Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2024/00171

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “СББСБ” ХХК-ийн,

Хариуцагч: Н.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,242,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СББСБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Ц нь “Сэндли” ББСБ-тай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/1502100517 тоот зээлийн гэрээ байгуулан 1,300,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100517 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 99457996, 8845996 дугаарын утсаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,118,498.91 төгрөг, хүүгийн төлбөр 113,301.19 төгрөг, нийт 1,231,800 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Н.Цтай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 1,231,800 төгрөг, нотариатын хураамж 10,500 төгрөг, нийт 1,242,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “СББСБ”-г хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.          

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Ц нь СББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,242,300 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйл байхгүй. Миний бие 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хорих ангиас суллагдаж байгаа тул 30 хоногийн хугацаа олгож өгөхийг хүсэж байна” гэжээ.          

Нэхэмжлэгч СББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Н.Цын гаргасан тайлбартай танилцаж, зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч СББСБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,242,300 төгрөгийг 2024 оны 5 дугаар сард төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов. 

4. Хариуцагч Н.Ц нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,365 төгрөгийн тавин хувь болох 17,182.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,182.5 төгрөг, хариуцагч Н.Цаас 17,182.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч СББСБХХК-д олгох нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СББСБХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,242,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Ц 2024 оны 5 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,365 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран тав/ төгрөгийн тавин хувь болох 17,182.5 /арван долоон мянга нэг зуун наян хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,182.5 төгрөг, хариуцагч Н.Цаас 17,182.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч СББСБХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ц нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА