Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 2019        06          13                                    90

 

 

“Ө” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй хариуцагч Н-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00529 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Ө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 420.993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбооны захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Н- нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Ө хорооллын 102 дугаар байрны 44 тоот орон сууцанд оршин сууж байна.  Ө хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Харуулын албаны хөлс нь 1 сард 7.500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Н- нь 102 дугаар байрны 44 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 3 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 270000 төгрөг болно. Уг 270000 төгрөгийг задалж үзвэл 2016 онд 39735 төгрөг, 2017 онд 31788 төгрөг, 2018 онд 79470 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь ‘’Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай’’ хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс Н-аас Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 420.993 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: 

Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй Н-ад холбогдох Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 270.000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс болох 150.993 төгрөг, нийт 420.993 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч Н- нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний байдлаар засвар үйлчилгээний хөлс болох 166.887 төгрөг төлөөгүй байна. Энэхүү хөлс нь нэхэмжлэл гаргах үеийн засвар үйлчилгээний хөлс болох 150.993 төгрөгөөс 15.864 төгрөгөөр илүү гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 270.000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс болох 166.887 төгрөг нийт 436.887 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Ө” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дашгиа овогтой Н- миний бие 2013 онд Орхон аймаг Баянцагаан баг Ө хороолол 102 байр 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тус орон сууцанд орсон жилээс “Ө” СӨХ нь биднээс харуул хамгаалалтын зардал болон урсгал засварын зардал гэж огт төлбөр нэхэмжилж байгаагүй ба энэ талаар бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Үүнтэй холбоотой хийсэн гэрээ байхгүй. Гэвч 2019 оны 02 сард гэнэт шүүхээс нэхэмжлэлтэй танилц гэж дуудсан. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна” гэж заасны дагуу “Ө” СӨХ нь гишүүдийн хурлын товыг бидэнд нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Хурлаар гарсан шийдвэрийг бидэнд дараа нь мэдэгдээгүй ба хурлын протоколтой танилцуулаагүй. Би сар бүр байрныхаа ашиглалтын зардлыг Эрдэнэт ус-д төлөхдөө СӨХ мөнгө гэж 9.500 төгрөг төлдөг байсан. Үүнийг ашиглалтын зардал төлсөн баримтаараа нотолж байна. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан. Дээрх заалтаас харахад тухайн СӨХ-ны харуулын зардлыг би хариуцах үндэслэлгүй болох нь харагдаж байна. Иймээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус байранд анх орсноос хойш өдийг хүртэл агааржуулалтын хоолойноос дээд айлын бохир байнга үнэртдэг. Мөн дотор нь шувуу болон муур орж үүрлэдэг, 3 байрны хогийн цэг манай байртай ойр байрладаг тул дулааны улиралд элдэв бохир үнэртэх, ялаа шавьж гэрт ихээр орж ирдэг. Энэ талаар СӨХ-д удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй. Манай гэр бүл тус байранд орсноос хойш СӨХ-с байрны засвар, тохижилттой холбоотой ямар нэгэн ажил зохион байгуулж байгаагүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/529 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан хариуцагч Н-аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хөлс 166.887 /нэг зуун жаран зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх харуул хамгаалалтын хөлс 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13.280 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н-аас 5.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн зарим хэсгийг буюу дундын өмчлөлийн хамгаалалтын зардал 270.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлага болох дундын өмчлөлийн хөрөнгийн хамгаалалтын зардал 270.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан үзээгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Учир нь “Ө” сууц өмчлөгчдийн холбоо нь харуул хамгаалалттай байх асуудлыг оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэхүү асуудлаар нийт 207 өмчлөгч оршин сууж байснаас 183 өрх санал өгсөн. Санал өгсөн 183 өрхөөс 146 гишүүн буюу 78.4 хувь нь харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай гэж дэмжсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус заасныг нийт өмчлөгчдийн буюу гишүүдийн 78.4 хувийн саналаар Харуул хамгаалалттай байх асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Хууль тогтоогчоос тогтоосон хуулийн дээрх зохицуулалтууд нь сууц өмчлөгч холбооны гишүүдийн хэлэлцэх асуудалд санал өгөх эрхээ хэрэгжүүлж чадсан эсэх асуудлыг зохицуулахад чиглэсэн байна. Энэхүү зохицуулалтыг “Ө" сууц өмчлөгчдийн холбооны хурал зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Нөгөө талаас СӨХ- ны хуралд ирэх боломжгүй, ирэх хүсэлгүй байдаг оршин суугч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сууц өмчлөгчдийн холбоо эрх үүргээ хэрэгжүүлэх чадамжгүйд хүрч болохгүй юм. Хариуцагч Н- нь Сууц өмчлөгчдийн холбоо болон шүүхэд хандан Бүх гишүүдийн хурлын харуул хамгаалалтай байх тухай шийдвэрт гомдол, шаардлага гаргаагүй байтал шүүх өөрийн санаачлагаар хэт нэг талыг барьж хурлаас гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэнд гомдолтой байна. Сууц өмчлөгч болох Н- нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйл болон холбогдох хуульд зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйд буруутай юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө СӨХ нь хариуцагч Н-аас “Ө” хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө хамгаалалтын хөлс 270.000 төгрөг, ашиглалт засвар үйлчилгээний хөлс 150.993 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч Н- шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 436.887 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Н- нь 2016 оноос Ө хотхоны 102 дугаар байрны 44 тоотод оршин суусан бөгөөд “Ө” хорооллын оршин суугчдын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн харуул хамгаалалтын хөлс 7.500 төгрөгийг 3 жил /170.000 төгрөг/ төлөөгүй, мөн засвар үйлчилгээний хөлсийг 2019 оны 03 дугаар сар хүртэл төлөөгүй / 166.887 төгрөг/ болох нь тогтоогджээ.

Ө хороолол нь 2013 онд баригдаж ашиглалтанд орсон ба 2013 оны 04 дүгээр сард СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар н.Баттуяа томилогдож үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 2013 оны 08 дугаар сарын 26-ны нийт оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулж Ө хороололд харуул хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэж 02 дугаартай тогтоол гаргаж баталгаажуулжээ. Тухайн үед харуул хамгаалалтын хөлсийг сард 7.500 төгрөг байхаар тооцож айл бүрээс нэг сард 7.500 төгрөг авахаар шийдвэрлэсэн байна. 2014, 2015 онуудад цаашид харуул хамгаалалт байлгах эсэх талаар оршин суугчдын саналыг авахаар хурал зарлаж байсан боловч ирц хүрэлцэхгүй шалтгаанаар хойшилж байсан байна. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахад мөн ирц хүрээгүй учраас 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдуулахаар болж энэ хуралдаанаас өмнө оршин суугч нарын саналыг бичгээр авч харуул хамгаалалтын албыг цаашид байлгах эсэх хөлсийг урьд мөрдөж байсан 7.500 төгрөгөөр төлөх талаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д бүх гишүүдийн хурлын товын хурал хуралдуулахаас 14 хоногоос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаар гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ, Ө СӨХ-ийн бүх гишүүдийн хуралд 207 сууц өмчлөгчдөөс 50 сууц өмчлөгч оролцож Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлсийг 1 өрхөөс сар бүр 7.500 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалттай нийцээгүй. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.9, иргэний хэргийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3-т заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Шүүх Ө СӨХ-ийн 2016 оны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг сууц өмчлөгчдийн ирц хүрээгүй байхад хуралдаж шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу шүүх тухайн байгууллагын дотоод асуудалд орж нэгэнт хурлаар шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон үйл баримтыг үгүйсгэж дүгнэлт хийсэн нь зохигчийн мэтгэлцээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг зөрчжээ.

Ө СӨХ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийн талаар сууц өмчлөгчид шүүхэд гомдол гаргаагүй ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу байна.

Сууц өмчлөгч нь иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйл болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө. Иргэний хэргийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар өмчлөгч дангаар өмчлөх болох дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иймд хариуцагч Н- нь дундын өмчлөлийн зүйлийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул харуул хамгаалалтын хөлс 270.000 төгрөгийг төлүүлж Ө СӨХ-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00529 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан хариуцагч Н-аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хөлс 166.887 /нэг зуун жаран зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх харуул хамгаалалтын хөлс 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.-д зааснаар хариуцагч Н-аас харуул хамгаалалтын хөлс 270.000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хөлс 166.887 төгрөг нийт 436.887 төгрөг гаргуулж “Ө” СӨХ-нд олгосугай” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд хариуцагч Н-аас 5.675 төгрөг...” гэснийг “...13.786 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.750 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                         С.УРАНЧИМЭГ