Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/045

 

Б.М, Е.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М-, Е.Е- нарт холбогдох эрүүгийн 2113000740072 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Б.М, Е.Е, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч С.Тилеуберди, Х.Бакен, шүүгдэгч Е.Е-н өмгөөлөгч Х.Тилеугавал, К.Жархынбек /цахим хэлбэрээр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К-ы өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд найрамдах Казахстан улсын Петропавловск хотын их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан гэх, ам бүл 3 хүнтэй, эцэг эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар баг, 0 гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Б-ын М /РД00000000/ нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхөн уулын бэлд өөрийн жолоодож явсан 9515 БӨА улсын дугаартай “Тоёота королла аксио" загварын тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай иргэн Х.К-ы гэрт нийт 2 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хүнтэй, ээж, эгч, эмээ нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар баг, 00 гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй  Ж овогт Е-ын Е /РД:00000000/ нь 2020 оны 12 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 удаа, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан 3308 БӨТ улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгсэл дотор 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Б овогт Б-ны М, Ж овогт Е-ын Е нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн    хуулийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгч Е.Е нарын тус бүрд 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Е.Е нарын тус бүрд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-гээс сургалтын төлбөрт 3.200.000 төгрөг, шүүгдэгч Е.Е-аас сургалтын төлбөрт 3.200.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К- нь сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Б.М-гээс 5.000.000 төгрөг, шүүгдэгч Е.Е-гаас 5.000.000 төгрөг төлүүлж авсныг тус тус дурдаж,

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

6. Шүүгдэгч Б.М-, Е.Е- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн хэргийн газарт хийсэн үзлэгийн бичлэг СД 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг СД 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлсэн зураг 3 ширхэг зэргийг тус тус эрүүгийн 2113000740072 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж,

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.М-, Е.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Е.Е-н гаргасан давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Е.Е- би 2021 оны 12 дугаар сард Өлгий сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт 2 удаа, 2021 оны 3 дугаар сарын 8-ний өдөр аавын эзэмшлийн 33-08 БӨТ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн дотор 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогдсон.

Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс нь үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох М.Н-гийн эх болох Х.К-ы дансанд сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг шилжүүлэн төлж өгч, сургалтын төлбөрт 3 200.000 төгрөгийг төлж өгнө гэж гарын баримт бичиж өгч, шүүхийн хэлэлцүүлгийн үед мөн төлж өгөх болно гэдгийг илэрхийлсэн. Би 80 настай эмээ, 50 настай эх, 1 эгчийн хамт амьдардаг хагас өнчин хүүхэд ба эцэг маань 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан юм. Би өөрийн гэнэн томоогүй зангаасаа болон сэтгэлийн хямралтай явж байсан үед дээрх гэмт хэрэгт холбогдож, өндөр настай эмээ болон эхээ амьдын хагацалд оруулсан явдалд маш их харамсаж гэмшиж байна.

Би 2020 онд тухайн гэмт хэрэг үйлдэх үед 18 нас 05 сартай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 5-д “ Шүүхээс арван найман насанд хүрсэн хүн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар надад энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болохоор байгааг анхан шатны шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан саналыг шүүх хүлээж авалгүйгээр шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээж аваагүй үндэслэлээ 15 насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул нөхцөл байдал нь шүүх сэтгэц, гэм судлалын сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд харьцуулан үзэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэдэг байдлаар тодорхойлсон учир дутагдалтай нэг талыг баримталж дүгнэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Е.Е- миний сэтгэцийн байдлыг тогтоосон шүүх сэтгэц гэм судлалын магадлалд шинжээчид шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан асуултын хүрээнд дүгнэлт гаргуулсан. Дээрх асуулт сэтгэцийн хувьд эрүүл эсэх, үйл явдлыг зөвөөр тусгаж, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай эсэх, өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож тусгах эсэх, бусдад, үнэн зөвөөр илэрхийлэх чадвартай эсэхэд нь дүгнэлт гаргуулсан. Түүнээс биш шинжилгээ хийлгэх тогтоолоор оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд ямар хэмжээнд байгаа, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар ямар байгаа талаар асуулт тавиагүй, шинжээч нар энэ талаар дүгнэлтэд тусгаагүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэргийг шалгасан мөрдөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн сэтгэл зүйн дүгнэлтийг шинжээч томилон тогтоолгосон атлаа шүүгдэгч Б.М- бид хоёрын сэтгэл зүйн        дүгнэлтийг гаргуулаагүй, миний хувийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй холбогдох бичгийн нотлох баримтуудыг гаргуулан авч хэрэгт хавсаргаагүй.

Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд харьцуулан үзэхэд гэж дурдсан боловч чухам ямар нотлох баримтуудыг харьцуулан үзсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн    8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулахдаа заавал оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн түвшин, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадварыг харгалзан үзэх” талаар ямар нэгэн шалгуур тавьж өгөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар надад оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоох бүрэн боломжтой байхад хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй явдалд гомдолтой байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн байдал ахуйн амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, сургалтын төлбөрөө төлөхийг илэрхийлсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын Е.Е- надад холбогдох хэсэгт хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ялыг 6 жил болгож, хорих ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдолд:Шүүгдэгч Б.М- би 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхөн уулын бэлд өөрийн жолоодож явсан 9515 БӨА улсын дугаартай “Тоёота королла аксио” загварын тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай иргэн Х.К-ы гэрт, нийтдээ 2 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогдсон.

Миний бие үйлдсэн гэмт хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Хохирогчид сэтгэл санааны хохиролд 5,0 сая төгрөгийг бэлэн төлж өгч сургалтын төлбөрт 3,200,000 төгрөгийг төлж өгөхөө шүүхийн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Би эцэг эхийн хамт амьдардаг, айлын ганц хүүхэд бөгөөд гэнэн томоогүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдож эцэг эхээ амьдын хагацалд оруулж байгаа явдалд маш их харамсаж гэмшиж байна. Би 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, тухайн гэмт хэргийг үйлдэх үед 18 нас 6 сар 17 хоногтой байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаар надад энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болохоор байгаа ба анхан шатны шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгчөөс энэ талаар санал гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээж аваагүй үндэслэлээ “...18 насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул нөхцөл байдал нь шүүх сэтгэц, гэм судлалын сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд харьцуулан үзэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэдэг байдлаар тодорхойлжээ. Хавтаст хэрэгт авагдсан миний сэтгэцийн байдлыг тогтоосон 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх сэтгэц, гэм судлалын 14 дугаартай магадлалд /1 дүгээр хавтаст хэргийн 35-136 дугаар хуудас/ нь зөвхөн шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан асуудлын хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд уг дүгнэлтээр сэтгэцийн хувьд эрүүл, болсон үйл явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож тусгах, бусдад үнэн зөвөөр илэрхийлэх чадвартайг тогтоосон байдаг.

Шинжилгээ хийлгэх тогтоолоор оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд ямар хэмжээнд байгаа, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар ямар байгаа талаар асуулт тавиагүй, шинжээч нар энэ талаар дүгнэлтэд тусгаагүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийг шалгасан мөрдөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн сэтгэл зүйн дүгнэлтийг шинжээч томилж тогтоолгосон атлаа шүүгдэгч Е.Е-, бид хоёрын сэтгэл зүйн дүгнэлт гаргуулаагүй, миний хувийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй, холбогдох бичгийн нотлох баримтуудыг гаргуулан авч хэрэгт хавсаргаагүй.

Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд харьцуулан үзэхэд гэж дурдсан боловч чухам ямар ямар нотлох баримтуудыг харьцуулан үзсэн нь тодорхой бус байна. Тэгээд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 5-д арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулахдаа заавал оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн түвшин, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадварыг харгалзан үзэх талаар болон өөр ямар нэгэн шалгуур тавьж өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар надад оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоох бүрэн боломжтой байхад хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн ахуй амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн, сургалтын төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Баян- Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын Б.М- надад холбогдох хэсэгт хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ялыг 6 жил болгож хорих ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.М-, Е.Е- нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Прокурорын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.М- нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхөн уулын бэлд өөрийн жолоодож явсан 9515 БӨА улсын дугаартай “Тоёота королла аксио" загварын тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай иргэн Х.К-ы гэрт нийт 2 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орсон, шүүгдэгч Е.Е- нь 2020 оны 12 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 удаа, 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан 3308 БӨТ улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгсэл дотор 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч М.Н-тэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Б овогт Б-ны М-, Ж овогт Е-ын Е нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгч Е.Е нарын тус бүрд арван хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 3-7 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 13-24 дүгээр хуудас/, мэдүүлгийг нь газар дээр шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтасны 5-7 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 29-30 дугаар хуудас/, гэрч Х.К- /1 дүгээр хавтасны 35-36 дугар хуудас/,  М.А /1 дүгээр хавтасны 47-48 дугаар хуудас/, М.С /1 дүгээр хавтасны 50 дугаар хуудас/, А.А /1 дүгээр хавтасны 52 дугаар хуудас/, Х.О /1 дүгээр хавтасны  58 дугаар хуудас/, Х.Л /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас хуудас/ нарын мэдүүлэг, гэрч Х.О-аас гаргаж өгсөн “А” эмийн сангаас 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр борлуулсан эмийн жагсаалтын хуулбар /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 81-87 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгаа /1 дүгээр хавтасны 199-100 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай хувцсанд шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 143-146 дугаар хуудас/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн М.Н-гийн сэтгэл зүйн байдлын дүгнэлт /1 дүгээр хавтасны 150-157 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 169-170 дугаар хуудас/, яллагдагч Б.М- /1 дүгээр хавтасны 196-197 дугаар хуудас/, Е.Е- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-207 дугаар хуудас/, 9515 БӨА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота королла аксио” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 171-173 дугаар хуудас/,  3308 БӨТ улсын дугаартай цагаан өнгийн “Истана” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 174-175 дугаар хуудас/, Е.Е-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 181-183 дугаар хуудас/, Б.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 177-180 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай яллагдагч Е.Е-, Б.М- нарын сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгаа /1 дүгээр хавтасны 133-134 дүгээр хуудас, 135-136 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтасны 231 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 232 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К-ы 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүүхэд төрүүлсэн төрөлтийн түүх /1 дүгээр хавтасны 245-250 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 1-2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд, шүүгдэгч Б.М-, Е.Е- нарын хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлүүд нь бүрэн тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.М-, Е.Е- нар бага насны хүүхэдтэй буюу хүчиндэх гэмт хэрэгт хохирогчоор өртөх үед 13 нас 9 сартай байсан М.Н-тэй сайн дурын үндсэн дээр, хохирогчийн зөвшөөрсний дагуу, заримдаа түүний санаачилгаар, хүч хэрэглэсэн эсхүл, хүч хэрэглэхээр заналхийлсэн сүрдүүлэггүйгээр хурьцал үйлдсэн гэж мэдүүлдэг, түүнчлэн бага насны буюу 14 насанд хүрээгүй хохирогч М.Н-гийн биологийн насыг шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтээр /хэргийн 1 дүгээр хавтасны 93 дугаар тал/ “...өсвөр насны хүүхэд байна. Биологийн насыг өсвөр /14-19 нас/ насны хүмүүст 5 жил хүртэл хэлбэлзэлтэй тогтоох боломжтой” гэж тогтоосон боловч бага насны хүүхэд нь бэлгийн харьцаанд орохын учир холбогдол, үр дагаврыг ойлгох чадваргүй байдаг тул хохирогч зөвшөөрсөн, санаачилсан, түүнчлэн түүний бие махбодын хөгжлийн түвшнээс үл хамааран түүнтэй хурьцал үйлдсэнийг хүчиндэх гэмт хэргийн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцох бөгөөд энэ талаар хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж хуульчилсан байна. Иймээс шүүгдэгч Б.М- болон Е.Е- нарын тус бүрийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М- Е.Е- нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5  дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хорих ялын хэмжээг тал хувиар нь оногдуулж өгнө үү.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед Б.М- 18 нас 8 сартай, Е.Е- 18 нас 7 сартай байсан тэдгээрийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон боловч тэдгээрийн гомдолд заасанчлан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Энд заасан “арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүн” гэдэгт хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул зэрэг шүүгдэгчдийн сэтгэцийн байдал нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан байдлыг хамааруулах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.М- болон Е.Е- нарын хувьд сэтгэлзүйн ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнчлэн хэрэгт авагдсан, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох нотлох баримтуудыг шинжлэн үзвэл, Б.М- болон Е.Е- нарын хувьд арван найман насанд хүрсэн атлаа оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд гэж үзэх, үнэлэх сэжүүр тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг баримталсан, тэдгээрийн тус тус үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид учрах хор уршгийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авсан  зэргийг харгалзаж, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг тухайн хэргийн хувьд шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.М-, Е.Е- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-, Е.Е- нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн цагдан хоригдсон 98 хоног, шүүгдэгч Е.Е-н цагдан хоригдсон 98 хоногийн хугацааг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК