Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00162

 

 

                          

    

 

 

 

 

 

 

                       

                129/ШШ2024/00162   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1971 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, А аймгийн Ө сумын 1 дүгээр баг, Тоглох гэх газар оршин суух Д овогт М.Г-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О оролцов. Хүсэлт гаргагч хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч М.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

           

          1.1 Хүсэлт гаргагч М.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие М.Г нь 1971 онд төрсөн. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс малчин саальчнаар ажилд орж ажиллаж байгаад 1989 онд хугацаант цэргийн албанд татагдаж 1991 онд хугацаат цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ малчнаар нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Нэгдэл тараад А ББХК-д би үргэлжлүүлэн малчнаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн ба Архив шүүлгээд миний ажиллаж байсан талаар ямар ч баримт гарахгүй байна.Нийгмийн даатгалын байгууллага нь намайг улсад ажилаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилготой хандаж байна. А аймгийн Ө сумын А ББХК-ийн нийгмийн даатгал төлсөн эсэх лавлагааг авах гэтэл Нийгмийн даатгалын байгууллага нь хувь хүнд өгөх боломжгүй шүүхийн журмаар гаргуулан ав гэсэн мөн Улаанбаатар хотын Үндэсний төв архиваас хүн амын тооллогын баримтыг өөрийн биеэр  авах боломжгүй тул дээрх баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна. Иймд М.Г миний А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, А аймгийн Ө сумын А ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү ...”   гэжээ. 

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолтод “...Ө сумын Т нэгдлийн 1989-1992 онуудын баримтыг шүүн үзэхэд М.Г-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх ,

            -Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  377 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбарт “...А аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1990.01.29-ний өдрийн 295 дугаар магадлагааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1990.02.07-ны өдрийн 5/092 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан” гэх,

           

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

      

           -Гэрч М.Ц-ийн шүүхэд өгсөн “...Би 1986 оноос А аймгийн Ө сумын Т нэгдэлд ерөнхий агрономичоор, Нэгдэл тараад 1990 оноос 1996 он хүртэл Акомпанийн захирлаар тус тус ажиллаж байсан. М.Г нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд А аймгийн Ө сумын Т нэгдэлд аав ээжийн хамт малчин байсан ба 1990 онд нэгдэл тартал малчнаар ажилласан. М.Г нь А аймгийн Ө сумын Т нэгдлийн Тоглох бригадын хонин суурьт хонь маллаж байсан. Т нэгдлийн дарга Д овогтой Б гэдэг хүн байсан. Хонин суурийн ахлагч М.Г-ийн аав М гэж хүн байсан, туслах хоньчин нь Г байсан. Нэгдэл тараад А компани болоход М.Г нь малчнаар ажиллаж эхэлсэн ба А компани тартал ажилласан. А компани 1996 онд тарсан. А компани 170-аад тооны үхэртэй байсан.  М.Г нь үхэрчнээр ажиллаж байсан. А компани нь А аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулдаг, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, 60-аад ажилтантай байгууллага байсан. Захирлаар нь би ажиллаж байсан. Ийм учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. М.Г нь 1995 онд гэр бүл болсон. Эхнэр, 2 хүүхэдтэй. Одоо М.Г нь А аймгийн Ө сумын Тоглох бригадад хувийн малаа маллан амьдарч байна...” гэх мэдүүлэг,

 

            -Гэрч С.Л-ийн шүүхэд өгсөн “...Би 1974 оноос А аймгийн Ө сумын Т нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн ба нэгдэл тартал ажилласан. Т нэгдэл хэдэн онд тарсныг санахгүй байна..., Намайг 1974 онд нэгдэлд ажиллаж эхлэхэд М.Г нэгдэлд ажиллаж байгаагүй. Би М.Г-ийг хэдэн онд нэгдэлд ажиллаж эхэлснийг сайн санахгүй байна. Намайг ажилд орсны дараа л нэгдэлд ажилд орсон санаж байна. М.Г нэгдэл тартал ажилласан. М.Г нь нэгдлийн хонин суурьт хонь хариулдаг байсан. Нэгдлийн дарга, хонин суурийн ахлагч хэн хэн гэж хүн байсныг би сайн санахгүй байна. Би хүний нэр тогтоохоо больсон...” гэх мэдүүлэг,

 

2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

           

            -Үндэсний төвийн архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03-05/818 дугаартай лавлагаа болон 1989 оны хүн ам, орон сууцны тооллого, Өрхийн хуудаст “...М.Г, 17 настай, эрэгтэй, А аймаг, Ө сум, Байршил-хөдөө, эрхэлдэг ажил хоньчин...” гэх,

            -М.Г-ийн ХААТР-15 маягтын хуулбарт “...Бүртгэсэн:А аймаг, Ө сум, 1997.04.21, нөхөр М.Г, малчин...” гэх,

            -М.Г-ийн хаягийн хуудас маягтын хуулбарт “...М.Г, А аймаг, Ө сум, ....,......малчин ажилтай, хуудас бичсэн: 1988.11.18...” гэх,

            -М.Г-ийн ХААТР-1 маягтын хуулбарт “...М.Г, 1987 онд  бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Т нэгдэлд хоньчин, 1987 онд ажилд орсон, бүртгэсэн 1988.11.14...” гэх,

            - А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/174 дугаартай албан бичигт “...М.Г ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна...” гэх,

            -А аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

            -А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбарт “...Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан нэр бүхий 12 залуучуудыг дор дурдсан ажилд томилсугай. ...М.Г ....нарыг Бэлэх хэсэгт хоньчингоор .... 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэх,

            - А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбарт “...Нэр бүхий 48 ажилчин албан хаагч, малчдын 1991 оны ээлжийн амралтыг олгосугай..., Малчдын ээлжийн амралт олгосон жагсаалт ....43. М.Г...” гэх ,

            -А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбарт “...1.Т нэгдэл татан буугдсан учир нэр бүхий ажилчин албан хаагчид малчдыг 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж сумын АХ-ын Гүйцэтгэх захиргаа, шинээр байгуулагдах аж ахуйн нэгжийн мэдэлд шилжүүлсүгэй..., Тоглох баг, 7.М.Г...” гэх,

            -М.Г-ийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбарт “...М.Г, 1987 оны 08 дугаар сараас  1989 оны 10 дугаар сар хүртэл Ө сумын Т нэгдэлд мал маллаж байсан, А аймаг, Ө сумын Бэлх хэсэгт оршин суудаг. Бүртгэлд авсан:1989.01.10...” гэх,

           

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Д овогт М.Г-ийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, А аймгийн Ө сумын “А” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

         

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт,

-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  377 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

-Үндэсний төвийн архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03-05/818 дугаартай лавлагаа болон 1989 оны хүн ам, орон сууцны тооллого, Өрхийн хуудас,

- М.Г-ийн ХААТР-15 маягтын хуулбар,

-М.Г-ийн хаягийн хуудас маягтын хуулбар,

- М.Г-ийн ХААТР-1 маягтын хуулбар,

-А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар,

- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар,

- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар,

-Цэргийн албанд тэнцэгчдийн анкет,

- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч М.Цэхэр, С.Лхагвасүрэн нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч М.Г-ийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, А аймгийн Ө сумын “А” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагч М.Г-ийн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх баримт байхгүй, уг хугацаанд дунд сургуульд суралцаж байсан тул хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         

          2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д овогт М.Г-ийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, А аймгийн Ө сумын “А” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН