| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0126/Э |
| Дугаар | 0004 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 0004
Б.Чт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Э
Шүүгдэгч Б.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Д.Б
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Э /онлайн/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч түүний өмгөөлөгч Д.Б, Д.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Чт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Б-н Ч,
Б.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын багийн гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргаан үүсгэн улмаар иргэн Н.Б-ийн толгойн тус газарт шургааг модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч О овогт Б-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5.5 см диаметртэй, 94 см урттай шургааг мод 1 ширхэг, 8 ширхэг чулуу, архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдолдоо:
... Би ногооны газрын хашааны хаалга онгорхой орхиж мал орууллаа гэдгээс болж маргалдаж улмаар талийгаач болон түүний эхнэр, хүү нийлээд зодож, дахиад зодох гэж дайрахаар нь тэдний намайг зодохдоо хэрэглэсэн модыг аваад талийгаачийг цохичихсон юм. Энэ явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн.
Хамар толгойноос цус их гарч урсаад нүд рүү ороод хаана нь цохиж байгаагаа ч хараагүй нэг мэдтэл цохичихсон. Үнэхээр харамсалтай юм болсон. Тэд нар намайг эхлээд зодоогүй бол ийм юм болохгүй л байсан. Бодох тусам харамсал тээдэг, дотор харанхуйлдаг. Хэдийгээр тэд намайг зодож надад гэмтэл учруулсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэгэнт хүний амь хохироосон хэрэгт холбогдсон болохоор ямар нэг гомдол гаргаагүй орхисон. Хүнээ алдсан хүмүүс надаас илүү зовж шаналж байгаа гэж бодоод мөн өөрийн буруугаас хүний амь нас хохирсон гэж гэмшээд оршуулгын зардал, төлөх ёстой байсан зээлүүд, өмгөөлөгчийн хөлс, хүүхдийн сурлагын төлбөр нийлээд 27.789.000 төгрөг төлсөн.
Талийгаачийн ар гэрийнхнээс дахин дахин уучлал гуйсан. Гэвч тэр хүн маань босоод ирэхгүй. “Медипас” эмнэлэгт байсан тархины мэс засал хийхэд хэрэглэдэг байсан тоног төхөөрөмж нь эвдрээд мэс засал хийх боломжгүй байсан, түргэний тэрэг нь тоноглогдсон байдаггүй зэрэг нөхцөл байдал зэрэг нь үнэхээр харамсалтай. Би 58 настай даралт ихэсдэг, бамбай булчирхай ястсаны улмаас мэс засалд орсон ч одоо хагалгаа хийлгэх шаардлага байгаа юм. Мөн элэг цөсний архаг өвчтэй байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:
... Прокуророос Б.Чийг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Б.Ч нь анхнаасаа яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөв тодорхой өгч байсан. Анхан шатны шүүх түүнд 8 жилийн хорих ялыг энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн Нэгдүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулга мөн хуулийн зургадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, журамд нийцээгүй тул тус хэргийн талаар гарсан шийтгэх тогтоол нь “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
... Гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгох нь шүүхийн бүрэн эрх боловч шүүх энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмууд буюу эрүүгийн эрх зүйн тогтолцоог бүхэлд нь бүрдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Нэгдүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулга, мөн хуулийн зургадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журамд нийцүүлсэн байх нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндсэн шалгуурын нэг болдог.
... Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хуульд заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-ыг нэн тэргүүнд харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хариуцлагын анхдагч зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “цээрлүүлэх” явдал бөгөөд энэ зорилгын хүрээнд “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” тухай Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан тус хуулийн зорилгыг хангахад чиглэгддэг.
... Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, “хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоон суллах”, “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зэрэг хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгатай хэм хэмжээнүүдийг Эрүүгийн хуульд тусгайлан заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг “...Шүүх гэмт хэрэг үлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж тодорхойлсон. Хуулийн энэ зохицуулалтаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээг сонгох эрхийг шүүхэд олгосон боловч шүүх энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журам”-ыг баримтлахын зэрэгцээ “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...”-ыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл...” зэргийг заавал тусгахаар хуульчилсан нь шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг заавал харгалзан үзэхийг үүрэг болгосон зохицуулалт юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнээд найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудад нийцээгүй гэж үзэж байна.
...Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нь шударга ёсны бас нэгэн хэмжүүр болдог. Иймээс ч гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хор уршиг, хохирлоо арилгасан, барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ аль болох хөнгөрүүлэн үздэг.
... Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ /шийтгэх тогтоолын 19 дэх талд/ ... А.П Н.Б Б.М нартай ... харилцан зодолдож ... гэсэн хохирогч Н.Б шүүгдэгч Б.Чийг архины шилээр цохисон гэх үйл баримтын талаар талууд маргалдаж байгаа боловч Б.Чийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн энэ дүгнэлт нь Б.Ч Н.Б-н биед хүнд гэмтэл учруулахад хохирогч гэрч нарын буруутай үйлдэл байгааг нотолж байгаа юм.
Шүүх ийнхүү дүгнэсэн мөртлөө эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлийг бий болгож байна.
Б.Ч нь А.П, Н.Б, Б.М нарын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэдгийг шүүх өөрөө хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн мөртлөө Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болох ... хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн заалтыг хэрэглэсэнгүй.
Шүүх Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ ... шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж оролцогчид санал дүгнэлт гаргаж байгаа боловч хүний амь нас хохирсон уг хохирол нөхөн төлөгдөхгүй тул оршуулгын зардал болон гэм хорын бусад нэхэмжлэлийг нөхөн төлснийг хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна... гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т ... учруулсан хохирлыг төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар заажээ. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх, эрх чөлөө ... байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ.
Харин “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ. Түүнчлэн энэ зүйлд хохирлын хэмжээг тусгайлан заасан байна. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т учруулсан хохирлыг төлсөн бол хариуцлагыг хөнгөрүүлэхээр заажээ. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэнгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч нас барсан учраас хохирол төлсөн гэж үзэхгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэх практик тогтоож байна.
Хохирогч Н.Б нь хүнд гэмтлийн улмаас мэс засал хийлгэх шаардлагатай байсан нь Орхон аймагт ганцхан байдаг тархины хагалгаа хийхэд зориулагдсан тоног төхөөрөмж нь эвдэрсэн тусгай тоноглогдсон түргэн тусламжийн машин байдаггүйгээс болоод амь нас нь аврагдаж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд шүүгдэгч Б.Чт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Э тайлбартаа: ... Давж заалдах гомдлуудтай танилцсан. Хохирогч П ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгчийн хувьд ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах саналгүй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Б, Д.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Чт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.
Б.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын багийн гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргаан үүсгэн улмаар иргэн Н.Б-н толгойн тус газарт шургааг модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Чийн гэм бурууг хянан хэлэлцээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шүүгдэгч Б.Чийг бусадтай маргалдан харилцан зодолдож байхдаа хохирогчийн толгойд модоор цохиж хүнд хохирол санаатай учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл ...” зэргийг заавал тусгахаар хуульчилсан.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Б.Ч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчид учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна.
Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон хохирогчийн гомдол саналгүй гэснийг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Чт анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг 6 жил болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын ... ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын ... 8 жил... гэснийг ... 6 жил... гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож ... гэснийг ... оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ч болон түүний өмгөөлөгч Д.Б, Д.О нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА