Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Б-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

Хүсэлт гаргагч Б.Б түүний эзгүйд шүүх хуралдаан хийх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. Би 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 504 тоот тушаалаар Барилга угсралтын трестэд мужаанаар ажилд орсон. 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилга угсралтын трест хувьчлагдсан бөгөөд аймгийн архиваас удаан жилийн нэмэгдэл олгосон 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04109 дүгээр тушаал, 1988 оны 12 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд цалин авч байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 324 дугаартай тодорхойлолт, мөн өдрийн 536 дугаартай цалингийн тодорхойлолт, түүний хавсралт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/3354 дугаартай албан бичиг, Улсын барилгын хорооны харьяа Алтан гадас одонт Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 504 дугаартай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дугаартай тушаал хавсралт, гэрч З.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 262 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Т.Огийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 715760 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн

Шүүхээс хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтээр З.Дг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан. Хүсэлт гаргагч Б.Б нь Т.Ог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан.

Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бгийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарыг нотлох баримтаар гаргуулав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

2. Б.Б нь шүүхэд хандаж Увс аймгийн Барилга трестэд 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Б.Б нь Увс аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/3354 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Б.Б нь цэргийн албанаас халагдаж ирээд, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн Увс аймаг дахь Барилга трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 504 дүгээр тушаалаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.   

3.2. Гэрч З.Д  шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ  “Би 1981-1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материал үйлдвэрийн мужаан цехэд мужаан болон бригадын даргаар ажиллаж байсан. Намайг тухайн байгууллагад ажиллаж байхад Б.Б 1988 онд цэргээс халагдаж ирсэн залуу мужаанаар ажилд орж байсан. Тэр үед 5-6 залуу зэрэг ажилд орж байсан ба түүний нэг нь Б.Б юм. Тэр цагаас бид хамтдаа Мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн үед Барилга угсралтын трестийн харьяа Мужаан цех нь барилгын хаалга, цонх хийдэг байсан. Мужааны цех нь 1990 оныг дуусгаад Барилга угсралтын трестийн харьяа барилгын материал үйлдвэрийн пүүс гэх нэршилтэй болж захирлаар нь Ц.П гэх хүн ажиллаж эхэлсэн. Б.Б нь 1993 он хүртэл мужаанаар ажиллаж байсан, 1993 онд Барилга угсралтын трест хувьчлагдаж компани, цехүүдэд хуваагдсан. Барилгын материалын пүүс нь Орд компани болж, захирлаар нь н.Р гэх хүн болж байсан. Компани болох үед Б.Б ажиллаж байсан. Орд компани болсноос хойш Б.Б ажилласан талаар би сайн санахгүй байна. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Б, Ц.П гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.

Гэрч З.Д нь хүсэлт гаргагч Б.Бгийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1988-1990 оны хооронд Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00262 дугаар шийдвэрээр тогтоогдож байх ба гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 536 дугаар тодорхойлолтоор хүсэлт гаргагч Б.Бгийн 1988 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга трестийн мужаан цехэд ажиллаж байсныг нотлох цалингийн баримтыг хуулбарлан ирүүлсэн ба дээрх баримт нь хүсэлт гаргагч Б.Бг 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж байсныг нотлох ач холбогдол бүхий баримт байна.

Улмаар Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр тушаалаар барилгын материалын үйлдвэрийн салбарт тасралтгүй он удаан жил ажилласан ажилтнуудад нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэж, тус тушаалын хавсралтад “...Баяраа, ажилласан жил 3 жил...” гэж тэмдэглэсэн байх тул дээрх баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.Бг 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга трест, Барилга угсралтын трестэд мужаанаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Бгийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар буюу ХААТР-1 маягтад түүнийг “ажилгүй” гэж тэмдэглэсэн байгаа боловч тухайн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх тул хүсэлт гаргагч Б.Б 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй баримт байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.Бг 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж байсан гэж дүгнэж, түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Б-ийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга трестэд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Я.УРНАА