Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2024/00068/И |
Дугаар | 133/ШШ2024/00161 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2024/00161
2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 133/ШШ2024/00161 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, ***-ын ***-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** аймгийн *** сумын ***-ын *** дүгээр *** оршин суух, ***-гийн ***-д холбогдох,
2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагч ***, түүний өмгөөлөгч ***, гэрч *** нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие ***-аас *** овогтой *** нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр койнд элсүүлнэ гээд 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус *** данс руу *** нь шилжүүлж авсан. Тухайн мөнгө шилжүүлсэн өдөр сургууль дээр ирж сургалт зохион байгуулсан. Тэгэхэд 4 хүн ирж сургалт зохион байгуулсан. Тэгээд энэ хүний нөхөр гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг газар ажилладаг гээд нэг хүн, мөн нөхөртэй нь хамт ажилладаг, нөхрийнх нь найз гээд нэг хүн байсан. Нөхрийнх нь найзынх нь эхнэр юм болов уу гэж ойлгогдохоор нэг эмэгтэй болон дөрвүүлээ ирж сургалт зохион байгуулсан. Уг сургалтаар мөнгийг чинь өсгөж өгнө. Кок гэдэг компани байдаг, элсэхээр бол мөнгийг чинь өсгөж өгдөг. Би дүүгээрээ дамжуулж элссэн, 2 өрөө байртай байж байгаад зараад мөнгийг нь өсгөөд би одоо 3 өрөө байртай болсон гэж тайлбарласан. Та нар надтай цуг аялах уу? Жолоочгүй машинд суугаад аялахад бэлэн байна уу? одоо удахгүй өсөх гэж байгаа мөнгө хийвэл та нарт ашигтай гэх мэтээр сургалт сурталчилгаа хийж эхэлсэн. Кок гэдэг компани нь ерөөсөө дампуурна гэж байхгүй, байнгын арилжаатай байдаг учраас дампуурна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ эрсдэл гарвал би бүх хариуцлагыг нь хүлээнэ. ***-гаас манай нөхөр бид хоёр хаа ч явахгүй буух эзэнтэй, буцах хаягтай учраас та нарт эрсдэл гарвал би 100 хувь даана гэж хэлсэн. Уг компанид элсэхэд өнөө маргааш л байгаа учраас та нар элсээч гэж уриалан дуудсан. Кок гэдэг компанийг нь би ойлгохдоо *** шиг дороо хүн элсүүлээд л байж байдаг компани юм байна. Тэгээд мөнгөө өгчихөөр өсчихдөг л юм байна гэсэн ойлголтыг сургалтаас авсан. Тэгээд 2021 онд эхний мөнгөө хийсэн. Энэ нь 3 жилийн хугацаатай. 2024 онд та нарыг өгсөн 1,000,000 төгрөг чинь тухайн үеэсээ шалтгаалаад хамгийн багадаа 1,000,000 төгрөгөө авна, эсвэл тэрнээс илүү 2-3 сая, эсвэл 5-6 сая болгож 1,000,000 төгрөгөө буцааж авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан 1,000,000 төгрөгийг хийчихье гэж бодоод ***-ын данс руу хийсэн. Дараа нь ярихад 5 дахь өдөр нь өсөлт болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо өсөх болчихсон юм биш үү, одоо дахиж мөнгө хийх шаардлагагүй юм биш үү? гэхэд үгүй ээ 03 дугаар сарын 05-нд найдвартай өснө чи дуугай надад итгээд хийчих, би 100 хувь эрсдэл болон бүх хариуцлагыг нь хүлээнэ, чи зүгээр дуугүй л надад итгээд хийчих, бусдыг нь би бүгдийг нь зохицуулна гэж хэлсэн. Би тэрнийг тийм юм гэж мэдээгүй. Сүүлд мөнгө авах гээд хэл ам болохдоо л койн гэж мэдсэн, тэрнээс өмнө тэрнийг ерөөсөө тийм койн элсчихсэн байна гэдгээ би ерөөсөө ухаарч ойлгоогүй. 2022 оны 05 дугаар сард увуулж, цувуулаад нийт 13,600,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг ***-аас хуулийн дагуу гаргаж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Миний бие *** овогтой *** нь 2021 оны 12 дугаар сард ***-тай нилцаж Кок койны талаар мэдээлэл өгсөн. *** нь койны данс, хэтэвч үүсгэж койн авмаар байна гээд 2021 оны 12 дугаар сард 1 сая төгрөгт койн авч Кок койны хэтэвчинд байршуулсан. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 20-нд утсаар залгаад койны ханш тодруулж асуугаад сая төгрөгт койн авах шаардлагатай байна гээд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 35 минутад миний *** тоот дансанд Кок койн авч өгөхийг хүсч 15 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд ***-ын холбогдох бүртгэл, дансаар trade.mn-д койны нэвтрэх эрхийг үүсгэж trade.mn-ний *** тоот дансанд 15 цаг 37 минутад 13,000,000 төгрөг, 15 цаг минутад 1,000,000 төгрөг, 17 цаг 28 минутад 6,000,000 төгрөгний гүйлгээ хийж ***-ын кок койныг худалдаж авсан. Нийт 822 ширхэг кокыг худалдан авч шимтгэлд нь 8 кок хасагдаж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 50 минут гэхэд trade.mn-д захилга нь биелэгдэж 814 ширхэг кок койн ***-ын койны хэтэвчинд байршсан. Тухайн койн байршуулснаас хойш тодорхой хугацааны дараа койны ханш унаж эхэлсэн бөгөөд ханш унаж байгаа тул койноо арилжих талаар ***-д би удаа дараа сануулсан. Арилжаа хийхгүй байсаар байтал койны ханш унасан. Койны ханш унасан нь миний буруутай үйлдэл биш. Гэтэл койны ханшны уналтаас хүлээсэн алдагдлаа *** нь надаас байнга нэхэж утсаар залгах, чат бичих болсон. Дараа нь койны алдагдлыг өгөхгүй бол гэрээслэл бичээд амиа хорлоно, чи хариуцаарай гэж дарамталж эхэлсэн учир би хүний амь настай холбогдчих юм болов уу гэж айгаад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үдээс өмнө ***-ын *** тоот дансанд 4.4 сая төгрөг, орой 1.4 сая төгрөг, нийт 5.8 сая төгрөг шилжүүлсэн. ***-д шилжүүлсэн 5,8 сая төгрөгийг өгөхдөө банк бус санхүүгийн байгууллагаас 4.5 сая төгрөгний зээл авч өгсөн. Би тус 4.5 сая төгрөгний зээлийг 6,178,074 төгрөг болгон төлж 2024 оны 03 дугаар сард дуусгаж байгаа. Нэхэмжлэгч ***-ын койн авч өгөөч гэсэн гуйлтыг нь би бүрэн биелүүлж, Кок койны хэтэвчийг нь үүсгэж 814 ширхэг койныг нь хэтэвчид нь бүрэн байршуулж өгсөн. Койны ханшийн алдагдлыг тухайн этгээд өөрөө хариуцах ёстой бөгөөд амь насаа хорлоно гэх байдлаар намайг дарамтлаж надаас мөнгө авсан. Бидний хооронд харилцсан чат, мсж, мөнгө шилжүүлсэн хуулга, койны хэтэвч үүсгэж койныг байршуулсан, арилжсан баримтууд байгаа. *** нь өөрийн хэтэвчинд байх койныг 2022 оны 04 дүгээр сарын 27-нд арилжиж 7.7 сая төгрөгийг өөрийн *** тоот дансаар авсан байдаг. Миний хувьд ***-д 16 сая төгрөгт нь авах боломжтой койныг бүрэн авч өгсөн учир нэхэмжлэж байгаа 2.4 сая төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 5,800,000 төгрөг гаргуулах тухай
4.1 Сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ***-ын койн авч өгөөч гэсэн гуйлтыг нь би бүрэн биелүүлж, кок койны хэтэвчийг нь үүсгэж 814 ширхэг койныг нь хэтэвчинд бүрэн байршуулж өгсөн. Койны ханшийн алдагдлыг тухайн этгээд өөрөө хариуцах ёстой бөгөөд амь насаа хорлоно гэх байдлаар намайг дарамталж надаас мөнгө авсан. Бидний хооронд харилцсан чат, мессеж, мөнгө шилжүүлсэн хуулга, койны хэтэвч үүсгэж койныг байршуулсан, арилжсан баримтууд байна. *** нь өөрийн хэтэвчинд байх койныг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр арилжиж 7,7 сая төгрөгийг өөрийн *** тоот дансаар авсан байдаг. Нэхэмжлэгчээс би 16 сая төгрөгт койн авч өгнө гэчихээд койныг нь авч өгөлгүйгээр буцаагаад 5,8 сая төгрөгийг нь өгсөн бол *** надаас 10,2 сая төгрөг нэхэмжлэх ёстой байсан. *** 2,4 сая төгрөг нэхэмжилж байгаа нь койноо худалсан авсан, арилжсан болох нь тодорхой баримтаар нотлогдох бөгөөд койны ханшийн алдагдлаа амь насаа хорлоно гэх зэргээр намайг дарамталж, надаас 5,8 сая төгрөг гаргуулж авсан. Миний хувьд авч өгөх ёстой койныг авч өгсөн. Койны ханшийн уналт, өсөлтийг би мэдэхгүй. Ашиг алдагдлаа мөнгөө байршуулсан хүн өөрөө хариуцах ёстой. Койны ханш өсөөд ашиг олсон байлаа гэхэд *** өөрөө авна, алдагдал хүлээсэн байлаа гэхэд алдагдал эрсдлээ өөрөө хариуцах ёстой. Гэтэл алдагдал, эрсдлээ надад үүрүүлж, амиа хорлоно зэргээр дарамталснаас шалтгаалж түүнд 5,8 сая төгрөг шилжүүлж өгсөн. ***-ын хувьд намайг айлган сүрдүүлж надаас хууль бусаар 5,8 сая төгрөг авсан нь үндэслэлгүй. Бидний хооронд гэрээ хэлцэл, үүргийн дагуу хүлээсэн амлалт байгаагүй. *** нь намайг айлган сүрдүүлж, 5,8 сая төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт зааснаар ***-аас 5,8 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-***-ын *** банкны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-***-ын *** банкны 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн харилцах дансны харилцагчийн хуулга,
7. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
- Койны үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийн данс гэж харагдахаар гэрэл зургийн үзүүлэлт, интернэт банкны гүйлгээний баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондоо бичсэн чат зурвасууд, ***-ын зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,
8. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-***-ын *** банкны *** дугаартай депозит дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулга зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан койн худалдан авсан мөнгөний үлдэгдэл гэх 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч *** нь нэхэмжлэгч ***-д холбогдуулан койны үнэд буцаан өгсөн гэх 5,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
3. Нэхэмжлэгч ***, *** нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр койнд элсүүлнэ гээд 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус *** данс руу *** нь шилжүүлж авсан. *** нь мөнгө хийвэл та нарт ашигтай гэх мэтээр сургалт сурталчилгаа хийж, кок гэдэг компани нь ерөөсөө дампуурна гэж байхгүй, байнгын арилжаатай байдаг хэрвээ эрсдэл гарвал би бүх хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлсэн. Надад 2022 оны 05 дугаар сард увуулж, цувуулаад нийт 13,600,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг ***-аас хуулийн дагуу гаргаж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хариуцагч нь Миний хувьд авч өгөх ёстой койныг авч өгсөн. Койны ханшийн уналт, өсөлтийг би мэдэхгүй. Ашиг алдагдлаа мөнгөө байршуулсан хүн өөрөө хариуцах ёстой. Койны ханш өсөөд ашиг олсон байлаа гэхэд *** өөрөө авна, алдагдал хүлээсэн байлаа гэхэд алдагдал, эрсдэлээ өөрөө хариуцах ёстой. Гэтэл алдагдал, эрсдэлээ надад үүрүүлж амиа хорлоно зэргээр дарамталснаас шалтгаалж түүнд 5,8 сая төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд гэрээ хэлцэл үүргийн дагуу хүлээсэн амлалт байгаагүй. *** нь намайг айлган сүрдүүлж, 5.8 сая төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэж татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлажээ.
5. Хариуцагч *** нь койны талаар мэдээлэл өгснөөр нэхэмжлэгч нь *** нь койнд элсэхээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус хариуцагч ***-ын *** банкны *** тоот данс руу шилжүүлсэн, *** нь Кок гэх компаниас trade.mn сайтаар дамжуулан 814 ширхэг койныг ***-д худалдан авч өгсөн болох нь дансны хуулга болон зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч *** нь койны ханш унасны улмаас худалдан авсан койноо арилжиж 7,793,464.60 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны дансруугаа шилжүүлэн авсан, хариуцагч *** 5,800,000 төгрөгийг ***-д шилжүүлснээр нийт 13,593,464.60 төгрөгийг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.
6. Улмаар хариуцагч ***-д нь шилжүүлсэн 16,000,000 төгрөгнөөс 13,593,464.60 төгрөгийн хасаж тооцон үлдэгдэл 2,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Дээрх үйл баримтаас койн худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй байх ба харин төлбөр тооцоотой холбоотой хэсэг нь маргааны зүйл болжээ.
7. Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
8. Тодруулбал *** нь ***-ын нэрийн өмнөөс түүний зардал болох 16,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдээс 814 ширхэг койн худалдан авч өгсөн байна. Хэдийгээр анх *** нь өөрийн нэрээр данс нээж худалдан авсан гэж тайлбарлаж байгаа ч тэд тухайн үед *** сум, *** сум гэх өөр өөр газар оршин байсан, ***-ын цахим орчинд ажиллах чадвартай холбоотойгоор өөр дээрээ эхэлж данс нээж trade.mn хаягаар худалдан авалт хийсэн байгаач энэ нь арга хэлбэр, процесс ажиллагаа байсан ба үндсэн хүсэл зориг нь ***-д түүний нэрийн өмнөөс ажилласан гэж үзэхээр байна. Талуудын хооронд хөлс тохироогүй байна.
9. Харин талуудын нэрлэж дурдаж байгаа Кок гэх компани, *** нарын хооронд койн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
10. Нэхэмжлэгч *** энэ талаар тайлбарлахдаа: ямар учиртайг нь сайн мэдээгүй гэх агуулгатай тайлбарлаж байгаа ч ноцтой төөрөгдсөн гэх байдал тогтоогдохгүй, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн хийсэн хэлцэл байна.
11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
12. Койн нь санхүүгийн утгаараа хөрөнгөд хамаардаггүй ч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар энэ харилцаанд Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой байна.
13. Ийнхүү худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тохиолдолд энэ харилцаанд хуульд заасан энэ гэрээний бусад нөхцөл үйлчлэх юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэжээ. Зохигчдын тайлбарласнаар тэдний үүсгэсэн цахим дансанд койн орсноор мөнгийг шилжүүлсэн, энэ талаар маргаагүй байх тул эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр эрсдэл худалдан авагчид шилжинэ гэжээ.
14. Тухайн койны ханшийн өөрчлөлт буюу уналтаас шалтгаалж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бага ханшаар худалдсан нь дансны мэдээлэл зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ ханшийн зөрүү болох алдагдал нь худалдан авагчийн эрсдэл гэж үзэх үндэслэлтэй байх ба харин энэ хэсэгт *** ямар нэг буруутай, эсхүл мөнгийг өөртөө авсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
15. Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар нэхэмжлэгч ***-ын 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
16. Хариуцагч ***-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд тэрээр ***-ын хүлээж байгаа эрсдэлийг хуваалцаж дэмжлэг үзүүлэх хүсэл зорилгоор 5,800,000 төгрөгийг түүнд өгсөн байх ба түүний тайлбарлаж байгаа хүч хэрэглэсэн, дарамтад орсон гэх нөхцөл байдал эрх зүйн ойлголт болон хууль зүйн зохицуулалтын хувьд бий болоогүй, мөнгийг буцаан өгөх үүрэг үүсээгүй буюу ***-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй байна.
17. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ***-ын 5,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 /тавин гурван мянга гурван зуун тавь/, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,750 /нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 247 дугаар зүйлийн 247.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай болон хариуцагч ***-ын нэхэмжлэгч ***-аас 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 /тавин гурван мянга гурван зуун тавь/, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,750 /нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН