Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 141

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч  Бөөчүүд овогт Гагиржавын Золжаргалыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг нь хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд,
  • Шүүгдэгч Тайжийхан овогт Даваагийн Ариунбаатарыг “тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 03 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Золжаргалд оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Ариунбаатарт оногдуулсан 03 сар 10 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Г.Золжаргалын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Ариунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золжаргалаас 3.438.853 төгрөгийг, шүүгдэгч Д.Ариунбаатар 1.138.853 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоод олгосугай.
  5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоо нь гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Г.Золжаргалаас 1.235.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ариунбаатарт олгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг Сиди, 1 ширхэг плаш, 55 ширхэг гэрэл зураг, том, жижиг 2 ширхэг план зургийг хэрэгт хавсаргаж, S/N GRA85XNC дугаартай хатуу диск 1 ширхэгийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнд буцаан олгосугай.
  8. Хэрэгт битүүмжилсэн Тоёота приус маркийн 18-41 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.  
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Золжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Д.Ариунбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэдний үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
  10. Шүүгдэгч Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн В ангиллын 472033, 340673 тоот үнэмлэхийг тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  12.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарт   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ОТГОНБАЯР