Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 152/ШШ2024/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.Б-ийн,

Б.О-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Гуравдагч этгээд Б.О түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлжээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1974 онд төрсөн, 50 настай. Би 1993 оноос ээж, ах, дүү нарын хамт мал маллаж байгаад 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.О-тэй гэр бүл болж, 1 хүү, 2 охин төрүүлсэн. Том хүү О.Б 1998 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн. Дунд охин О.Б 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өндөрхангай суманд төрсөн. Бага охин О.Л 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаангом суманд төрсөн. Б.О бид хоёр гэр бүл болоод 26 жил хамт амьдрах хугацаандаа сумандаа малаа маллан амьдарч ирсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир малчинд олгох А дансны лавлагаа нөхөр Б.О-ийн нэр дээр бүртгэлтэй, миний нэр бичигдээгүй, улмаар гэрлэлтээ бүртгүүлээгүй тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул намайг нөхөр Б.О-тэй 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний бие Д.Бтай 1997 оноос хойш одоо хүртэл 3 хүүхдийн хамт амьдарч байна. Бид гэр бүл болоод гэрлэлтээ бүртгүүлсэн гэж бодож явсан. Одоо эхнэр Д.Б тэтгэвэрт гарах нас болж, бичиг баримтаа бүрдүүлэхэд бидний гэрлэлт бүртгүүлээгүй болохыг мэдэж, бичиг баримтын зөрчил үүсээд байна. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагс Д.Б шүүхэд Б.О, Д.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, ...................багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тодорхойлолт, Одсүрэн овогтой Батмандахын төрсний гэрчилгээний хуулбар, О.Бийн төрсний гэрчилгээний хуулбар, О.Лгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч З.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Ог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр, Ц.О, З.Н нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг, тайлбар авав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд хандаж 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл хугацаанд Б.Отэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Д.Бгийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Д.Б нь Б.Отэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Отэй гэр бүл болж, хамтран амьдарсан хугацаанд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх явцад гэрлэлтээ бүртгүүлээгүй гэдэгээ мэдсэн ба ийнхүү бүртгүүлээгүйн улмаас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл үүссэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Д.Б нь 1998 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү О.Б-ыг төрүүлсэн ба ӨСЗДТГ 1998 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэжээ. Дээрх бүртгэлд хүүхдийн эцгийн нэрийг Б.О, эхийн нэр Д.Б гэж бүртгэсэн байна. Мөн 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн О.Б, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн О.Л нарын төрсний бүртгэлд эцгийн нэр Б.О, эхийн нэр Д.Б гэж тус тус бүртгэжээ.

Дээрх үйл баримтад үндэслэн Д.Б нь 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Б.Отэй хамт амьдарч эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Гэрч О.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Д.Б, Д.О хоёр 1997 онд гэр бүл болж, хурим найраа хийж байсан. Тэдний дундаас гурван хүүхэд төрсөн. 1998 онд хүү О.Б, 1999 онд охин О.Б, 2009 онд охин Л.Л гэх гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би тэдний найр хуриманд очиж байсан. Мөн бид үе тэнгийн хүмүүс, садан төрөл хүмүүс учраас байнга нэгнийхээ гэрээр орж гардаг. Одоо ч бид ............ 4 дүгээр багт хувийн малаа маллан амьдардаг. Б.О, Д.Б нар яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй байсныг би сайн мэдэхгүй байна. Б.О, Д.Б нарыг эхнэр, нөхөр болохыг ........ 4 дүгээр багийн ард иргэд бүгд мэднэ” гэжээ.

4.3. Гэрч З.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Б.О нь цэргийн алба хааж ирээд 1997 онд Д.Бтай гэр бүл болж байсан. Тэдний дундаас 3 хүүхэд төрсөн ба 1998 онд О.Б, 1999 онд О.Б, 2009 онд О.Л гэх гурван хүүхэд төрсөн. Б.Огийн аав Баярлах бид хоёр ах дүү нарын хүүхдүүд юм. Бид ................. Жаргалант багт айл саахалтаар амьдарч ирсэн...” гэжээ.

4.4. Хүсэлт гаргагч Д.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд гэрч нарын мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн Д.Бг 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Б.Отэй хамт амьдарч байгааг тогтоов.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Д.Болормааг Б.Отэй 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА