| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0045/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/162 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Г.Ш*********н /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г*********н Ш*********д холбогдох эрүүгийн 2538005440019 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц***р овогт Г***н Ш***н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ш*********н нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Iphone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Iphone12” загварын гар утсаар нэвтэрч Төрийн банкны интернэт банкаар ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538005440019 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ш*********н нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Iphone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч, завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Iphone12” загварын гар утсаар Төрийн банкны интернэт банкны интернэт банкаар нь нэвтэрч ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш*********нгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Ц******нгийн өгсөн: “...Би 2025 оны 10 сарын 15-ны өдөр 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс гараад эмнэлгийн хашаан дотор зогсоож тавьсан машиндаа суух замдаа өөрийн iphone 12 маркийн гар утсаа гээгдүүлсэн байсан. Тухайн үед утсаа хайгаад олоогүй юм. Тэр үед утсаа хайж явсан боловч миний гар утас олдоогүй юм. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Төрийн банкаар нэвтрэхэд миний гар утасны интернет банкийг ашиглаад хүүхдийн хадгаламжийн зээл авсан байсан. Миний интернет банкаар зээл авахдаа миний нэрийг ашиглаж шинээр данс **********нээж 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээлийг нэг удаа 5,000,000 төгрөгийн зээлийг тус тус удаа авсан байсан. Би өөрийн банкны дансны хуулгыг авч харахад ********* гэсэн данснаас 21 удаагийн гүйлгээгээр 9,647,100 төгрөгийн гүйлгээ хийж миний дансанд 2,352,900 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Тэгээд энэ миний дансыг ашиглаж мөнгө авсан хүн буцаагаад авсан зээлнийхээ 9,647,100 төгрөгийн зээлийг нь хаасан байна. Одоо надад 2,648,100 төгрөгийн хохирол учирсан байна. Би гар утсаа гээгдүүлээд буцаад утсаа хайж байхад миний араар миний эмнэлгийн эмч Нарангарав эмч, Заяа гэдэг нутгийн эмэгтэй нар гарч ирсэн. Би анх тэр хоёрыг утсыг минь олж авсан байх сэжиглэж бодож байсан. Миний эзэмшлийн ******** дугаартай данснаас нийт 21 гүйлгээ хийгдсэн байсан. Мөн энэ хэргийн улмаас нийт 300,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,
Хохирогч П.Ц******нгийн дахин өгсөн: “...Миний утсыг олж авсан Г.Ш*********н нь гар утсыг минь буцааж өгсөн. Мөн данс ашиглаж хадгаламж барьцаалж авсан зээлийн 12,000,000 төгрөгийг бүгдийг нь буцааж төлсөн. Мөн миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад Г.Ш*********нгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/,
П.Ц******нгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, харилцах дансны хуулга /хх-ийн 6-7 тал/,
Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан: “..Г.Ш*********нгаас мөнгө шилжүүлсэн: “.. чат бичсэн баримт 2 хуудас баримт..” хүлээн авав гэх тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/,
Төрийн банкны Хөвсгөл салбарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37/681 дугаартай: ..********** тоот дансны хуулга хавсралтаар хүргүүлэв..” гэх албан бичиг, П.Ц******нгийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх дансны хуулга /хх-ийн 26-28 тал/,
Дамно ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ХөЦ26-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний: ...хуучин “Iphone12” загварын гар утас 725,000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тодорхойлов..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40 тал/,
Шүүгдэгч Г.Ш*********нгийн хохирогч П.Ц******нгийн Хаан банкны MN*** дугаартай дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 57 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Ш*********нгийн өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын сарын дундуур үеээр байхаа би жирэмсний карт авахаар Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төв рүү орж явтал хашаан дотор газарт нэг гар утас буюу айфон 12 загварын гар утас байхаар нь авсан. Харин тэгээд аваад эмнэлэг ороод гэртээ харьсан. Тэр үедээ тэр утсыг кодгүй гэдгийг нь мэдсэн. Харин хүнд нь буцаагаад өгнө гэж бодоод өөр дээрээ байлгаад байсан бөгөөд гар утас 1% цэнэгтэй байсан бөгөөд тэгээд л унтарсан байсан. Харйн 2,3 хоногийн дараа утсыг цэнэглээд асаахад пин код нь 0000 байсан юм. Тэгээд асаасан чинь нэг удаагийн банкны эрх сэргээх нэг удаагийн код жмэйл дээр нь ирсэн. Тэр кодоор нь би төрийн интернет банк руу нь нэвтэрч орсон. Нэвтэрч орсны дараагаар шууд зээл авах цэс рүү нь ороод хадгаламжийг нь барьцаалж 12,000,000 төгрөгийн зээл гаргаж авсан. Түүнээсээ 2,650,000 төгрөгийн өөрийн данс руу авсан. Тэр мөнгийг өөрөө би огт өөр зүйлд ашиглаагүй бөгөөд буцаагаад шилжүүлэн өгсөн. Мөн айфон 12 маркийн гар утсыг нь эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн Ц*******н гэх хүн нь намайг аймаг хооронд явсан гэж 500,000 төгрөг надаас нэхсэн бөгөөд тэр 500,000 төгрөгийг мөн өгч бүрэн хохирлыг нь барагдуулсан. Тухайн үед би яагаад ийм үйлдэл хийчихвээ гээд хийсэн үйлдлээ буцаахын тулд цагдаад мэдэгдсэн байдаг... ” мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Даваахүү гаргасан: “...Шүүгдэгч Г.Ш*********н нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Ipone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэлжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Ipone12” загварын гар утсаар нэвтэрч Төрийн банкны интернэт банкаар ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12.000.000 төгрөгийн Хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.Ц******нгийн өгсөн мэдүүлэг, П*****в овогтой Ц*******нгийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банк ХК-ийн ********** тоот дансны хуулга, ДАМО үнэлгээ компанийн 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ш*********н нь бусдын гээгдэх эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай хууль бус үндэс журмын дагуу цуглуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай хүрэлцэхүйц гэж үзэв. Иймд шүүгдэгч Г.Ш*********нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч П.Ц******нд 725,000 төгрөгийн үнэ бүхий айфон 12 загварын утас, хадгаламж барьцаалж зээл авсан 12,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч П.Ц******нд дахин өгсөн мэдүүлэгтээ гар утас болон 12,000,000 төгрөгийг буцаан авсан гомдол саналгүй талаар дурдсан. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусад төлөх хохирол, нөхөн төлбөр байхгүй...” гэсэн санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн гаргасан: “...Шүүгдэгч нь тухайн үед буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эмчийн үзлэгт орох гэж явж байгаад эмнэлгийн хашаан нь дотор байсан утсыг олсон. Утсыг асаагаад байж байтал Хаан банкны эрхийн нэвтрэх код ирсэн. Улаанбаатар хот руу эмчийн үзлэгт явах гэж мөнгөгүй байсан учир зээл авсан нь тогтоогддог. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Манай үйлчлэгч өмнө 2, 3 удаа 3-4 сартай болсон ураг нь зулбаж байсан учир эмч нь Улаанбаатар хотод очиж төв эмнэлгийн хяналтад байх шаардлагатай гэсэн учир мөнгө байхгүй гээд явж байх үед утсыг олж энэ гэмт хэргийг үйлдсэн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн. Өөрийгөө эмчлүүлж хяналтад орох хүнд үед Хаан банкны код хүрээд ирсэн учир зээл авсан. Тухайн үеийн сэтгэл зүй Улаанбаатар хот явах шаардлагатай нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж үндэслэлтэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлыг бүрэн төлсөн. Зүйлчлэгдсэн зүйл анги хөнгөн гэмт хэрэгт багтаж байгаа. Хүндрэлтэй төрсөн, цус алдсан одоо эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа гэдэг талаараа танилцуулж байна. Төрөөд дөнгөж 16 хонож байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ш*********н болон түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Ц******нгийн өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, П.Ц******нгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт, мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт Дамно ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш*********нгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Ш*********н нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Iphone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Iphone12” загварын гар утсаар нэвтэрч Төрийн банкны интернэт банкаар ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөгийн Хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Ш*********нгийн үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.Ш*********нгийн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Ш*********н нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Iphone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулж, “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Iphone12” загварын гар утсаар нэвтэрч Төрийн банкны интернэт банкаар ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Шүүгдэгч Г.Ш*********н нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...” гэж хуульчилжээ.
Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн “Iphone12” загварын гар утас нь Дамно үнэлгээний компанийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ХөЦ-26-01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 725,000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь хууль зөрчиж, бусдын өмчлөх эрхэд халдаж, “Iphone12” загварын гар утас буюу гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч захиран зарцуулж завшсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Ш*********нгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ш*********нг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эмнэлгийн хашаанаас хохирогч П.Ц******нгийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Iphone12” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 725,000 төгрөгийн хохирол учруулсан, “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн шүүгдэгч Г.Ш*********н нь үргэжилсэн үйлдлээр П.Ц******нгийн эзэмшлийн “Iphone12” загварын гар утсаар нэвтэрч Төрийн банкны интернэт банкаар ********** тоот дансаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч нийт 12,000,000 сая төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Ш*********нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ц******нд 12,725,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ХөЦ26-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Ш*********н нь Дамно ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас болон Төрийн банкны хадгаламж барьцаалж авсан 12,000,000 төгрөгийг хохирогч П.Ц******нд буцааж өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Ц******нгийн өгсөн: “..Ш*****н нь миний гар утсыг буцааж өгсөн, мөн данс ашиглаж хадгаламж барьцаалж авсан зээлийн 12,000,000 хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/-д, шүүгдэгч Г.Ш*********нгийн хохирогч П.Ц******нгийн Хаан банкны ** дугаартай дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 57 тал/, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан: “...Г.Ш*********нгаас хохирогч П.Ц******нд мөнгө шилжүүлсэн баримт чат бичсэн баримт хэрэгт хавсаргав...” гэх тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/-д авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ш*********нг хохирогч П.Ц******нд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ш*********нг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Ш*********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ш*********нгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ш*********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Даваахүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Г.Ш*********н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд бол тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Ш*********н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөгч шалгах ажиллагааны явцад болон гэм буруугийн шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлчихсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Ш*********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хилийн цэсээр тогтоох саналыг гаргаж байна. Мөн дээрх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тус тусад нь эдлүүлэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Ш*********н нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “..Зүйлчлэгдсэн зүйл анги хөнгөн гэмт хэрэгт багтаж байгаа. Хүндрэлтэй төрсөн, цус алдсан одоо эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа гэдэг талаараа танилцуулж байна. Төрөөд дөнгөж 16 хонож байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх, чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Уг гэмт хэргүүд нь торгох ял, эрх хязгаарлах ял байгаа. Эрх хязгаарлах ялын доод хэмжээ 6 сар. Биеийн эрүүл мэндийг үзээд эрх хязгаарлах ял ноогдуулахад учир дутагдалтай байна. Ийм учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хариуцлагаас заавал чөлөөлөх ёстой гэсэн зүйл биш. Тухайн нөхцөл байдлын улмаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн ойлголтыг тусгасан байгаа. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450,000 төгрөгөөр торгож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч. Одоо эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа. Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай учир ийм хүсэлтийг оруулж байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш*********нд “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, торгох ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Ш*********нд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш*********нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг тус тусад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн нь “Уг гэмт хэргүүд нь торгох ял, эрх хязгаарлах ял байгаа. Эрх хязгаарлах ялын доод хэмжээ 6 сар. Биеийн эрүүл мэндийг үзээд эрх хязгаарлах ял ноогдуулахад учир дутагдалтай байна. Ийм учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хариуцлагаас заавал чөлөөлөх ёстой гэсэн зүйл биш. Тухайн нөхцөл байдлын улмаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн ойлголтыг тусгасан байгаа. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч...” гэсэн санал дүгнэлтийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно..” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Ш*********нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Г.Ш*********нгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан хуулийн үйлчлэлд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг хамаарахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэнгийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Ш*********нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш*********н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц*****р овогт Г*****н Ш****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г****н Ш****г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш*********нд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш*********нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг тус тусад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Ш*********нд тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш*********нд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш*********н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Ш*********нд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Ц******нд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН