| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2026/1032/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1123 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*****,
шүүгдэгч Б.Ц***** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2603000000366 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х*****овогт Б*****ын Ц*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, *****бүжигчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *****оршин суух, регистрийн дугаар: *****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- “...*****шон мөргөсөн...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*****гийн: “...Тухайн өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед дэнжийн 1000-с Цэнгэлдэх хотхон орохоор явж байсан. Тухайн үед бид гурав нойр муутай явж байсан тул охин Ү***** бид хоёр автомашины урд суудал дээр унтаж байсан. Би сэрээд манай нөхөр Ц***** нойрмоглоод байх шиг болохоор нь хайраа хоёулаа солигдох уу би автомашинаа барих уу гэхэд нөхөр Ц***** зүгээр зүгээр хайраа унтаж бай гэхээр нь буцаад унтсан. Унтаж байтал гэнэт түс тас гээд чимээ гарахаар нь сэрээд хартал урд шил хагарсан байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө юу болов гэж асуутал хайр нь нойрмоглоод юм мөргөчихлөө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын газраас "... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц*****ын Ү***** /РД: *****/нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 1,763,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан ЕГ0726/2785 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: Ц.Ү*****гийн биед зүүн дунд чөмөг ясны хүзүүний хөндлөн зөрөөтэй далд хугарал, хугарлыг хагас ил аргаар эвлүүлж татагч шургаар бэхлэх мэс засал /2026.02.23/, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх зүүн дунд чөмөг ясны хүзүүний хөндлөн зөрөөтэй далд хугарал нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....” гэх (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- 2026.03.12-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаанд “... А. Тoyota Aqua маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх (хавтаст хэргийн 54 дэх тал),
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан ЕГ0726/2785 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ц.Ү*****гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Ц***** нь 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайваны гүүрний доод замд Toyota Aqua маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно:" а/ "...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох үедээ нойрмоглож зорчих хэсгийн голын тусгаарлах зурвас дээр байрлах бетоныг мөргөж зорчигч өөрийн төрсөн охин Ц.Ү*****гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц*****ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц***** нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ү***** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,763,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц*****оос 1,763,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас “...Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Гомдол, санал байхгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд тэнсүүлж өгнө үү...” гэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ц*****ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ц*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Ц***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэргийн улмаас түүний төрсөн хүүхдийн биед хүнд хохирол учирсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц*****д хорих оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний хувийн байдалд тохирно гэж шүүхээс үзэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ц*****д сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц***** нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*****овогт Б*****ын Ц*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц*****д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц*****д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ц*****д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц*****оос 1,763,000 (нэг сая долоон зуун жаран гурван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц***** нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц*****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР