Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00138

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч В.Хэнзээ,
Шүүгдэгч Ч.Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чанцалын Амгаланд холбогдох эрүүгийн 1715001130043 дугаартай, 132/2017/0130/Э индэкстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 2-24-78 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чанцалын Амгалан /РД:ХП78092277/,
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Амгалан нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Намсан амралтын газарт В.Хэнзээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Амгалангийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Намсан амралтанд салхинд гарч байгаад орой 9 цагийн үед бүжигийн заалнаас болж маргалдаад Хэнзээ гэдэг хүнийн нүүрэн тус газар нэг удаа цохьсон тэгээд салаад явсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Хэнзээгийн өгсөн: Хохирогч: 2017 оын 8 дугаар сарын 25-ны өдөр Амгалан манай амралтанд ирсэн. Орой нь 21 цагийн үед заалны цагийн мөнгөн дээр тохиролцохгүй маргасан. Тэгээд би мөнгөн дээр тохиолцохгүй байгаа юм чинь би заалаа хаагаад явлаа. Та нар даргаас асуухгүй юу гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад намайг зогсож байхад гэнэт цохиод авсан. Шүд унасан гэх мэдүүлэг,
1715001130043 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч В.Хэнзээгийн өгсөн: Би "Намсан" амралтын баазад манаач ажилтай. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим манай амралтын газарт 14 хүн амрахаар ирсэн. Орой нь 21 цагийн орчим тэр хүмүүсээс 2 хүн нь караокед дуулмаар байна, төхөөрөмжөө асаа гэсэн. Би төхөрөөмжөө асаагаад 1 цаг дуулахад 15000 төгрөг, одоо тооцоогоо хийгээрэй гэхэд нэг хүн нь яахаараа ийм үнэтэй байдаг юм бэ? гэж надаас асуухад би цаанаасаа тогтоогдсон үнэ, бусдыг нь би мэдэхгүй байна гэсэн. За за үнэтэй байгаа бол болино биз гээд төхөөрөмжөө унтраагаад хүргэн хүү Хүрэлбаатар, төрсөн охин Энхзаяа хоёрын хамт гарах гэтэл Амгалан гэх залуу миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж миний дээд үүдэн 1 шүдийг хугалсан юм. Тэгээд миний зүүн гар руу өшиглөж зүүн гарын тохай өвчтэй, хавдсан байна. Миний хүргэн Хүрэлбаатар хажуу талаас болиочээ гэхэд намайг зодсон залуу түүнийг заамдаж аваад өөрөөсөө холдуулж түлхсэн юм. Тэгэхэд нь хажууд нь явсан залуу мөн түүнийг заамдаж авааад газар унагааж гараараа нүүр шанаа орчимд нь цохиод байсан. Гэтэл миний охин Энхзаяаг хажууд нь очоод салгах гэхэд хүргэн хүүг зодож байсан залуу орхиныг маань ар дал нуруу руу нь гараараа 1 удаа цохиод түлхэж унагаасан юм. Газар унахад нь дээрээс нь тэр залуу дэвсэх гэж байхад нь хүргэн хажуу талаас нь очиж салгасан гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,
Гэрч Э.Шинэбаярын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед хамт ажилладаг хүмүүсийн хамт Намсан амралтын газарт очсон. Орой Амгалангийн хамт заалруу бүжиглэх гэж орсон. Тэгээд бүжгийн ая тавиад өгөөч гэсэн чинь ая тавих нь амралтын газраас тогтоосон тус тусын үнэтэй гэж байсан. Үүнээс болж бид манаачтай маргалдсан. Гадаа гарахад Амгалан ах манаачийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон. Би дундуур нь орж салгасан. Тэгсэн чинь цагаан майктай залуу ирээд намайг намайг өшиглөсөн. Тэгээд түүнтэй маргалдаад салсан гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч Ч.Баярмаагийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орой Шинэбаяр, Санчир нарын хамт Намсан амралтын газарт очсон. Машины зогсоол дээр оччихоод буцаж ирэхэд Амгалан, Шинэбаяр нар амралтын газрын ажилчидтай маргалдаж байсан. Намайг ирэхээс өмнө ямар үйл явдал болсныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Гэрч Х.Энхзаяагийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Намсан амралтын газарт өөрийн төрсөн эцэг Хэнзээ, хүргэн Хүрэлбаатар нарын хамтаар ажиллаж байхад шөнийн 22 цагийн үед караокены заал ажиллуулаад өгөөч гээд 2 эрэгтэй үйлчлүүлэгч ирсэн. Тэгэхээр нь цагийн үнэ нь 15000 төгрөг байдаг, бүжгийн талбай нь 10000 төгрөг байдаг гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр эрэгтэй хүн арай үнэтэй байна, үнийг нь арай их хэлж байна гэсэн. Тэгэхээр нь үнэ ханшыг нь цаанаас нь тогтоосон байдаг гэж хэлсэн. Та нарыг анх амралтын газарт хүлээж авахдаа үнийн тарифыг хэлсэн биз дээ гэсэн. Гэтэл нөгөө хоёр эрэгтэй хүн бид нар мэдээгүй гэсэн. Тэгэхээр нь хамт ирсэн хүмүүсээсээ асуу гэж хэлсэн. Тэгээд аав Хэнзээ нөгөө хоёр залуутай амралтын газраас гарч явах үед хоорондоо маргах шиг болсон. Тэгэхээр нь араас нь харж байхад Амгалан гэх эрэгтэй хүн нь аавыг хажуу талаас нь нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд заамдаад зогсож байсан. Ингээд байж байхад хажуунаас нь хүргэн Хүрэлбаатар салгасан ийм л зүйл болсон. Тэр үед би салгах санаатай дөхөж очих үед хамт явсан Шинэбаяр гэх залуу нь намайг түлхэж унагаасан ба Хүрэлбаатар ах бас салгасан. Тэгээд тэр хоёр хүн явсан ба би Цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 724 дугаартай
1. В.Хэнзээгийн биед дээд зүүн хоёрдугаар шүдний булгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн ямар ч чиглэлд, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.
4. Уг гэмтэл нь ГЗЗ-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 29 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36, 37 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Амгалан нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Намсан амралтын газарт В.Хэнзээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч В.Хэнзээ, гэрч Э.Шинэбаяр, Х.Энхзаяа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Амгалаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Амгаланд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Амгалангийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Хэнзээгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Чанцалын Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Амгаланг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Амгалан нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Амгалан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Амгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ