Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 21

 

        Б.Б-ийн хүсэлттэй иргэний 

        хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00571 дүгээр шийдвэртэй

Б.Б-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 

хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Б.Б би 1964 онд төрсөн. Одоо тэтгэврээ тогтоолгох нас болоод байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1979.01.10-1980.01.15-ны өдрийг хүртэлх хугацаанд слесариар, 1980.01.15-1992.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байгаад Социализмын зам нэгдэл тарсан учир Цэнхэр сумын Баянбүрд компанид 1993.01.15-1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг бага наснасаа эхлэн ажиллаж байсныг, мөн миний амьдрал ахуйг мэдэн гэрчлэх нутгийн хүмүүс олон байдаг. Миний хөдөлмөрийн дэвтэр болон архивын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1979.01.10-1980.01.15-ны өдрийг хүртэлх хугацаанд слесариар, мөн нэгдэлд 1980.01.15-1982.01.10, 1990.01.10-1992.12.31-ний өдрийг хүртэл, Цэнхэр сумын Баянбүрд компанид 1993.01.15-1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00571 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б-ийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1979 оны 01 сарын 10-ны өдрөөс 1980 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд слесариар, 1990 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Цэнхэр сумын Баянбүрд компанид 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, хүсэлтийн шаардлагаас 1980 оны 01 сарын 15-ны өдрөөс 1982 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож;  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг 2019.10.01-ний өдөр гардан аваад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүсэлтийн шаардлагаас 1980.01.15-1982.01.10-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлүүдийн зохих заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувиар энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхээс “Б.Б-ийн 1980 онд трактор, машинчийн мэргэжил эзэмшсэн үнэмлэх нь түүний мэргэжил эзэмшсэн хугацааг нотлохоос биш мэргэжлээрээ ажилласан  гэдгийг нотлохгүй байна. Иймд түүнийг 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Мөн 1981 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичигдсэн иргэний паспорт авч байсан ХААТР-1 маягтад “одоо хаана ямар ажилтай” гэсэн хэсэгт “Архангай, Цэнхэр сум, Буйлан, хоньчин” гэсэн байна” гэж дүгнэж байгаа нь буруу, үндэслэлгүй байна. Энэ ажлыг хийхийн тулд энэ мэргэжлийг эзэмшдэг билээ. “Хоньчин” гэсэн бичилтийг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд 571 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1979.01.10-1980.01.15-ны өдрийг хүртэлх хугацаанд слесариар, мөн нэгдэлд 1980.01.15-1982.01.10, 1990.01.10-1992.12.31-ний өдрийг хүртэл, Цэнхэр сумын Баянбүрд компанид 1993.01.15-1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 1979.01.10-1980.01.15-ны өдөр хүртэлх хугацаанд слесариар, 1990.01.10-1992.12.31, 1993.01.01-1995.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980.01.15-1982.01.10-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан боловч хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв. 

 

Хүсэлтийн шаардлагын үндэслэл болох хөдөлмөрийн дэвтэрт “1980.01.15. Социализмын зам нэгдлийн слесарчнаас чөлөөлж тракторын жолоочоор авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1980 оны 01-р сарын 15-ны 39 тоот тушаалаар” гэж бичсэн байх ба уг нотлох баримт нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байхад анхан шатны шүүх хүсэлт гаргагчийг 1980.01.15-1982.01.10-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

 

Анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай 2308 дугаар захирамжаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн иргэний паспорт авч байсан маягтыг нотлох баримтаар гаргуулж авсан байх ба уг маягтад хүсэлт гаргагчийг хоньчноор ажиллаж байгаа гэж бичсэн байх боловч энэ нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичсэнээс зөрүүтэй төдийгүй бусад нотлох баримтаар батлагдахгүй байна. 

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл хүсэлт гаргагч Б.Б 1980.01.15-ны өдөр Социализмын зам нэгдлийн слесарийн ажлаас чөлөөлөгдөж тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн байх ба эдгээр баримтаар 1980.01.15-1982.01.10-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажилласан нь тогтоогдсон тул гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт орууллаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00571 дүгээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “слесариар,” гэсний ард “1980 оны 01 сарын 15-ны өдрөөс 1982 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор” гэж нэмж, “хангаж” гэснийг “хангасугай” гэж өөрчилж, “хүсэлтийн шаардлагаас 1980 оны 01 сарын 15-ны өдрөөс 1982 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                                 

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ДАВААСҮРЭН

                                                                              ШҮҮГЧИД       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                      Д.БЯМБАСҮРЭН