боломжгүй. Ш.М, М.Г нар  олон жилийн өвөлжөө, хаваржаатай тэнд амьдарч байна. М.Гад олгосон газар нь Ү.Бэд олгосон газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Хоорондоо тодорхой хэмжээний зайтай учраас Ш.М, М.Г нарын эрх ашиг зөрчигдөөгүй. Ү.Б Алтай сумын уугуул иргэн, малтай. Түүнд  өөр газарт эзэмшдэг өвөлжөө, хаваржаа байдаггүй. Тухайн газарт   байшин барьж, хашаа татсан нь хууль бус боловч тэрийг М.Г, Ш.М нарын хүсэлтээр албадан нүүлгэх боломжгүй.

 Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Газар төрийн өмч учраас иргэдэд координатын дагуу олгож байгаа. Ш.Ганбат координатын дагуу газрын даамлаас зааж өгсөн газарт байшингаа бариагүй гэв.

8. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

8.1. Ш.М нь урьд нь шүүхэд “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын 4-р багийн иргэн Ү.Б манай өвөлжөөний болон хаваржааны газарт хууль бусаар малын хашаа, байшин барьж эхэлсэн ба тухайн үед хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг багийн Засаг дарга Т.М, сумын Засаг дарга А.А нарт бичгээр гомдол гаргасан. Сумын Засаг дарга А.А болон багийн Засаг дарга Т.М нар 2021 оны 06 дугаар сарын 25-д мэдэгдэх хуудсыг гаргаж өгсөн.  Уг мэдэгдэх хуудсыг сумын газрын даамал И.А, хэсгийн цагдаа М нар биеэр очиж өгөөд уг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардахад сумын Засаг даргын мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй. Дээр нь хэл амаар доромжилж хууль бус үйлдэл болох зөвшөөрөлгүй хууль бус газарт хашаа байшингаа барьж үйл хэргээ үргэлжлүүлсэн хэвээр байв. Бид шат шатны Засан дарга нарт хандсан боловч Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож чадаагүй тул хууль журмын дагуу шүүхэд хандаж, Ү.Бийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна” хэмээн иргэний хэргийн шүүхэд хандаж, 3-н шатны шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэж байсан юм.

8.2. Ш.Мгийн эзэмшлийн өвөлжөөний болон хаваржааны газарт малын хашаа, байшин барьсан зүйл байхгүй юм. Энэ нь тухайн үеийн иргэний хэргийн шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Ш.Мгийн өвөлжөөний газраас 1,724 метрийн, хаваржаанаас 2,210 метрийн зайтай, Алтай сумын нутаг дэвсгэрт малын хашаа хороо, толгой хорогдох байшин барьж мал маллан амьдарч байгаа юм. Би 8 наснаас эхлэн Алтай суманд малчин болж мал  дээр гарч малтайгаа хамт амьдарч байгаа хэдий ч одоо хүртэл ямар нэгэн газар эзэмших буюу өмчилдөггүй гэдэг нь тус сумын газрын даамал И.А тухайн иргэний хэрэгт өгсөн тодорхойлолтоор нотлогдоно. Сумын Засаг даргад удаа дараа өргөдөл гаргаж, газар эзэмшүүлж өгөхийг хүсдэг боловч мал дээр байдаг малчин миний өргөдлийг шийдвэрлэж өгдөггүй юм. Өнөөдрийг хүртэл малын бэлчээрт нүүдэлчний амьдралаар амьдарч ирсэн. Нэгэнт сумын Засаг дарга надад өчнөөн жилийн хугацаанд газар шийдвэрлэж өгөөгүй учраас сумын Засаг дарга А.А биечлэн уулзаж хэлэхэд, “... өөрийн оршин сууж байсан газартаа малын хашаа хороо, байшин барьж авсны дараа газрын асуудлыг шийдвэрлэж өгнө” гэхээр нь хашаа хороо барьсан маань үнэн. Тухайн газар хэн нэгний өмчлөлийн болон эзэмшлийн газар биш байсан бөгөөд тус сумын иргэд бидний малын бэлчээр газар байсан.

8.3. Засаг дарга Т.М, сумын Засаг дарга А.А нарын 2021 оны 06 дугаар сарын 25-д мэдэгдэх хуудас нь хариуцагч Ү.Б надад хаяглагдаагүй, би тухайн мэдэгдэх хуудсыг огт хараагүй, намайг хүлээн авахаас татгалзсан мэтээр бичсэн нь худлаа байна. Засаг дарга надад ямар нэгэн мэдэгдэх хуудас өгч байгаагүй бөгөөд хэрэгт байгаа мэдэгдэх хуудсыг шүүхэд ирэхээс өмнө огт хараагүй байсан. Хэрэв Засаг дарга А.А нь өөрөө “... газрыг чинь шийдэж өгнө, хашаа хороог барьж болно” хэмээн хэлээд ийм мэдэгдэл гаргасныг мэдсэн бол тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

8.4. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №162 дугаартай "Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай" албан бичгээр “... зохих зөвшөөрөлгүй газар дээр дур мэдэн барилга байгууламж, хашаа барьж эзэмшсэн газрыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг дагуу барьсан хашааг 10 хоногийн дотор чөлөөлөхийг мэдэгдэж, энэ хугацаатай мэдэгдлийг хүлээн авсны дараа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн дагуу газрыг чөлөөлөх үүрэгтэй гэдгийг сануулан, хэрэв биелүүлээгүй тохиолдолд дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Зөрчлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байсан” гэжээ. Нэгэнт ийм хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн бол хуульд заасан журмаар албадан чөлөөлүүлэх ёстой байсан. Сумын Засаг дарга нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа талаарх гомдлоо Ш.М нь дээд шатны Засаг даргад гомдол гаргах, тэднээс гарсан шийдвэрт 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой. Энэ хугацаанд шүүхэд хандаагүй хугацаа хэтрүүлсэн.

8.5. Ш.М болон түүний хүү Ганбатын ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд түүний эзэмших болон өмчлөх эрхэд нь халдаагүй юм. Мөн Ш.Мгийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байхад түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. Алтай сумын иргэн М.Г, Ш.М нар “Алтай сумын Засаг даргын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргасан байна.   М.Г, Ш.М нар нь Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бардамын хонтой толгой гэх газарт 0.7 га газар эзэмшдэг болох нь газар эзэмшдэг гэрчилгээгээр нотлогдон тогтоогдож байна. Гуравдагч этгээд Ү.Б 2021 онд тухайн маргаан бүхий газарт байшин барьж, хашаа хороо барьсан гэх асуудал хөндөгдсөний дараа нэхэмжлэгч М.Г сумын Засаг дарга болон эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандаж байснаар маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байна.  2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Алтай сумын Засаг даргын захирамжаар газрыг хууль ёсоор эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ. Гэтэл Ү.Бийн байшин барьсан газар гэдэг нь тэндээс зайтай газар. Газрын даамлын хэлснээр 500 м-ийн зайтай газар гэсэн. Нэхэмжлэгч тухайн зааж өгсөн газарт байшин барихгүй өөр газарт байшин барьснаас болж схем зураг  зөрүүтэй гарсан байна. Иргэн М.Гын хувьд Ү.Бийн хашаа хороо барьсан гэх газарт маргах ямар ч үндэслэлгүй. Энэ бэлчээрийн газар учраас ямар нэгэн байдлаар давхцаад нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал харагдахгүй байна.

9.2. Бэлчээрийг дундаа эзэмших ёстой. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт тодорхой дурдсан байна. Энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны эцсийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж байсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа нь бэлчээрийн асуудал байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар багийн Иргэдийн Хурлын саналыг үндэслэн  сумын Засаг дарга шийдүүлэхээр зохицуулсан. Ш.М, М.Г нар дундаа 3 газарт өвөлжөө, хаваржаатай. Гэтэл Ү.Б нь малчин өрх бөгөөд Алтай сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшдэггүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Тиймээс бэлчээр ашиглах зориулалтаар хашаа хороо барьсан гэж ойлгож байна. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн асуудал яригдаагүй байна. Харин 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд айлуудыг зусланд гаргах, бэлчээрийг чөлөөлөх, нүүдэл суудлын асуудлыг хэлэлцсэн байна. Эцэст нь газар эзэмшүүлэх тухай М.Гын гаргасан саналыг танилцуулсан байна. Тухайн үед М.Г газар эзэмшихийг нийт иргэд дэмжсэн гэж байгаа боловч энэ талаар тогтоол гарсан гэдгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Шайзада гэдэг хүн үгүйсгэж байна.

9.3. Өмнө нь М.Гад газар эзэмшүүлэх асуудал яригдаад шийдэгдчихсэн учраас дахин тэр асуудал яригдахгүй.  Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр энэ хэрэгт ач холбогдолгүй. Тухайн хуралдаанаас тодорхой бэлчээрийн асуудалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Хашаа хорооны асуудал яригдсан болохоос бэлчээрийн маргааны талаар асуудал яригдаагүй. Бэлчээрийн зааг тогтоогоогүй болохоор тухайн малын бэлчээрийг дундаа хамтран ашиглах ёстой. Энэхүү маргааныг хууль зүйн талаас тайлбарлаж дүгнэхэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч тухайн газар өөрийн өмч гэдгийг нотолсон тохиолдолд энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт саад болсон ямар нэгэн үйлдэл гараагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.М, М.Г нарын Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын А.А газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.А,  Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”... Бидний  өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг газрын дунд буюу “Бардамын сээр өтөг” гэх газарт гуравдагч этгээд Ү.Б нь 2021 оноос хойш зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа, саравч өвлийн байшин барьсны улмаас манай гэр бүл малаа бэлчээрлүүлэх ямар ч боломжгүй болсон” гэж тодорхойлжээ.

3. Нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ү.Бт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх“ тухай нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 шийдвэрээр[1] нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг тухайн хэргийн хариуцагч эс зөвшөөрч давж заалдсанаар Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  2012/МА2022/00026 дугаартай магадлалаар[2] анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчээс магадлалыг  эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00748 дугаартай  тогтоолоор[3] давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад заасан үйл баримтууд болох гуравдагч этгээд Ү.Бийн маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  барьсан байшин, татсан хашааны талаар, мөн нэхэмжлэгч Ш.Мд  Алтай сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай шийдвэрийг үндэслэж “Бардамын голын хонд” гэх газраас  хаваржааны зориулалтаар, 30 жилийн хугацаатай  олгогдсон газар эзэмших эрхийн ......................  дугаартай гэрчилгээ[4]  бүхий  700 м2,  2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг үндэслэж “Бардамын сээр өтөг” гэх газраас  өвөлжөөний зориулалтаар, 20 жилийн хугацаатай олгогдсон  газар эзэмших эрхийн 0305312 дугаартай гэрчилгээ[5] бүхий 700 м2 газруудыг  эзэмших  нэхэмжлэгчийн эрх,  бэлчээрийн зориулалтаар ашиглах  эрхийг   гуравдагч этгээд Ү.Б нь тус тус зөрчсөн  эсэх талаарх үйл баримтууд нь  иргэний хэргийн шат шатны шүүхүүдийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг үндэслэн  дээрх үйл баримтуудын талаар тус шүүх  үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

5. Алтай сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/42 дугаар захирамжаар[6] “Бардамын хонтой толгой” гэх газраас 40 жилийн хугацаатай, өвөлжөөний зориулалтаар 700 м2 газрыг .................... дугаартай гэрчилгээгээр[7] нэхэмжлэгч М.Гад  олгогдсон .................. нэгж талбарын дугаартай газар болон гуравдагч этгээд Ү.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байшин, малын хашаа хороо байрласан газар хоорондын зай нь 490.3 метр болох нь,  ямар нэг хэмжээгээр давхцаагүй  болох нь тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл[8], схем зураг, кадастрын зураг[9], Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаар албан бичиг[10], түүний хавсралт болох схем зураг[11] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгчдээс бэлчээрийн газрыг ашиглах эрх зөрчигдсөн үндэслэлээр маргасан байх ба Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.1-т “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”,  52  дугаар зүйлийн 52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

7. Бэлчээрийн асуудлыг зохицуулсан хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, бэлчээрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах бөгөөд мал, амьтныг бэлчээх зориулалттай хөдөө аж ахуйн газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзаж, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваариар  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлах ба үүнээс зуслан, намаржаа, отрын  бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглахаар, харин өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуульд заасан  нөхцөлүүдийг харгалзаж,   багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж  сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг, бүлгээр ашиглуулахаар, хэрэв маргасан тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн тохиролцох, эс тохиролцвол сумын Засаг дарга шийдвэрлэхээр заажээ.

8. Энэ маргааны хувьд,  Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Бардамын хойд бэл”  “Бардам” гэх газруудыг хаваржаа, өвөлжөөний бэлчээрийн газар болгон тогтоосон нь Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтаар[12] батлагдаж байх боловч  гуравдагч этгээдийн байшин, малын хашаа хороо барьсан газрыг нэхэмжлэгчдэд бэлчээрийн зориулалтаар хуваарилан ашиглуулах шийдвэр сумын Засаг даргаас гараагүй, уг  асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгчдийн маргаан бүхий газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

9.  Тодруулбал, Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Ш.М, гуравдагч этгээд Ү.Б нарын газрын маргааны асуудлыг хэлэлцсэн байх боловч хэрэгт авагдсан тухайн өдрийн тогтоолын[13] агуулга, шүүхэд өгсөн гэрч Ж.Б, Ж.Ш, С.Н, Г.С, Р.Б, С.Б, Б.Л, Х.Ц, Н.Б,  мэдүүлгүүдээс[14] дүгнэхэд, багийн иргэдийн Нийтийн Хурал нь өвөлжөө, хаваржааны бэлчээр ашиглах асуудлаар бус харин гуравдагч этгээдийн барьсан байшин, малын хашаа хороог  албадан нүүлгэх  асуудлаар хэлэлцэж, түүний “... газар эзэмших эрхийг зөвшөөрөөгүй тул  цуцалсугай”  гэж шийдвэр гаргасан байх ба үүнийг бэлчээр ашиглах асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй,  бусдыг албадан нүүлгэх тухай асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхийг багийн иргэдийн Нийтийн Хуралд хуулиар олгоогүй, энэ хуралдааны тогтоолоор  нэхэмжлэгчдийн бэлчээрийн зориулалтаар газар ашиглах эрх үүсэхгүй болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх ба захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх нь уг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь  хамгаалах зорилготой.

11.  Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлд заасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй гэж үзээд нэхэмжлэгчдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2, 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2,  52.10-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М, М.Г нарын Алтай  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Алтай сумын А.А газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.А Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 61-63 дугаар хуудас

[2] Хэргийн 64-66 дугаар хуудас

[3] Хэргийн 67-69 дүгээр хуудас

[4] Хэргийн 22 дугаар хуудас

[5] Хэргийн 21 дүгээр хуудас

[6] Хэргийн 84 дүгээр хуудас

[7] Хэргийн 88 дугаар хуудас

[8] Хэргийн 119-121 дүгээр хуудас

[9] Хэргийн 89 дүгээр хуудас

[10] Хэргийн 133 дугаар хуудас

[11] Хэргийн 134 дүгээр хуудас

[12] 95-96 дугаар хуудас

[13] Хэргийн 157 дугаар хуудас

[14] Хэргийн 111-115, 176-201 дүгээр хуудас