| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00163/и |
| Дугаар | 152/ШШ2024/00183 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2024/00183
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.С-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1977 онд Увс аймгийн Тариалан сумын 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид элсэн орж, 1985 онд 8 дугаар анги төгсөөд 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл нэгдэлд малчин байсан. 1987 оны 10 дугаар сард цэргийн албан татагдан явж, 1989 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. 1989 оноос хойш өдий хүртэл нэгдлийн болон хувийн малаа маллаж байна. Одоо миний бие 55 нас хүрч тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд 1985-1990 оны хооронд мал маллаж байсныг нотлох бичиг баримт олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний бие 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 7666 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Төрийн архивын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 550 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, У.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, М.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагч С.Сын хүсэлтээр У.Н, М.Ог нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.С-ын БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн баримтаас С.Сд холбогдох тушаалын болон цалингийн баримтыг нотлох баримтаар гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хүсэлт гаргагч С.Сын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. С.С нь шүүхэд хандаж 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Сын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.С.С нь Увс аймгаас Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 7666 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
3.2. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас нотлох баримтаар гаргуулсан цалингийн тодорхойлолт, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар С.С нь 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал, 1990 оны 9-11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Түүнчлэн тус архивын тасгаас С.Сд холбогдох Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн ба тус тогтоолоор “...бургастай бригадын малчин Салбаан Сайнжаргалд 1500 төгрөгийн...буцалтгүй тэтгэмж олгосугай” гэж хүсэлт гаргагч С.Сд тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэжээ. Дээрх баримт нь хүсэлт гаргагч С.С нь 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан үйл баримтыг нотлох ач холбогдолтой байна.
Иймд дээрх баримтад үндэслэн хүсэлт гаргагч С.Сыг 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Сын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулсан ба тус баримт нь 2011 онд үйлдэгдсэн, түүний гэрлэсний бүртгэх анкет нь 1993 онд бүртгэгдсэн байх тул хүсэлт гаргагч С.Сыг 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэхийг тогтооход нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй баримт байна.
3.4. Гэрч У.Насантогтох шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 2-р анги төгсөөд хичээлээс гарч Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. С.Сын аав Салбаагийнх манай аавынтай нэг баг бригадад нэгдлийн мал маллаж байсан. Тэрээр 8-р ангиа төгсөөд 1985 онд нэгдлийн малчин болж байсан. С.С нэгдлийн мал маллаж байх хугацаандаа 2 жилийн цэргийн алба хааж байсан. Яг хэдэн онд цэрэгт явж, халагдаж ирснийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Туяа нэгдлийн Бургастай бригадын даргаар Жаргал, нярваар Загиржав гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.
3.5. Гэрч М.Оюунбилэг шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би Увс аймгийн Тариалан сумын 8-н жилийн дунд сургуулийг 1976 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болон Туяа нэгдлийн малчин болж байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл хувь, хувьсгалын малаа маллан амьдарч байна. С.С надаас 1 насаар дүү, манай доод ангид сурдаг байсан ба 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд мөн илгээлтийн эзэн болон Туяа нэгдлийн малчин болж байсан. С.Сын аав Салбаагийнх манай аавынтай айл саахалтаар нэгдлийн мал малладаг айл байсан. Бид хөрш саахалт байсан учраас нэгнийхээ гэрээр орж гардаг, нэг үеийн хүмүүс учир нэгнээ сайн мэдэж байна. С.С нэгдлийн мал маллаж байгаад 1987 оны намар 10 дугаар сард цэрэгт явж байсан. Тэр үед 2 жилийн цэргийн алба хаадаг байсан бөгөөд 1989 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдлийн мал малласан. Тэрээр ах дүү тавуулаа, С.С айлын 3 дахь залуу юм. Тэр үед биднийг Туяа нэгдлийн мал маллаж байхад Бургастай бригадын даргаар Жаргал, нярваар Загиржав гэх хүмүүс ажиллаж байсан. 2015 онд С.Сын гэр галд шатсан, тэр үед түүний баримт бичиг шатаж үгүй болсон гэсэн” гэжээ.
Гэрч У.Н, М.О нар нь хүсэлт гаргагч С.Сын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1985-1987 оны хооронд болон 1989-1990 оны хооронд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч С.Сыг 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоов.
4. Шүүхээс хүсэлт гаргагч С.Сгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан С.С-ын 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ................ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА