Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00136

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Г.Баттуяа,
шүүгдэгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнчимэдийн Батбаярт холбогдох эрүүгийн 1715001070033 дугаартай, 132/2017/0127/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Агуйт 3в хэсгийн 3-6 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ямаачин овогт Цэрэнчимэдийн Батбаяр /РД:ГЮ86082512/.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Батбаяр нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Бөөрөлжүүт” гэх газраас Булган сум руу явах замд өөрийн эхнэр Г.Баттуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батбаяр өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр найзын ээжийнх нь одонгийн найранд очоод тэнд ухаанаа алдталаа архи уусан байна. Харих замдаа эхнэртэйгээ маргалдаж зодсон байсан. Маргааш өглөө нь эрүүл болоод мэдсэн. Болсон үйл явдлыг санахгүй байгаа гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баттуяа өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Бөөрөлжүүт гэх газар айлын одонгийн найранд очсон. Шөнийн 00 цагийн үед тэндээсээ нөхөр болон хүүхдүүд, нөхрийн 2 найз болох Булга, Батбаяр нарын хамтаар гэр лүүгээ явсан. Би машин барьж байсан учраас согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Замд явж байхад манай нөхөр манай аавыг муулаад байхаар нь би чи өөрийнхөө эцгийг хичээж бай гэж хэлсэн чинь арын суудал дээрээс гэнэт өндийж ирээд үснаас зулгааж ирээд миний толгойн орой, толгойн арын хэсэг , нүүр зэрэг газарт гараа атгаж байгаад цохьсон. Би хөдөө гэртээ нөхөр хүүхдүүд болон Булгаа, Батбаяр нарыг буулгаад Булганы төв орж цагдаад дуудлага өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
1715001070033 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Гэрч Х.Эрдэнэбулган өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт Долгорсүрэн гэх хүний одонгийн найранд Батбаяр, эхнэр Баттуяа, 2 хүүхэд, мөн Батбаяр нарын хамтаар очсон. Тэгээд найранд очоод хэсэг байж байгаад оройн 00 цагийн үед байх буцаад Булган аймаг руу явах болсон. Батбаярын машинтай явж байхад Батбаяр, Баттуяа нар нь хоорондоо маргаж Батбаяр нь эхнэрийгээ цохиж зодсон. Тэгээд хөдөө гэрт Баттуяа нь бид нарыг үлдээгээд машинтайгаа аймгийн төв рүү явсан. Төвд ирээд цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-21 хуудас/,
Гэрч Т.Батбаяр өгсөн: ...машинтай замд явж байхад машины арын суудалд сууж байсан Батбаяр нь урд сууж явсан эхнэр Баттуяатай хоорондоо юм ярьж байснаа маргаад эхлэсэн. Ингээд би хажуугаас нь Батбаярыг хойш нь татаж болиулсан. Тэгээд гэртээ очиж буугаад амарсан тэгтэл Баттуяа нь цагдаад нөхрийгөө зодсон гээд өргөдөл өгсөн юм байна лээ гэх мэдүүлэг /хх-22 хуудас/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай дүгнэлтэнд: Г.Баттуяагийн биед баруун дээд, доод, зовхи, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, толгой орой, баруун зулай, дагз хэсгийн хуйх, зүүн ядам хурууны өндөг, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал зүүн хацар, баруун долоовор хуруу, зүүн ядам хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-24 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-31-34 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Батбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Бөөрөлжүүт” гэх газраас Булган сум руу явах замд өөрийн эхнэр Г.Баттуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Батбаярт холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Батбаяр нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Батбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баттуяа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Ц.Батбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Батбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Ямаачин овогт Цэрэнчимэдийн Батбаяр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаяр нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Шүүгдэгч Ц.Батбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН