| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2021/0266/Э |
| Дугаар | 0003 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 22.1.2., 22.4.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 0003
З.Г, Л.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Б /онлайнаар/
Шүүгдэгч З.Г, Л.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э, Л.Б /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 872 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д болон түүний өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч З.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч З.Г, Л.Д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн З-н Г,
Ш овгийн Л-н Д,
З.Г нь “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, Оросын Холбооны Улсын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “С” хамтарсан үйлдвэрийн захирал ажилтай хахууль өгөгч З- “Э" ХХК-тай 2003-2012 онуудын хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах, харилцан ашигтай байх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн Оросын Холбооны Улсын Петербург хот дахь “N” /Н/ банк дахь тоот данснаас “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд грүппийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дын И-д үүсгэн байгуулсан “Р” компанийн Л Улсын “A” /А/ банкин дахь америк долларын дансаар дамжуулан Г.Э-ны үүсгэн байгуулсан “Р” /П/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “N” /Э/ банк дахь дугаарын америк долларын дансанд үргэлжилсэн үйлдлээр 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765.000 америк доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510.000 америк доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600.000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480.000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520.000 америк доллар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 америк доллар, нийт 3.375.000 америк доллар буюу 4.347.312.050 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан,
-хахууль авах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого буюу 4.347.312.050 төгрөгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Г.Э-ны үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, үүнээс 569.060.99 английн фунт стерлинг буюу 1.190.566.640 төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Э-ны нэр дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч мөнгө угаасан,
-мөн Л.Дын “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2, 5.1-д заасныг тус тус зөрчиж, Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Р” компанийг бусдаар төлөөлүүлэн “Э” ХХК-тай 5.054.642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Р” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт 2.070.173.580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан ...” хэрэгт Л.Дтай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Л.Дын 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад түүнд давуу байдал бий болгож, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон хэрэгт,
Л.Д нь “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал З.Гтай санаатай нэгдэж, төлөвлөн зохион байгуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2, 5.1 -д заасныг тус тус зөрчиж, Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Р” компанийг бусдаар төлөөлүүлэн “Э” төрийн өмчит үйлдвэрийн газартай 5.054.642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн " Р” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт 2.070.173.580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж хамтран оролцсон,
-мөн дээрх гэмт хэргийн улмаас олсон 2.070.173.580 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2006 оноос 2016 оны хооронд Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Р” компанийн Бүгд Найрамдах Латви Улсын "A” банк дахь америк долларын харилцах дансанд шилжүүлэн ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас:
З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Л.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч З.Г, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч шүүгдэгч З.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, З.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллах дүгнэлтийн хавсралтын 5-д заасан эд зүйлсийг, 1ш CD-ний хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... би мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өөрийн гэм буруугийн талаар маргаж байгаагүй, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж байсан төдийгүй учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахын тулд өөрт байсан бүхий л нөөц боломжоо ашиглаж хохирлыг 100 хувь төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралд оролцохдоо өөрийн бодлоо шүүгчид тайлбарласан нь намайг үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй мэтээр буруу ойлголт төрүүлснээс шүүгч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд харамсаж байна.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан бол хохирол төлбөрөө төлж барагдуулах шаардлага байгаагүй байх гэж бодож байна. Түүнчлэн өмгөөлөгч маань шүүх хуралд биечлэн оролцоогүй онлайнаар оролцсон тул өмгөөлөгчтэйгээ ярилцах хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй байснаас хэргийг шийдвэрлэж буй шүүгчид өөрийн санаа бодлоо буруу зөрүү ойлгуулахад хүрсэн байх гэж бодож байна.
Миний бие 1979 онд Э-с ажлын гараагаа эхэлж 2016 оны сард өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл нийт 37 жил ажилласан. Одоо 65 настай эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа ба байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Эрүүл мэндийн байдал өдөр ирэх тутам муудаж байгаа учраас дээрх эрүүгийн хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг минь ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна. Би өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хэн нэгний ятгалгаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зүйл огт байхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийг цуцалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсье” гэв.
Шүүгдэгч З.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол 4.387.312.050 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлан гэмшиж “Эрдэнэт үйлдвэр”-ийг хохиролгүй болгосон. Миний бие өндөр насны тэтгэвэрт, эрүүл мэнд сайнгүй, байнгын эмчилгээтэй байдаг, 66 нас хүрч байгаа зэргийг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 872 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан яллах дүгнэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж олгоно уу” гэв.
Шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, ... 3 дах хэсэгт “яллагдагч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж заасан.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дээрх хуулийн дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хохирол төлсөн баримтын хамт прокурорт өгсөн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ..."шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шуух хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасныг удирдлага болгосон боловч шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн шүүгчийн захирамжид дурдсан хохиролтой холбоотой заалтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэрээ байгуулсан цаг хугацаа зэргийг тогтоож, тухайн үеийн ханшийн мэдээллийн дагуу бодит хохирлыг гаргасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа. Түүнчлэн өмгөөлөгч нарын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналаа шүүхэд гаргасан нь шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь шүүгдэгч Л.Дын хувьд эрүүгийн хариуцлагын тал дээр хууль хэрэглээний хувьд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн учир 2017 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т ... Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хучин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсний дагуу шүүхэд энэ байдлыг харгалзахыг өмгөөлөгчийн зүгээс саналаа хэлсэн. Өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруугийн талаар маргасан гэж үзэж хэргийг буцаасан нь хууль буруу хэрэглэж илтэд шүүгдэгч нарын хувийн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэж байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Гын өмгөөлөгч Л.Б тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй гэсэн байр суурьтай оролцож байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэж захирамждаа зааж өгч байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан зарчим, мөн хууль ёсны байх зарчим алдагдсан байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч З.Г нь үргэлжилсэн үйлдлээр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, хахууль авах гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор орон сууц худалдан авч мөнгө угаасан, мөн Г.Д-тай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд давуу байдал бий болгож, дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Д нь З.Гтай санаатай нэгдэж, төлөвлөн зохион байгуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулан хамтран оролцсон, мөн дээрх гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлэн ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 380 дугаартай тогтоолоор яллагдагч З.Гт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж,
мөн яллагдагч Л.Дад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 381 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж, түүнийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэсэн өөрчлөлт тус тус оруулсан байна.
Дээрх тогтоолуудыг яллагдагч нарт танилцуулсны дараа яллагдагч З.Г нь “... Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Хохирлыг барагдуулсан болно” гэсэн хүсэлт /56 дугаар хх 147/, яллагдагч Л.Д, өмгөөлөгч Д.Э нар нь “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байна ... хохирлоо бүрэн төлж барагдуулсан ...” гэсэн хүсэлт /56 дугаар хх 153/-ийг тус тус гаргажээ.
Яллагдагч нарын гаргасан хүсэлтүүдийг прокурор хүлээн авч хянаад “Яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хянахад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан” гэж дүгнэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, ял оногдуулах санал болон яллах дүгнэлт тус тус үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б “... хэрэг үйлдэгдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангид мөнгө угаах гэсэн заалт байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзнэ үү ... ” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нь “... өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна ... ” гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөн улсын яллагч нар шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар нэмэлт тайлбар гаргасны дараа өмгөөлөгч Л.Б нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг хэрэглэчихээд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглээгүйг гайхаж байна ...” гэж, өмгөөлөгч Д.Э нь “өмнөх саналаа дэмжиж байна ... нийтийн албан тушаалтан гэсэн асуудлыг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байна ...” гэж мэтгэлцсэн байна.
Түүнээс гадна шүүгдэгч З.Г нь “... хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзнэ үү ...” гэж, шүүгдэгч Л.Д нь “... намайг улсад хохирол учруулсан байна гэсэн тиймээс тэр мөнгийг буцаан төлсөн ... хурал дээр хэлэлцэгдэж байгаа зүйлд татгалзах зүйлгүй, манай өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна ...” гэж тус тус мэдүүлжээ.
Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өөрийн гэм буруугаа “сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” байх шаардлагатай бөгөөд хэргийн оролцогчид прокурорын саналын хүрээнээс хальж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцээн явуулах нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг алдагдуулж байна.
Тодруулбал: Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”, 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн”, 4.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон” байх зэрэг нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгожээ.
Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгч З.Г, Г.Д нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн хангагдаагүй гэж дүгнэж хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан бусад үндэслэл буюу хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон талаар болон прокурорын тохирсон ял нь хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан”-аас бусад гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хуульд заасан журмыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.
Түүнээс гадна шүүх хуульд заасан үндэслэлээс өөрөөр дотоод итгэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг тусгай болон ердийн журмаар шийдвэрлэх журмыг зөрчсөн үндэслэл болно.
Иймд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч З.Г нарын гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 872 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч З.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Д, З.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР