Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

   Д.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн 2013002160190 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Д.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хэлмэрч Б.Арманбек нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 6 хүнтэй, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын 5 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ж овогт Д-ын А- /РД: БК00000000/ нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өлгий-Хотгорын уурхай чиглэлийн автозам дээр, “Тэс петролиум”-ын шатахуун түгээх станцын баруун талд “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас иргэн Х.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироосон, мөн авто тээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд: “Д.А-т эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэргийн улмаас иргэн Х.Б-ын амь хохирсон тул мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд байдалд тооцох боломжгүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ гэж дурдсан байв. Д.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй гэж баримт үйлдсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.А-т гэмт хэргийн хор уршигт 1.350.000.00 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Е-д олгуулах шийдвэр гарсан ба уг 1.350.000.00 төгрөгийг 2020.11.18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Д.А-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 1 жил 2 сарын хорих ялыг 1 жил 2 сараар тэнсэж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            1. Шүүгдэгч Д.А- нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Өлгий сумаас Хотгорын уурхай чиглэлийн автозам дээр, “Тэс петролиум” шатахуун түгээх станцын баруун талд “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчин иргэн Х.Б-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, мөн авто тээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогджээ.

 

            2. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Д.А-ийн дээрх үйлдэл холбогдлыг нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж зөв зүйлчилсэн, түүний хохирогч Х.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд халдсан, түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

3. Шүүгдэгч Д.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн хэдий ч уг гэмт хэргийг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлэхгүйгээр хэргийн газрыг орхиж зугтаасан буюу авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан материаллаг хохирлыг бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн /4/ жилийн хугацаагаар хасаж, нэг /1/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян /480/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлүүдэд нийцсэн байна.

Иймээс шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Айбек нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.   

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял, дөрвөн зуун наян /480/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ “...шүүгдэгч Д.А-ийн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг нэг /1/ жил, хоёр /2/ сарын хорих ялаар”  тогтоож, хуульд зааснаар дөрвөн зуун наян /480/ цагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялыг нэг /1/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт нэгтгэж жар /60/ хоногийн хорих ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй боловч оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял дээр жар /60/ хоногийн хорих ялыг хоёр /2/ сараар тооцож нэмсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “60 хоногийн” гэсний дараах “буюу 2 сарын” гэснийг хасаж, мөн заалтын “1 (нэг) жил, 2 (хоёр) сарын” гэснийг “нэг /1/ жил, жар /60/ хоногийн” гэж, 4 дэх заалтын “1 (нэг) жил, 2 (хоёр) сарын” гэснийг “нэг /1/ жил, жар /60/ хоногийн” гэж тус тус өөрчлөв.

Шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролд төлөхөөр тогтоосон 1.350.000.00 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ет төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдсон, одоо шүүгдэгч Д.А- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад дээрх хуульд заасан шаардлагын дагуу өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “60 хоногийн” гэсний дараах “буюу 2 сарын” гэснийг хасаж, мөн заалтын “1 (нэг) жил, 2 (хоёр) сарын” гэснийг “нэг /1/ жил, жар /60/ хоногийн” гэж, 4 дэх заалтын “1 (нэг) жил, 2 (хоёр) сарын” гэснийг “нэг /1/ жил, жар /60/ хоногийн” гэж, 6 дахь заалтыг “Шүүгдэгч Д.А- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А- болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 55 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                        

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                       

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                Д.КӨБЕШ