Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00182

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч.Ч-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1964 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай. Би 1973-1983 онд Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуульд суралцаж 10 дугаар анги төгсөөд 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сард Ардын армийн 239 дүгээр ангид цэргийн алба хаасан. Цэрэгт байх хугацаандаа буюу 1983 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуульд суралцаж, сувилагч мэргэжил эзэмшсэн. Би цэрэгт байх хугацаандаа ариун цэврийн зааварчлагч гэсэн мэргэжил эзэмшсэн байсан учир 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт дагалдангаар 2 сар ажиллаад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар томилогдож ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Би тус эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаад 1988 оны 9 дүгээр сараас сувилагчийн сургуульд суралцахаар явсан. Миний бие 1990 оны 7 дугаар сараас Бөхмөрөн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сараас Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн ба 1998 оны 5 дугаар сарыг дуустал ажилласан. Гэтэл миний ажиллаж байсныг нотлох баримт материал дутуу байгаа учир тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Улмаар аймгийн архиваас материалаа шүүлгэж үзэхэд цалин авч байсан баримт дутуу гарч ирсэн ба Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлгээс 1988 оны 8 дугаар сард чөлөөлөгдсөн, мөн тус эмнэлэгт 1992 оны 01 дүгээр сард томилогдоод 1998 оны 6 дугаар сард чөлөөлөгдсөн тушаалууд гарч ирээгүй болно. Миний ажиллаж байсан байдлын талаарх мэдээлэл 1995 оны 7 дугаар сараас хойших хугацааных нь нийгмийн даатгалын цахим санд бүртгэгдсэн учир шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн болно. Мөн 1990 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд Бөхмөрөн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажилласан боловч энэ талаар ямар нэгэн баримт байхгүй тул шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлд хавсаргасан баримт материалыг үндэслэн намайг Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ч.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Өмнөговь сум дахь сум дундын эмнэлгийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Н.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, түүний 031062 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний 147243 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10026 дугаартай архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Ч.Чын хүсэлтээр Н.Д, Ж.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Чын БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарыг нотлох баримтаар гаргуулав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хүсэлт гаргагч Ч.Чын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

 

2. Ч.Ч нь шүүхэд хандаж Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал тус тус сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ч.Чын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Ч.Ч нь Увс аймгаас Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10026 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.

 

3.2. Ч.Ч нь цэргийн албанаас халагдаж ирээд, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар томилогдон ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас хуулбарлан ирүүлсэн. Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлгийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

 

Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Ч.Чын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн ба тус баримтаар Ч.Ч нь 1986 оны 1-10 дугаар сарыг дуустал, 1992 оны 1-7 дугаар сарыг дуустал, 1993 оны 1-12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдал нотлогдож байна.

 

3.3. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Чын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулсан ба тус баримтад түүнийг 1986 онд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн гэж бүртгэжээ. Энэ баримт нь Ч.Чыг 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн эсэхийг тогтооход нотолгооны ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

3.4. Гэрч Ж.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1986 онд Говь-Алтай аймаг дахь Анагаа ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж ирээд Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилд ороход Ч.Ч ариутгагч сувилагчаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид 1998 он хүртэл хамт ажилласан. Ч.Ч нь ариутгагч сувилагчаар ажиллаж байгаад 1988 онд сувилагчийн сургуульд явж, 1990 онд төгсөөд Бөхмөрөн суманд багийн эмчээр ажилд орон ажиллаж байгаад 1992 онд Өмнөговь сумандаа ирж багийн эмчээр ажилласан. Бид нэг сумын үе тэнгийн нэг салбарт ажилладаг учраас нэгнээ сайн мэднэ. Би 1986-2021 он хүртэл Өмнөговь сумын хүн эмнэлэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед биднийг Увс аймгийн Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт ажиллаж байгаад эрхлэгч эмчээр Я, З.А, Ч.Ө гэх их эмч ажиллаж байсан” гэжээ.

 

3.5. Гэрч Н.Д шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1987 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилд ороход Ч.Ч ариутгалын сувилагчаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамт ажилласан. Ч.Ч нь ариутгагч сувилагчаар ажиллаж байгаад 1988 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуульд суралцахаар явж, 1990 онд төгсөж ирээд Бөхмөрөн суманд багийн эмчээр томилогдон ажиллаж байгаад 1992 онд Өмнөговь сумандаа ирж Холбоо багийн эмчээр ажилласан. Бид нэг сумын үе тэнгийн нэг салбарт ажилладаг учраас нэгнээ сайн мэднэ. Би 1987-2019 оны хооронд Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагч, Орлого багийн эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед биднийг Увс аймгийн Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт ажиллаж байхад эрхлэгч эмчээр Б.Б, О.Я, З.А, Ч.Ө гэх их эмч ажиллаж байсан” гэжээ.

 

Гэрч Ж.Н, Н.Д нар нь хүсэлт гаргагч Ч.Чын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986-1988 оны хооронд болон 1992-1995 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэг болон Өмнөговь сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

3.6. Харин хүсэлт гаргагч Ч.Ч нь 1995 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас түүний төлсөн шимтгэлийн архивын лавлагааг нотлох баримтаар ирүүлжээ. Дээрх баримтаас үзэхэд Өмнөговь сумын хүн эмнэлгээс хүсэлт гаргагч Ч.Чын нийгмийн даатгалын шимтгэлийг 1995 оны 7 дугаар сараас 1998 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд төлж байжээ.

 

Монгол Улс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн. Энэ тохиолдолд хүсэлт гаргагч Ч.Ч нь Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан бол ажил олгогч болох Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэг буюу Өмнөговь сумын Хүн эмнэлэг нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх үүрэгтэй ба ажилтны зүгээс өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт тавих эрхтэй нь нээлттэй байжээ.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагч Ч.Чын 1995 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлгээс тэтгэврийн даатгалын санд төлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх хугацаанд хүсэлт гаргагч Ч.Чыг Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ч.Чыг 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагч, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Шүүхээс хүсэлт гаргагч Ч.Чын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ч.Ч-ын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сум дахь Сум дундын эмнэлэгт сувилагч, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА