Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 142/шш2024/00634

 

 

 

 

 

 

2024 04 17 142/ШШ2023/00634

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг *******3 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Уурхайчин гудамж, захиргааны 4 дүгээр байранд байрлах, Орхон аймгийн ******* ******* ******* газарт холбогдох, /утас: /

Нэхэмжлэлийн шаардлага: "Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11 226 370 төгрөг, ээлжийн амралтын цалин, нөхөн олговор 3 131 992 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* овогтой ******* ******* нь 1985 онд Архангай аймгийн бага ангийн багшийн их сургуулийг төгсөж, багш мэргэжил эзэмшиж, ажиллах явцдаа хөрвөж ажиллан Эрдэнэт хотод 1985 оноос ГОК-ын 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж эхлэсэн бөгөөд уг цэцэрлэгт 19 жил тасралтгүй ажиллаж, түүнээс хойш 17-р цэцэрлэгийн эрхлэгчээр 5 жил ажилласан. 2010 оноос хойш 23-р цэцэрлэгт эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-нд өндөр настны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11,226,370 төгрөг олгох тухайд: 2002 оны *******ын тухай хуулийн 43.1.7-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 19-нд 5 жилийн тэтгэмж авсан. Харин 2023 оны 07 дугаар сарын 07-нд *******ын тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т зааснаар Цэцэрлэгийн эрхлэгчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор хуульчилсан. Энэ тэтгэмжийг авахаар 2023 оны 11 дүгээр сарын 03-нд БШУГ-ын даргад хүсэлт гаргахад 2023 оны төсөвт тусгаагүй тул олгох боломжгүй гэсэн хариу өгсөн ба 2024 оноос олгож эхэлнэ гэсэн хариуг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 699 тоот албан тоотоор хариу өгсөн. Иймээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн хугацааг хангаж 2023 оны 12 дугаар сарын 25-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул 6 сарын үндсэн цалинтай тэнцэх буюу 11,226,370 төгрөгийн тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухайд: 2022 оны ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан өөрийн саналыг өгөх боломжтой байдаг. Миний бие ээлжийн амралтын саналаа 6 дугаар сард амрахаар санал өгсөн боловч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр БШУГ-ын дарга О.Ариунгэрэлтийн баталсан мэдэгдэх хуудсаар 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл ажлын 30 өдрөөр ээлжийн амралт олгосон. Гэвч энэ хугацаанд цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлт, тохижилт үйлчилгээ гэх мэт ачаалал ихтэй үе байдаг тул би амарч чадаагүй. Цэцэрлэгийн цагийн бүртгэлд бүртгэснээр 14 хоногийн амралтыг биеэр эдлэн амарсан байдаг. Үлдсэн 16 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдлэн амраагүй учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нөхөн амраах, хэсэгчлэн эдлүүлэх хүсэлт гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 573 тоот албан бичгээр дутуу хоногийг нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 д зааснаар Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгохоор заасан байх тул 110.2-т зааснаар Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгох буюу 16 хоногийн цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгох үндэслэлтэй гэж үзэж байна. 2022 оны 08 дугаар сард ээлжийн амралтын биеэр эдлээгүй 16 хоногийн цалин 973 328 төгрөг байх бөгөөд 1,5 дахин нэмэгдүүлсэн дүн нь 1.459.992 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилсан. 2023 оны 12 дугаар сарын 25- ны өдөр БШУГ-ын даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба уг тушаалаар зөвхөн ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг олгоогүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамын 2.8 дахь хэсэгт Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. 1/ Ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгохоор зохицуулсан. Иймээс уг журмын дагуу ажлын 30 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын, жилийн ээлжийн амралтыг 2023 оны 06 дугаар сарын 15-нд амарсан мөн оны 12 сарын 25-нд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа тул ээлжийн амралт эдлэх ёстой 11 (2023 оны 01 сарын 15 наас 12 сарын 25 хүртэлх ) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 27.5 (30 12 х11) өдрийн тооцоог хийж ээлжийн амралтын цалинг олгох үндэслэлтэй байна. 27.5 хоногийн ээлжийн амралтын цалин буюу 1.672.000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс *******ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь хэсэгт заасан ажилласан хугацааны 3 жилийн тэтгэмж 11,226,370 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 99, 110 дугаар зүйлд заасан ээлжийн амралтын 2022 оны биеэр эдлээгүй амралтын мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-наас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ээлжийн амралт 27.5 өдрийн цалин 3.131.992 төгрөг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие овогтой // ******* ******* ******* газарт нягтлан бодогчоор ажилладаг.

1. Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ба 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн байна.

2023 оны 07 дугаар сард шинэчлэгдэн батлагдсан *******ын ерөнхий хуулийн 13.3.3-т сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох мөн хуулийн 13.8-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.3 дахь заалт хамаарахгүй гэж тус тус заасан байна.

Төсвийн тухай хуулийн 4.1.43-т "зарцуулалтын эрх" гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг мөн хуулийн 4.1.2-т "дунд хугацаа" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг энэ хуулийн 11.1.16-д Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох,

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д "дунд хугацаа" гэж дараа жилийн болон түүний дараах дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг гэж заасан байна.

Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэг нь 2023, 2024 оны 07 дугаар сард төсвийн төсөлд эрхлэгчээр ажиллаж байсан М.*******ийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төсвийн төслийн саналд ирүүлээгүй байсан. Иймд 2023, 2024 оны Сангийн яамнаас батлагдаж ирсэн ******* ******* ******* газрын төсөвт эрхлэгчээр ажиллаж байсан М.*******ийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж суугдаж ирээгүй учир мөнгөн тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухайд: М.******* нь Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* шиинжлэх ******* газрын даргын Б/95 дугаар тоот тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарсан. Цалин хөлс, ээлжийн амралттай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, дүрэм, журмын дагуу Орхон аймгийн 23-р цэцэрлэг нь шийдвэрлэх үүрэгтэй. Иймд ******* ******* ******* газрын чиг үүрэгт тухайн байгууллагын ажилтны цалин хөлс, ээлжийн амралтын нөхөн олговор олгох асуудал хамааралгүй болно. Тиймээс Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэгт холбогдуулах хүсэлтэй байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотартиатаар батлуулсан хуулбар /хх-5/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-6-8/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай ажилд томилох тухай захирамж /хх-9/, Орхон аймгийн засаг даргын дэргэдэх ******* ******* ******* газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/95 дугаартай Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-10-11/, хөдөлмөрийн гэрээ /хх-12-14/, хаан банкны дансны хуулга /хх-15-16/, Орхон аймгийн засаг даргын дэргэдэх ******* ******* ******* газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 573 дугаартай албан тоот /хх-17-21/, Орхон аймгийн засаг даргын дэргэдэх ******* ******* ******* газрын мэдэгдэх хуудас /хх-22/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

4. Хариуцагчаас: М.*******ийн цалингийн карт /хх-51/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/37 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамж /хх-52-55/, Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай сул зогсолт олгох тухай тушаал /хх-56-58/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.*******, Орхон аймгийн ******* ******* ******* газарт холбогдуулан Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11 226 370 төгрөг, ээлжийн амралтын цалин, нөхөн олговор 3 131 992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 07 дугаар сарын 07-нд *******ын ерөнхий тухай хууль батлагдсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т зааснаар цэцэрлэгийн эрхлэгчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор хуульчилсан. Энэ тэтгэмжийг авахаар 2023 оны 11 дүгээр сарын 03-нд ******* ******* ******* газрын даргад хүсэлт гаргахад 2023 оны төсөвт тусгаагүй тул олгох боломжгүй гэсэн тул 11 226 370 төгрөгийг олгож өгнө үү.

Мөн 2022 оны ээлжийн амралтыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажлын 30 өдрөөр ээлжийн амралт олгосон. Гэвч энэ хугацаанд цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлт, тохижилт үйлчилгээ гэх мэт ачаалал ихтэй үе байдаг тул би амарч чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.- д Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгохоор заасан тул 16 хоногийн цалинг 1.5 дахин нэмэгдүүлж ээлжийн амралтын цалин, нөхөн олговор 3 131 992 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч М.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 11 дүгээр захирамжаар 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэх захирамж гарч, 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ******* ******* ******* газрын даргын Б/95 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан тул албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

5. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан *******ын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно гэжээ.

Дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж хуульчилсан байна.

6. Нэхэмжлэгч М.******* нь хууль хэрэгжихээс өмнө өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарсан байх ба 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулийн зохицуулалтад хамрагдах боломжгүй юм.

Иймд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх 11 226 370 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. М.*******, ээлжийн амралтаа эдэлж чадаагүйтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д заасны дагуу цалин, мөнгөн урамшуулал шаардсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно гэж заажээ.

Байгууллага бүр тухайн жилд батлагдсан төсөвийн хүрээнд, хамтын гэрээ, хуулийн дагуу цалин урамшууллыг ажилтанд олгох бөгөөд М.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сум 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Хэдийгээр ******* ******* ******* газрын даргын тушаалаар ажилд томилогдож, чөлөөлөгдөх ч, цалин, урамшууллыг 23-р цэцэрлэгээс авдаг. Тухайн жилийн цалин урамшууллыг дутуу олгосон гэж үзэж буй бол тухайн байгууллагаас нэхэмжлэх бөгөөд ******* ******* ******* газраас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд 2022 оны ээлжийн амралтын биеэр эдлээгүй 16 хоногийн цалинг 1,5 хувиар нэмэгдүүлж 3 131 992 төгрөг олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 742 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан Орхон аймгийн ******* ******* ******* газарт холбогдох цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11 226 370 төгрөг, ээлжийн амралтын цалин, нөхөн олговор 3 131 992 төгрөг гаргуулах М.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 742 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА