Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2024/00097/и |
Дугаар | 152/ШШ2024/00154 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00154
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: С.Б-гийн,
Хариуцагч: С.О холбогдох,
Тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаангом суманд жимс, нарийн ногооны худалдаа хийж амьдардаг. 2023 оны 12 дугаар сард шинэ жилийн баяраар худалдаалах жимсээ өөрийн байнга бөөнөөр худалдан авдаг Барс худалдааны төвийн худалдаачин С-тай холбогдоод авах жимсээ захиалж, тооцоогоо хийсэн. Ингээд худалдан авсан жимсээ Улаанбаатар хотоос Увс аймаг руу ачуулах дулаан машин хайж байтал С.О надтай холбогдож та надад ачаагаа ачуулчих миний машин дулаан 3 давхар хучлагатай, би дээр нь гялгар цаас нэмээд авчихсан байгаа та ачаа хөлдөж, хайрагдах тал дээр битгий санаа зов, тийм асуудал байхгүй гэж удаа дараа надтай ярьсан тул би хэлсэн үгэнд нь итгэж худалдан авсан жимсээ ачуулахаар болж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Оын машинд бүх жимс болох нийт 861 кг 5,755,000 төгрөгийн үнэ бүхий жимс ачуулж явуулсан. Гэтэл 6 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ачаа маань Увс аймагт ирсэн. Яагаад ингэж олон хонж ирсэн талаар асуутал замд машин саатсан гэж хэлсэн. Бид хамтдаа ачааг шалгаж үзэхэд миний ачуулсан жимснүүд бүгд хайрагдаж, хөлдсөн байсан. Ингээд би С.Оын авч ирсэн ачааг авахгүй миний хохирлыг барагдуулж өг чи найдвартай миний машин дулаан гэсэн тул итгэж би ачаагаа ачуулсан гэхэд. Намайг та ачаагаа буулгаж аваад гайгүйг нь боломжоороо худалдан борлуулчих, ашиглах боломжгүйг ялгаад, би таныг хохиролгүй болгож өгнө гэж намайг гуйхаар нь би дахин итгэж өөрөө харсан юм чинь гэж бодоод ачааг буулгаж авсан. Ингээд би жимснүүдийг ялгаж ашиглах боломжтойг нь ялгаж баяраар худалдан борлуулж, бага зэрэг хайрагдсан жимснүүдийг ах дүү хамаатан садандаа хүртэл гуйж худалдан борлуулсан. Тэгээд ямар ч ашиглах боломжгүй болсон жимснүүдийг одоо болтол өөртөө хадгалж байгаа бөгөөд энэ талаар С.Од хэлээд ямар ч байсан худалдан борлуулаад байж одоо үлдсэн ашиглах боломжгүй жимс нь 1,588,000 төгрөг болж байна. Одоо энэ жимснийхээ хохирлыг төлөөд өгөөч гэхэд намайг хэл амаар доромжлоод огт миний хохирлыг төлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Миний худалдан авч ачуулсан жимсний зарлагын баримт надад байгаа бөгөөд эдгээр жимснээс ашиглах боломжгүй болсон нь чинжүү 6 хайрцаг нэг хайрцаг нь 48,000 төгрөг 6 хайрцаг нь 288,000 төгрөг, салат навч нэг хайрцаг нь 38,000 төгрөг, 5 хайрцаг хөлдсөн бөгөөд үнэ нь 190,000 төгрөг, огурци нэг хайрцаг нь 70,000 төгрөг, 6 хайрцаг хөлдсөн бөгөөд 420,000 төгрөг, мароко нэг хайрцаг нь 48,000 төгрөг, 7 хайрцаг хөлдсөн бөгөөд үнэ 336,000 төгрөг, усан үзэм нэг хайрцаг нь 38,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 6 хайрцаг нь 228,000 төгрөг, үрлэн помидор нэг хайрцаг нь 33,000 төгрөгийн үнэтэй 5 хайрцаг хөлдсөн бөгөөд үнэ 165,000 төгрөг нийт 1,588,000 төгрөгийн үнэ бүхий жимс хөлдөж ямар ч ашиглах боломжгүй болсон байна. Иймд хариуцагчаас хохиролд 1,588,000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Од холбогдох тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч С.Б, хариуцагч С.Оаас тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч С.Бд хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,588,000 төгрөгөөс 1,006,050 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 581,950 төгрөгийг тээврийн хөлсөнд хариуцагч С.Од үлдээхээр харилцан тохиролцов. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь дахин энэхүү тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлын талаар маргаан гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С.Б, хариуцагч С.О нар нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч С.Б тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөгөөс 1,006,050 төгрөгийг хариуцагч С.Оаас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр авах,
мөн хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлага болох тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөгөөс 581,950 төгрөгийг тээврийн хөлсөнд үлдээж авах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,358 төгрөгөөс 20,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,179 төгрөгийг, хариуцагч С.Оаас 10,089.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөгөөс 1,006,050 төгрөгийг хариуцагч С.Оаас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр авах, хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлага болох тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирол 1,588,000 төгрөгөөс 581,950 төгрөгийг тээврийн хөлсөнд тооцох нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,358 төгрөгөөс 20,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,179 төгрөгийг, хариуцагч С.Оаас 10,089.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА