Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2023/0054

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох “аймгийн Засаг даргын 2023 онд тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдааны ялагчийг “хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлэхээр шийдвэрлэсэн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулж ялагчийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1.1 “С” ХХК-аас 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танай шүүхэд хандан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 онд тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдааны ялагчийг хамгийн их хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлэхээр шийдвэрлэсэн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулж ялагчийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2 Хэдийгээр бид уг дуудлага худалдааны талаар гомдолтой байсан ч 2023 оны 8 дугаар сарын 28-нд болсон хоёр дахь дуудлага худалдаанд оролцож, гомдлын шаардлага хангагдаж, тус аймагтай зориулалтын ан агнуурын чиглэлээр хамтран ажиллаж байгаа тул манай компани дээр дурдсан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

1.3 Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох буюу уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

2. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “С” ХХК-аас  “аймгийн Засаг даргын 2023 онд тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдааны ялагчийг “хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлэхээр шийдвэрлэсэн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулж ялагчийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан “аймгийн Засаг даргын 2023 онд тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдааны ялагчийг “хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлэхээр шийдвэрлэсэн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулж ялагчийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                                  ШҮҮГЧ                                   М.РИЗА