| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00142/и |
| Дугаар | 152/ШШ2024/00170 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00170
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г.О-ийн
Хариуцагч: Л.Л-д холбогдох,
Зээлээр худалдан авсан үхэрний үнэ 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр малын зах дээр нөхрийн хамт мал зарж байгаад өөрийн хүнсээ гаргахаар зарж байсан малаа Г.Б-д харж байгаарай гээд түр үлдээгээд явсан. Гэтэл Л.Л гэх танихгүй хүн үхэр авна, 2 хоногийн хугацаатай зээлээр авна гээд нөхөртэй утсаар ярьж, мөн эрхэрээ утсаар яриулахад тэдэнд итгэж 1,250,000 төгрөгөөр зарж байсан үхрээ өгөөд явуулсан. Түүнээс үхэрний үнэ удаа дараа нэхэж, утсаар ярьж, гэрт нь очсон боловч байхгүй, одоо хүртэл өгөхгүй байх тул Л.Лоос үхэрний үнэ 1,250,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г.О нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2023 оны 11 дүгээр сард зах дээрээс хүнсний үхэр зээлээр худалдан авсан нь үнэн. Тухайн үхэрний үнэ болох 1,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Л.Л нь миний нэхэмжлэлийн шаардлага болох үхэрний үнэ 1,250,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Л.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбар гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.О нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Лид холбогдох, 1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Л.Л нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгөөс 17,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,275 төгрөгийг, хариуцагч Л.Лоос 17,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Л 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 /гучин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Л.Лоос 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА