Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00178

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагчБ.Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 онд төрсөн, 50 настай. Би 1989 онд Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 он хүртэл аав ээжийн хамтаар Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Баяннуур багт мал маллаж байсан. Дээрх хугацааны шимтгэл төлсөн баримтын бичилт байгаа болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ө.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 709 дугаартай тодорхойлолт, Ө.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Я, Р.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ө.Баас Н.Цд олгосон итгэмжлэл, Ө.Баас Н.Дд олгосон итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тодорхойлолт, иргэний ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай Ч.Ө-ийн малын тооны лавлагааг хавсралтын хамт, Ө.М, Ө.А, Ө.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ө.Бын бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Ө.Бын хүсэлтээр Н.Я, Р.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ө.Бын ХААТР-1 маягт, Ө.Бын пасспорт авах өргөдөл, Ө.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ө.А, Ө.М, Ө.А нарын ХААТР-1 маягтыг, Архивын ерөнхий газрын үндэсний төв архиваас Ч.Ө-ийн 1989 оны хүн амын тооллогын мэдээллийн лавлагааг нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хүсэлт гаргагч Ө.Бын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

2. Ө.Б нь шүүхэд хандаж 1991 оны 01 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд ............... хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ө.Бын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Ч.Өндгөөгийн 1990-1992 оны малын тооны лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзвэл, 1990 онд Ч.Өндгөө,ам бүлийн тоо 7, хоньчин 4, 16-24 настай малчин 2, 35-44 настай малчин 1, 45-55 настай малчин 1, өрхийн ам бүлээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай нэгдлийн гишүүн 4 гэж тус тус тэмдэглэжээ.

Харин 1991 онд Ч.Ө-ийн ам бүлийн тоо 7, 16-с дээш насны малчдын тоо 3, 16-35 хүртэлх насны малчдын тоо 1, 36-аас дээш насны малчдын тоо 2 гэж тус тус тэмдэглэжээ.Түүнчлэн, Ч.Ө-ийн 1992 оны мал тооллогын баримтад 16 наснаас дээш насны малчдын тоо-5 гэж тэмдэглэсэн байна.

3.2. Шүүхийн санаачилгаар Архивын Ерөнхий газрын  Үндэсний төв архиваас 1989 оны хүн амын тооллогын мэдээллийн сангаас Ч.Ө-д холбогдох баримтыг гаргуулсан ба тус баримтаар Ч.Ө өрхийн тэргүүлэгч, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь суманд оршин сууж байсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал, дээрх баримт нь 1991-1992 оны Ч.Ө-ийн мал тооллогын баримтад тусгагдсан мэдээллийг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн, 1991-1992 оны байдлаар Ч.Ө нь Увс аймгийн Зүүнговь суманд эхнэр болон 16 наснаас дээш насны 3 хүүхдийн хамт мал маллан амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 1989 оны хүн амын тооллогын мэдээллийн сангийн Ч.Ө-д холбогдох баримтаас үзвэл, Ө.А нь 1989 онд 19 настай, Ө.М 18 настай, Ө.Б 16 настай, Ө.А 15 настай гэж тэмдэглэсэн байх тул 1991 оны байдлаар Ө.А 21 настай, Ө.М 20 настай, Ө.Б 18 настай, Ө.А 17 настай , харин Ө.Г 12 настай байсан гэж дүгнэх боломжтой байна.

Иймд шүүхээс 1991 оны байдлаар Ч.Ө 5 хүүхдээс чухам хэн хэн эцэг, эхийн хамт мал маллаж байсан болохыг тогтоох зорилгоор Ө.А, Ө.М, Ө.Б, Ө.А нарын БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар буюу ХААТР-1 маягтыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан ба Ө.А нь 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Дархан хотын Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестэд бетончноор ажиллаж байсан, улмаар 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд нөхөр Ц.Б-тэй гэр бүл болж, иргэний гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул Ө.А-ийг 1991-1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь суманд эцэг эхийн хамт мал маллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ө.М-ийн ХААТР-1 маягтад түүнийг 1987 онд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд хоньчноор ажилладаг, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тус нэгдэлд ажиллаж байгаа гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн Ө.М нь 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х.Ц-тэй гэр бүл болж, Увс аймгийн Тэс суманд 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Ч.Ө-ийн өрхийн бүртгэлээс хасагджээ. Иймд дээрх үйл баримтад үндэслэн Ө.М нь 1991-1992 оны хооронд эцэг, эхийн хамт Увс аймгийн Зүүнговь суманд Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ө.А-ын 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан пасспорт авах өргөдөлд түүнийг Зүүнговь сумын Баяннуур бригадад хоньчин гэж тэмдэглэсэн байх бөгөөд Ө.А нь 1991-1992 оны хооронд 17-18 настай байсан тул түүнийг мөн эцэг, эхийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байсан гэж дүгнэв.

Харин Ө.Г нь 1991-1992 оны хооронд 12-13 настай байсан тул Ч.-ийн 1990-1992 оны хоорондох малын тооны баримтад бүртгэгдсэн 16-24 насны 3 малчны нэг байх боломжгүй байна.

Хүсэлт гаргагч Ө.Бын тухайд, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ХААТР-1 маягтад түүнийг 1981 онд Зүүнговь сумын 8 жилийн сургуульд элссэн, 1988 онд 8 дугаар ангид сурдаг гэж тэмдэглэсэн байх ба хэрэгт авагдсан Ө.Бын бүрэн бус дунд боловсролын гэрчилгээгээр 1989 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн болох нь нотлогдож байна. Тодруулбал, Ө.Б 1989 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр С.Ц-тай Увс аймгийн Зүүнговь суманд гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Ч.Ө-ийн өрхийн бүртгэлээс хасагдсан байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн Ч.Ө нь 1991-1992 оны хооронд эхнэр болон 16 наснаас дээш насны охин Ө.М, охин Ө.Б, хүү Ө.А нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлээр Ө.Быг 1991-1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэв.

3.3. Гэрч Н.Я нь хүсэлт гаргагч Ө.Бын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1991-1992 оны хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэхийг түүний хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийн хуулбараар тодорхойлох боломжгүй байх тул гэрч Н.Я-ын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

3.4.  Гэрч Р.Э нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул гэрч Р.Э-ийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ө.Быг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэж, түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Шүүхээс хүсэлт гаргагч Ө.Бын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ө.Б 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ө.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА