Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2024/00881/И |
Дугаар | 101/ШШ2024/01538 |
Огноо | 2024-03-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01538
2024 03 20 | 101/ШШ2024/01538 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух Цагаан адууч овогт ын /рд:/,
Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух Боржигин овогт ийн /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 19,561,324.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х., хариуцагч Б., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б. нар нь манай компанитай 2021 оны 12 сарын 16-ны өдөр 1660404487 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 2.5%-н хүүтэй, 36 сарын хугацаатай Toyota Aqua /мөнгөлөг/ маркийн УАК улсын дугаартай автомашинаа барьцаалан 13,800,000 /арван гурван найман зуун мянга/ төгрөг зээлсэн.
Зээлдэгч Б. нар нь зээлийн гэрээний 1.2.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад “удахгүй төлнө” гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлж, бүртгэлтэй хаягтаа амьдрахгүй олдохгүй байсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.09-ний өдрийн 102/ШШ2023/02839 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн цагдаагийн 1 хэлтсээс хариуцагчийн хаягийг тодорхойлсны дагуу тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Б. нар нь:
1. Үндсэн зээл 13,800,000 төгрөгөөс 1,036,907.00 төгрөг төлж үлдэгдэл 12,763,093.00 төгрөг төлөөгүй.
2. Үндсэн хүү 2021 оны 12 сарын 16-аас 2024 оны 01 сарын 16-ыг хүртэл 761 хоногийн үндсэн хүү 8,056,347.01 төгрөг төлөхөөс 1,650,932.42 төгрөг гөлж үлдэгдэл 6,405,414.59 төгрөг төлөөгүй.
3. 2024 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 324,777.33 төгрөг төлөхөөс 2,160.58 төгрөг төлж үлдэгдэл 322,616.75 төгрөг төлөөгүй.
4. Хариуцагчийн эрэн сурвалжлах ажиллагааны зардал, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөөгүй.
Иймд зээлдэгч Б., А. нараас хамтран нэхэмжлэх нь:
1. Үндсэн зээл 12,763,093.00 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 6,405,414.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322,616.75 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд төлсөн 70,200 төгрөг нийт 19,561,324.34 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжид 255,756.62 төгрөгийг нэхэмжлэгч манай компани урьдчилан төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1а. Хариуцагч нар нь 2021.12.16-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор зээл авсан. Эхний 4 сар төлж байгаад 5 дахь сараас төлөөгүй. Нийт 19,491,124.34 төгрөг нэхнэ. Манайх тухайн үед машиныг хурааж авсан шалтгаан нь хадгалалт хамгаалалтаа авсан юм. Төлбөрөө төлөх байх гэтэл төлөөгүй тул дахин уулзах гэтэл хаягтаа байхгүй байсан. Ингээд эрэн сурвалжлуулахад хороо солигдсон байсныг мэдсэн тул шинэ хаягаар нэхэмжлэл гаргасан. Нийт 563 хоног холбоо барилгүйгээр алга болсон юм. Нэхэмжлэл гаргаснаас хойш олон удаа утсаар холбогдож байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Машиныг 2023 оны 5 сард манай ажилтан гэрийн гаднаас хурааж авсан. Хариуцагч нар өөрсдөө хүлээлгэж өгсөн тул дотор байсан зүйлээ өөрөө авах боломжтой байсан гэв.
2. Хариуцагч Б., А. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 13,800,000 төгрөгийг машины үлдэгдэл төлбөр төлөхөөр зээлсэн. Хувийн шалтгаанаар ажил хийж чадаагүй тул ББСБ машиныг ирээд авчихаар нь ингээд дууссан гэж ойлгож байна. 19 сая гэдэг нь хэт өндөр бөгөөд машинаа авсны дараа хүү тооцсон гэж ойлгож байна. Иймд төлөх боломжгүй. Машиныг хураагаад авсан тул болцон гэж бодоод очиж уулзаагүй. Машины түлхүүрийг орж ирсэн 2 залуу хурааж авах боллоо гэхээр нь түлхүүрээ өгчихсөн юм. Машиныг анх 2023 оны 1 сард худалдаж авсан юм. Машинаа 4-5 сар л хэрэглэсэн.
2а. Би адилхан бодож байна. Машинаа хураагаад ББСБ авсан тул өр төлбөргүй боллоо гэж бодож байсан. Гэвч ийм их мөнгө нэхэж байгаа тул төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Бид нараас арай их мөнгө нэхэгдээд байгаа тул төлж чадахгүй. Машинаа хураагаад авчихсан тул болчихсон гэж бодож байсан юм. Ингээд төлбөрөө төлчихсөн гэж бодож байсан тул төлбөрийг төлж чадахгүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хүү тооцооллын хүснэгт /хх7/, зээлийн гэрээ /хх8/, барьцааны гэрээ /хх9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 28ё1-3/4404 дугаар албан тоот /хх11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 02839 дүгээр шийдвэр /хх12/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 19,561,324.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Б., А. нар нь зээлээр авсан автомашиныг зээлдүүлэгч хураан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13,800,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хх8, 9/
Зээлийн гэрээний 1.1.4-т зээлийн төрлийг авто лизингийн зээл гэсэн бөгөөд барьцааны гэрээний 1.2-т зааснаар УАК улсын дугаартай Toyota Aqia маркийн автомашиныг барьцаалсан байна.
Үүнээс үзэхэд автомашин худалдан авах зорилгоор зээл авсан байх бөгөөд дээрх автомашиныг зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгөөр худалдан авсан болон өмчлөх эрх нь нэхэмжлэгчид бүртгэлтэй гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Улмаар тухайн автомашиныг 2023 оны 05 дугаар сард зээлдүүлэгч хураан авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөр худалдан авсан машиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д нийцнэ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар мөнгө төлөх үүрэгтэй этгээд нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг фидуцийн гэрээ гэдэг.
Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан байна. Энэ талаар барьцааны гэрээний 1.3-т заасан.
Улмаар фидуцийн гэрээний зүйлийг хариуцагч нар ашиглаж байсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т нийцнэ.
6. Иймд нэгэнт автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч өөрийн өмчлөлд бодитоор хүлээн авсан тул уг эд хөрөнгөөр үүрэг гүйцэтгүүлэх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Ийнхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн үүрэг дуусгавар болсон нэхэмжлэгч нь энэ талаар шаардах эрхгүй.
Энд фидуцийн гэрээний онцлог нь фидуцийн гэрээний зүйлийг худалдсан үнэ нь нийт үүрэг буюу төлөх төлбөрт хүрэхгүй байгаа тохиолдолд энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн эрдэс болдгийг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь автомашиныг 2023 оны 05 дугаар сард хураан авсан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 02839 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.ыг эрэн сурвалжилсан байна. Иймд хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа эрэн сурвалжилсан.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б., А. нарт холбогдох 19,561,324.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,756,.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД