| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00121/и |
| Дугаар | 152/ШШ2024/00165 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00165
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д.Цийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1985 онд Архангай аймгийн багшийн сургуульд элсэн суралцаад 1989 онд багшийн сургууль төгсөж Увс аймгийн Ардын боловсролын хэлтэст ирж бүртгүүлсэн. 1989 онд Улаангом хотын 8 жилийн II дунд сургуульд бага ангийн багшаар томилогдон ажилд ороод 1 жил ажиллаад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангом хотын бага сургуульд ажилд орсон. 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага сургуульд ажиллаад өөрийн хүсэлтээр 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 жилийн I дүгээр дунд сургуульд ажилд орсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд Улаангом хотын бага сургуульд ажилд орсон, гарсан тушаал аймгийн архивт байхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Улаангом хотын бага сургуульд 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Хүсэлт гаргагчаас шүүхэд төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Д.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 303539 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаартай зөвлөмжийн хуудас, Улиасны хэвийн бага сургуулийн хамт олон 1991 он гэх тайлбартай гэрэл зураг, Увс аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бага сургууль гэх тэмдэгтэй гэрчилгээний хуулбар, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бага сургуулийн захиргаанаас Д.Цд олгосон Баярын бичиг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай лавлагаа, гэрч Б.Мийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч П.Сийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Улаангом хотын Бага сургуулийн захирлын 1995 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай тушаалын хуулбар, Улаангом хотын Бага сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн
Шүүхээс хүсэлт гаргагч Д.Цгийн хүсэлтээр Б.М, Д.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Ц-ийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарыг нотлох баримтаар гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хүсэлт гаргагч Д.Цгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Д.Ц нь шүүхэд хандаж Улаангом хотын бага сургуульд 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Д.Цгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай тушаалаар Д.Цг 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Улаангомын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Иймд Д.Цг 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.2. Мөн хэрэгт авагдсан Улаангом хотын бага сургууль-цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаалд “...1 жилийн сургалтын ажлынх нь үр дүнгээр багш Д.Ц (1 дүгээр анги) сарын цалингийн 25 хувиар” гэж тэмдэглэжээ. Дээрх баримт нь хэрэгт эх хувиар авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч Д.Ц нь 1990-1991 оны хичээлийн жилд Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж, хичээлийн жил дуусахад 1 жилийн ажлын үр дүнгээ үнэлүүлж, шагнуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Цг 1990 оны 9 дүгээр сараас Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэв.
Түүнчлэн хэрэгт авагдсан Улаангом хотын бага сургуулийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тушаал, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, бага сургууль гэж тэмдэглэсэн, тус байгууллагын тамгаар баталгаажсан гэрчилгээний хуулбар, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бага сургуулийн захиргаанаас багш Д.Цд олгосон “Баярын бичиг” зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай бөгөөд хүсэлт гаргагч Д.Цг Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд 1990-1994 оны хооронд бага ангийн багшаар ажиллаж байсан эсэхийг тогтооход нотолгооны ач холбогдолтой байна.
Хавтаст хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом хотын Бага сургуулийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай тушаалаар тухайн сургуулийн багш, ажилчдын 1993 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх ба тус тушаалын 1 дүгээр хавсралтад багш Цээбумбаа, ажилласан жил 4 гэж тэмдэглэсэн байна.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Цг 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын хоёрдугаар 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 9 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд Улаангом хотын Бага сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3. Гэрч Б.М шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Намайг 1990 оны хавар Архангай аймгийн Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөж ирээд, 9 дүгээр сард Улаангом хотын Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажилд ороход Д.Ц Улаангом хотын 8-н жилийн дунд сургуульд 1 жил бага ангийн багшаар ажиллаад Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллахаар шилжин ирж байсан. Тэр цагаас хойш бид 1998 он хүртэл Улаангом хотын Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар хамт ажиллаж байгаад би тухайн үеийн 3-р 10 жилийн дунд сургууль одоогийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль руу шилжин ирж одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байна. Д.Ц 1998 онд 10 жилийн 1 дүгээр сургууль руу шилжиж байсан. Тэрээр одоо Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Тухайн үед биднийг анх Улиасны хэвийн бага сургуульд ажилд ороход Бага сургуулийн захирлаар Г.М, С.Б гэх хүмүүс ажиллаж байсан. Д.Ц надаас 1 эгч ба Архангайн багшийн сургуулийг 1989 онд төгсөөд аймагтаа ирж Улаангом хотын 8-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1 жил бага ангийн багшаар ажиллаад 1990 онд Улиасны хэвийн бага сургууль руу шилжин ирж, бид 1990 оны хичээлийн жилээс хамтдаа ажиллаж эхэлсэн. Бид нэг аймгийн хүмүүс учраас Архангай аймгийн багшийн сургуульд суралцаж байх үедээ нэгнээ таньж мэддэг байсан. Одоо бид өөр өөр сургуульд ажилладаг ч гэсэн сургалт семинар гээд байнга нэгэнтэйгээ холбоотой байдаг. Д.Ц одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд түүний анх ажилд ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Ер нь 1990 оны тушаал аймгийн архивт байхгүй байгаа, би ч мөн анх ажилд орсон тушаалаа олохгүй байгаа” гэжээ.
3.4. Гэрч П.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1981 онд Улаанбаатар хотын багшийн сургууль төгсөж ирээд Увс аймгийн Тариалан сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаад, 1982 оноос Улаангом хотын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. 1989 онд бага сургууль 3 дугаар 10 жилийн сургууль болоход би бага ангийн багшаар ажиллаж байгаад 1990 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаангом хотын Улиасны хэвийн бага сургууль ашиглалтад ороход бид нийт 6 бүлэг, 6 багш, 1 захирал, 1 хичээлийн эрхлэгчтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр оны хичээлийн шинэ жил болох 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Д.Ц манай бага сургуульд бага ангийн багшаар ажиллахаар Улаангом хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуулиас шилжин ирж байсныг би сайн санаж байна. Би 2006 он хүртэл тухайн сургуульд ажиллаж байгаад цогцолбор сургууль руу шилжин ирж, 2013 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Ц 1998 он хүртэл Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад Улаангомын 1 дүгээр 10 жилийн сургууль руу шилжиж байсан. Тэрээр одоо Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Тухайн үед Улаангом хотын Улиасны хэвийн бага сургуулийн захирлаар Г.М, хичээлийн эрхлэгчээр С.Б гэх хүмүүс тус тус ажиллаж байсан. Д.Цгийн хэрэгт өгсөн гэрэл зураг нь 1991 оны 2 дугаар бард багш нарын баяраар Улаангом хотын Улиасны хэвийн бага сургууль болон цэцэрлэгийн хамт олны авхуулсан зураг байна. Тухайн зураг дээр баруун гар таалаас урд нэгнээнд бага сургуулийн манаач Б, нярав Т, захирал М, хичээлийн эрхлэгч Б, бага ангийн багш И, бага ангийн багш П, цэцэрлэгийн багш Д, дараагийн эгнээний баруун гар талаас цагаан хэрэглэлийн угаагч Ч, бага ангийн багш Ц, бага ангийн багш О, бага ангийн багш С /би/, бага ангийн багш Ч, бага ангийн багш М, туслах ажилчин Г, биеийн тамирын багш Б, цэцэрлэгийн багш Э, цэцэрлэгийн туслах багш Бүжинлхам, цэцэрлэгийн туслах багш А, арын эгнээний баруун гар талаас галч Э, үйлчлэгч С, галч Б, үйлчлэгч Ц, бага ангийн багш Б, галч Б, туслах ажилтан Б, цэцэрлэгийн багш З, туслах ажилтан Т, жижүүр Д гэх хүмүүсийн гэрэл зураг байна” гэжээ.
3.5. Гэрч Б.М болон гэрч П.С нар нь хүсэлт гаргагч Д.Цгийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1989-1994 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.6. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Д.Цгийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар буюу ХААТР-1 маягтад түүнийг 1985 онд Архангай аймгийн Багшийн сургуульд суралцаж эхэлсэн, ХААТР бүртгэсэн өдрийн байдлаар буюу 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 4 дүгээр курс гэж тэмдэглэсэн байх ба дээрх баримт нь хүсэлт гаргагч Д.Цгийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлоход ач холбогдолгүй бөгөөд хамааралгүй байна.
3.7. Хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалын хуулбар, Д.Цгийн нийгмийн даатгалын шимтгэлийн 1995-1999 оны архивын лавлагаа зэрэг нь хүсэлт гаргагч Д.Цгийн 1989-1990 оны хооронд багшаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход цаг хугацааны хувьд хамааралгүй байна.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Цг 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 9 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан гэж дүгнэж, түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Шүүхээс хүсэлт гаргагч Д.Цгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Бор дацан овогт Д.Ц-ааг (РД:......) 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 9 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА