Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00135

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Х.Нансалмаа,
шүүгдэгч Х.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтарын Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 1715000510017 дугаартай, 132/2017/0128/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүн түрүү 8-4 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Тавд овогт Халтарын Алтанцэцэг /РД:ГМ81121108/.
Холбогдсон хэргийн талаар:
Х.Алтанцэцэг нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Нансалмаагийн дух хэсэгт хуванцар сандлаар цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Алтанцэцэг өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн эгч Нансалмаа нь нөхрийн хамт манайд ирж хонохдоо манай нөхөртэй машины наймаа хийсэн. Тэр шөнөдөө манайд хоносон. Маргааш өглөө нь сэрэхэд манай нөхөр байхгүй Орхон аймаг руу явсан байсан. Тэгээд байж байтал манайд 2 хүн пивотой ирсэн. Тэрийг нь бүгдээрээ хувааж уусан. Тэгтэл Нансалмаа эгч надаас машины түлхүүр нэхэхээр нь надад байхгүй гэхэд луйвар хийлээ нөхрөөсөө очиж түлхүүр олж ир гэхээр нь надад хамаагүй та нар мөнгөө гүйцэт өгч авалцаад наймаагаа хий гэхэд чи нөхөртэйгээ нийлж луйвар хийсэн гээд хуванцар сандал аваад шидэхээр нь би буцаагаад аваад шидсэн хаана нь оносоныг нь хараагүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Нансалмаа өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нөхөр бид 2 Баясах, Алтанцэцэг хоёртой ачааны машины наймаа хийсэн юм. Баясахынд ирж хоноод маргааш нь машины түлхүүр авах гэсэн нөхөр нь Эрдэнэт яьсан байсан. Би Алтанцэцэгээс машины түлхүүр авмаар байна гээд бид хоёр маргалдсан тэгсэн сандал аваад миний толгой хэсэгт цохьсон. Миний төрсөн дүү болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
1715000510017 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
гэрч Ш.Нямдорж өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Алтанцэцэг нөхөр Баясахынхаа хамт Орхон сумын 1 дүгээр баг “Ар булаг” гэх газарт байхад Бүрэгхангай сум явж байгаа гэж манайхаар дайрч ирсэн. Явчихаад ирлээ гэж хэлээд оройхон буцаж ирээд архи пиво ууцгаагаад манай гэрт хоносон. Тэр оройдоо Баясах бид хоёр тохиролоод Баясахын пронтер машиныг 3000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд аймгийн төв ороод Хаан банкны АТМ машинаас 1000000 төгрөг гаргаж аваад Баясахад өгсөн. Баясах пронтерын түлхүүр гээд эхнэрт машины түлхүүр өгөөд 2000000 төгрөгөө манай эгчийн дансанд шилжүүлчих гээд байсан. Тэр үед эхнэр миний дансанд байж байг ирж байгаад өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгээд машин өгнө гэж хэлээд дахиад 1000000 төгрөгийг авсан. Мөн картнаас 850000 төгрөг аваад буцаад 700000 төгрөгийг өгсөн. Мөн машины 2 урд их гэрэл Орхон аймгийн Танил захаас авсан байсныг буцааж өгсөн. Тэр мөнгийг бас Баясах авчихсан. Энэ мөнгөний асуудлаас болоод Алтанцэцэг, Нансалмаа хоёр маргалдаад Алтанцэцэг давхарласан хуванцар сандлаар толгой руу нь шидээд хагалчихсан гэх мэдүүлэг /хх-12 хуудас/
гэрч Д.Баясах өгсөн:... Миний 39-17 УНГ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашиныг миний эхнэр Алтанцэцэгийн төрсөн эгч Нансалмаа, нөхөр Нямдорж нар 3500000 төгрөгөөр худалдаж авахаар тохиолцсон. Тэгээд 2000000 төгрөгийг нь өгчихөөд үлдсэн нэг сая төгрөгийг нь дараа нь өгөөд мөн мал оролцуулна гэж байсан. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өглөө би найзыгаа Орхон аймагт эмнэлэгт үзүүлэх гээд аваад явсан. Миний машиныг шууд авна гээд байхаар нь би үлдсэн мөнгөө аваад авах малаа үзэж байж болно гэж хэлсэн байсан болохоор эрт Орхон аймаг руу машины түлхүүрээ аваад явчихсан. Тэгээд наймаг Орхон аймагт явж байх хооронд Алтанцэцэгийн хэлснээр хүүхдээ аваад сууж байхад нь хуванцар сандал шидэхээр нь хүүхэд онолоо гээд зөрүүлээд сандлыг нь аваад шидчихсэн чинь толгойг нь оночихсон гэж хэлсэн. Би тухайн үед бол байгаагүй гэх мэдүүлэг /хх-14 хуудас/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэнд: Х.Нансалмаагийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-27-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Алтанцэцэг нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Нансалмаагийн дух хэсэгт хуванцар сандлаар цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.Алтанцэцэгт холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.Алтанцэцэг нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Алтанцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Нансалмаа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Х.Алтанцэцэг ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Алтанцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тавд овогт Халтарын Алтанцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтанцэцэгийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтанцэцэг нь 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтанцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Алтанцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН